Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, улмаар  цагдан хориод буй билээ.

Үүнтэй зэрэгцэн нийгэмд маш олон төрлийн яриа талцал бий болоод байна. Ардчилсан Нам ч мэдэгдэл гарган :  "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилж, хорьсон нь улстөрийн зорилготой, жигшүүрт үйлдэл гэж үзэж байна." хэмээсэн юм.

 

Гэвч хачирхалтай нь М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэхтэй зэрэгцэн л дуугарч хэвлэлд ярилцлага өгөн, баяр хөөртэйгээр бараг яллах дүгнэлт шахуу дүгнэлт хийдэг ганцхан эрхэм байсан нь АН-ын даргын ахлах зөвлөх Зандаахүүгийн Энхболд байв.

 

Тэрээр энэ тухай: "М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гурав хүмүүсийн толгой эргүүлэхээ одоо болих хэрэгтэй. Маш ойлгомжтой юм шүү дээ. Ж.Оджаргал гэдэг найздаа, Хятадын Шиньхуа гэдэг компанид үнэ төлбөргүйгээр, монголчуудыг 200 жил тэжээх уурхайг үнэгүй өгөх гэж байгаад баригдсан улс. Үнэгүй өгөөгүй учраас өнөөдөр бид төмөр зам тавьж байна, үнэгүй өгөөгүй учраас иргэн бүр өнөөдөр ногдол ашиг авч байна. Тэр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гээд байгаа нь ямар ч хэрэггүй байсныг дараачийн таван жилийн үр дүн баталж байна.", "Би өмнө нь 2015 онд УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 жилээр 100 хувь үнэгүй зарах гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын бүлэглэлийн хуйвалдааныг зогсоож байсан.", "2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Шадар сайд асан М.Энхсайхан нар “Эрдэнэс Тавантолгой”-г найзууддаа зуун жилээр үнэгүй өгөх гэж оролдсон. Найзууд гэдэг нь “Шинхуа” компани, МCS хоёр.", "М.Энхсайхан шиг өч төчнөөн хэрэгт орооцолдсон хүн яаж УИХ-ын сонгуульд нэр дэвших вэ дээ?" хэмээн өгүүлж байсан билээ.

Ерөөс аливаад хэт туйлшрамтгай, хонзогнуур байдлаар ханддаг гэгдэх З.Энхболд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эртнээс элдвээр хэлэх болсон бөгөөд 2019 онд гэхэд л : "Ц.Элбэгдорж Баянхонгороос ирж амжаагүй байхад сонгуульд огт оролцоогүй М.Энхсайхан гэдэг хүнийг Ерөнхий сайдаар тавьсан нь буруу байсан" хэмээж байсан юм.

 

Гэтэл үнэн хэрэгтээ Зандаахүүгийн Энхболдыг улс төрд оруулсан хүн нь өнөөх М.Энхсайхан ажээ.

1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болмогцоо өмч хувьчлалыг удирдан явуулах нэн чухал үүрэг бүхий Төрийн Өмчийн Хорооны даргаар Зандаахүүгийн Энхболдыг томилсон байдаг юм байна.

 

Энэ үед З.Энхболд нь УИХ-ын 1996 оны сонгуульд огт оролцоогүй бөгөөд МСДН-ын гишүүн, "Интер" ХЭАА-ы захирлаар ажиллаж байжээ.

М.Энхсайханы энэ томилгоо З.Энхболдын амьдралыг ихээхэн өөрчилсөн гэж хэлж болно.

Учир нь энэ үед буюу өмч хувьчлалыг удирдан явуулах нэн чухал үүрэг бүхий Төрийн Өмчийн Хорооны даргаар ажиллаж байхдаа л З.Энхболд Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч, тухайн үеийн "Женко" компаний эзэн Х.Баттулгатай ойр дотно болж нөхөрлөсөн байдаг аж.

 

Э.Мягмар

sonin.mn