“Урт гарт”-нуудтай УИХ
2020/05/05
2016-2020 оны УИХ-ын гишүүдээр эрүүжсэн парламент дуусаг
Сар хүрэхгүй хугацааны дараа Монголын парламентын түүхэн дэх хамгийн эрүүжсэн гэж болохоор парламентынхны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна, ашгүй. Үүнээс цааш нэг, гурав, зургаан сар болбол энэ парламентаас хууль хяналтын байгууллагын хаалга татаагүй, АТГ-т асуугдаж, байцайгдаагүй, шүүх, прокурорт хянагдаж, дуудагдаагүй УИХ-ын гишүүн үлдэхгүй шинжтэй.
Учир нь, өдгөө мань 76-гийн бараг 70 нь ямар нэгэн байдлаар хэрэг төвөгт холбогджээ. Зарим нь үүнийгээ эрс үгүйсгэж, хэвлэлийнхэн болоод олон нийтийн өмнө дүр эсгэж, цэмцэрхдэг ч хэн нэгэн байцаагчийн өмнө суугаад мэдүүлэг өгч асан нь баримтаар нотлогдсоор ирсэн.
БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХУГАЦААГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ЗУУРАЛДАЖ ӨНГӨРҮҮЛСЭН 13
Сонгогчид энэ удаагийн парламентын магадгүй хамгийн сул тал, санаачилга, зүрх сэтгэлгүй УИХ-ын гишүүдээр энэ 13 эмэгтэйг нэрлэж мэднэ. Учир нь, тэд өнгөрсөн дөрвөн жилд улс эх орныхоо төлөө байтугай хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн жаахан охидын эрхийг хамгаалах талаар дорвитой ажил хийх нь бүү хэл гайгүй ганц үг унагаагүй гэхэд болно. Ядаж л өмнөх парламентын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн санаачилж, өдгөө гайгүй сайн хэрэгжиж байгаа Тамхины тухай хууль шиг хууль санаачилсангүй. Түүний өмнөх парламентын төмөр хатагтай Т.Гандийн орцны жижүүрээр ажилладаг эмэгтэйчүүдийн ахуй хангамжийг сайжруулах “Орцон дахь гэр бүл” төсөл шиг нь ядарсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүр болъё гэхэд тэднийг бичиг баримтжуулах аян ч өрнүүлсэнгүй. Гэхдээ тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, “гэмт хэрэг” үйлдэхийг бол харин ч нэг чадсан бололтой. Үүний хамгийн нэгдүгээрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг “дээрэмдсэн” хэрэг нь бичигдэнэ.
Тодруулбал, ЖДҮХС-гаас ах, дүү хамаатан садан, танилаа их хэмжээний зээл авахад нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дам болон шууд байдлаар нөлөөлсөн гишүүдээр Д.Оюунхорол, М.Билэгт, М.Оюунчимэг, О.Амарзаяа, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, Б.Саранчимэг, З.Нарантуяа нар нэрлэгдэж байв. Хууль, хяналтын байгууллагаар тэд нэг хэсэг эргэлдэж, зарим нь намынхаа болон “том” арынхаа хүчээр “Энэ хэрэгт би хамааралгүй” хэмээн мэдээлээд байгаа билээ. Хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр “УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нарын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон тул иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна” хэмээн мэдээлж байсан удаатай. Гэвч ЖДҮХС-гийн хөрөнгөөр тоглосон, энэ парламентын гол эмзэг цэг болсон энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа.
Үүний дараа мэдээж ХЭДС-гаас бусдыг их хэмжээний зээл авахад мөн л нөлөөлсөн байж болзошгүй асуудлаар АТГ-т шалгагдаж буй М.Оюунчимэг, А.Амарзаяа, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, А.Ундраа, Н.Оюундарь нар нэрлэгдэнэ. Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурахдаа Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум, Хөгжлийн банкны 52 тэрбум, ЖДҮХС-гийн 47 тэрбум, АШУҮИС-ийн дөрвөн тэрбум, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөгийг “залгисан” асуудал нэмэгдэнэ. Төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг ийн дампуурсны хариуцлагыг Б.Ундармаа гишүүн үүрэх эсэх нь тодорхойгүй ч түүнийг ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, дээрх банкаараа угаасан байж болзошгүй үндэслэлээр УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос тавиад байгаа билээ.
Тэдний дээр ЖДҮХС-гийн хэрэгт холбогдолгүй үлдсэн ч Монголбанкны Эрсдлийн сангаар “Монполимет” компанийнхаа 10 тэрбум төгрөгийн өрийг чимээгүйхэн даруулаад байсан нь сүр дуулиантайгаар зарлагдсан Ц.Гарамжав гишүүн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ парламентын эмэгтэй гишүүд бараг тэр чигтээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь хэргээ “хаалгаж”, зарим нь гүрийж явна.
УИХ ДАХЬ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ЭРЭГТЭЙ ГИШҮҮД
УИХ-ын өмнөх парламентчдын дунд дураараа дургидаг, эр зориг нь дэндсэн зодоон цохион хийхээс эхлээд туг урж, салмалдаг, салаавч гаргаж танхайрдаг гэх мэт болдоггүй гишүүн цөөнгүй л байсан. Гэхдээ арай ч хүн амины хэрэгт сэжиглэгдэж, хүчингийн хэргээр ял шийтгүүлж, ичимдэг эрхтнээ олон нийтэд харуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангатлаа ёс зүйн доройтолд орсон хүнд гар төрж байсангүй. Мөн бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ боломжийг нууцаар хулгайлчихаад илчлэгдэнгүүт ичих ч үгүй “Хажуудаа байгаа эрдэнээ анзаардаггүй юм байна. Тэр зээлийг нь төлчихөөд дүүдээ тэрбум төгрөг өгнө” гэх эр зоригтон байгаагүй.
МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшин УИХ-д орж ирсэн Д.Гантулга өдгөө “Улаан махны хэрэг”-ээр хоёр жилийн ял сонсон, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийгээс шоронгийн хүйтэн өрөө рүү шууд шилжээд буй. Түүний дээр баруун аймгаас Ардчилсан намын төлөөлөл болж, УИХ-д заларсан Д.Мурат нутгийнхаа ганц бие бүсгүйг элэг барьж, нууц эрхтнийхээ зургийг илгээхээс эхлээд “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” зүйл заалтаар зүйлчлэгддэг ёс бус олон үйлдэл гаргасан нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, арай чамай ял авчихаагүй ч нэр насны хочтой үлдсэн.
Тэдний араас хүн амины хэрэгт сэжиглэгдэн УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүртлээ шалгагдаж буй МАН-ын Н.Номтойбаяр бичигдэнэ. Г.Батхүү агсны амь насыг хөнөөсөн байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж буй тэрбээр ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээ зарлаад буй. Дээр нь алдарт ЖДҮ-чид болох Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Я.Содбаатар, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Н.Учрал, О.Батнасан, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Батзориг, Б.Наранхүү, Б.Баттөмөр, Я.Санжмятав тэргүүтэй 40 гаруй гишүүн бий. Гэхдээ тэдний дундаас Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайгаа бараг хүлээгээд байгаа билээ.
Мөн АТГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Уг хэрэгт АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй, “Капитал” банканд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Үүнээс гадна мөрийтэй тоглоом тоглож, тоглосноо нууцлахыг ихэд хичээж яваа хэд хэдэн гишүүн бий. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдсаар ирсэн. Энэ талаар “Сангийн сайдынхаа хувьд хэл амыг дарчихаад байгаа боловч энэ суудлаасаа буувал хамгийн наад зах нь Хотгор шанагын луйврын асуудлаар аавын хаалга татах ёстой хүн бол Ч.Хүрэлбаатар” хэмээн эх сурвалжууд хэвлэлээр мэдээлж байлаа. Эдгээрээс гадна бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан хэргээр нэг бус гишүүн хууль, хяналтын байгууллагад байцаагдаж, зарим нь шүүхээр орж байв. Тэдний нэг нь Ж.Батзандан гишүүн бөгөөд тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Нэр төрд халдсан.
Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүгээрээ эргээд уучлалт гуйх ёстой” гэх гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “Б.Хурцын нэр төрд халдсан тул уучлал гуйх ёстой” гэсэн утга бүхий шийдвэрийг 2018 онд гардаж байлаа. Сүүлийн жилүүдэд Ж.Батзандангийн улс төрийн хань болоод байгаа Л.Болд ч мөн хуулийн байгууллагын хаалгыг нэг бус удаа татсан. Тодруулбал, Түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулж, төсвийн хөрөнгө завшиж үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж байсан.
Л.Болдыг өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалах сайдаар ажиллаж байхдаа яамны захиалгаар баригдаж буй 3000 айлын орон сууцны тендерийг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүүгийн компанид өгсөн гэх асуудлаар шалгагдаж байсныг олон нийт мартаагүй биз ээ. Бүр адаглаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүртэл “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын “Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн амьдардаг түрээсийн байрыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газарт 2018 онд дуудагдаж, тайлбар, баримтаа өгч явсан билээ.
УИХ-ын гишүүдийн хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдсон нь олон нийтэд ил болсон мэдээллийг тоймлоход л энэ парламентээс нэр цэвэр хүн тун цөөхөн үлдэхээр байна. Гэхдээ нэр цэвэр мэт үлдэж буй хуруу дарам цөөн гишүүд нь хулгай, булхайгаа маш сайн нууж чаддаг байхыг ч үгүйсгэх аргагүй билээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН