Төрд горилогч салбадайнууд
2020/05/13
Тайз, дэлгэцийн бүхий л суваг булааж “Би чадна” дүрд хувирагчид ичиг ичиг
Нийтийн дууны тайзнаас УИХ-ын индэр рүү “үсэрчихсэн” азтай ч гэх үү, эзтэй ч гэх үү түшээ бол С.Жавхлан. Тэрбээр өнөөх олны хайртай дүрээр буюу малгай, дээл, бүстэйгээ тойргийнхоо гэр хорооллын гудамжинд гарч айл, өрхүүдийн хогийг ачив. Төрийн түшээ болчихоод морьтойгоо ажилдаа ирж, ташуураа “чирсээр” өрөөндөө тухалсан түүнд хог ачигч гэх ээлжит мэргэжил нь даанч зохисонгүй ээ.
Энэ мэтээр сонгогчдод таалагдах, тэдний нүдэнд торох, олны анхаарлыг татах зайлшгүй шаардлага ирэх парламентад суудал горилогчдод бий боллоо. Тэд нэр, зүсээ харуулж л байвал юу л бол юугын хийж чадах салбадай болж хувирав. Төр түшилцэх сонирхол нь шөнө унтуулахгүй зовоох болсон шинэ, хуучин горилогчид гэр хороололд хог ачигч, камерын өмнө телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, цаг агаарын мэдээ танилцуулагч, өвөрмөц төрхтэй бол шоу тэмцээний оролцогч, гитар баривал дуучин, гэртээ бол тогооч болж гялалзах юм.
Гэтэл нөгөө талд нь төсөв баталвал хулгайлах, тендер зарлавал булаах, төрийн албанд суудал зарагч, сангууд цөлмөгч, хүчиндэгч, бэлгийн дарамт үзүүлэгч, мөнгө хүүлэгч, мөрөөдлийн багийн ахлагч, фэнгшүйчин, монгол суу ухаантан, арга билэг, тоон ухаанд автагч, оффшор бүсийн мангаа, уул уурхайн магнат, бөх, шударга бусын хонгил гэгчийг эрж ологч, улайхгүй худал яригч, популист, хавтаст хэргийн эзэн гээд түмэн янзын шид үзүүлэгчид Монголын төрд ард түмнийг төлөөлж байжээ. Сонин юм шүү. Өнгөрсөн долоон парламентад эсрэг, тэсрэгийн туйл бологсод яагаад ч юм түмнээ ядуурлаас аварна, төрөө хямралаас гаргана хэмээн гоё ярьсаар өнөөдөрт биднийг хүргэсэн. Тэд ард түмнийг цаг хугацааны машинд суулгаад хамаг эд, эрхтэн нь доргиж, байраа сольтол авч давхисан.
Хорин жил давхисан тэд замын дундаас бодлого, бодол санаа, бүрэн улсынхаа тусгаар тогтнол, үнэт зүйл, Монгол хүний өрсөлдөх чадамж, нүүдэлчдийн ахуй зэргийг гээж явсаар 2020 онд нам нь нэгдсэн бодлогогүй, төр улс нь урт, дунд хугацааны төлөвлөгөөгүй, залгамж халаагүй болж “задрав”. Сэлдэн дээлтэй хөвгүүний өвөрт алт хийсэн ч, мөнгө хийсэн ч увуулан, цувуулан гээхийн адил урт, дунд хугацааны бодлого гэх бүс, бүслүүргүй Монгол Улс үнэ цэнтэй бүхнээ нэг, хоёроор нь гээчихлээ.
Бүхнээ гээчихсэн учраас төр түмэн нь түшээдийн эрэлд хатаж яваа юм. Улс төрийн гол намууд лидерийн дутагдалд орчихсон учраас зөгийчин, дуучин, мөнгө хүүлэгч, зураач, аяллын хөтөч, шорлог зарагч, фэйсбүүк од, хоосон элийрэгч, цайны газрын эзэн зэрэг хэн дуртай нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж, нэг хэсэг сонгогчдын тархийг угаах их ажлаа эхлүүлчихээд байна. Гэтэл энэ бүхний үр шимийг хэн хүртэх вэ. Хойч үе, үр хүүхэд минь гайг нь үүрч, галыг нь унтраах гэж зовох болно.
ЭД МӨНГӨНИЙ ДОНД АВТСАН НИЙТИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ЭРҮҮЛЖЭЭГҮЙ ЦАГТ ЭРҮҮ, ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТҮШЭЭД Ч ШИЙТГҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО
Монголчууд нийтээрээ, нийгмээрээ мөнгө, эрх мэдэл, эд хөрөнгө шүтэх донд автчихжээ. Мөнгө болж хувирах юмс бүхэн рүү шунахайн сэдлээр нохой мэт, арслан барс мэт дайрцгаадаг гаж дон эрх барьж, хууль санаачлах эрхтэй болсон 76 хүнд бүү хэл нийт олонд илэрдэг хам шинж болсон учраас Монгол Улс хөгжихгүй, иргэдийнх нь амьдрал ахуй дээшлэхгүй, нэг л тийм ядуу, зутруу байна. Сэтгэцийн ийм эмгэгээ нийтээрээ эмчилмээр, эрүүлжмээр байна. Хулгайч, хумслагч үзэл, хандлагаасаа салахгүйгээр бид баян Монголыг бүтээнэ гэж хашхираад ч үр дүнд хүрэхгүй ээ.
Гэтэл өдгөө цэцэрлэгийн тогооч хүүхдийн хоолны мах, гурил, будаа, төмс, ногоог хулгайлж, гэр рүүгээ зөөж байна. Цэргийн ангийнх нь захирагч хүртэл зэвсэгт хүчний өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг өөрт байгаа муу бүхнээр сольж, улсын гэх данс, тоотой бүхнийг тонож байна. Гишүүд нь бүтээн байгуулалтад зарцуулагдах төсвийг ББСБ-аараа угааж, банкны теллер нь иргэдийн дансан дахь хадгаламжийг барьцаалан мөнгө угааж, түшээд нь мэдээлэлд ойр давуу эрхээ ашиглаад, авлига, албан тушаалын орооцолдсон сүлжээ үүсгэж, Элчин сайдууд нь харийн нутагт хар тамхи зөөвөрлөж, энд тэнд Монгол Улсын нэрийг баастай хутгаж явна. Ийм л халаасны хулгайчдаар нийгэм дээр дооргүй дүүрчихсэн учраас бид ядуу, өлөн зэлмэн, өнгө зүсгүй, эдийн засгийн бие даасан чадамжгүй, хөрш орнуудаас бүрэн хараат болж, сульдаатай нярай шиг аврал эрэн “Сэхээн амьдруулах тасаг”-аас гарч чадахгүй “уйлагнасаар” байна.
Гэтэл манайд Японы хууль, төрийн тогтолцоо шиг дэг ёс хатуу сан бол бид хөгжил гэж юу байдгийг бусдад заах байв. Даанч монгол хүний байгалиас заяагдмал онцгой өгөгдлийг буруу аргаар хөгжүүлэгчид төрд олноор гарч, түмэн олныг удаан хугацаанд төлөөлсөн нь нийтээр мөнгө, эрх мэдэл, албан тушаалд донтох, автах гажиг тогтолцоог бэхжүүлчихлээ.
МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛЛАХ ХҮЧНИЙХЭЭ АЖЛЫН БАЙРЫГ БУЛААГСАД ИЧИГ ИЧИГ
Нэгэн биед баймгүй олон авьяастай нөхөд УИХ-д суух бүрэн эрх рүү улайран зүтгэж байна. Тэд сонгуулийн санал авах өдөр хүртэлх сар хүрэхгүй энэ хугацаанд “Би чадна” гэх дүрд хувирцгааж байна. Зурагтын суваг эргүүлэх бүрт гишүүний бүрэн эрх горилогчид гол дүрд тоглох нь инээдэмтэй, эмгэнэлтэй. Тэдэнд хийж чадахгүй зүйл нэгээхэн ч алга. Зарим нь сэтгүүлчийг гэртээ хонуулж байгаа бол зарим нь сэтгүүлч болж мэдээллийн хэрэгслээр “наадацгааж” байх юм. Нэг хэсэг нь хормогч зүүгээд хоолны нэвтрүүлэгт бантан хутгаж харагдах, нөгөө хэсэг нь зохиолгүй шоунд хошин шогийн мэргэжлийн жүжигчдийг ажилгүй болгоод, тэргүүн байрыг нь эзэлж байх юм. Олны анхааралд өртөхөөр улайран зүтгэгчид өөрөө ч өөрийгөө танихааргүй салбадай гэх шинэ дүрд тун ч чадмаг хувирцгаах.
Энэ бүхнийг ажжээ суухуйд орчин цагийн ухаантан, сэхээтэнд өөрөөсөө хүртэл нуугдаж тоглох, жинхэнэ төрхөө сонгогчдод харуулахгүйгээр амьдрах хэдэн арван “тайз” засаатай байдаг болжээ. Тэд өөрсдөд нь зориулж зассан тэрхүү тайзан дээр гараад юу үзүүлэх ёстойгоо хэнээр ч заалгахгүй бөгөөд энд ч нэг, тэнд ч нэг гүйлдэх нь аанай л салбадай. Эцэстээ иргэд, сонгогчид өнөөх тайзан дээрх салбадайнхаа хэнийг нь ч танихаа больж, зөвхөн нүдэнд харагдах төрхөөр нь онцгойлон ярьцгаах болсон билээ.
Иргэдэд бодол санаа, үг хэл нь танигдахаа больсон ийм хүмүүсийг “Өнөөх маадгар улаан хацартай залуу”, “Яагаав нөгөө нөхөртэйгөө фэйсбүүкээр хэрэлдээд байдаг дуучин”, “Хөлөөрөө зураг зурдаг байснаа болиод орон дотроо цурхиртлаа уйлдаг сэлэмтэй эмэгтэй” гэх мэтээр шагшин ярьж, өнөөх горилогчдыг таньж байх жишээтэй. “Тэнэглэ, тэгвэл чи онцгой харагдана” гэх гажиг ойлголт лавширсаар байгаа энэ цагт төрд санаархагчид ч тэнэглэсээр л байх болно. Тайз, дэлгэцийн бүхий л салбарт мэргэшсэн, мэргэжилтэй залуусын ажлын байрыг булааж, салбадай мэт аашлах үхрийн бөөр шиг алаг горилогчид ичиг ичиг.
Үндэсний шуудан сонин
bat · 2020/05/13
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу
Зочин · 2020/05/13
Төр гэдэг ашигтай компани гэж ойлгосон хүмүүс бие даагч болон очерлож байна даа