Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг 2019 оны 04-р сараас эхлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын санхүүжилт болгож Бүгд найрамдах Франц улсын засгийн газраас 40 жилийн хугацаатай 60 700 000 еврог зээлж байгаа аж.

Уг зээлийн жилийн хүүгийн хувь  0.0076 хувь бөгөөд үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөх юм байна.

Уг зээлсэн мөнгөөрөө дараах хоёр чиглэлд  дүүжин зам барих ажээ.

1. Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл

Ачаалал ихтэй үед уг чиглэлийн замд нэг цаг гаруй хугацаа зарцуулж, хотын төвд ирдэг. Тэгвэл уг чиглэлд агаарын дүүжин зам тавьснаар иргэд 10 хүрэхгүй минутад хүрэх боломжтой болох юм байна.

2. Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл

 

Улаанбаатар хотын иргэд Баянхошуунаас III, IV-р хороолол хүртэл оргил ачаалалтай үед хоёр цаг орчим хугацаа зарцуулж хүрдэг байна. Харин уг чиглэлд  агаарын дүүжин зам тавьснаар  20 хүрэхгүй минутад  зорьсон газартаа очдог болно. 

Дээр дурдсан хоёр чиглэлд агаарын зам тавих нийт өртөг зардал нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын захиргаа болон ПОМА компанийн хамтарсан төсөл аж. Агаарын дүүжин тээврийг улс орнууд олон төрлөөр ашигладаг байна. Цанын баазууд, аялал жуучлалын дэмжих чиглэлээр түлхүү ашиглаж байсан бол сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд түгжрэлийг шийдэх байгаль орчинд ээлтэй гэдэг утгаар нь агаарын дүүжин тээврийн замыг хотын төвөөс алслагдсан, нийтийн тээвэр хүрч үйлчлэхэд хүндрэлтэй дүүргүүдийн оршин суугчдыг хотын төв рүү үндсэн нийтийн тээврийн сүлжээнд тээвэрлэн авчрах зорилгоор ашиглах болжээ. ПОМА компани  Меделлин,  Каракас, Анкара зэрэг том хотуудад нийтийн тээврийн зориулалтаар агаарын дүүжин замыг тавьсан юм байна.

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Улмаар Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы 2020.05.14-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар энэхүү Санхүүгийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрх олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,7 хувь нь дэмжсэн юм.

Ямартай ч дүүжин замын санхүүжилт батлагдаж, нийслэлчүүд 2-3 жилийн дотор  агаараар чөлөөтэй зорчихоор боллоо.