Эмэгтэй гишүүдэд дайх үг
2020/07/09
Яг үнэндээ эмэгтэй улстөрчдийн талаар бичихээр жендэрийн мэдрэмжгүй, эмэгтэйчүүдээ дэмжсэнгүй, улс төрд байгаа эрчүүдийн болохгүй бүтэхгүйг бүсгүйчүүд хэлж, нийгэмд зөв шийдвэр гаргуулна хэмээн ихэнх хүн үздэг, тиймдээ ч шүүмжилдэг.
Эмэгтэйчүүдийнхээ төлөө гээд, парламентад бүсгүйчүүдийн төлөөлөл олон байх ёстой гээд дутагдлынх нь дэргэдүүр эсвэл цаг үеэ, нийгмээ мэдрээгүй байсных нь төлөө дуугүй байж болохгүй юм. Ийм учраас энэ удаагийн парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүнд ирэх дөрвөн жилд хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх ёстойнх нь төлөө хэвлэлийнхэн бичих ёстой биз ээ.
Өнгөрсөн парламентын үед мөн л хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдож байв. Тэд хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл, залуучуудын төлөө дорвитой ажиллаагүй, дуугараагүй учраас муу нэртэй хоцорсон. Уг нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо нэмэгдэж, тэр хэрээр парламентын гишүүдийн тоо нэмэгдэж буй. Тухайлбал, 1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байсан бол 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13, 2020 онд мөн 13 эмэгтэй гишүүн сонгогджээ.
Парламентаас парламентын хооронд эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр улс төрийн манлайлал дахь жендэрийн хэвшмэл хандлага өөрчлөгдөж буй нь олзуурхууштай. Энэ хэрээр эмэгтэйчүүд хариуцсан ажлаа сайн хийж, нийгэмд үлгэр дууриалал болох шаардлага үүссэн. Нийгмийн хүлээлт, захиалгад энэ удаагийн парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн хүрч ажиллах ёстой. Тэдэнд хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл, ахмадууд гээд нийгмийн бүхий л хэсэгт хүрч ажиллах шаардлага тулгарч байна.
Тухайлбал, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал манайд бараг орхигдсон. Энд, тэнд хүүхдийн эрх тэгж ч ингэж ч зөрчигдлөө гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч тэгсхийгээд замхардаг болов. Уг нь Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай ч бодит амьдралтай уялдахгүй заалт олон бий учир төдийлэн хэрэгждэггүй гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Тэгвэл эмэгтэй гишүүд үүнд анхаарч, асуудалд судалгаа тооцоотой хандаж хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлага байна.
Мэдээж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сурагчдын “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны хувьсах зардлыг нэмэх, амаржих газруудыг нэмэх, эрүүл мэндийн үйлчилгээг явдал чирэгдэлгүй авах боломж бүрдүүлэх гээд эмэгтэйчүүд анхаарал хандуулах олон ажил хүлээж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг тогтмол ажлын байртай болгох, бүсгүйчүүдийн дийлэнх хувь ажилладаг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарах, нийгмийн асуудлыг нь шийдэхэд хөшүүрэг бий болгох гэх мэт санаачилж хийж хэрэгжүүлэх олон ажил эмэгтэйчүүдэд ногдлоо. Өмнөх парламентын эмэгтэй гишүүд шиг дээр дурдсан ажлуудад төдийлөн анхаарахгүй сандал суудлын хэрүүл, намаараа талцаж хурал гацаах, ажил явуулахгүй байх гэх мэтэд гаршвал парламентаас парламент хооронд нэмэгдэж байгаа эмэгтэй улстөрчдийн нэр хүндийг хөөтэй хутгаж мэднэ.
Гэхдээ 2012-2016 оны УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд сайн ажилласныг энд дурдах ёстой. Тухайн үед таван намын төлөөлөл байсан ч Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулж, Л.Эрдэнэчимэгээр ахлуулан нийгэм рүү чиглэсэн олон чухал хуулийн төслийг санаачилж, батлуулан жинхэнэ утгаараа гар нийлж ажиллаж байв. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндөж, онцгой анхаарал хандуулан энэ чиглэлийн хууль, тогтоолд өөрчлөлт оруулж байлаа. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүдийг ажил хийх боломжоор хангаж, цэцэрлэгийн хүртээмжийг харгалзан үзэж, Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг олноор нээж, улсаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлж байв.
Энэ бол олон залуу гэр бүлийн өрхийн амьжиргаанд нэмэр болсон ажил. Тэд хүүхдээ цэцэрлэгт, эсвэл Хүүхэд харах үйлчилгээний төвд даатгаад санаа амар ажлаа хийсэн нь олон айлд дэмээ өгсөн гэдгийг тухайн үеийн судалгаа, статистик тоон мэдээлэл харуулдаг. Мөн тэр үеийн парламентын эмэгтэй гишүүд Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэлний тухай, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төсөлд хамтран ажиллаж байсан. Энэ хуулиудын олонх нь амьдралд хэрэгжиж, тухайн үедээ нийгмээ мэдэрсэн, нүдээ олсон шийдвэрүүд гарч байлаа. Үүнийх нь төлөө 2012-2016 оны парламентын эмэгтэй гишүүд сайн ажилласан гэх нэртэй үлдсэн.
Тэгвэл энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүд олноор сонгогдсон учраас хийх ажлаа тодорхойлж, нам харгалзахгүй нэгдэж чадвал нийгмийн олон асуудлыг шийдэх хууль, тогтоолын төслийг батлуулж чадна. Эмэгтэй 13 гишүүний 11 нь МАН-аас сонгогдсон. Ядаж л намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан дүүрэг бүрт ахмадын төв барих, малчдын тэтгэврийн нас, эрүүл мэндийн цогц үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт нийгэм рүү чиглэсэн ажлынхаа талыг нь ч болтугай хамтраад хийгээсэй. Та бүхэн өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд шигээ нэг нам үнэмлэхүй олонх болсондоо эрдэж, нийгэм рүү чиглэсэн ажлыг хойш тавьж, өнөө л албан тушаалын хуваарилалт, хувийн эрх ашгийнхаа төлөө дуугараад “Хэнийг ч сонгоод адилхан” гэдэг ойлголт сонгогчдод үлдээвэл ирэх парламентад “Эмэгтэйчүүд олноороо сонгогдоосой, жендэрийн эрх тэгш байдал алдагдаж байна” гэж дуугарах нь ичгэвтэр явдал болно шүү.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2020/07/09
Наад Одонтуяа гишүүн та хэдтэй үзэл бодол нийлэх үү аан. Нэг л эсрэг тэсрэг ажлыг унгах доош хийх ийм л юм хийгээд байж харагдах юм даа. Уул нь ийм байгаагүй шүү. Баасан хүү гишүүн шиг л юм болоод байх
Зочин · 2020/07/09
Эрт цагт эмэгтэйчүүдийн гэзэг нь урт, ухаан нь богино байсан бол одоо цагт гэзэг нь богиноссон боловч, ухаан нь уртсахгүй л байгаам дөө...