Газрын тосоор халаасаа тослогчид хаана байна
2013/04/08
“Тамсагийн талд байсан бүхэн үгүй болж байна” гэж хэчнээн хашхираад ч нэмэр алга. Газрын тосны газраас эхлээд салбарын яам, Засгийн газар нь “хэрэгсэхгүй” алдарт Дорнод Монголын шаргал уудам Мэнэнгийн талд хүн, малгүй эзэнгүйджээ.
Төв Азийн онгон энэ атар газарт юуны улмаас харийнхны гар хөл хөрсийг нь сийчиж Монгол төрийн амыг “барих” болсон нь газрын хэвлий дэх ”цусны эргэлтэд” шунамхайрсан сувдаг сэтгэлтнүүдээс үүдэлтэй байна. Тэгвэл өнөөг хүртэл энэ салбарт дураараа дургиж, Мэнэн Матадын талыг сүйрүүлэх эрхийг Петрочайнад хэн олгочихов оо.
Дарга даамалгүйгээ Тамсагийн талд очихоороо наашаа харж инээж, цаашаа харж уйлах шахуу урд хөршийнхөнд найр тавих эрхийг хэн олгов. Яагаад газрын тосны салбар дахь дэлхийн гол таван тоглогчийн нэг Петрочайна дайчин тамсагийн өмнө Засгийн газар яам, тамгын газаргүйгээ бөхөлзөж Монгол хүний үнэлэмжийг нүднийх нь өмнө нугачин дарсаар байхад хүлцэнгүйтнэ вэ. Энэ бүхний балагаар устаж мөхөж байгаа олон арван баялгаа нэхмээр байна. Энэ бүхэнд МХЕГ, АТГ, АМГ, ГТГ, Уул уурхайн яам, Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой. Газрын тосоор халаасаа тослогчид хаана байна.
Хэдэн зуугаараа тоологдох өнөөх цагаан зээрийн нүүдэл хаачив. Өвөл нь зуд нүүрлэж зун нь гал, түймэр ассан энэ талын үнэлэмж хаачив аа. Яагаад орон нутгийн Засаг дарга нь хүртэл амаа үдүүлэв. Хахуульд гараа гавлуулж мөнгөнд нүдээ боолгов уу. Энэ бүхнийг нэхэхийн учир нь цалингаа нэмүүлж, ажиллах хоногтоо өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн монголчуудыг үл тоож “Ажлын хөлсөө нэмүүлэх гэв үү, дуугүй ажиллавал ажилла, үгүй бол зайгаа тавьж өг” гэх үгээр дарамталсаар өдийг хүргэснийг монгол ажилчид хэлж байгаа юм. Эх орондоо, нутаг усандаа харийнхнаар хаана гишгүүлэхээ заалгах цаг хэзээнээс энд эхэлчихэв ээ, эрх дархтанууд аа. Та бодоод үз. Гэр орон, эхнэр хүүхэд, аав ээж, найз нөхөд, нийгмийн буцалсан амьдралаас хол тасархай 40 хоног эзгүй хээр амьдрана гээд бодоод үз. Тэгээд дандаа идэр насны эрчүүд, 20 гарч яваа залуучууд гээд бод доо. За яахав, ажиллаад, амьдраад болдог юм байж. Тэнд ажиллаж байгаа 320 гаруй монголчууд хүн шүү дээ. Хүний бие организм гэдэг бол ажлын ачаалал дунд хэдэн өдөр хэдэн шөнө тэсэж чадах вэ. Тус газрын ҮЭ-ийн хороон дарга Ч.Валадимр гуайн хэлснээр тэнд дуу мэддэггүй хүн ч сүүлдээ дуучин болоод харьдаг гэх хоржоонтой үг хэлнэ билээ. Хүнд, хортой аль нь болох нь тогтоогдоогүй газрын тос олборлогчдыг өмгөөлж тэдний эрх ашгийн төлөө дуугарах чанга хоолтойтон үгүй байгаад тэд жаахан гомдонгуй байна, Д.Ганхуяг сайд аа. Ажлын хоногийг нь 30 болгож, авдаг хэдэн цаасыг нь нэмчихвэл тэдний “мөрөөдөл” биелэх гэнэ. Газрын тос урагшаа хэдэн зуун тонноороо гарч байгаатай нь тэмцэх бидний чадал ухаан мөхөс шүү дээ, тиймээс гар дээр авдаг хэдэн төгрөгөө л нэмүүлчихвэл…гэх дэндүү гэмээр өрөвдөлтэй санааг цухуйлгаад “залгичихна” билээ. Тэд ирэх долоо хоногоос хүсэлтийг нь хүлээж авахгүй бол ажил хаяна гэлээ.
Газрын хэвлий дэхь баялаг бол монгол хүний өмч гэдгийг хуулиндаа заачихаад эх орондоо харийнхныг царайчлан алгаа тосох алтан дээр суусан гуйлгачин иргэдээ өрөвдөх сэтгэл төрөөс төрсөн тэрбумтнуудад үүсэх болов уу.
Ашиглалтынхаа талбайг улам бүр тэлэх хүсэлтэй урд хөршийн төрийн мэдлийн энэ том компани хамгийн сүүлд л гэхэд Газрын тосны газартай 2011 оны зургадугаар сарын 24-нд Тамсагийн сав газрын “Тосон-Уул XIX” талбайд ашиглалтын талбайн хэмжээг нэмж тогтоохоор хэлэлцэн тохиролцсон байдаг. Энэ дагуу тус компанид 650 ам.км газар нэмж өгөх эсэхийг ГТГ болон ЭБЭХЯ дэмжжээ.
Яагаад, хэний эрх ашиг үйлчлээд тэднээс өмнөх авлагаа аваагүй байж дахин газар олгов. Петрочайнаагаас бид авах авлага ихтэй. Цоож цуургагүй говийн ганц айл шиг байгаа бүхнээрээ зочдоо дайлаад өөрсдөө өрөм ч үгүй, хусам ч үгүй хоцрох вий дээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар Газрын тосны үйлдвэр барих ажил юу болов, ажилчдын болон компанийн цогцолбор барилга байгууламж хаана байна, Бичигтийн боомт хүртэлх автозам барина гэсэн шүү дээ, хаана байна. Яагаад тэнд дэх бүтээн байгуулалт нүдний өмнө харагдаж эхлэхгүй байна вэ. Петрочайна тийм чадал чансаагүй компани гэж үү.
100-110 цооногоос хоногт дунджаар 7500 орчим баррель буюу 1000 тонн газрын тос олборлож байгаа энэ компани олборлосон түүхий тосоо БНХАУ-ын Рашаантын түүхий тос хүлээн авах цэгт хүргэж улмаар тос дамжуулах хоолой, төмөр замаар тээвэрлэн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг гэнэ. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн шүхэр компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци. Казахстан Индонези, Иран, Малайз зэрэг орны газрын тосны 23 сав газарт үйл ажиллагаа явуулдаг энэ компани АНУ-ын “СОКО Интернэшнл” компанийн Кеймэний аралд бүртгэлтэй “СОКО Тамсаг Монгол (XIX)” компанийн хувьцааны 94.4 хувийг 93 сая ам.доллараар худалдан авснаар Монголд газрын тосны үйл ажиллагаа явуулах эрх авсан аж. Тэд “Тосон Уулын XIX талбайд нийт 532 цооног өрөмдөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 7.08 сая баррель буюу 945.765 мянган тонн түүхий тос олборлож, 6.91 сая баррель буюу 923.056 мянган тонн газрын тос өмнөд хөршид экспортлосон гэдгээ танилцуулдаг. Эдийн засгийн ийм том “тогоотой” энэ компанид ажилчдынхаа цалинг нэмэх, нефтиэ зөөх зам барьчих хэмжээний хөрөнгө дутагдах уу. Газар доогуур хоолой гүйлгэж тосоо татчих хэмжээний “том” мөрөөдөл тээж байгаа компанийн удирдлагад зам барьж, ажилчдын цалинг нэмж, компанийн оффис байгууламж сүндэрлүүлж, нефтийн үйлдвэр барих нь илүү зардал гэж харагдах нь ойлгомжтой байна шүү дээ, манайхаан. Бид зочиндоо зусардаж байх хооронд газрын хэвлий дэхь тос “зулын гол” болж дуусах нь ээ.
Цалингаа нэмэгдүүлэхгүй, ажил хаяхгүй гэх хүмүүсийн эгнээнд багтсан хоёр монгол ажилчныг Хайнан, Сингапураар аялуулж Улаанбаатарын хамгийн үнэтэй зочид буудалд амраажээ, Петрочайнагийнхан. Инээдэмтэй байгаа биз. Тэндхийн 320 гаруй монгол дээрх эгнээнд нэгдсэн бол мөн л дээрх тансаглалыг мэдрүүлэх байсан болов уу. Эргэлзээтэй л юм.
ГАДНЫХНЫ ӨМНӨ МОНГОЛОО “НҮЦГЭЛЭСЭН” ГАЗРЫН ТОСНЫХОН ХААНА БАЙНА
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан та хаана юу хийж байна вэ. Даварсан энэ компанийг өнөөдрийн хэмжээнд аваачиж өндөр авхуулахад таны хувь нэмэр нэлээд байжээ. “Мөнх Оргил трейд” компанийн газар дээр нь ажиллаж 2010 оны есдүгээр сарын 20-нд гаргасан шинжээчийн дүгнэлтээр Матад сумын газар нутагт 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Гэтэл ГТГ болон ЭБЭХЯ үүнийг нь үл тоон тус компанид талбай нэмж өгөхийг дэмжсэн нь ямар учиртай юм бэ. 2011 зургадугаар сарын 29-ний 111 тоот тушаалаар ГТГ-даргын 2010 хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18 тоот тушаалаар газрын тосны ашиглалт явуулахыг зөвшөөрсөн талбай дээр нэмж, “Тосон Уул XIX” талбайн хавсралтад дурдсан талбайд үйлдвэрлэлийн олборлолт явуулж эхлэхийг зөвшөөрчээ. Тус талбайд 2011 ондоо багтаан байгаль орчны нөхөн сэргээлт хийж, хүлээлгэж өгөхийг, мөн 2010 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тушаалаараа тэрбээр мөн л байгаль орчны нөхөн сэргээлтийг мөн оны наймдугаар сард багтаан хүлээлгэн өгөхийг даалгаж байжээ. Гэтэл Монголын талаас хяналт тавьж хамтран ажиллах ёстой ГТГ-ын даргын хоёр ч удаагийн энэ тушаалыг үл ойшоож, өнөөдрийг хүртэл байгаль орчныг стандартын дагуу нөхөн сэргээгээгүй байж нэмж газар авахаар санаархах нь юу вэ.
Мөнгөтэй нь даварч мөнгөгүй нь мөлхөх энэ компанийн орчинд ажилладаг үйлчилгээний ажилчид цалингаа 30 гаруй хувиар нэмүүлсэн бөгөөд энэ нь ердөө 120-150 ам.долларынх нь хэмжээ 300 болж нэмэгджээ. Энэ нь цэвэрлэгч, тогооч, манаач, аж ахуй эрхлэдэг хэсэгт үйлчилсэн гэнэ. “Та бидэнтэй уулзаач, биднийг та бүхэнтэй уулзуулахгүй юм аа” гэх өрөвдөлтэй захиаг сарын өмнө УИХ-ын даргыг очих үеэр монголчууд дамжуулсан. Тэгвэл эдгээр хүмүүсийнхээ цалин хангамж, ажлын хоног, улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдээч. Талбай дээр өлсөж, жагсаж, цуглаж байсан хүмүүс хаачив аа.
М.ХАТАНБҮҮВЭЙ