С. Гандөл

Бондыг бондоор сольсноо өр төлсөн мэт тайлбарбаж, баатрын дүрд тоглож суудаг 

Сангийн сайдтай байгаад ч хэрэггүй

Төсвийн мөнгө уйлдаггүй, бас ёолдоггүй. Тасалддаг, сох дутдаг, эсвэл үрэлгэн байдлаар сураггүй алга болдог, салхинд хийсгэдэг. Аймгууд нь хөгжлөөрөө биш угтах хаалгаараа, Засгийн газар нь бодлогоор бус нэмж өр тавьснаараа, зарлага нэмснээрээ, дарга нар нь унаж байгаа машинаараа уралддаг, зах зээлийн гэхээсээ өрсөлдөөний нийгмийг үеийн үед бий болгож, бүтээж ирсэн нь биднийг ийм буруу араншинд хөтөлж иржээ. Төсвийн мөнгийг золигт гаргаж ирсэн шалтгаан ч эндээс улбаатай. Орхон аймагт шинээр барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга барихад 140 сая, Баянхонгор аймгийн Жинст суманд 150 ортой дотуур байранд 41 хүүхэд амьдарч байгаа нь үүний бодит жишээ. 

Аймгийн төвд шинэ суурьшлын бүс гэх нэрийдлээр өрхийн эмнэлгийг 2.4 тэрбум төгрөгийн өртгөөр барьж ашиглалтад оруулчихаад үйл ажиллагаа явуулалгүй жил гаруйн хугацаанд цоожилжээ. Хажууханд нь зургаан тэрбумын өртөгтэй сургуулийн барилгыг бариад дуусах шатандаа яваа гэх. Төвдөө байгаа цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлгээ тордох байтал ганц ч айл байхгүй, дэд бүтэцгүй хээр талд төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь урсгаж буйн нэгээхэн дүр зураг энэ. Эдгээрийг яагаад өгүүлээд байна вэ гэхээр удахгүй 2021 оны улсын төсвийг парламентаар хэлэлцэх товтой.

 Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад цар тахлаас үүдсэн хүндрэлийг хохирол багатай хэрхэн даван туулах, агшсан эдийн засгаа богино хугацаанд яаж сэргээхээс эхлээд ирэх оны төсөв өөрийн гэсэн мөчлөг, мөн сорилттой. Хамгийн гол нь, 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын анхны намрын чуулган, улсын төсөв төдийгүй бараг тэн хагас нь буюу 32 нь шинээр сонгогдсон гишүүн гэдгээрээ онцлог.

 Энэ бүхэн нь спикер Г.Занданшатарын даргалдаг ангийнхныг хэр туршлага, чадамжтай вэ? гэдгийн эхний сорилт байж, хариулт болох нь. Улсын төсвийг хэлэлцэж батална гэдэг өөрөө амаргүй. Хэдэн хүн бичиг цаас тойруулаад компанийнхаа жилийн тайлан тооцоог гаргахтай агаар нэг биш. Найман шаргын ченжүүд эгнэж зогсоод ирэх онд ам.долларын ханш хэрхэн өсөж, буурах тухай яриа лав биш. Нүүрс зөөдөг машин эрхлэгч компанийн захирлууд ширээ тойрч суугаад өглөөний цайгаа оочингоо БНХАУ руу хийх экспортыг нэмэгдүүлэх эсэх талаар хөөрөлддөг сэдэв бүр ч биш ээ.

Улсын төсөв бол улсын төсөв. Багш, эмч, цэрэг, цагдаа гээд 190 мянга гаруй төрийн албан хаагчийн цалин, бусад хүний тэтгэвэр, тэтгэмж, цэцэрлэг, сургуулийн барилга, шинээр барих зам харгуйн бүтээн байгуулалт, нүүрс, алт, зэсээс төвлөрүүлэх орлого зэрэг Монгол Улсын бүтэн жилийн орлого, зарлагыг төлөвлөж, зурагладаг нь төсөв. Тэр бүгд өөрийн гэсэн судалгаа, тооцоо, зардал, эрсдэлийг тооцдог учраас хамгийн хариуцлагатай, ханатай, ул суурьтай хандахыг хүссэн ч эс хүссэн ч гишүүдээс шаарддаг. УИХ-ын гишүүдийн унах машины шатахуун, утасны ярианы төлбөр, албан томилолтын зардал нь хүртэл улсын төсөвт шингэдэг юм. 

Гэтэл энэ парламентын гишүүдийн чадавхи төвшинд байна вэ. Ялангуяа тангараг өргөж, халдашгүй дархан эрхтэй болсон шинээр сонгогдсон 32 гишүүнд. Төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчилна гэв. Улаанбаатарт байгаа хүмүүс өндөр үнээр мах худалдан авч идэх ёстой гэж байх юм. Зарим нь Дарханы замыг бариулахыг шаардаж, салбарын сайдынх нь өрөө рүү буурь сэлгэхээ илэрхийлэв. Бүр хөдөө орон нутагт ажиллах үеэрээ аймгийнх нь Засаг даргад үүрэг чиглэл өгснөө зарласан нэгэн ч байна.  

Саяхан гэхэд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байхад аймгийнхаа малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандаж болох эсэх тухай Төв банкны ерөнхийлөгчөөс орон нутгаас сонгогдсон гишүүн асуусан нь мөн л шүүмжлэл дагуулах болов. Бүхэл бүтэн Монгол Улсын мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад сонгогдсон аймгийнхаа нэрийг тусгайлан дурдаж, тэдэнд зориулсан бодлого гаргахыг "шаардсан" нь инээдэм гэхээсээ эмгэнэл.

Уг нь УИХ-ын гишүүний хийх ажил гэдэг дээр өгүүлсэн жишээнд дурдсан асуудлууд биш л дээ. Хууль, журмынхаа дагуу хариуцсан яам, холбогдох албаныхны хийх ёстой ажил. Харин УИХ-ын гишүүн бол өөр. Хууль тогтоох дээд байгууллагыг бүрдүүлэгч эд эс нь болж байгаагийн хувьд хууль боловсруулах, санаачлах, батлах нь тэдний үүрэг. Түүнийг нь Засгийн газар, харьяа агентлагууд нь хэрэгжүүлдэг. Гэтэл энэхүү үүргээ ч ухамсарлаагүй, төлөвшөөгүй яваа тэдэнд улсын төсвийг батлах эрх зүйн чадамж бий юу гэдэг нь эргэлзээ төрүүлэм. Тэр тусмаа эдийн засгийн амаргүй энэ цаг үед иймэрхүү байдал, уур амьсгалтайгаар ирэх оны төсвийг хэлэлцэж батална гэвэл хэцүү. Чин үнэнийг хэлэхэд яг ийм дүр төрхтэйгөөр тэд тангараг өргөж, 2020 оны төсвийг тодотгож, зунаас намар, намраас өвөлтэй золгох гэж байна. 

"Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах , үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ. Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна" хэмээн намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр хэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг гашуун ч гэсэн үнэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн төслөөр 2021 оны төсөв хоёр их
наядын алдагдалтай байхаар оруулж иржээ. Улсын төсвийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдлыг бид ирэх онд хүлээнэ гэсэн үг. Үүнд коронавирусийн цар тахлаас үүдсэн хямрал нөлөөлсөн нь маргашгүй үнэн ч хашаан дотроо сэтгэхээс хэтрэхгүй байгаа "живхтэй" гишүүд 2021 оны улсын төсвийн зураглаж гаргана гэдэг нь бидний өмнө байгаа хамгийн том эрсдэл юм. Мөнгөний бодлого ярьж байхад аймгийнхаа малчдын зээлийг хөнгөлүүлэхийг илүүд үздэ г, хот, хөдөөд ялгавартайгаар мах
нийлүүлэх ёстой хэмээн ярьдаг, аймгийн Засаг даргад үүрэг, чиглэл өгүүлэх гэж сонгогчид тэдэнд саналаа өгөөгүй нь лав. Монголбанк нэг аймагт зориулж шийдвэр гаргадаггүй, нийт улсыг хамарсан бодлого гаргадаг гэдгийг л ойлгоогүй явна шүү дээ, тэр гишүүн. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт дайх санал байна.

Тэр нь удахгүй парламентын босго давах улсын төсвийг хэлэлцэх үеэр эдийн засагчид, эрдэмтдэн судлаачдынхаа санал шийдвэр, судалгаа тооцоог тусгаж байж батлуулна уу! Адаглаад "живхтэй" гишүүддээ төсөв, санхүүгийн талаарх ойлголтыг бага ч гэсэн өгч, ойлгуулах нь зүй ёсны шаардлага болчихоод байгааг анхаарна уу? Тэгэхгүйгээр дан ганц Сангийн сайддаа найдах нь урагшлах биш ухралт болохгүй гэх баталгаа байхгүйг энд сануулахад илүүдэхгүй. Угаас улсын төсөв хэлэлцэхээр 76 Сангийн сайдтай болчихдог нь бас нэгэн үнэн ч 2021 он бидний хувьд тийм ч амар жил байхгүй нь нэгэнт тодорхой болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхлээд байна. Түүнээс биш бондыг бондоор сольсноо өр төлсөн юм шиг тайлбар хийж, баатрын дүрд тоглож суудаг Сангийн сайдтай байгаад ч хэрэггүй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН