Тендер оролцоно гэдэг монголын аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн хүнд даваа. За  тэгээд танил тал, арын хаалга, авлига байхгүй бол бүтэхгүй асуудал. Энэ байдлыг Шинэчлэлийн Засгийн газар өөрчилнө гэж байсан ч бахь байдгаараа байна.

Бизнес эрхлэгчид учирсан тендерийн будлианыг энд ямар нэг нэмэр хачиргүйгээр хүргэж байна.

Жич: Би энд ямар нэгэн компанийн нэрийг дурьдаагүй. Жижиг дунд үйлдвэрийг  дэмжих сангаас зарласан тендерийн материалын ийм хайнга, сэжигтэй байгаа талаарх алдааг илэрхийлж бичсэн. Тиймээс ямар нэгэн таамаг эсвэл хэн нэгэн рүү үндэслэлгүй дайрахгүй байхыг хүсье!



Тендер гэсэн нэрээр татвар төлөгчдийн мөнгө асар үрэлгэн байдлаар цөөхөн хэдэн компани, цөөхөн хэдэн төрийн албан хаагчдын халаасанд ордогыг хүн бүр ярьцгаадаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын зүгээс худалдан авах ажиллагааг хариуцсан агентлаг байгуулж, цахим тендерийн систем нэвтрэх гээд явж байгаа гэж сонссон. 

Миний хувьд инээдтэй ч гэмээр ой гутмаар ч гэмээр нэгэн тендерийн үйл ажиллагаанд гэрч болсноо бичихээр шийдвэрлэлээ.

Энэ нь бидний сайн мэдэх жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжихээр 30 тэрбумын зээл олгож энэ их мөнгөний зарцуулалтийг зохицуулдаг, хянадаг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин сантай холбоотой.

ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр олгогдож байгаа зээлийн мэдээллийн сангийн програм хангамжийг хөгжүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер зарласныг нэгэн өдөр тутмын сонингийн баруун доод буланд нэлээн жижигхэн зарлалаас олж харав.


Уг тендерт оролцохоор манай ажилтан албан бичгээ авч очтол хариуцсан хүн нь байхгүй гээд өгсөнгүй. Маргааш нь дахин залгалаа, хариуцсан хүн нь төрийн ордон ажилтай байгаа гээд халгаасангүй. Маргааш нь дахин залгатал “Хөдөө томилолтоор явсан” гээд дахиад халгаасангүй. Ингээд 3 хоног залгуулсны эцэст өөрийн биеэр утасдаж учирлав “Хуулийнхаа дагуу бол тендерийн материалыг 30 хоногоос өмнө сонирхогч этгээдэд өгөх үүрэгтэй байдаг. Хэрэв та хэд ийм байдлаар материалаа өгөхгүй бол би зохих журмын дагуу гомдол гаргалаа”. Ингэж хэлсний эцэст ирэх 7 хоногт ирж аваарай гэсэн эцсийн хугацааг авлаа. Энэ талаар би хувийнхаа твиттерт Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингээс доорх байдлаар асууж баттай мэдээлэл авсан юм.


За ингээд тендерийн материал гэдэг хар хайрцаган дотор юу байгааг нь мэдэхгүй, мөн тэр ажлыг хийж чадах эсэхээ ч мэдэхгүй 200,000 төгрөгөө БЭЛНЭЭР төлөөд (учир нь дансаар төлөх боломжгүй бэлнээр авна гэсэн) материалаа хуулийн хугацааг өнгөрүүлж байж авав. Энэ шалтгаанаар уг нь тендер хүчингүй болох естой!

Тендерийн матөриалаа аваад судаллаа. Гүйцэтгэгч компанид тавих шаардлагын 10 дугаарт бичээстэй доорх заалтыг уншаад энэ тендер захиалгаар зарлагдсан, хүмүүсийн хэлдгээр “эзэнтэй тендер” гэсэн бодол хэнд ч төрөхөөр байна.




Энэ 7, 10 дугаарт байгаа шаардлага нь доорх 2 боломжийг илэрхийлнэ. 

Үнэхээр захиалгат тендер гэдгийг батална. Тендерийг материалыг бэлдэхэд захиалагчтай холбоотой компани/этгээд өөрөө оролцсон.
ЖДҮ-ийн сангийн зүгээс төндерийн материал, техникийн шаардлагын бичиг баримтыг бэлтгэсэн төрийн албан хаагч үнэхээр мэдлэг муутай, ажилдаа хайнга.

Гэхдээ одоогийн нийгэмд 2-р боломжинд итгэх хүн үнэндээ олдохгүй л болов уу.

Жич: Уг тендерийн материал www.e-procurement.mn сайт дээр байхгүй байсан. Уул нь энэ сайтад төрийн байгууллагуудын зүгээс зарлагдаж байгаа бүх тендер ордог журамтай биш үү?!

Энэ бол төрийн байгууллагын зүгээс булхайтай зарладаг олон зуун тендерүүдээс зөвхөн нэг нь гэдэгт би 100% итгэлтэй байна. 

Энэ тендер цуцлагдсан ч бай, эсвэл үргэлжлээд сонгон шалгаруулалт яваад гүйцэтгэгч нь шалгарсан ч бай хамгийн гол нь уг асуудлыг Авилгатай тэмцэх газраас шалгаж, мөн Засгийн газрын зүгээс ЖДҮ-ийн сан болон бусад агентлагаас зарлаж байгаа тендерт илүү их анхаарал/хяналт тавьж холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэх естой гэж үзэж байна.


Хүндэтгэсэн,
Бизнес эрхлэгч
В.Баярсайхан


Шинэчлэл 2013/04/09 15:20: Уг тендерийн 10-дугаар заасан шаардлага нь http://www.mezorn.com/services компаний вэбсайтны танилцуулга мэдээлэл байсан байна. Тус компаний зүгээс уг тендертэй ямар нэгэн холбоогүй гэдгээ вэбсайт дээрээ албан есоор мэдээлсэн байна.