“КОЖЕГОВЬ”-ийн удирдлагууд ураны цацрагын хэмжээ 30 биш, хоёр дахин их гарсан гэв
2013/04/09
- МЭДЭЭЛЭЛ АВАХААР ОЧСОН СЭТГҮҮЛЧДИЙГ ФРАНЦАД СУРАХ ЭРХЭЭР “АМЫГ НЬ БАРЬЖЭЭ” -
Францын “Aревa” группийн охин компани болох “Кожеговь”-ийн удирдлагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ураны хайгуулын ажлыг “Аревa Монгол” компанийн бүрэн эзэмшлийн “Кожеговь” компани гүйцэтгэдэг ба цаашдын олборлолт ашиглалтыг “Areva Майнс” гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. “Кожеговь” геологи хайгуулын компани 1997 онд үүсгэн байгуулагдаж, ураны томоохон хүдэржилтийн бүс илрүүлэх зорилгоор ажлаа эхлүүлсэн гэх. Ингэхдээ тэдний үйл ажиллагаанаас болж мал хордож үхээгүй хэмээн мэдэгдээд зогсохгүй хайгуулын үйл ажиллагаа нь хүн, малд эрсдэлгүй гэж тас гүрийв. Эрсдэлгүй гэх үндэслэлээ тайлбарлахдаа “Үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийн цацрагийн төвшин бага буюу байгалийн суурь утгатай тул мал хорогдох шалтгаан болохгүй. Шинжилгээгээр илрүүлсэн гэж байгаа хүнд металл нь манай компанийн үйл ажиллагаанаас шалтгаалах боломжгүй. Манай компанийн хайгуулын явцад ямар ч хүнд металл илэрдэггүй” хэмээсэн. Тэгвэл Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүн баян багийн малчдын малын хорогдлын шалтгааныг тогтоохоор Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулаад буй. Тэрхүү ажлын хэсгийн шинжилгээний дүн гараагүй байхад манайх ямар ч буруугүй хэмээн хурал хийж байгаад сэтгүүлчид багагүй бухимдсан. Хагас жил шахуу хэвлэлээр хар мэдээ цацуулсан “Кожеговь”-ийнхон гэнэт нойрноосоо сэрсэн мэт ганц удаа хэвлэлийн хурал хийхдээ үйл ажиллагаагаа сайшаан магтсаар байсан тул хурлын цаг өндөрлөх дөхөх үед арга буюу сэтгүүлчид яриаг нь таслан асуултаар “бөмбөгдсөн” юм. Харамсалтай нь тэд эхний асуултаас л бүдэрсэн. “Танай компанийн шаврын хаягдлын талбайгаас ураны агууламж 30 дахин их гарсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ үнэн үү” гэсэн асуултад Байгаль орчин, цацраг хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан захирал Г.Жигжид хариулахдаа “30 дахин” бол гараагүй. Бидний хэмжилтээр ураны цацраг хоёр дахин их илэрсэн. Бид үүнийг мэдэж байсан” гэснээр бүх зүйл тодорхой болж эхлэв. Учир нь уг хаягдал шавар асгадаг талбайн гадуур малчдын мал бэлчээрлэдэг. Гэтэл уг шаврын цэг ямар ч хашаа хамгаалалтгүй ил задгай байдаг юм билээ. Нийслэлийн мал эмнэлгийн газраас ч мөн адил уг талбайгаас цацрагийн хэмжилт хийсэн байдаг. 19 бяруугаа зүй бусаар хорогдуулсан малчин Д.Норсүрэнгийн мал тэндэхийн усыг уугаад л, уг тайлбайн гадуур бэлчээрлэдэг гэсэн. Хашаа, хамгаалалтгүй уг талбайд бяруу орсноос хордсон гэж малчид үзэж байгаа. Үхсэн бяруунуудыг ч тэднийх нэн даруй хогийн цэгтээ хийж шатаасан нь бодит баримт. Түүнчлэн ундны уснаас уран олборлох явцад илэрдэг хүнд металл гарсныг ч “Кожеговь”-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч, өмнө нь мэдэж байснаа ч хүлээлээ. Тэр ч бүү хэл уржигдар тус компанийнхан сэтгүүлчидтэй зангиагүй ярилцлаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энд ирж мэдээлэл сонирхсон сэтгүүлчдийг Францад суралцуулна хэмээн амыг нь таглах бусармаг үйлдэл хийснийг Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд илчилж, багагүй шүүмжилсэн. Бодит байдал дээр улсынх нь иргэд хохироод байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Ганхуяг нар улсын төсвийг уранаас бүрдүүлнэ гэж юунд зүтгээд байгаа юм бол? Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан өдрөөсөө л эхлэн уран олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын эрхийг цуцална гэж байсан. Гэвч энэ нь худлаа байсан бололтой. Уран хэзээ ч олборлохгүй хэмээн ард түмэндээ амлаж гарч ирсэн засаглалын багийнхан ийм худалч байж болох уу. Ард түмнийг хууран мэхлэхийг оролдсон энэ увайгүй худал мэдээлэл нь Засгийн газрыг ч ганхааж мэднэ. “Aревa” компанийн тухайд нэгэн хачирхалтай мэдээг дуулгахад тэд өмнө нь Нигер Улсад 40 жил уран олборложээ. Энэ үед нутгийн иргэд хордож, байдал бишдэж эхлэхэд ДОХ-оор өвдсөн хэмээн мэдээлэл хийж, улмаар худлаа болох нь нотлогдсоноор хамгийн ичгүүргүй компанид өгдөг олон улсын шагналыг 2008 онд авч байсан удаатай. Ийм компанийн үйл ажиллагаа явуулж буй орчинд өнөөдөр мал үхэж буйд тэд цочирдсонгүй. Удахгүй монголчууд маань хиараад эхэлбэл мөн л дээрхийн адил ДОХ-оор үхсэн гэж бухахад гайхах зүйлгүй бололтой.
ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН ХОЁР ӨӨР ГАРСАН УЧРААС ЕРӨНХИЙ САЙД АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ
Анх 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон тооны мал хорогдсон нь ураны хайгуул хийж байгаа компанийн үйл ажиллагаанаас болсон гэж тус аймгийн иргэд үзсэн байна. Иймээс Цөмийн энергийн газраас судалгаа, шинжилгээ хийсэн бөгөөд “Арева” компанийн үйл ажиллагаанаас болоогүй гэсэн дүгнэлт гаргасныг тус компанийнхан хэллээ. Гэвч дараагийн удаа хийсэн шинжилгээний дүнгээр ураны олборлолтоос болж мал хорогдсон нь тогтоогдсон учраас Байгаль орчны иргэний зөвлөлөөс “Арева”- тай холбоотой хэмээн үзсэн байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллах үедээ дээрх шинжилгээний хариунуудын учрыг олохоор ажлын хэсэг байгуулсан аж. “Арева Монгол” компанийн геологийн албаны захирал Эрик Жак “Бид олборлолт явуулдаггүй. Зөвхөн хайгуул хийж байгаа. Хайгуул хийхдээ өрөмддөг учраас мал хордох боломжгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хоёр өөр гарч байгааг бид гайхаж байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрээр гарсан ажлын хэсэг үнэн, зөв дүгнэлт гаргах байх гэж бодож байна” гэлээ. Тус компанийн зүгээс арванхоёрдугаар сарын 28-наас хойш ийм мэдээлэл гарч байхад яагаад чимээгүй байсан, энэ нь өөрөө хардлага төрүүлээд байгааг тодруулахад, “Манай компани ийм мэдээлэл гарсан өдрөөс эхлэн Цөмийн энергийн газартай хамтран ажиллаж байгаа. Бид шаардлагатай мэдээлэл, судалгаа, шинжилгээг цаг тухайд өгч, мэдээллээр хангасан. Үнэн зөв шинжилгээний хариу гараагүй байхад бид олон нийтэд хандах шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ шинжилгээний хариу гарсан, дахин ажлын хэсэг ажиллаж байгаа ч манай компанийн үйл ажиллагаанаас болж мал хорогдоогүй гэдэгт бид итгэлтэй байгаа” гэж “Арева” компанийн удирдлагууд онцоллоо. Энэ талаар Цөмийн энергийн газраас тодруулахад “Анхны шинжилгээгээр цацрагаас болж мал хордоогүй гэсэн дүгнэлт гарсан. Дараа нь Мал эмнэлгийн ариун цэврийн газраас шинжилгээ хийгээд уранаас болж мал хорогдсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Одоо Ерөнхий сайдын тушаалаар 14 мэргэжлийн байгууллага хамтарсан шинжилгээ хийж байгаа. Энэ ажлын хэсгийхний нэгдсэн дүн одоогоор гараагүй байна” гэсэн тайлбар өглөө. Уран нь газрын баялгийн хувьд Монгол тал нутгийн хөрш шороонд их хэмжээгээр агуулагддаг. Дэлхийд гурван сая орчим ураны нөөц байгаа бөгөөд үүний нэг хувьтай тэнцэхүйц нь манай оронд байгаа аж. Зарим шинжээчид Монголын ураны нөөц 1.39 сая тонн гэж тооцоолжээ. Манай улс дэлхийд ураны нөөцөөрөө 14 дүгээр байрт жагсч байгаа нь гаднын орнуудын анхаарлыг ихээр татдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 аймагт ураны 154 лиценз олгосон нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 12 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ 150 лицензийн 90 гаруй хувь нь гадаадынхны гарт буй. Цөмийн эсрэг идэвхтнүүд саяхан тус компанийн үйл ажиллагаатай танилцахад ураны дээжтэй хайрцгийг ил задгай таглаагүй байлгадаг, урантай шавар асгах цэгийн полиэтилин уутан ёроол цоорч гэмтсэн, бетон хашлага бутарч нурсан, урантай тоосжилтоос болж байгаль орчин хордож олон тооны ямаа үхсэн зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна. Улаанбадрах сумын Баянбогд, Нүдэн, Аргалант багуудын иргэдийн нийтийн хурлаас “Кожеговь” компанийн үйл ажиллагааг зогсоох саналыг удаа дараа тавьсан ч үр дүнд хүрээгүй аж. Уран олборлолтын ганцхан лицензийн тухай дурдахад л ийм байна даа.
Зочин · 2013/04/10
hestvvl ymda