Багахангай дүүргийн нутаг дэвсгэр химийн хоронд нэрвэгдэж, эрүүл ургамал ургах нөхцөлгүй болох нь гэсэн муу мэдээллийг нутгийн удирдлагууд дуулгав. Учир нь тус дүүргийн нутаг дэвсгэрт “Тамбов цэргийн химичид” ТББ хууль бусаар үйл ажиллагаа явуулж химийн хорт бодис хадгалж байгаа аж.
 
Анх 2011 онд ЗХЖШ-ын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг, “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харьяа цэргийн аэродромын ангор / зэвсэг хадгалах агуулах/-т улсын хэмжээний химийн болон хортой хог хаягдал хадгалах зорилгоор харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Тухайн үед уг гэрээг нутгийн иргэдэд танилцуулсан ч эсэргүүцэлтэй тулгарч ажлаа зогсоосон байна. Үүгээр зогсохгүй ҮАБЗ-ийн Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, орон нутгийн удирлага болон төрийн бус байгууллагууд “химийн хорт бодисыг нэг суурингаас нөгөө рүү тээвэрлэх нь зохисгүй” гэх дүгнэлт ч гаргаж байжээ. Гэтэл өнгөрөгч сарын 31-нд “Тамбов цэргийн химичид” ТББ БОНХЯ- ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатын энэ оны гуравдугаар сарын 27-ны 6/1307 тоот албан бичгээр олгосон зөвшөөрлөөр ачааны гурван шланз автомашинаар 220 тонн магнийн исэл нэртэй химийн хаягдлыг Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангоруудад буулгахыг завджээ.
 
Энэхүү хууль бус үйл ажиллагаа нь дүүргийн удирдлага болон иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа юм байна. Хууль бус хэмээн үзэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Тухайлбал, ЗХЖШ “Тамбов цэргийн химичид” ТББ-ын хоорондын гэрээнд жил бүрийн эцэст дүгнэлт хийж цааш сунгах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн заалт байдаг аж. Гэвч уг гэрээг сунгаж баталгаажуулаагүй нь гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэх үндэслэл болж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Энэхүү үйлдэл нь “Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх” гэсэн нэрийн дор улсын мэдлийн агуулахад төрийн хөрөнгөөр бизнес хийх гэсэн бүлэг хүмүүсийн санаархал юм хэмээн дүүргийн ИТХ-ын дарга И.Батнасан хэлсэн. Хамгийн гол нь Багахангай дүүргийн хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, ундны усны эх үүсвэрт ойрхон, хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд багтдаг тус агуулахад өмнөх гэрээгээр авчирсан химийн хорт бодис ил задгай шахам хадгалагдаж буй гэнэ. Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 10.1-д агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтооно гэж байдаг. Мөн 14.1-д химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг холбогдох мэргэжлийн байгууллага үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон цэгт хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хоргүй буюу аюулгүй аргаар устгах, тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, эрүүл ахуйн улсын байцаагч, онцгой байдал хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн комисс ажиллана гэх заалт бий.
 
Эдгээр заалтыг бүрэн зөрчин агуулахад химийн хог хаягдал хадгалж, тэр бүү хэл нэмж буулгахаар завдсан, зориулалтын бусаар задгай хадгалсан ёс зүйгүй үйлдэл нь Багахангайн ирээдүйн хөгжлийг хааж буйгаас гадна орчныг нь хордуулж, эрүүл ургамал ургах нөхцөлийг бүрэн зогсоож байна хэмээн иргэд ярьж байна. Учир нь энэ химийн хорт бодисууд нь усанд шингэж урсч хайлдаг бөгөөд газрын гүн рүү бүрэн шингэх чадвартай аж. Ингээд ч зогсохгүй хор нөлөө нь хэдэн зуун жил болсон ч үргэлжлэх аюултай байж болзошгүй юм байна.












В.НЭРГҮЙ