Коронавирусийн тархалтын улмаас хүн төрөлхтний амьдралын хэв маяг богино хугацаанд хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ бүхэнд цаг хугацаа хэмнэх, орон зайнаас үл хамааран хамтран ажиллах, аливаа төсөл, хөтөлбөр зогсолтгүй урагшлах тэр хэрээр орчин үеийн техник технологи, дэвшилтэт арга хэрэглүүрийг ашиглаж сурах зэрэг олон давуу тал бий.

Гэвч түүнээс дутуугүй, бүр хавь илүү сөрөг үр дагавар нуугдаж бий. Тэр бол хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал. Тодруулбал, чөлөөтэй гадагш гарч үе тэнгийнхэнтэйгээ тоглох, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, дуртай спортоороо хичээллэж, авьяас чадвараа хөгжүүлэх гэхчлэн энгийн мэт боловч хүүхдүүдийн хувьд асар чухал хэрэгцээ гээгдсээр удлаа. Мөн амьжиргааны түвшин, өрхийн орлогоос шалтгаалан боловсролын тэгш хүртээмжтэй байдал алдагдаж, зарим хүүхэд хүнс тэжээлийн хомстолд орсон нь нууц биш. Энэ сарын 23-наас бэлэн байдлын зэрэг буурч, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эхэллээ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр завсарласан энэ үед хэдэн хаалганы цаана хэчнээн хүүхэд цоожтой үлдэж, байгааг таашгүй. Үүний цаана хүүхэд ахуйн хүрээнд гэмтэх, унаж бэртэх,гал түймэрт өртөх гээд үй олон эрсдэл дагуулна. Ганцхан жишээ дурдахад, он гарсаар бага насны 10 хүүхэд гал түймрийн улмаас амь насаа алдсан Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Иймд бид энэ удаагийн “Дугаарын онцлох сэдэв” буландаа хүн бүр уриа лоозон болгон хашхирдаг хэрнээ утгыг нь бүрэн ухаж ойлгодоггүй, цаасан дээр бичигдсэн шигээ хэрэгждэггүй хүүхдийн эрхийн талаар хөндлөө. Мөн цар тахлын үеийн хатуу хөл хорион дахь хүүхдүүдийн нөхцөл байдлыг холбогдох мэргэжилтнүүдээс тодруулж, эцэг эх, хүүхдүүдийн байр суурийг сонсов. Түүнчлэн хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, хөгжүүлэх талаар сэтгэлзүйн зөвлөгөө, ярилцлага багтаалаа.

 

ХҮҮХЭД Ч ГЭСЭН БИЕ ХҮН

Насанд хүрэгчид “Хүүхэд бидний ирээдүй” гэх үгийг түлхүү хэрэглэдэг. Ингэхдээ хүүхдийг хайрлаж, ирээдүйд оруулах хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйн илрэл хэмээн тайлбарладаг. Гэвч үүний цаана хүүхдийг одоо цагт оршин буйг үгүйсгэсэн хэвшмэл хандлага цухалзаж байгааг анзаарах хүн цөөн. Гурван жилийн өмнө нэгэн ЕБС-ийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийнхөнтэй хийсэн уулзалтын үеэр энэ тухай хөндөгдсөн юм. Эндээс л бид хүүхдийн эрхийн талаар ярих, тэдний талаар шийдвэр гаргахдаа хэт өндрөөс өнгийж, хөндлөнгийн байр сууриас ханддаг болох нь илэрхий. Тэгвэл энэ нөхцөл байдал цар тахлын үед улам даамжирч байна. Учир нь, цар тахлын сүүдэр салбар бүрд нөлөөлж, нийгэм эдийн засгийн хямрал явагдахын хэрээр айл өрхийн нуруун дээрх ачаа өдөр ирэх тусам хүндэрсээр. Энэ талаар гэр бүл судлаач Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн дэгдэлтийн улмаас нийгмийн гурван хүрээнд асуудал үүсэж буй. Тодруулбал, эдийн засаг, нийгмийн харилцаа болон инфляци, хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт. Эдгээр харилцаанд үүссэн хямрал хувь хүн, айл гэрийн амьдрал ахуйд шууд нөлөөлдөг. Жишээлбэл, төлөвлөсөн ажил нь бүтэлгүйтэж, бизнесийн ажиллагаа зогсонги байдалд орох, найз нөхөд, хамт олонтойгоо хүссэн үедээ уулзаж чадахгүй байх нь бухимдал төрүүлнэ.

Мөн хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй сэтгэлзүйн хямрал үүснэ. Энэ нь хувь хүний орлого, өрхийн санхүүд шууд нөлөөтэй. Улмаар хувь хүний амьдралд олон бэрхшээл үүснэ. Тухайлбал, стресс бухимдлаа тайлах боломж хязгаарлагдсанаар гэр бүл, ойр дотнын хүмүүстээ уураа гаргах нь элбэг” гэж ярьсан юм. Үүнээс харахад “Ковид-19” гэр бүлийн дотоод уур амьсгал, үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа юм. Аав ээжийнх нь үл ойлголцол, уур бухимдал, гэр бүлийн санхүүгийн гачигдал эцсийн дүндээ хүүхдийн сэтгэлд толбо үлдээж буй. Нэгдүгээрт, цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон нь хүүхдийн сурч хөгжих эрхэд шууд бусаар халдсан үйлдэл болов. Мэдээж, өнөөгийн нөхцөл байдал өөр сонголт үгүй. Гэвч дэлхийн бусад улс орнууд хэсэгчлэн хөл хорио тогтоох, тархалт багатай бүс нутгийн хүүхдүүд хичээл сургуульдаа явах зэрэг уян хатан нөхцөлөөр зохион байгуулдаг. Гэтэл манай улс хот, хөдөөгүй хатуу чанд дэглэм мөрдөж буй. Угтаа бол орон нутаг руу гарах, хот руу ирэх хөдөлгөөнийг хааж эрсдэлээс сэргийлсэн тохиолдолд аймаг, сумын сургуулийн хүүхдүүд хичээлдээ явж болмоор.

Тэгэхгүй бол малчны хотонд суугаа хүүхэд өдөр бүр цахим хичээл үзэж, цахимаар багштайгаа харилцан, гэрийн даалгавар, бие даалтаа хийнэ гэдэг мянгуужингийн үлгэр. Нэгэнт 2-3 сар хичээл завсардсан хүүхдийн сурлагын амжилт буурч, анги хамт олноосоо хоцрох магадлал өндөр. Улмаар ирэх жилүүдэд сургууль завсардалт нэмэгдэх эрсдэлтэй. Судалгаагаар нийт сурагчдын 20 хувь нь цахим хичээлд хамрагдаж чаддаггүй гэсэн дүн гарчээ. Энэ бол бага тоо биш. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 600 мянган сурагч цахим хичээлд хамрагдах учиртай. Гэтэл 120 мянга нь интернэт, компьютер зэрэг сургалтын хэрэгсэлгүй учир сурах эрхээ эдэлж чадахгүй байна. Мөн цахим хичээлийн ойлгомжтой байдал, үр дүн тун эргэлзээтэй. Адаглаад 35 үсгээ гүйцэд мэдэхгүй I, II ангийн сурагч цөөнгүй байгаа нь нэгийг хэлэх биз. Цаашлаад үдийн цайгаар өл залгуулдаг эмзэг бүлгийн хүүхэд ч олон бий. Тэд ажилгүй, орлогогүй, архины хамааралтай эцэг эхийнхээ ая эвийг олох гээд цахим хичээл манатай суугаа. Энэ бүхнийг том зургаар харвал 10, 20 жилийн дараах боловсролгүй, төлөвшилгүй ажилгүйчүүдийн арми “төлжиж” байна. Хоёрдугаарт, хөл хорионы хугацаанд хүүхдүүд бусдын гаргасан шийдвэрийг мөрдөн, томоотой байх хэцүүхэн үүрэг хүлээж буй.

Хэцүүхэн хэмээхийн учир нь хүүхдийг томоотой байлгах гэж оролдох нь нийгмийн харилцаанаас тусгаарласан , сэтгэлгээг нь хайрцагласан үйлдэл юм. Монголчууд төдийгөөс өдий хүртэл хүүхдийг мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөхөд л болно гэж хандаж ирсэн. Энэ мэтээр хүүхдийн сэтгэлзүйн болоод нийгмийн хэрэгцээг бид умартжээ. Маслоугийн хэрэгцээний шатлалын онолд хүний хэрэгцээг бие физиологийн, аюулгүй байдлын, нийгмийн буюу харьяалагдах, аль нэг бүлэгт хамааралтай байх, хүндэтгэх, хүндэтгүүлэх зэрэг таван бүлэгт ангилаад, доод шатны хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд дээд хэрэгцээ үүсэхгүй буюу орхигддог гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүний хүсэл тэмүүлэл, зорилго нь өнөөгийн хэрэгцээ хэр хангагдаж буйгаас ихээхэн хамааралтай. Өдгөө хүүхдүүд бүхнээс тусгаарлагдан гэрийн мухар сахисаар, насанд хүрэгчидтэй ижил түвшний стресс бухимдал тэдний сэтгэлд бугшиж буй. Хэдий гэрийнхэнтэйгээ хамт байгаа ч энэ нь найзуудтайгаа тоглох, хөгжилдөхтэй харьцуулшгүй.

Учир нь, өсвөр насны хүүхдүүдэд үе тэнгийнхний харилцаа өндөр ач холбогдолтой. Энэ үеэс хүүхэд илүү бие даасан байдлаар төлөвшихийг хичээж, нийгэмд эрх үүрэг бүхий бие хүн байхыг илүүд үздэг. Мөн бага насны хүүхдүүд ч нийгмийн харилцаанд орохыг, чөлөөтэй тоглож, наадахыг илүүд үзнэ. Энэ бүхэн тэдний хувьд ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийн сэтгэлзүй, хэрэгцээний талаар ойлголт багатай учраас “хүүхэд юм чинь” хэмээн хайхрахгүй орхидог. Эндээс үл ойлголцол, үл хайхрах, хүчирхийлэл, хөгжлийн хоцрогдол, с этгэл гутрал үүсд эг. Улмаар хүүхэд цахим тоглоом, дэлгэцийн хамааралд орж, буруу хооллолт, жингийн илүүдэлтэй болоод зогсохгүй зожиг, ганцаардмал, өөртэй итгэлгүй нэгэн болж төлөвших магадлалтай. Иймд төр засгийн зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийн хэрэгцээг хангах үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Хүүхдийн насны онцлогт тохирсон, гялайх ганц контентгүй байж хүүхдийн төлөө гэж лоозогнох нь ичгэвтэр хэрэг бус уу.

 

АЛБАНЫ ХҮНИЙ ЯРИА 

Б.БАТЧИМЭГ: ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ДӨРВӨН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ГАНЦААРДАЖ БАЙНА

Н.АЛТАНЦЭЦЭГ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэгтэй хөл хорионы үед хүүхдийн сэтгэл санаа болон хүчирхийллийн асуудлаар ярилцлаа.

-Хөл хорионы үеэр хүүхдийнхээ сэтгэл зүй дээр хэрхэн анхаарах ёстой вэ? 

-“Ковид-19”-ийн халдварын улмаас хүүхдүүд хичээл сургуульдаа явахгүй, удаан хугацаагаар гэртээ байгаа. Өөрөөр хэлбэл, хэвийн үргэлжилж байсан амьдралын горим нь өөрчлөгдсөн учраас сэтгэл зүйн хувьд өөрчлөлт орж байна. ЕБС-ийн 600 мянга гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 260 мянган хүүхэд гэртээ теле хичээл үзэж байгаа. Судалгаанаас харахад, хөл хорионы үед дөрвөн хүүхэд тутмын нэг нь ганцаардаж, таван хүүхэд тутмын нэг нь уйтгарлаж байна гэсэн дүгнэлт гарсан. 

-Яагаад ганцаардаж, уйтгарлаад байна вэ?

 -Амьдралын хэв маягт нь өөрчлөлт орсонтой холбоотой. Ялангуяа, өсвөр насныхны хувьд найз нартайгаа харилцах, нийгмийн амьдралд оролцож мэдрэмж авах нь хамгийн чухал байдаг. Энэ бүх харилцаа хумигдахаар эргээд сэтгэл зүйд нь нөлөөлж байна гэсэн үг. 

-Манайхан их хэнэггүй. Сэтгэл зүйн өөрчлөлтөд орж байна гэхээсээ илүүтэй хичээлээ хийж байна уу гэж зовнидог байх?

 -Энэ үед хүүхэдтэйгээ хамтрах нь хамгийн чухал. Өөрийн чинь хэлдгээр эцэг, эхчүүд хүүхэд теле хичээлээ хийж байгаа эсэхэд л анхаарлаа хандуулж байна. Зүй нь хүүхэдтэйгээ хамтарч, санаа бодлыг нь сонсож, тусалж, хамтарч ажиллах нөхцөл боломжийг бий болгоход анхаарах ёстой юм. Мөн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, санаа бодлыг хуваалцах хэрэгтэй. Хүүхдүүд найз нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцаж, муудаж, сайндаж явдаг учраас сэтгэл санааны мэдрэмжээ гаргаж байдаг. Гэтэл хөл хорионы улмаас гэртээ байгаа учраас мэдрэмжээ хуваалцах боломжгүй байгаа. Иймээс эцэг, эхчүүд мэдрэмжийг нь яаж ойлгож, ярилцах вэ гэдэг дээр анхаарч, бүтээлч зүйл дээр хамтарч байх хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомыг ашиглаж болно. Эцэг, эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлал болж, хүүхдийнхээ сэтгэл санааг сонсох ёстой. Хөл хорионы үед хүүхдүүд утас болон дэлгэцэд донтох магадлал маш өндөр байна. Тиймээс хүүхдийнхээ сонирхож байгаа зүйлийг хамтдаа хийж, өдрийн төлөвлөгөө гаргаж ягштал биелүүлж байж элдэв эрсдэлээс хамгаална. Наад зах нь хүүхэд цаг төлөвлөж, аливаа зүйлд тууштай, сэтгэлээсээ хандаж, ганцаардал, уйтгарлах байдлаас гарна.

 -Хүүхдүүд ганцаардаж, уйтгарлахаас гадна стресс бухимдалд орж байгаа байх. Бухимдаж байгаагаа эцэг, эхдээ буруу илэрхийлснээс байдал улам дорддог. Энэ тохиолдолд яах талаар зөвлөөч? 

-Стресстэж бухимдах нь сэтгэл хөдлөлтэй холбоотой. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийг багаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дадлыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гурваас дээш насны хүүхдүүд орчинтойгоо харилцаж уйлж, инээж, баярлаж байгаагаа илэрхийлдэг. 

Нас ахих тутам хүүхдэд баярлах, уйтгарлах, уйдах, ганцаардах, хэцүү байх мэдрэмжүүдийг эхлээд нэрлүүлж сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд сэтгэл хөдлөл гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг мэднэ. Үүний дараа хүүхэд сэтгэл хөдлөлөө хэрхэн яаж зөв удирдах вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн хүүхдээ ямар үед уурлаж байгааг ажиглах хэрэгтэй. Хэрэв хүүхдээ ажиглаж чадахгүй бол эцэг, эхчүүд өөрсдөө юун дээр уурлаж бухимдаж, сэтгэл санаа тавгүй болж байгаагаа мэдэх хэрэгтэй. -Эцэг, эхтэйгээ үл ойлголцсоноос болж хүчирхийлэлд өртөх тохиолдол байдаг уу?

 -Манай хүүхдийн тусламжийн 108 дугаар 24 цагийн турш дуудлага мэдээлэл хүлээн авдаг. Хоногт 50-80 ирдэг. Ирсэн дуудлагын 20-35 нь хяналтын дуудлага харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай холбох арга хэмжээ авч ажиллах шаардлагатай кейс байдаг. Эдгээр кейсийн тохиолдлын ихэнх нь үл хайхрах хүчирхийлэл байдаг. Үл хайхрах хүчирхийлэл гэхээр хүүхдийг хоол хүнсээр дутагдуулах, хараа хяналтгүй үлдээхээс гадна сэтгэл санааны хувьд хайхрахгүй байхыг хэлж байгаа юм. Өсвөр насны хүүхдийн онцлог хэрэгцээ, шаардлагыг мэдэхгүй байж өөрийнхөө үзэл санааг тулгаж шаардах байдал удаан үргэлжилснээр зөрчил үүсдэг. Үүнээс болж хүүхдийн сэтгэл санаа хямардаг. Ер нь бүх насны хүүхдийг хянах арга бий. Манайхан хянах гэхээр хэнтэй найзалж нөхөрлөж байна вэ, энэ хүүхэд сүүлийн үед болохоо байчихлаа гэдэг. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны онцлогийг мэдэхгүй байгаагаас болж харилцааны буруу арга ашигласнаас болж үүсдэг асуудал. Хүүхдэдээ хяналт тавина гэдэг нь хүүхэдтэйгээ ярилцах, сонирхож буй зүйл дээр хамтарч ажиллахыг хэлж байгаа юм. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж байгаа нь хүүхдэдээ хяналт тавьж байгаа нэг хэлбэр. 

-Хөл хорионы үеэр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл хэр ирсэн бэ?

 -Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирж байгаа дуудлага мэдээллийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч ахуйн хүрээний архидалтаас үйлдэлтэй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өдөр бүр ирдэг. 

-Хүүхдүүд зөвлөгөө, мэдээлэл авдаг байх. Ямар чиглэлийн зөвлөгөө түлхүү авч байна вэ? 

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд залуучуудад чиглэсэн зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэдэг. Мөн 21 аймаг, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт түшиглэж тусгай утас ажиллуулж, цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Хүүхдүүд цар тахлын үеийн айдас түгшүүр, найз нөхдийн харилцаа, хичээл сургууль болон элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар зөвлөгөө авдаг. Бас гэр бүлийн зөрчил, маргааны хямралтай холбоотой асуудлаар их хандаж байна. Харин ЕБС-ийн сурагчид “Цахим хичээл танхимын сургалтыг яагаад ч гүйцдэггүй юм байна. Хичээл хурдан эхлээсэй” гэсэн хүлээлттэй байна.