---- Хүний ёсноос давсан улс төр хийдэг болчихлоо----

С.БАТЗАЯА

Дайны хажуугаар дажин” гэгчээр “Ковид-19”-ийн халдвар өдөрт зуу, зуугаараа илэрч байхад манай улстөрчид “нүдэн балай чихэн дүлий” суусаар эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Уг нь бидний төрөө гэж дээдэлдэг, өөрсдийнхөө өмнөөс төр төлөөлөх эрхээ өгсөн улстөрчид цар тахлыг хохирол багатай даван туулахын тулд ухаан бодлоо уралдуулж, хотын дарга Д.Сумъяабазарын хэлдгээр “Нойр хоолоо хасаж” зүтгэх ёстой сон. 

Гэтэл бодит байдал дээр МАН, АН аль аль нь өвчин зовлонг хойш тавин ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд тунчиг завгүй байна. Бүр сүүлдээ хүний ёсноос давсан улс төр хийж, олон нийтэд таалагдахын тулд хэвлэл мэдээлэл болон сошиал медиагаар бие биенийхээ төрөөс шамшигдуулсан хөрөнгө, мөнгө угаасан гэх баримтууд, эсвэл албан тушаалтнуудтай холбоотой элдэв бичлэг задалж түүгээрээ нийгмийн сэтгэхүйг аль нэг талд эргүүлэх, дуулиан тарьсан томоохон хэргийг мартагнуулах, ярианы эрчийг сулруулах гээд түмэн зүйл сэдээд толгой өндийх сөхөөгүй байна.

Эрх ашгийн эрэмбэ алдагдсаны жишээ болж, эрх мэдлийн төлөөх тэмцэлд хэн эрээ цээргүй аашилсан нь хожих дүр зураг бий болчихлоо. Улстөрчид ард түмэн гэж ярьж, биднийг бамбай болгодог хэр нь ачир дээрээ өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тэр байр сууриа алдахгүйн тулд амь наана там цаана гэгч болж байна. Монголчууд ирэх зургадугаар сард найм дахь удаагаа Төрийн тэргүүнээ сонгоно. Энэ сонголтод ямар ч үнэ цэнээр хамаагүй ялалт байгуулах сонирхол эрх баригч нам болон сөрөг хүчинд байна. 

МАН-ын хувьд 2009 оноос хойш гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Тэдний 100 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ онтой Төрийн тэргүүний сонгууль давхцаж байгаа учир өмнөх жилүүдээс ч онцгой ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Энэ нь тэдний хийж буй улс төрийн акцуудаас тод харагдах боллоо. Нийгэмд, олон нийтийн сэтгэхүйд суулгах гэж оролдож буй акцууд нь зарим тохиолдолд хүний ёсноос гажуудаж эхэллээ. Улстөрчид хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. 

Гэтэл төрийн өндөрлөгөөсөө эхлээд улстөржилтөө нэгдүгээрт тавьж, хүний эрх зөрчсөн, гажуудуулсан үйлдэл нэг бус удаа гаргах болов. Хүний эрхийн мэдрэмжгүй үйлдлээ гавьяа байгуулсан мэтээр зарлан тунхаглаж, олон нийтэд итгүүлэх гэж зорьж буй нь ядмаг пи-ар болж харагдаж байна. Эрх мэдэлд бялуурсан энэ үедээ харалган болсон байж болох ч ард түмний ой санамж тийм ч богино биш гэдгийг мартахгүй байх нь дараа дараагийн улс төрийн замналд нь хэрэгтэй болов уу. МАН дотор мөн л хоёр талцаж, хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх вэ гэх маргаан ид өрнөж байна. 

Хэд хэдэн удаагийн нууц судалгаагаар хоёр, гурван хүний тодорсон ч зарим нь олон нийтийн дунд нэр хүнд муутайгаасаа болж намынх - наасаа нэр дэвших мандат авч чадахгүйд хүрэх нь. Ийнхүү дотроо нэгдэж чадахгүй байгаа учир өнөө тоохгүй байсан ковидоор шалтаглан гуравдугаар сарын 1-нд хуралдуулах ёстой байсан намынхаа Их хурлыг хойшлуулав. Уг нь энэ Их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах байсан юм. Ковидоор халхавчилж ийн хойшлуулсан хэр нь намынхаа тэгш ойн концертыг зохион байгуулж, бэлтгэл сургуулилалт байнга хийж байсан нь ам, ажил нь зөрсний нэг жишээ болж байна. 

Үнэн хэрэгтээ хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ, санал хуваах зорилгоор оролцох МАХН, ХҮН намыг хэрхэх вэ гээд түмэн асуулт байгаа учир гарц гаргалгаа хайж, намынхаа Их хурлыг ийн хойшлуулсан хэрэг. МАХН-тай эвсэх талаар намын удирдлагын төвшинд хэд хэдэн удаа яригджээ. МАН-ын ахмадууд ч энэ талаар дуугарч, бүр уриалга хүртэл гаргаад амжив. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнтэй эвлэрч, намаа нэгтгэх чин хүсэл зорилготойдоо биш юм. 

Уншигч та санаж байгаа бол, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар маш өндөр санал авсан, нэлээд хүчтэй өрсөлдөгч байсан. Ингэхдээ МАНын саналаас хувааж байсан учир энэ удаа МАХН-тай сонгуулиас өмнө нэгдчихвэл 2017 оных шиг хүч тарамдсан ажил болохгүй гэж МАНынхан тооцоолжээ. МАХН-ын зүгээс нэгдэхэд ямар ч асуудалгүй ч ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд өөрсдийн хүний нэрийг нь дэвшүүлж, МАН, МАХН-ын сүлжээг ашиглах шаардлага тавьж байгаа аж. 

Мөн тодорхой албан тушаалуудад өөрсдийн хүнээ томилуулах болзолтой гэсэн. Энэ мэт яриа хэлцлээ нэг талд гаргаагүй учраас МАХН-тай нэгдэх яриагаа түр хойшлуулж, АН-ыг дотор нь талцуулах ажилд ханцуй шамлан орцгоожээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэх акц нь нэгэнт хүчгүй болж буй тухай ч улс төрийн хүрээнд хэдийнэ яригдаад эхэлжээ. АН-ын хувьд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгч болж байна. Намаа ээлжит сонгуульд ялагдуулж, хариуцлагаа хүлээгээд ажлаа өгсөн С.Эрдэнэ хэдэн сарын дараа намдаа эргэн ирж, тамга тэмдэг, суудлын төлөө маргаан дэгдээж эхлэв. 

Ийм маргаан сүүлийн хэдэн сар үргэлжилж, эцэс сүүлдээ С.Эрдэнийн, Ц.Тувааны тал нь олон нийтэд мэдээлэл өгч байна гэж шоолох дээрээ тулав. АН-ын нэр хүнд шаланд тултал унаж, лидерүүд нь намынхаа үйл хэрэгт оролцохоо больж, хөндлөнгөөс ажиглах болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийн талцсан нь ерөөсөө АН-аас төрийн тэргүүний сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтэй холбоотой. С.Эрдэнийн талынхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхын тулд авч болох бүхий л арга хэмжээг явуулж байгаа нь акцуудаас нь тод харагддаг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нэр дэвших эрхтэй гэж үзэн өөрийн хүнийг мөн л намдаа байршуулж, маргаан ид дундаа өрнөхөд хувь нэмрээ оруулж байна. Энэ маргаан удаан үргэлжлэх тусмаа МАН-д ашигтай. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр С.Эрдэнэ МАН-тай “нэгдсэн” гэх яриа бий. 

Аль нь байлаа ч ардчиллын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан, анхдагчуудын нэг хэмээн сайрхах дуртай түүнд намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдах нь гутамшигт хэрэг баймаар сан. Гэтэл тэр ардчиллын эрх ашгийн эрэмбийг алдуулж, амин хувийн үйл хэргээ нэгдүгээрт тавьчихлаа. 

АН хэзээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах, Их хурлаа хэрхэн хуралдуулах нь ч тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт ҮБХ-гоо цахимаар хуралдуулсан ч мөн л тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид нь тодорч, хариуцлагын үгстэй баглаа цэцэг авсан. Одоо сурталчилгаа гэгч юм явуулж, мөн л цаг үрсэн ажил хийх байх. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед АН хэдийнэ нэгдэж, нийлээд бүх шатандаа уулзалт, хурлаа хийж, Төрийн тэргүүний сонгуульдаа бэлдэх цаг хугацаа шүү дээ. Намын сүлжээ буюу “хөл” гэж нэрлэдэг анхан шатныхан бүхий л сонгуульд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл АН анхан, дунд шатандаа хүртэл хоёр талцсан байдалтай байна. Гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн гэхэд дараагийн намын дарга нь тодорч, анхан, дунд шатандаа дахиад л бужигнаан үүснэ. 

Ингэх бүрт хугацаа алдана. Улс төрийн намд ээлжит сонгуульд ялалт байгуулах хамгийн гол зорилго байдаг. Энэ зорилгоо умартан дээрээ суудлаа олохгүй үймэн бужигнаж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын төлөвлөгөө гэхээр зүйл алга болохыг илтгэнэ. Үүгээрээ МАН-ын 100 жилийн ойд бэлэг барьж байна даа гэж харагдах. Сонгуульд оролцсон ч ялагдаж өгөх гэж нэг технологи сүүлийн жилүүдэд Монголын улс төрд гүн бат байр сууриа эзэлж байгааг энд дурдах хэрэгтэй болж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН