The Economist сэтгүүлд “Mongolia’s president tries to ban its ruling party” гарчигтай нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Тэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас ердөө хоёрхон сарын өмнө ийм “шийдсэн” алхам хийжээ.

Халтмаагийн Баттулга төрийн есөн хөлт цагаан тугны урд Монгол Ардын Нам (МАН)-ыг тараах тухай захирамжаа уншиж танилцууллаа. Улс төрийн намуудыг татан буулгах нь явцгүй дарангуйлагчдын хэрэглэдэг нэг арга. 1990 онд Зөвлөлт Холбоот Улсын нөлөөллөөс тайван замын хувьсгалаар гарсан Монгол Улс өнөөдрийг хүртэл нүднээ илт ардчилсан орон байв. Түүнчлэн МАН нь зүгээр нэг нам биш харин Монголын ууган улс төрийн хүчин бөгөөд Зөвлөлтийн үеийн Марксист-Ленинист аппаратын социал демократ залгамж халаа нь гэж хэлж болно. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Ардын Нам 100 жилийн ойгоо тэмдэглэсэн юм.

МАН эрх баригч нам учир Х.Баттулгын дөрөвдүгээр сарын 18-нд гаргасан захирамж олны гайхшралыг төрүүлэв. МАН төрийн эрх барьж буй намын хувьд Улсын Их Хурал буюу парламентад дийлэнх олонхийг бүрдүүлдэг. Х.Баттулга нь МАН-ын өрсөлдөгч нам буюу өөрсдөө манлайлан эхлүүлсэн ардчилал, ардчилсан хувьсгалаасаа улам бүр холдож харагдах болсон Ардчилсан намаас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон юм. Ингээд Монголын ардчилал аюулд орох нь энэ үү?

 

Бөхийн спортод аварга явсан Х.Баттулгын шар гозойж буй нь дамжиггүй. 2019 онд УИХ ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр дараа дараагийн ерөнхийлөгч зөвхөн нэг удаа сонгогдох эрхтэй болов. Одоогийн болон өмнөх ерөнхийлөгч нар сонгуульд дахин нэр дэвших боломжтой эсэх нь тодорхойгүй байсан ч энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэц тэдгээр эрхмүүдийг ахин нэр дэвших боломжгүй гэж шийдвэрлэсэн явдал нь зургадугаар сарын эхэнд болох сонгуулиар дахин нэр дэвшихээр зэхэж байсан Х.Баттулгын хувьд томоохон цохилт болжээ.

Шийдсэн мэхээ зөвтгөх үүднээс Ерөнхийлөгч өөрийн гаргасан захирамжиндаа МАН-ыг Үндсэн хуулийн цэцэд зүй бусаар нөлөөлж, төрийн аппарат, агентлагуудыг өөрсдийн талдаа ажиллуулж байна хэмээн шүүмжилсэн. Түүнчлэн МАН-ыг төрийг цэрэгжүүлж, зэвсэгт хүчнийг ашиглан эрх мэдлээ бэхжүүлж байна гэж хүртэл буруутгасан юм.  

Цэцийн шийдвэр улс төрийн нөхцөл байдлыг илүү эмзэг болгож буй нь тодорхой. Монголчууд шүүхийн хараат бус байдалд төдийлөн итгэл үзүүлдэггүй. МАН ч парламентын эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулсан. Гэвч МАН эрх мэдлээ тавьж өгөх магадлал бага. Монголд сонгуулийн дараах эрх мэдлийн шилжилт харьцангуй тайван явагдсаар ирсэн. Өнгөрсөн оны сонгуулиар Ардчилсан Нам маш муу үр дүнтэй оролцсон нь ард түмэн тэдний чадамжгүй байдлаас залхсантай холбоотой.

Цэрэгжсэн төрийн тухайд Х.Баттулга хэтрүүлсэн гэж British Columbia Их сургуулийн багш Жулиан Диеркес дүгнэжээ. Ерөнхийлөгчийн захирамжид нэр цохогдсон МАН-ын дарга (саяхныг хүртэл Ерөнхий сайд байсан) Ухнаагийн Хүрэлсүх армид алба хашиж байсан бөгөөд одон медаль зүүж өгөх, цэргийн хувцас өмсөх дуртай нэгэн аж. У.Хүрэлсүхийн тэтгэвэрт гарсан зэвсэгт хүчнийхний нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор байгуулсан ТББ нь төрийг цэрэгжүүлж буй явдал гэсэн дүгнэлт бодит байдлаас хэт гажууджээ. Монголд зэвсэгт хүчин улс төрөөс ангид хэвээр байна.

Харин дараа нь юу болох нь бүрхэг байна. Х.Баттулгын зарлигийг МАН үл тоох, эсвэл шүүхэд шилжүүлж магадгүй. Х.Баттулга МАН-ын эсрэг жагсана хэмээн иргэдэд найдлага тавьж байж ч магадгүй. Учир нь цар тахлын хатуу арга хэмжээг эсэргүүцсэн гэнэтийн жагсаалын улмаас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон юм. Харин Х.Баттулгын төлөвлөгөөнд гудамжны зөрчил, үймээн самуун багтаж байгаа бол энэ нь тун хариуцлагагүй явдал. 2008 онд сонгуулийн үр дүнг луйвардсан гэх шүүмжлэлээс үүдсэн бослогын улмаас таван хүн нас барж, МАН-ын төв байр шатсан. Олон нийтийн санал асуулга явуулдаг Сант марал сангийн захирал Л.Сумати энэ удаад бол ерөнхийлөгчийн захирамжийг дэмжиж олон хүн цуглахгүй хэмээн таамаглав. Жиргийн иргэд ч, Ардчилсан намынхан ч энэ бүхнийг өөрсдийх нь бус Х.Баттулгын хувийн тэмцэл хэмээн харж байна. Х.Баттулга Ардчилсан намын хөгшин динозавруудын дургүйг олон жил хүргээд зогсохгүй өөрийг нь дэмжиж байсан залуу шинэчлэгчдийн урмыг хугалсаар байна. Дөрвөн жилийн хугацаанд өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэхээс өөр ямар ч зорилгогүй байсан тэрээр тэрхүү зорилгоо ч сайн биелүүлж чадалгүй ийнхүү эрх мэдлээ алдах байхын ирмэг дээр ирээд байна.

 

Захирамж нь үл тоомсорлогдвол түүний улстөрийн нөлөөлөл, эрх мэдэл суларч буйн хамгийн том илрэл болно. МАН ерөнхийлөгчийг хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж буруутгаж байгаа бөгөөд тэмцлийн галыг сэвэх сонирхолгүй аж. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын албаа өгснөөр ерөнхийлөгчид өрсөлдөх бэлтгэлээ хангах таатай боломжийг бүрдүүлжээ. Тэрээр МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших нь бараг тодорхой болсон.

Х.Баттулгын түрэмгий алхам Ардчилсан намыг улам бүр эмх замбараагүй байдалд оруулж, тус намаас хэн ч нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулах магадлал өндөр байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд гаргасан захирамж эргээд өөрийг нь огцруулах тухай яриаг өдөөхөд хүрэв. Огцорсон ч, огцроогүй ч тэрээр бүрэн эрхийн хугацаа нь дуусмагц эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт, тэр байтугай авлигын хэрэгт унах, ял шийтгэл сонсох магадлалтай. Монголын ардчиллыг азаар бүр устгачихаагүй ч хэр бат бэх хана хэрэмтэйг шалгасан энэ долоо хоногийн үйл явдлаар Х.Баттулгын нэр түүхэнд дурсагдаж үлдэх бололтой.