Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлого, түүний онцлог  (2)

    

Энэхүү цуврал нийтлэлийг зөвхөн ноён Х.Баттулгад зориулаагүй, түүний халааг авах 6 дахь Ерөнхийлөгчид зориулж бичиж байгааг хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого залгамж шинжтэй, зөв эхлэлийг зөв өвлөх гэдэг утгаар дараагийн шинэ Төрийн тэргүүнд хүрэх болтугай!

 

Хоёр. Монгол ба Орос

 

ОХУ-тай харилцах бизнесийн чиглэлийг 5 дахь Ерөнхийлөгч эрхэмлэсэн боловч санасан үр дүндээ тэр бүр хүрсэнгүй. Цар тахал ч нөлөөллөө, бас Орос орон өөрөө олон талын хавчлага, санкц, геополитикийн амбицтаа хөтлөгдөөд Монголыг тэтгэх манатай байлаа. 

Монгол-Оросын харилцааны салбаруудыг шинээр томъёолох, тэгснээрээ шинэ гарц боломжийг хайх талаар 5 дахь Ерөнхийлөгч ихээхэн өөдрөг үзэл бодолтой нэгэн болохоо алхам тутамдаа илэрхийлж явсан. Үүнд буруу юм байхгүй. 

Хамтын ажиллагааны гол салбар бол тэр үед, мөн одоогоор нэгдүгээрт батлан хамгаалах салбар байна. Монголын армийн зэвсэг техникийн 95 хувь нь орост үйлдвэрлэгдсэн нь батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа хэр байгааг илэрхийлнэ.  Хоёрдугаар салбар нь хөдөө аж ахуйн салбар. СССР-ийн үед манай улс Зөвлөлтөд үйлдвэрлэсэн ХАА-н техник маш өргөн хэрэглэдэг байсан. Өнөөдөр ийм техник цөөрсөн учраас хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай хоёр орон байгаль цаг уурын төстэй нөхцөлд оршдог. Бид монгол малын махыг Эрхүү мужид экспортлох талаар ярьж байна. Хамтын ажиллагааны гурав дахь салбар бол дэд бүтэц, тээврийн салбар юм. УБТЗ бол Орос-Монголын хамтарсан хөтөлбөрүүдийг өөрчилсний дараа үлдэж хоцорсон ганц төсөл нь. Оросын талтай 50:50 хувийн оролцоотой энэ төслийг өргөжүүлэхэд онцгой анхаарах болно. Эрдэнэт үйлдвэрийн Оросын эзэмшлийн 49 хувь зарагдсан шиг ноцтой асуудал УБТЗ дээр бүү гараасай гэж хүсч байна. Уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг “Монголросцвет” компани бий. Өнөөдөр асар их өртэй байгаа энэ компанийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд анхаарах хэрэгтэй. Хамтын ажиллагааны дөрөв дэх салбар бол аялал жуулчлал байх болов уу. Монгол бол үзэсгэлэнт сайхан байгалиараа давтагдашгүй орон. Оросын жуулчдыг монголд ирэхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлал гэдэг бол чанартай үйлчилгээ, сайн удирдлага, зохицуулалт шаарддаг өвөрмөц салбар. Ирэх жил бид шинэ нисэх буудлаа нээнэ. Энэ бол аялал жуулчлалын салбарт, ялангуяа оросын жуулчдыг татахад том түлхэц болно. Оросын жуулчид өнөөдөр Монголд цөөн ирж байна. Үндсэндээ Сибирийн бүсээс л цөөн жуулчин автобусаар ирж амарч байна. Бид ОХУ-ын Буриадын аяллын товчоодтой Япон, БНСУ-ын жуулчдыг Буриад, Монгол Улс, Өвөрмонголд, өөрөөр хэлбэл “гурван Монгол”-оор аялуулдаг аялал жуулчлалын тойрог бий болгох талаар санал солилцсон. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол бид Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломжтой хэмээн үзэж байна гэхчлэн ноён Х.Баттулга ярьсан, хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн.   

 

“Эрдэнэт” үйлдвэрийг тухайн үеийн СССР-тэй хамтран байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьж ажиллуулсан нь одоо хүртэл Монголын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байна. Үүнтэй адилханаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулахыг зорьж ажиллана. Үүнд ямар бодлого төлөвлөж байна вэ? Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэтээр жишээлж тийм боловсруулах үйлдвэрээ Сайншандад барьж байгуулна гэсэн үг юм. Монгол нь гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхолтой бөгөөд үүнийг нэг тэргүүлэх чиглэл бол төмөр зам. Энэ салбарт “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хэмээх Монгол-Оросын 50:50 хувийн оролцоотой хувь нийлүүлсэн компани ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэчлэн Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниудыг тууштай дэмжиж ажиллана – Энэ бас л түүний үзэл бодол.  

ОХУ-ын Алс Дорнодын “Восточный” боомтод Монголын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байна. Монголоос Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар тэнд дамжуулж борлуулах боломж байна. Дэлхийн үнэ рүү ойртуулах боломж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд дэд бүтэц хэрэгтэй. 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл УИХ-аар 2010 онд оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс эхлүүлэхийг зорино. Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төсөл хэрэгжүүлж болно. Үүн дээр дэд бүтэц гэсэн том төсөл буй. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна – Ерөнхийлөгчийн 2017 оны мэдэгдлээс.

 

Монгол-Оросын худалдааг ч тэрээр орвонгоор нь эргүүлэх бодолтой байсан. Бас эшлэе. 2017 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.8 хувь өссөн дүнтэй байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33.4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувь, ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүн 671. 9 сая ам.доллар буюу 49. 5 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү өсөхөд хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа их үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд бас чамлалттай.  Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах болно–Түүний амлалт.

 

ОХУ-ын хил орчмын Холбооны субъектуудтай харилцаж, хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг бид шинэ өндөрлөгт гаргах ёстой. Чөлөөт худалдааны бүс байгуулах, Байгаль нуурын талаар хамтран ажиллах, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл гэхчлэн. Манай бүс нутгийн хооронд харилцан ойлголцох явдал дутмаг байгааг засч залруулна.   ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгахын тулд ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлсэн. Ойрын үед ЕвроАзийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд манай саналыг хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэх мэтээр ярьж хэлж байв.

 

 

 

Монгол-Оросын хоорондын худалдаа-эдийн засгийн харилцаанд эргэлт гаргахын үндсийн үндэс нь улс төрийн итгэлцэл гэдэг дээр ноён Х.Баттулга бат зогсож байв. Үүндээ хүрэх бүх гарц хувилбарыг тэрээр эрэлхийлж ажилласан. ОХУ-тай стратегийн иж бүрэн түншлэлээ 2019 онд Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээгээр гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол-Оросын харилцаанд Владивостокт зохиогддог Дорнын эдийн засгийн форум онцгой ач холбогдолтой хэмээн үзсэн нь 5 дахь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нэг онцлог байв. Учир нь Дорнын эдийн засгийн форумын хүндэт талбарыг ашиглан Монгол Улс, ОХУ хоорондын худалдаа-эдийн засгийн харилцааг сэргээн өргөжүүлж, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлнэ, Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчдийг холбож, тэдний үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчилна, тэднийг холбох чухал гүүр бол Дорнын эдийн засгийн форум байх болно гэж үзсэн. Мөн гуравдагч хөршийн бодлогын тухайд энэ бодлогыг орхигдуулахгүй, эрчимжүүлэх ёстой бөгөөд энэ утгаараа Владивостокт Дорнын эдийн засгийн форумын үеэр Японы Ерөнхий сайд болон БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байв. Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэхэд тэргүүний технологи хэрэгтэй. Банк, санхүүгийн салбарт цаашдаа ч санхүүжилт хэрэгтэй. Үүнд гурав дахь хөршийн үүрэг оролцоо чухал гэдгээр хандсан. 

 

Гурав. Монгол ба Хятад

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ноён Х.Баттулга 2017 онд сонгогдохдоо “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлж, үндсэрхэг үзлийн хандлага гаргаж, тэр нь ч өмнөд хөршид гэнэтийн сюрприз болж, хоёр талын харилцаанд сүүдэрлэж эхэлсэн. Оросын тал баримтлагч, Орос руу түлхүү ажиллах хандлагатай, тиймээс Монгол-Хятадын харилцаа Х.Баттулгын өнгөн дээр урагшлахгүй юм байна гэх шахуу хардлага Хятадын талаас цухалзаж байв. Харин энэ хардлагыг ноён Х.Баттулга эерүүлж ажиллаж чадсан. 

 

Тэрээр 2019, 2020 онд БНХАУ-д айлчилж, дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг илтгэж,  “Гучин мянган хонь”-ны дипломат ажиллагаагаараа харилцаанд цоо шинэ эрүүл уур амьсгал оруулав.

 

 

 

 

Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр хөршийнхөө дунд бид арал шиг үлдэж болохгүй хэмээн ноён Х.Баттулга үздэг, тэр хэрээрээ хоёр хөрштэй явуулах бодлогоо олж харахыг хичээсэн. 2019 онд БНХАУ-д төрийн айлчлал хийсний сацуу “Нэг бүс–Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд оролцсон. Энэхүү айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тэмдэглэх үед тохиосноороо бүр ч онцлог үйл явдал болжээ. Мөн “Нэг бүс–Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад Монголын талын илүү гүн гүнзгий, бүх талын оролцоог нэмэгдүүлэх боломж, сэтгэл зүйн бэлтгэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга бодолцсон.

2019 оны айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлсний хамт Монголын зүгээс дэвшүүлсэн ажил эрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Ийм чухал мэдэгдлийг олзуурхан хүлээн авч, ажил хэрэг болгоход манай талаас шалтгаалсан бэрхшээл, мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал нөлөөлсөн нь мэдээж. 

 

Технократ үзэлтэн Х.Баттулга Монгол-Хятадын харилцааны эмзэг талыг гярхай олж харан,  өмнөд хөршийн асар их боломжийг монголчууд ашиглаж чадахгүй явж ирснийг байнга шүүмжлэн хэлдэг. 

 

Түүний хэлснээс эшлэе:–Манай улс урд хөрштэйгөө 4700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1000 орчим км. Харин баруун хягзаар хүртэл 1500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой хугацаагаар гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л яриад байгаа гэсэн үг л дээ.

 

Энэ бол өмнөд хөршийн талаар явуулах түүний технократ, прагматик бодлогынх нь илэрхийлэл болох ганц жишээ.

 

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлыг манай тал санаачилж, 2016 онд гурван тал гарын үсэг зурсан боловч хэрэгжилт сайнгүй байна. Мэдээж энэ нь олон шалтгаантай. Ерөнхийлөгчөөс шалтгаалсан зүйл байхгүй. Эдийн засгийн коридор гэдэг бол “Бүс ба зам” төслийн нэг хэсэг, коридорын хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж тодорхойлсон. Голдуу Монголын нутгаар дайраад Орос Хятадыг холбосон дэд бүтцийн төслүүд. Эндээс алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр шийдвэр гаргах цаг үе нь тулчихаад яваад л байна. Үүнд Ерөнхийлөгчөөс гадна УИХ, Засгийн газар, цаашлаад нийт монголчууд нэгдсэн санаа зорилго, бодлоготойгоор ажиллах нь л үлдлээ. 

 

Энд хэргээр тэмдэглэх нэг алхмыг нь дурдах нь зөв. Юу гэвэл 2019 онд БНХАУ-д цар тахал дэгдсэнээс хойш айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүн нь болж, 30 мянган хонь хандивлах санал тавьсан явдал болно. Энэ бол БНХАУ-д хийсэн түүний албан ёсны айлчлал. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзахдаа БНХАУ Covid19-тэй тэмцэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлажээ.  Хандив өргөх үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч  “Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна,  Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан.  Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм” гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсчээ.  Энэ үйл явдлыг Хятадын хэвлэл, телевизүүд “Үнэхээр гайхалтай үйл явдал болж байна” хэмээн тэр өдрүүдэд онцолж, хожим энэ талаар дуу, уран бүтээл төрж, хятад хүмүүсийн зүрх тархинд санаандгүй тохиолдлоор хүргэсэн ардын дипломатын, “зөөлөн хүч”-ний томхон бодлого болж мөнхөрчээ.  

 

Дөрөв. Гурвалсан харилцаа

 

Манай аль ч Ерөнхийлөгчийн өнгөн дээр хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байж ирсэн, байгаа. Энэ бодлого амжилттай хэрэгжиж, хөршүүдтэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Үүнд халаагаа өгөх гэж  буй 5 дахь Ерөнхийлөгчийн хувь нэмэр гэж бий.  

                                                               

-Үргэлжлэл бий

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү