Т.Энхтуяа: Шүүгч шударга, зарчимч байж өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой
2021/06/03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан ахмад шүүгч Т.Энхтуяатай ярилцлаа.
-Шударга ёсыг тогтоох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсныг тань үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Шүүхийн нэр дээр мандат авч МУИС-д элсэн 1979 онд төгссөнөөс хойш тасралтгүй шүүхээр овоглож, дөч шахам жил шүүгч хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн хэсгийн шүүгчээс ажлын гараагаа эхэлж, тэндээ найман жил ажиллаад Дорнод аймагт томилогдож байлаа. Дорноддоо шүүхийн орлогч дарга, шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, шүүгчээр 30 шахам жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан.
Шүүгчдийн нөр их хөдөлмөрийг үнэлж, тэдний төлөөлөл болгон намайг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнасанд туйлын их баяртай байна. Нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
-Та аймгийн шүүхийн анхны эмэгтэй Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайн үеийн хуулиар шүүхийн дарга, Ерөнхий шүүгч шүүн таслах ажлаас гадна Тамгын газраа зохион байгуулах чиг үүрэгтэй байсан. Чамгүй ачаалалтай байсан байх.
-Тэгэлгүй яах вэ. Шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангахаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг зохион байгуулдаг байлаа. Шүүхийн байр сав, унаа тэрэг гээд оролцохгүй ажил үгүй. Дорнод аймаг үйлдвэр, аж ахуйн газар олонтой, хилийн бүс учраас худалдаа наймааны төв цэг болдог. Тэр хэрээр хэрэг, маргаан их гарна. Ачаалал их ч амжуулдаг байсан нь тодхон санагдаж байна. Нөхөр маань бас хуулийн хүн учраас хоёулаа цаг наргүй. Шүүх хуралдаанд орохдоо бага охиноо шүүхийн байрны сүүдэр бараадуулаад унтуулчихдаг, хуралдаанд орохоор хүлээж байсан хүмүүс саатуулах жишээтэй л байлаа шүү дээ. Хөдөө сумуудаар их явна. Лааны гэрэлт тогтоолоо бичээд, уншдаг үе ч байсан.
-Шүүгчийн ажил мэргэжлийн онцлог ер нь юу вэ. Шийдвэр гаргаж алх цохих анхны мэдрэмжээ хуваалцвал?
-Анхны гэхээсээ илүү шийдвэр гаргах мөч бүр яггүй л дээ. Цаана нь хүний хувь заяа яригдаж байдаг учраас маш их хариуцлагатай байх ёстой. Шүүгч хуулийг ягштал хэрэглэдэг, зарчимч, шударга байхыг шаарддаг онцлогтой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдвэрлэж огтхон ч болдоггүй. Хууль л бүхнийг шийддэг. Хуулиа ягштал бариад шийдвэр гаргачихаад сэтгэл дүүрэн болно. Өдий олон жил ажиллахад “Та буруу шийдчихлээ” гэж гомдоллосон хүн гараагүй. Харин “Та яг голыг нь олж шийдсэн шүү” гэж хэлэх хүн олон байсан. Нэг хүн засан хүмүүжүүлэх газраас захидал бичиж “Та шударга шийдвэр гаргасан учраас гомдож байгаагүй. Итгэж болох хүн санагдсан учраас гуйлт байна. Гэрлэлтийн баталгааг гаргуулж өгөөч” гэсэн байсан. Эхнэртэй нь холбогдож хөөцөлдөж байгаад гэрлэлтийг нь батлуулахад маш их баярлаж байсан санагдана.
-Шүүгчийн ажлын чиг шугамыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Ерөөсөө л шударга байх ёстой. Шударга байх чиг шугамыг баримтлаад бусдад хардлага сэрдлэг төрүүлэхгүйгээр биеэ зөв авч явахад л шүүгч нэр хүндтэй, сайхан ажил шүү дээ. Ажил дээрээ ч амьдрал дээрээ ч биеэ зөв авч явах ёстой.
Шүүгчдийн олонх нь шударга, зарчимч гэдэгт би хувьдаа итгэдэг. Олны дотор цөөн ёс зүйн алдаа гаргасан хүн байхыг үгүйсгэхгүй. Цөөн хүний алдаанаас болж шүүх засаглалд итгэх итгэл алдагдаж байгаад харамсдаг юм.
Шүүгч хуулийг ягштал баримтлахаас гадна байнга уншиж судалж, өөрийгөө хөгжүүлэхийг бас шаарддаг ажил.
Шүүх засаглалын хувьд хууль зүйн зөв орчин бүрдэж байна. Уншиж судлах, өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй. Тиймээс шударга, зарчимч цаг ямагт өөрийгөө хөгжүүлж ажиллахыг залуу шүүгчдээсээ хүсье.
-Таны хань бас хуульч. Хүүхдүүд тань аав ээжийнхээ мэргэжлийг өвлөв үү?
-Хань маань прокурор. Бид хоёр сургуулиа төгсөөд би шүүхээр, манай хүн прокурорын байгууллагаар овоглосон. Том хүү О.Цогтбаатар гаалийн байгууллагад, дунд охин О.Аззаяа НЭМГ-т ажилладаг. Бага охин О.Сайханзаяа аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж хуульч болсон. Төрийн албаны зөвлөлд ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.