Эдийн засаг сэргэж байгаа ч ядуурал нэмэгдэж байна
2021/09/29
Дэлхийн банкнаас жилд хоёр удаа гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцууллаа. Энэ үеэр цар тахал Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүний инфляц эдийн засагт тодорхой эрсдэлүүд үүсгэхээр байна гэж Дэлхийн банкнаас онцоллоо.
Бүс нутгийн хувьд эдийн засгийн сэргэлт харьцангуй суларсан байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.5 хувь болгож, өмнө нь 4.4 хувь гэж төсөөлж байснаас бууруулсан байна. Харин улс бүрийн хувьд тус үзүүлэлт харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь Covid-19-ийн нөлөөлөлтэй холбоотой гэж Дэлхийн банк үзжээ. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.4 хувиар агшсан бол 2021 онд 4.5 хувь, 2022, 2023 онд 5.2 хувиар өснө гэж үзэж байна. Энэ нь тус банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн тооцоололтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж, төсвөөс дэмжлэг үзүүлж байгаа ч өрхийн хэрэглээ 2021 оны эхний хагаст буурсан үзүүлэлттэй байгаа нь 2016 оноос хойшхи анхны бууралт гэж үзэж байгаа юм байна.
Цар тахлын шалтгаантай өрхийн амжиргаанд гарсан өөрчлөлт нь 2021 онд хадгалагдах бол хүнсний үнэ нэмэгдэж байгаа нь ядуу өрхөд хүндээр тусахаар байгааг онцлов.
Энэ нь зөвхөн Монгол Улсад биш бөгөөд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ядуурал гаарч, улмаар тэгш бус байдал нэмэгдэх төлөвтэй байна гэлээ. 2021 онд 24 сая орчим хүн ядуурлаас гарч чадахгүй, ядуу иргэдийн орлого буурч, хоол хүнсний аюулгүй байдал, боловсролын асуудал хурцдаж байна. Хэдийгээр олон улсын түвшинд эдийн засаг сэргэж, түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа ч улс болгоны хувьд ийнхүү ялгаатай байдлыг бий болгож байгааг энэ удаагийн тайланд илүүтэй онцолжээ.
Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд вакцинжуулалтын үр дүн эерэгээр нөлөөлнө гэлээ. Монгол улсын хувьд вакцинд хамрагдсан байдлаар тэргүүлж байгаа бөгөөд цаашид энэ хэвээр үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах нь чухал байна гэв.
Мөн тээвэр ложистикийг сайжруулах замаар ковидын хязгаарлалттай холбоотой хүндрэлийг даван туулах, цар тахалтай тэмцэх үүднээс авсан арга хэмжээг аажмаар зөөлрүүлж төсөвт ирэх дарамтыг бууруулах, төсвийн шинж чанартай төсөв хөтөлбөрийг хязгаарлах, байгалийн нөөцөөс хэт хамааралтай байдлыг сааруулах, хүний нөөцийн ашиглалтыг дээшлүүлэх зэрэг зөвлөмжийг өглөө.
Б.Төгс
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ард түмэн · 2021/09/29
Ажил голоод, цалин голоод ажил хийх хүн олдохгүй байна.Тэгсэнээ бас ажилд тэнцэхгүй хүмүүс их байх юм.Ажил хийж чадахгүй чадваргүй.Түүнээс ажлыг голохгүй хийе гээд зүтгээд байвал ч хийх ажил байна .Үйлчлэгч хийх хүн алга, харуул хийх хүн алга, сантехникч алга, цахилгаанчин алга зөөгч алга, тогооч хийх хүн алга.Халамжийн хавтгайрлыг зогсоож, зорилтот иргэдэд өгч, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг бүгдийг нь ажил хийдэг болгох хэрэгтэй.