Монгол орноор аялсан Герман сэтгүүлчид өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа
2021/10/01
ХБНГУ-ын Штуттгарт хотноо сүүлийн 50 жилийн турш зохиогдож буй “Си Эм Ти” аялал жуулчлалын үзэсгэлэн 2022 оны 1 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тус улсад болно.
Уг үзэсгэлэн нь 1000 гаруй байгууллагыг оролцуулж, 300.000 зочдыг хамруулж, 45 сая орчим хүнд хүрч ажилладаг олон улсын томоохон үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохоор болсон ба энэхүү үзэсгэлэн нь КОВИД-19 цар тахлын дараах шинэ хэвийн нөхцөл байдлын анхны аялал жуулчлалын үзэсгэлэн болохын хувьд манай орны аялал жуулчлалын салбарыг сэргээх, олон улсад сурталчлахад олон талт эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд уг олон улсын үзэсгэлэнг зохион байгуулагч “Штуттгартын үзэсгэлэн”-тэй байгуулсан гэрээний дагуу 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ний өдрүүдэд ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг 6 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг манай улсад айлчиллаа.
“Си Эм Ти” үзэсгэлэнгийн 2019 оны түнш орон болох Монтенегро Улсад хэвлэлийн багийн айлчлалыг зохион байгуулснаар хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз, радиогийн сувгийн сурталчилгаагаар дамжин 145 сая хүнд хүрсэн талаар Германы талын зохион байгуулагчид мэдээлсэн.
Тиймээс энэхүү хэвлэлийнхний айлчлал нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус аяллын багийнхан энэ сарын 26-нд “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд газардаж, Хархорин, Хонгорын элс, Өгий нуур, Хустайн болон Тэрэлж БЦГ-аар орж, малчин айлаар зочлох зэргээр Монгол оронтой танилцсан. Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагад зохион байгуулсан ба хэвлэлийн багийнхны айлчлалыг амжилттай зохион байгуулснаар Германд төдийгүй Европын бүс нутагт Монгол Улсын аялал жуулчлалын нөөц бололцоог сурталчлах боломж гэж үзэж байгаа юм.
Манай орноор аялсан сэтгүүлчид өнөөдөр "Кемпински Хаан" зочид буудалд болсон хэвлэлийн бага хуралд оролцож, өөрсдийн сэтгэгдлээсээ хуваалцлаа. Эдгээр сэтгүүлч редакторууд нь анх удаа манай орноор аялж байгаагаа энэ үеэр хэлж байсан бөгөөд монгол орны өргөн уудам нутаг, цэлмэг тэнгэр, анир чимээгүй байдалд ихэд татагдаж, монгол үндэсний хоолыг таашаан хүртсэн гэв.
Мөн аялал жуулчлалын салбараа өөд нь татахын тулд дэд бүтцээ сайжруулах, хөтөч тайлбарлагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй гэлээ. Аялагч сэтгүүлчдийн хувьд энэ удаагийн аялал хэдийгээр цар тахлын үеэр тохиосон ч аялал онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Тиймээс дараа дахин аялах бодолтой байгаагаа хэлж байв.