Ш.Гантулга: Хар машины луйвар үнэхээр байгаа юу? эсвэл хоосон хардлага уу?
2021/10/04
Би 2020 оны УИХ-ын сонгуульд энэ тойрогтоо буюу Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн. 2020 УИХ-ын сонгууль шударга сонгууль болоогүй.
Хар машины луйвар ажилласан. Хар машины луйвар ажилласан учраас би ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хар машиныг халах тухай шаардлагыг Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дахь МАН, АН-ын бүлэг болон УИХ-ын гишүүн Н. Алтанхуяг, С. Ганбаатар нарт хүргүүлж байсан. Энэ талаар албан ёсны мэдэгдэл хийж, сэтгүүлч Б. Отгонтой ярилцлага хүртэл хийсэн. Мөн саяхан нөхөн сонгууль эхлэхэд ИЗНН-ын удирдлагуудын хамт бусад нам, нэр дэвшигчдэд хандан хар машингүй сонгууль хийх уриалга гаргасан боловч одоохондоо хэнээс ч албан ёсны хариу аваагүй байна.
Саяхан 2020 оны сонгуульд хар машины луйвар хийгдсэнийг иргэн С. Ган-Очир нийтэд илчилснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ залуу тус үйл ажиллагаанд оролцсон гэрч учраас мэдүүлээд байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Харамсалтай нь түүний ярьсан бүхнийг үгүйсгэх, гутаах оролдлого хийхийг СЕХ болон бусад төрийн албаны мэргэжилтнүүд чармайж байна. Тагнуул, цагдаагаас дарамталж байгааг түүний яриа баталдаг. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр илчлэгдсээр байна. Харин миний хувьд иргэн С. Ган-Очирын үйлдлийг иргэн хүний зайлшгүй хийх ёстой үүрэг гэж ойлгон хувьдаа сайшааж байгаа.
Хар машин үнэхээр луйварддаг уу? Луйварддаг гэдэг нь сонгуулийн хар машиныг ашиглаж байгаад хориглосон улс орнуудын туршлагаас илхэн байгаа. Дэлхийн улс орнуудад хар машинтай холбоотой гарсан мэдээллүүд интернетээр дүүрэн бий. Яагаад техник технологи өндөр хөгжсөн улс орнууд энэ хар авдраас татгалзаад байгаа нь эрүүл саруул сэтгэдэг жирийн хүмүүст ойлгомжтой л баймаар. Гэтэл моод монголоор дуусна гэгчээр бид чимээгүй гүрийсээр байгаа нь эрүүл саруул үзэгдэл мөн үү?
Хар машин яаж ажилладаг вэ? Иргэд, сонгогчид нэг зүйл дээр төөрөлдөөд байдаг. Хар машины тооллогын дүн саналын 50%-ийг гараар тоолж байгаа дүнтэй таарахгүй бол луйвар хийгдсэн, таарч байвал хоосон хардлага гэж ойлгоод байдаг. Хар машины дүн 50% хувь тоолно уу, 100% хувь тоолно уу ялгаагүй яв цав таарна. Хар машины луйвар чинь огт өөр зүйл шүү дээ.
Хар машины луйврын зорилго нь эзэнгүй нэр дэвшигчдийн саналыг баталгаажуулахад л оршдог. Төр барьж байгаа эрх баригч намынхан Улсын бүртгэлийн албаны бүртгэлийг ашиглан нэгд, нас барсан хүний хаягийн мэдээлэл; хоёрт, тухайн хорооноос шилжиж явсан иргэдийн мэдээлэл; гуравт, өөр дүүргээс иргэдийг шилжүүлэн тухайн хороон дээр түр бүртгэх зэргээр тодорхой тооны эзэнгүй сонгогчдын бүртгэлийг цуглуулж нэгтгэн тэднийхээ тоогоор сонгуулийн цаасыг хар машинд уншуулж баталгаажуулахад л оршдог. Өөрөөр хэлбэл, иргэний хаягийн бүртгэлийг ашиглан хийж байгаа луйврыг баталгаажуулж өгч байгаа гэсэн үг. Тухайн хуурамч бүртгэлтэй яв цав тохирсон хэмжээний бэлэн болгосон саналын хуудсыг бөөнд нь хар машинаар уншуулаад авна гэсэн үг. Тэрнээс биш хар машин өөрөө буруу зөв уншиж луйвар хийгээд байгаа юм байхгүй.
Нэг зүйлийг ялгаж ойлгох ёстой. Хаягийн бүртгэлтэй холбоотой хоёр төрлийн луйвар гарч байгаа. Нэг нь царцааны нүүдэл. Царцааны нүүдэл бол эзэн нь хаягаа өөр тойрог, хэсэг рүү шилжүүлж, сонгуулиа өөрийн биеэр өгөх луйвар юм. Нөгөө нь, дээр дурьдсан эзэнгүй сонгогчдыг ашиглан хар машинаар луйвар хийх төрийн албан хаагчдын албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа төрийн эсрэг гэмт хэрэг юм.
Яг ийм луйвар өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хийгдсэнийг дэлхий нийтээр л шуугисан. Эзэн биегүй сүнс сонгууль өгөөд байна гэсэн шуугиан хүртэл дэгдсэн.
Хар машины луйвар нь тухайн луйврыг хийж байгаа нэр дэвшигчийн ялалтын баталгааг 100% хангахгүй. Тэгэхлээр луйвар хийж байгаа нам болон нэр дэвшигчид өөрийн ялалт байгуулах тооцоогоо гаргаад маш олон төрлийн луйврын технологийг зэрэг ашигладаг. Тухайлбал, авна гэж тооцоолсон нийт саналынхаа 30%-ийг хар машинаар, 40-ийг нь бэлэн мөнгө тараах, ойр дотны найз нөхөд, төрөл төрөгсдөө хүчээр саналыг нь өгүүлэх зэргээр хайрцаглах технологио ашиглах, үлдсэн 30%-ийг нь сонгогчдын шудрага сонголтод найдах зэргээр бүрдүүлдэг байж жишээтэй. Энэ харьцааг тогтоохдоо тухайн хүний рейтингийг суурь үзүүлэлт болгож ашиглах нь ойлгомжтой.
Хар машины луйврыг хэн хийдэг вэ? Нам, нэр дэвшигчийн гар хөл болсон төрийн албан хаагч нар гардан гүйцэтгэнэ. Улсын бүртгэлийн албанаас эхлээд тагнуул, цагдаа, дүүрэг хорооны дарга, дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нараас нийлсэн нилээд том бүтэц ажиллана.
Хар машины луйвар яагаад илэрдэггүй вэ? Тухайн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдыг нэгд, албан тушаалаар нь барьцаална; хоёрт асуудал үүсвэл гардан гүйцэтгэсэн хүн ялыг нь үүрнэ гэж сүрдүүлнэ; гуравт, хангалттай мөнгө өгчихнө. Өөрөөр хэлбэл, Албан тушаал, эрх мэдлийн сонирхол, ялд унах вий гэсэн айдас, хялбар аргаар баяжих шунал гурав аалзны тор шиг бүчээд авдаг.
Хар машины луйвар 2020 оны УИХ-ын сонгуульд гарсан гэдгийг иргэн С. Ган-Очир гэрчилж байгаа, тийм бол ерөнхийлөгчийн сонгуульд ч хэрэглэсэн гэсэн үг, энэ нөхөн сонгуульд ч эрх баригчид хар машиныг ашиглах нь тодорхой болоод байна. Хар машины луйвар бол төрийн эсрэг, ард түмний эсрэг хийж буй маш том гэмт хэрэг. Эх орноосоо урвасантай дүйцэх гэмт хэрэг. Ийм гэмт хэрэг хийсэн хүмүүс илрэх нь гарцаагүй. Цаг хугацааны л асуудал.
Иймд энэ удаагийн нөхөн сонгууль ч хар машингүй шудрага сонгууль болно гэдэгт итгэх арга алга. Гэхдээ л Сонгинохайрханчуудад жинхэнэ төлөөллөө гаргах боломж бол байхгүй биш байгаа. Үүний тулд хэд хэдэн зоригтой шийдэл хийх хэрэгтэй. Нэгд, сонгуульдаа 100 % оролцох хэрэгтэй. Хоёрт, 3 дахь хүчнээс Сонгинохайрхан дүүргийн унаган оршин суугч нэр дэвшигч нараасаа хамгийн шудрага гэж үзэж байгаа нэр дэвшигчийнхээ төлөө бүх нийтээрээ саналаа өгөх хэрэгтэй. Учир нь УИХ-ын сонгуулийг газар зүйн байршлаар нь зааглан явуулж буй гол агуулга нь өөрөө тухайн бүсийг төлөөлөх төлөөлөгчийг сонгох явдал шүү дээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийг УИХ-д хэн хамгийн сайн төлөөлөх вэ? Мэдээж, нутгийн, дошны нэр дэвшигч л илүү төлөөлөх нь тодорхой шүү дээ. Гуравт, мөнгөөр саналаа өгөөд байгаа нөхдүүд энэ удаад ичиж, гэмшээд хар машины луйврын эсрэг тархи толгойндоо хувьсгал хийгээд үзмээр байна. Тэгж чадвал хар машин ажилласан ч төвлөрөл хаана байна эрчим тэнд үүснэ гэсэн байгалийн хуулийн дагуу шударга сонгогч та бүхний сонголт хар машины луйврыг ялах нь дамжиггүй.
Энэ нийтлэлийг цааш нь маш сайн share хийж өгөхийг та бүхнээс хүсэж байна.
Олон улсын тоймч Ш. Гантулга
Бат · 2021/10/04
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо цаашид ч үргэлжлэнэ төрд хяналт хэрэгтэй
zochin · 2021/10/04
Char mashinii luibar programchildaa bdag bkhaa khamgiin olon sanaliig demjij bga khvn deer toolokh Ch umuu bas songuuliin ukhuulagch khamgiin olon khvnii register tsugluulj ogdog vvnd l no bga