2022 оны төсвийг шинжихүй
2021/12/01
Коронавирусийн халдвар цар тахал иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засагт хүндээр нөлөөлж буй үед Монгол улсын Засгийн газар 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг өргөн барив.
Цар тахал ямар хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсах нь тодорхойгүй байгаа үеийн төсөв хэмнэлттэй, орлогоо зөв төсөөлж, зардлаа танасан, төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон байх учиртай. Дэлхийн бусад улсууд ч төсөвтөө ийм шаардлага тавьж байна. Харин манай улсын хувьд саяхан УИХ-аар батлагдсан төсвийн голлох үзүүлэлтүүд энэ шаардлагад нийцэхээргүй харагдаж байгаа нь харамсалтай. Мөнгө санхүү зарцуулах, УИХ-ын хяналтгүй олон их наядын хөтөлбөр хэрэг¬жүүлэхдээ “дайн байлдаан” болж байгаа мэт ярьдаг хэрнээ төсөв өргөн барихдаа “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” төсөл оруулж ирсэн ч ярс хийтэл гараа өргөж, саадгүй баталлаа.
Ирэх жилийн төсөв ямар болсон бэ? Үнэхээр Ковидын эсрэг төсөв байж чадах уу? Эрх баригчдын магтаад байгаачлан өөгүй байв уу? зэрэг олон асуулт тодорхойгүй байна. Энэ талаар хийсэн дүн шинжилгээгээ танилцуулъя.
2022 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлжээ. Уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувь гэх мэтээр бүх татварын орлогоо багагүй хувиар нэмэгдүүлжээ.
Энэ нь эдийн засгаа солон¬горуулах биш уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, хөл хорионд туйлдсан аж ахуйн нэгж, иргэдээсээ авах татварын орлогыг эрс нэмэгдүүлэх замаар дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргасан гэж ойлгож болохоор байна.
Сүүлийн саруудад манай өмнөд хөршид коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар давж байсан хэдий ч Монгол Улсын төрийн өмчит компани 10 дахин хямдаар уурхайн аман дээрээсээ зарж борлуулсан. Энэ талаар яагаад өнөө хүртэл арга хэмжээ авсангүй вэ? Жижиглэнгийн шатахууны үнэ дэлхийн зах зээлийн ханштай уялдах нь зөв. Энэ бол зах зээлийн зарчим гэж ярьдаг атлаа хатуу валют олдог коксжих нүүрсээ яагаад дэлхийн зах зээлийн үнээр зарахгүй байна вэ? Ийм чухал асуудал хөндөгдмөгц эзэнгүй, хэлгүй төр болон хувирч боломгүй байх юм. Уул нь энэ жилийн төсөвт “Төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл хийнэ” гэсэн сайхан уриа харагдсан. Тэгэхээр энэ жилээс экспортын хэдэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшид ойртуулах юм болов уу гэж найдахаас өөр аргагүй. Гэхдээ жилийн жилд өргөн барьсан төсөвт иймэрхүү чихэнд чимэгтэй лоозон харагдаж байдаг ч бодит байдал дээр эсрэгээрээ хэрэгжиж ирлээ.
Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа урд хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүй байна гэдэг ичмээр. Хятад руу Канадаас 20500 км, ӨАБНУ-аас 15100 км, Австралиас 7300 км, Индонезээс 5800 км зам туулж БНХАУ-д нүүрсээ нийлүүлж байна. Манай эрх баригчид энэ талаар юу гэж дүгнэж суудаг юм бол. Миний хувьд, энэ бүхэн цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж чадаагүй, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж чадаагүйн дээр авилга гаарсантай холбон үздэг. Хятад улс ковидтой жолооч нэвтэрлээ гэж хилээ хаасангүй. Харин Монгол Улс жолооч нартаа хуурамч баталгаа гаргаж өгсөн нь тэдний итгэлийг хөсөрдүүлж хилээ хаахаас өөр замгүй болсон талаар зарим эх сурвалж ярьсан байна лээ.
Хэлсэндээ хүрдэггүй, хариуцла¬гагүй, авлигатай төртэй хэлэлцээ¬рийн ширээний ард Хятад бүү хэл өөр ямар ч улс суухгүй биз ээ. Хэрэв Монголын төр экспортын бүс нутгаа “ковидгүй” байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх сайхан боломж байсан юмсан. Харамсаад ч баршгүй.
Төсвийн зарлага дэндүү данхайж байна. Урсгал зардал энэ оныхоос 32.8 хувиар, хөрөн¬гийн зардал 34.4 хувиар өснө. Гэтэл манай улсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт гараа-гүй. Монгол Улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдсэн хэвээр байна. Төрийн үйлчилгээний чанар сайжир¬сангүй, харин “дижитал үндэстэн” гэж хийрхэх төдийхөн. Иргэдийн амьдрал дээшилсэнгүй, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4 мянган ам.долларт уяастай арваад жилийг ардаа үдлээ. Төсвийн зарлага сүүлийн жилүү¬дэд гурав дахин нэмэгджээ. Хэдэн жилийн өмнө Монгол гэдэг айл ердөө 6-7 их наяд төгрөгт амьдралаа “сэв хийтэл” аваад явчихдаг байж. Хэдийгээр өнөөдөр төсвийн зардал асар их хэмжээтэй нэмэгдсэн ч нийт иргэдэд үйлчлэх геронтологийн болон түлэнхийн төв, хүүхдийн эмнэлгүүдийг босгох хөрөнгө олдохгүй царцжээ.
Харин Хууль зүйн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газар зэрэг хууль хүчний байгууллагууд, Нийслэлийн Тамгын газрын байр зэрэг дарга нарын тухлах олон орд харшууд гэрлийн хурдаар бослоо. Нэг аймагт хоёр нисэх буудал, хоёр усан бассейн, нэг сумын төвд 10 тэрбумаар зам тавих зэргээр халгиж буй төсөвт хэчнээн их бялуурхал байгааг дурдвал зөндөө жишээ бий. Төсвийн бодлого нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой юм. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных 3.7 их наяд төгрөгт хүрч, ирэх жилийнх 2.4 их наяд төгрөг байхаар УИХ батлав. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. “Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаа¬тай “хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн уриа энэ төсөвт бий. Гэвч ирээдүйдээ асар их хэмжээний өр үлдээж байгаа талаараа огт ам нээсэнгүй.
Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүрмөсөн алдагдсан гэж дүгнэж байна.
Хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа нь аюулын дохио мөн. “Улсын хэмжээнд” гэх ерөнхий нэршлээр 178 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21, Төсвийн тухай хуулийн 29.3.5-д заасан шалгуурыг хангаагүй 192.7 тэрбум төгрөгийн 62, хөрөнгө оруулалтын бус шинжтэй, тухайн шатны төсөвт хамаарах төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй 49 тэрбум төгрөгийн 29 төсөл гэх мэтээр хууль зөрчсөн, үр ашиггүй хөрөнгө оруулалтын жагсаалт олон зуун тэрбум төгрөгт хүрлээ.
Нэг тэрбум ам.долларын өр үйлдвэрлэж эхэлсэн “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессыг нэн даруй хязгаарлах цаг болсон. Засгаа унагаахад хамгийн муугийн жишээ болсон долоон концессоо сэм сэмхэн шургуулсаар ирэх онд багтаан шингээхээр төлөвлөжээ. Энэ бүхэн дарга ангид үйлчил-дэг, гишүүдийн сонгуулийг санхүү¬жүү¬лэх зорилготой тендерийн “цаддаг¬гүй” армийг “угжих” санхүүжилт их наяд төгрөгөөр хэмжигдэж ирээдүйд өр болон үлдэж байна гэсэн үг юм. Энэ хөрөнгөөр Монгол улсын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх цахилгаан станц шинээр барьж эрчим хүчний хараат байдлаасаа гарсан бол.
Жил бүр 140 сая ам.долларын эрчим хүчний зардал гаднынханд өгөх биш харин экспортлогч орон болох боломж манайд бий. Хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг олноор бий болгодог валют олдог үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтынхаа ихэнх хувийг төлөвлөх ёстой юм, уул нь.Засгийн газраас өргөн барьж УИХ-аар баталсан төсөв “төсвийн хэмнэлтийн бодлого”, “иргэнээ дагасан санхүүжилт”, “халамжаас хөдөлмөрт” зэрэг уриа лоозонгоор бялуурхаж байгаа ч төсвийн голлох үзүүлэлтүүд нь хямрал даллаж, гадаад өр нэмэхээр орж ирсэн байх юм.
Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ