Т.Доржханд: Гэрээ хэлэлцээр нь мэргэжилтнүүдийн ажил болохоос улстөрчдийн хийдэг ажил биш
2021/12/20
Т.АМАРТҮВШИН
УИХ-ын гишүүн Т.Доржхандтай Оюутолгой төслийн хэлэлцээрийн үр дүн болон эдийн засгийн нөхцөл байдлын хүрээнд ярилцлаа.
-Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг дуусгавар болгох зэрэг таван саналыг хөрөнгө оруулагчийн зүгээс ирүүлсэн. Засгийн газар дээрх саналуудыг хүлээж авч буйгаа мэдэгдсэн. Оюутолгой төслийн маргаан нааштай шийдэгдэж байна гэсэн ойлголттой байна. Таны хувьд ямар дүгнэлттэй байгаа вэ?
-Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэгт би орж ажилласан. Жилийн хугацаанд гэрээ хэлэлцээрийн явцад ажиллалаа. Сүүлийн гурван сарын хугацаанд миний гар дээр ямар нэгэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Хэвлэл мэдээллээс авсан мэдээлэлтэй л байна. Үүнийгээ хэлэх нь зүйтэй байх.
“Рио Тинто” групп болон хөрөнгө оруулагчийн зүгээс ирүүлсэн таван асуудал нь бид үүнээс өөрөөр буулт хийх боломж алга гэсэн агуулгатай гэж ойлгож байна. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд гаргасан зөвлөмж, Ажлын хэсгээс тавьж байсан саналыг тодорхой хэмжээнд хүлээж авсан. Үр дүн эхнээсээ мэдрэгдээд эхэлж байна. Бидний тавьсан шаардлагад буулт хийж байгаа нь сайн хэрэг.Нэг зүйлийг онцолж хэлье. Оюутолгой төсөл урагшлахад, хөрөнгө оруулагч талд ажиллаж байгаа монгол залуучуудын хувь нэмэр их байна. Монголын талд ажилласан гэж хэлэхгүй ч Монгол Улсад болж буй бодитой мэдээллийг хөрөнгө оруулагч талд сайн өгсөн байна гэж бодож байна. Тухайлбал, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал гэж бүсгүй бий. Энэ хүмүүс удирдлагадаа маш сайн мэдээлэл өгч, улс төрийн нөхцөл байдлыг ойлгуулсан гэж бодож байгаа. Нөгөө талдаа “Рио Тинто” компани ийм түвшинд буулт хийгээд үзье гэж бодсон байх.
-Улстөрчдийн шахалт, шаардлага ийм нааштай үр дүнд хүрлээ гэдэг санал, сэтгэгдэл их хөвөрч байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Асуудлыг хөндлөнгийн шинжээч нар баримтаар гаргаж ирээд, мэргэжилтнүүд олон улсын жишгээр ажиллаад ирэхээр хөрөнгө оруулагч тал буулт хийх боломжийг бүрдүүллээ. Түүнээс манай нэг улстөрч талбай дээр гарч өлсгөлөн зарласнаар, улстөрчид шахалт үзүүлснээр асуудал шийдэгдэж байгаа гэж бодохгүй байна. Эсвэл нэг авлигачинг шоронд хорих болоод асуудал шийдэгдэж байгаа юм биш. Гэхдээ авлигын асуудал байна гэж үзвэл маргааныг эцэслэн шийдтэл явах л хэрэгтэй.
Харин монголчууд нэг талдаа гараад хүлээцтэй байсан нь сайн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар олон жил Оюутолгой төслийг ярьж ирсэн хүмүүсийн хувьд үр дүнг нь харчих гээд хүлээсэн нь сайн хэрэг. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлэхэд энэ хүмүүс шахаж шаардсан учраас хөрөнгө оруулагч талтай үүсгэсэн гэрээний маргаан шийдэгдсэн гэж шууд ойлгож болохгүй шүү. Энэ асуудал дээр маш олон залуучууд ажиллаж, эдийн засгийн тооцоолол, гэрээг хуулийн талаас нь сайн харж, олон цаасны ард гарч байж шийдэгдэж байгаа асуудал юм. Улстөрчид нь шийддэг байсан бол аль хэдийн шийдэх хугацаа өнгөрсөн. Дэлхий дээр ийм гэрээ хэлэлцээрийн асуудлыг улстөрчид шийддэг жишиг байхгүй. Үүнийг тов тодорхой хэлэх нь зүйтэй байх.
Өнөөдөр монголчууд нэг зүйлийг ойлгоосой. Өмнө нь улстөрчид гэрээ хэлэлцээр байгуулаад “Хамгийн сайхан төсөл, сайн гэрээ боллоо шүү” гэж ярьдаг байв. Гэтэл нөгөө талаас “Муу гэрээ болсон” гэж шүүмжилж ирсэн. Хэтэрхий улстөржиж ирснээс болоод гэрээ хэлэлцээр хийдэг хүнгүй болчихсон. Оюутолгойгоор улстөржсөөр байгаад хэчнээн ч хүн УИХ-ын гишүүн болчихов доо.-Сонгууль болгоноор л Оюутолгойгоор улстөржиж ирсэн?
-Гэрээ хэлэлцээр гэдэг бол мэргэжилтнүүдийн ажил болохоос улс төрчдийн хийдэг ажил биш. Би өөрөө 10 гаруй жил олон улсын байгууллага, хоёр талт хамтын ажиллагааны байгууллагуудтай Засгийн газрын түвшинд маш олон гэрээ хэлэлцээр хийж байсан. Амархан ажил биш. Цаасан дээр сууна, тоо бодно, хуульчдын багаа суулгана. Үг таслал болгоноор нь хянана. Тэгэхээр ийм гэрээг мэргэжилтнүүд хийдэг. Хамгийн сайн мэргэжлийн баг бүрдүүлээд хэлэлцээр хийсэн баг л үр дүнд хүрч чадсан байдаг. Харин хэтэрхий их улстөржөөд, цаасан дээрээ суулгүй амаараа ажилласан хүмүүс нь алддаг. Би Олон улсын валютын санд ажиллаж байхдаа Африк, латин Америк, төв Азийн орнуудыг хариуцаж ажиллаж байсан. Төсөл хэрэгжүүлэх гэхээр яриа хэлэлцээр дээрээ очоод л гацчихдаг, улстөрждөг. Зарим орон нь иргэний хямралт байдал руу түлхдэг. Харин монголчууд Оюутолгойн асуудал дээр нэг талдаа гараад, энэ төслийг өнөөдрийн түвшинд хүргэж байгаа нь сайн.
Эрх баригч нам улс төрийн тогтвортой байдал үүсгэж байгаа нь сайн юм. Миний хувьд УИХ дахь сөрөг хүчний намын даргын хувьд сайн, муу ч сөрөх л ёстой гэсэн байр сууринаас хандаагүй. Хандах ч үгүй. Оюутолгойтой хэлэлцээр хийх ажлын хэсэгт ороод ажиллахдаа улстөржөөгүй. Бусад намын төлөөллийг хүртэл улстөржихгүй байя. Улстөрчид жаахан хойшоо суугаад, мэргэжилтэн залуучуудыг ажлуулъя, хөндлөнгийн шинжээчдийн баг авч ажлуулах хэрэгтэй гэдэг байр суурьтай явж ирсэн. Монгол Улсын өр юун 22 тэрбум ам.доллар. Тийм байх боломжгүй. Хөрөнгө оруулагчдын төсөөллөөр явж болохгүй. Манайх өөрийн тооцоололтой байх ёстой. Хуулийн сайн багтай байх, сайн хуулийн ферм авч ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэлж ирсэн юм.
Ийм том төслийн гэрээ хэлэлцээрийг олон улсын сайн баг, олон улсад ажиллаж байсан мэдлэгтэй монгол залуучууд хийх ёстой байхгүй юу. Түүнээс монголоосоо гарч үзээгүй, төсөл удирдаж, санхүүжүүлж яваагүй, гэрээний зузаан материал уншиж үзээгүй хүмүүс хэлэлцээр хийнэ гэж юу байхав дээ.
Ийм байдлаар ажлын хэсэгт орж ажилласан. Ямартай ч үр дүн гарч байна. Гэхдээ үр дүн гарлаа гээд бидний хийсэн ажил гэж өөрсдийгөө магтахгүй. Цаашид энэ гэрээ жишиг байгаасай. Оюутолгой шиг олон төсөл Монгол Улсад хэрэгжээсэй. Хамгийн гол нь төслийн гэрээ нь хоёр талдаа ашигтай байх ёстой.
-Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээний маргааныг шийдвэрлэх, төсөл цааш үргэлжлэх боломж бүрдсэн нь өөр гадаад хүчин зүйл нөлөөлсөн үү?
-Нэг талаар Оюутолгой төсөл амжилттай үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа үндэс нь гадаад зах зээлийн нөхцөл байдал сайн байгаатай холбоотой юм. Зэс, төмрийн үнэ дунд хугацаандаа тогтвортой байх прогноз гарч ирээд байгаа. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани төмөрлөгийн салбараас илүү их ашиг орлого олдог. Төмөрлөгийн олон төсөл хэрэгжүүлдэг. Дараа нь зэсийн салбар нь орно. Гэтэл зах зээл дээр аль алиных нь үнэ өсөж байна. Тэгэхээр тус групп гацаад байгаа төслүүдээ хөдөлгөх, санхүүжүүлэх бодитой шаардлага бий болсон. Тиймээс Оюутолгойг хөдөлгөх сонирхолтой байж таарна. Хоёрдугаарт, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Оюутолгой төсөл нь сайн явбал, бусад төслүүд нь гацаанаас гарах боломж байгаа нь харагдаж байна. Цаг хугацааны хувьд тохироо нь бүрдсэн. “Рио Тинто” группийн Сербид хэрэгжүүлэх төсөл нь одоо хүлээгдэж байна. Төмрийн хоёр, гурван төсөл нь эхлэх гээд хүлээгдэж байгаа.
-Хөрөнгө оруулагч талтай ойлголцолд хүрч байна. Дубайн гэрээг цуцлахаар боллоо. Тэгэхээр цаашид гүний уурхайг ашиглахтай холбоотой гэрээ хэлэлцээр яригдах уу?
-Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцалъя гэсэн байна. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюутолгой” компанид нэмэлт өр үүсэхгүй байна гэдэг шийдвэрт хүрч байна. Тэгэхээр манайхаас ямар нэгэн зардал гарахгүйгээр хөрөнгө оруулагч тал санхүүжилтээ гаргаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэсэн үг. Дахиж өр төлбөрийн асуудалд орохгүй юм байна гэж ойлгох ёстой байх.
Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудалд хөндлөнгийн аудит оруулна гэсэн нь сайн. Аудит оруулаад асуудал гарч ирж болно. Энэ зарцуулалт Монголд хийгдээгүй зардал, энэ нь бодитой зардал байна гээд шалгаад ирэхээр нэг тодорхой дүн гарч ирж таарна. Хэрвээ үндэслэлгүй зардал аудитаар гарч ирвэл тэр мөнгөө хэрхэн авах, Монгол Улс хохиролгүй болох яриа хэлэлцээр хийгдэнэ.-Ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Монгол Улс урт хугацаанд эдийн засгаа өсгөж, хөгжихийн тулд ямар бодлого баримтлах нь зүйтэй байна вэ?
-Монгол Улс дөрвөн зүйлээр хөгжих боломжтой. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбар. Энэ дундаас гадаадын хөрөнгө оруулагчийг татдаг салбар нь уул уурхайн салбар. Бусад салбарт гаднын хөрөнгө оруулагч орж ирээгүй л байна. Уул уурхай яагаад гадаадын хөрөнгө оруулагчийн сонирхлыг татаж байна гэхээр зах зээл нь урд хөрш. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг. Тэгэхээр бидэнд олдож буй энэ боломж нь тэр бүр улс оронд бүрддэггүй. Дэлхий дээр цөөхөн оронд л ийм боломж олдож байна. АНУ-ын эдийн засаг хөгжиж байх үед ийм боломж Канадад нээгдэж байсан. Япон, БНСУ-ын эдийн засаг өсөж байхад Индонез, Австрали улс нь бараа бүтээгдэхүүнээ зарах боломж нээгдэж байв. Хятадын эдийн засгийн өсөлт нь манай улсын уул уурхайн салбар хөгжих боломжийг бий болгож байгаа. Урд хөрш биднээс уул уурхайн бүтээгдэхүүн авах хүсэл сонирхолтой байна. Тэгэхээр эдийн засгаа дараагийн түвшинд аваачихын тулд экспортоо хурдан шуурхай, сайн хийх хэрэгтэй. Үүний тулд ийм уул уурхайн төслүүдээ эргэлтэд оруулах нь зүйтэй. Зарим уул уурхайн төслүүдийнхээ хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийгээд ашиглалтад оруулж болно. Нүүрсний төслүүд байж болно. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төсөл гэдэг ч юм уу.
Харин нарийн технологи, төслийн менежмент шаардсан Оюутолгой шиг төслүүдийн хувьд хамтарч ажиллахаас өөр аргагүй. Хамтарч ажиллахдаа өөрсдөө санхүүжилтээ гаргаад, чадвартай хүмүүсийг тендер зарлаад авч ажиллуулж болно. Эсвэл өөрсдөөр нь хөрөнгө оруулалт оруулаад, өөрсдийг нь ажиллуулаад татвар маягаар үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Ийм зарчмууд байж болно. Мөнгө багатай улсын хувьд хоёр дахь хувилбараар нь л явдаг. Хоёр дахь нь өнөөдрийн Оюутолгойд хэрэгжүүлж буй зарчим. “Та нар мөнгөө гарга. Бүтээгдэхүүнийг ухаад, боловсруулаад гаргаад ир. Тэндээс чинь татвараа авна. Авсан мөнгөөрөө бид боловсрол, эрүүл мэнддээ зарцуулна” гэдэг байдлаар явахаас өөр арга байхгүй. Оюутолгой төсөл явж байгаа нь сайн хэрэг. Цаашид маш олон төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхийн тулд бидэнд сайн жишиг гэрээ хэрэгтэй.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг олон жил ярьсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна?
-Гаднын хөрөнгө оруулагч орж ирэхгүй, дотоодын хөрөнгө оруулагчаа дэмжихгүй бол Монгол Улс хөгжихгүй. Дэлхийн 200 улсын 120 улс нь сайн хөгжиж чадахгүй байгаа нь ийм учиртай. Дэлхийд 40 орчим улс өндөр хөгжсөн. АНУ, Англи, Япон, Солонгос, Герман өндөр хөгжсөн шалтгаан нь хөрөнгө оруулагчийг сайн татаж чадсантай холбоотой. Эхлээд хөрөнгө оруулагч татаад, дараа нь экспорт хийгддэг. Хөрөнгө оруулагч татаж байж орлого өснө. Олон улсад өрсөлдөгч чадвар нь илүү сайжирч байдаг. Хөрөнгө оруулагч байхгүй бол экспорт хийгддэггүй юм. Бид мах, арьс шир, ноос ноолуураа зарах сонирхолтой ч хүн авахгүй байна гээд байдаг.
Япончуудад бүтээгдэхүүнээ зарахын тулд тус улсын хөрөнгө оруулагчийг авчрах хэрэгтэй. Япончууд юу хүсэж байгаа, тэдэнд монголын бүтээгдэхүүний тухай ямар реклам хийж, хамгийн сайн борлуулах уу гэдгийг япон хөрөнгө оруулагч л мэднэ. Америкт ямар бүтээгдэхүүн гаргаж, борлуулах уу гэдгийг тэд л мэднэ шүү дээ. Орос, Хятадтай хамтарч ажиллахын тулд хоёр хөршийнхөө хөрөнгө оруулалтыг сайн татаж байж үр дүнд хүрнэ. Түүнээс манай бүтээгдэхүүн мундаг, чанартай, монгол мах гайхамшигтай амттай, булаацалдаад авна гэж ойлгох нь буруу. Монголын байгаль гоё л гэдэг. Дэлхий дээр гайхамшигтай байгальтай орон олон бий шүү дээ. Тэгэхээр бид энэ сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Хөгжье гэж бодож байгаа бол гадаадын хөрөнгө оруулагчийг татах шаардлагатай. Гаднын хөрөнгө оруулагч манай улсад 10 жил үйл ажиллагаа явуулаад ашгаа хийгээд гарч болно. Түүний дараа тэдний баг, менежмент, нөү хау нь Монголд үлдэнэ. Тэгээд бид өөрсдөө дараагийн түвшинд гараад, бизнесээ хийгээд, хөрөнгө оруулалт татаад, түншээ олоод Монголоосоо гадна дэлхий рүү гарах байхгүй юу. Ингэж улс орнууд хөгждөг. Гэтэл бид Оюутолгой гэдэг ганцхан төсөл дээр 10 гаруй жил хэрэлдэж, муудалцсаар байгаад бусад хөрөнгө оруулалтаа үргээчихсэн. Одоо энэ алдаагаа залруулаад аль болох нэг талдаа байгаад, иргэддээ зөв ойлгуулаад өөр олон төслийг санхүүжүүлье.
Уул уурхайн төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадвал, дараа нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологийн салбар луу ороод ирээ гэж “шүгэлдэж дуудаж” байгаад хамтарч ажиллаж, өөрсдийгөө чадваржуулах хэрэгтэй байна. Ингэж чадвал Монгол Улс эдийн засгийн хөгжлийн дараагийн түвшиндээ очно. Энэ бол дэлхийн түүх, зарчим.-Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-2022 оны эдийн засгийг өөдрөгөөр харахгүй байна. Олон улсын валютын сан өсөлт өндөр байна, 7-7.5 хувиар өснө гэсэн байна лээ. Хятад руу манай улс хэр хэмжээний экспорт хийхээс л эдийн засгийн өсөлт хамаарах байх. Ирэх оны хагас жилийн байдлаар харахад их хэмжээний экспорт хийхээр харагдахгүй байна. Ирэх онд 36 сая тонн нүүрс экспортолно гээд цар тахлын өмнөх түвшинтэй ижил, өөдрөг төсөөлөлтэй төсөв баталсан. Үүнийг биелэхэд хэцүү гэж бодож байна. Өөдрөг төсөөлөл. Хил гааль, боомтын асуудал нь ирэх оны хагас гэхэд хэвийн горимд орно гэдэгт итгэхгүй байгаа. Оны сүүлийн хагас руу эдийн засаг сэргэх болов уу. Гол нь ковидын мутацлагдсан хэлбэрээр гарч ирээд байна. Энэ нь дэлхийн эдийн засагт тодорхой бус байдлыг үүсгэсэн хэвээр байгаа. “Ковид дууслаа. Эдийн засаг хэвийн горимд орж, өснө” гэж байсан ч тийм зүйл болоогүй.
Инфляц богино хугацааных гэж бодож байсан бол дунд хугацааны асуудал болчихлоо. Экспорт талдаа боломжийн боловч, импорт талдаа инфляц импортлох гээд байна. Ингэхээр төгрөгийн худалдан авах чадвар буурна. Тэгэхээр бодитой хүндрэлүүд бий. Мөн Хятадын эдийн засаг ямар хэмжээнд өсөх нь чухал. Хятадын хамгийн том үл хөдлөхийн компани дампуурлаа зарлалаа. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засгийн хөөс нь хагараад байна уу даа гэж эдийн засагчид харж байна. БНХАУ сүүлийн хоёр жил дотоод руугаа чиглэсэн эдийн засгийн бодлого явууллаа. Тэгэхээр Хятад бараа бүтээгдэхүүн экспортолъё гэхээр цар тахлаас үүдээд бүтээгдэхүүний өртөг нь өсөж үнэтэй болсон, тээвэр логистикийн үнэ нэмэгдсэн. Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн зарахаар эрэлт нь мэдээж буурна. Гол зах зээл нь Европ, Америк байдаг. Хятад, Америкийн харилцаа таатай бус байгаа. Тэгэхээр Хятадын эдийн засаг сэргээд Монголд нөлөөлөх хүртэл жаахан эрсдэл байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН