Б.Болор-Эрдэнэ: Ирэх онд 100 орчим байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна
2021/12/21
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "E-Mongolia систем 600 үйлчилгэээтэй болсон. Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94,000, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50,000 гаруй удаа авсан байна. Компани, төрийн бус байгууллагуудыг E-Mongolia системийг ашиглан байгуулдаг болсон. Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгуулагдсан.
Манай багийн хувьд орон нутагт ажиллаж байгаа. Найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. E-Mongolia систем 6.5 сая үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээний 56 хувийг Улаанбаатарт 44 хувийг орон нутагт үзүүлсэн. E-Mongolia системээс лавлагаа тодорхойлолт авахад хоёр минут зарцуулж байна.
Иргэдийн хувьд E-Mongolia системд оруулах үйлчилгээтэй холбоотой 800-1,200 санал хүсэлт ирүүлдэг. Тус системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн. Энэ оны аравдугаар сарын 1-нд E-Mongolia-2-ыг байгуулсан.
2022 онд 100 гаруй байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Орон нутагт байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж хүрч ажиллахыг зорилт болгон ажиллаж байгаа. Ирэх жил 21 аймгийн 1,200 гаруй үйлчилгээг оруулна. Шуудангийн үйлчилгээг сайжруулна.
Эрх зүйн орчныг бүрдүүлсэн таван багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан" гэлээ.
Цахим шилжилтийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан.
Нийтийн мэдээллийн тухай хуулиар 67 багц мэдээллийг нийтэд ил болгож байна. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэл ямар төрлийн мэдээлэл багтах вэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар цаасаар авдаг байсан үйлчилгээг зогсоож байна.
Харин Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах цэгийг тодорхой болгох, төхөөрөмж байрлуулах журам гаргаж, түүнийгээ мөрдөх зэрэг асуудлыг хуульчилсан.
Өмнө нь хувь хүн өөрөө өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулиар мэдээлэл цуглуул, ашиглаж, боловсруулж байгаа бол мэдээлэл хариуцагч болж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг болсон. Сэтгүүлч болон иргэдийн зүгээс нууц гэдэг тамга дараад аливаа мэдээллийг нийтэд хаалттай байлгаж байна гэдэг гомдол гаргадаг байсан. Харин энэ хууль хэрэгжсэнээр нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байна.
Цахим гарын үсгийн тухай хуулиар И Монголиа систем дээр төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох том шийдэл болж чадсан. Өмнө нь цахим гарын үсгийг ашиглаж байсан ч ердөө 30 гаруй мянган иргэн энэ үйлчилгээг хэрэглэдэг байсан. Энэ бол хангалтгүй тоо. Харин одоо 16 нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө.
Энэ хууль зөв хэрэгжээд биелэлээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад маш их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэрээсээ, гар утаснаас төрийн 600 гаруй үйлчилгээг тоон гарын үсгээрээ авч ашиглах боломж бүрдэж байгаа.
Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монголд анх удаа батлагдаж байгаа хууль. Энэ хууль батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Мөн цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг мөн баталсан. Энэ хуулиар үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон.
Монгол Улс виртуал хөрөнгийг зөвшөөрч байгаа. Гэхдээ тодорхой шаардлагатай болгож байгаа" гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр "Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн. Нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдсэн. Иргэд daatguulagch.ndaatgal.mn сайтаар нэвтэрч энэ үйлчилгээг авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн бол лист авдаг. Үүнийг Эрүүл мэндийн яамтай хамтран ирэх оны нэгдүгээр сард багтаан улс даяар нэвтрүүлнэ. Листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ олголтыг 56 мянган иргэнд илүү олгосон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Засаг даргын Тамгын газраас үнэмлэх тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол E-Mongolia системээс авах, эсвэл өөрийн төлөөллийн хүнээ илгээх боломж бүрдсэн. Цахим яам хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж байна" гэлээ.