Омикрон давлагааны оргил үед өдөрт шинээр 15,000-20,000 тохиолдол илэрнэ
2022/01/10
Коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.
Мөн тэрбээр “Коронавирусийн дельта давлагааны үед манай улсад өдөрт 4,000 орчим тохиолдол бүртгэгдэж байсан. Харин энэ удаа Омикроны хувилбарын халдварлах чадвар ихэссэн учраас бусад болон манай улсад хийсэн дотоодын тооцооллоос харахад оргил үедээ өдөрт 15,000-20,000 тохиолдол шинээр бүртгэгдэнэ. Гэхдээ гол нь тохиолдлын тооноос илүү хүнд өвчтөний тоо чухал.
Омикроны үед хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй болон хавсарсан өвчтэй иргэд, ахмад настнууд, вакцинд хамрагдаагүй иргэд хүндрэх эрсдэлтэй. Тиймээс тухайн иргэдэд түлхүү чиглэсэн арга хэмжээг авна.
Омикроны тохиолдол гаднын орнуудад бүртгэгдэж эхэлснээс хойш манай улс хилийн хяналтыг эрчимжүүлсэн. Энэ нь Омикрон давлагааг хойшлуулж цаг хожиж, бүүстер тунг эрчимжүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг амрааж, эмнэлгийн хэрэгслээ бэлдэж шаардлагатай судалгааг хийх зорилготой байсан.
Бид өнгөрсөн хугацаанд цаг хожиж бэлтгэлээ боломжоороо хангасан тул хор хохирол багатай даван туулах боломжтой. Ингэхэд мэдээж иргэдийн оролцоо маш чухал бөгөөд вакцины бүүстер тундаа эрчимтэй хамрагдаж, дэглэмээ сайн сахих шаардлагатай байна” хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Зочин · 2022/01/10
Өвчин тараахгүй байх