А.Баатархуяг: Хөгжлийн банкны хөгийн явдал
2022/02/11
Намайг, бас А.Баатархуяг, Г.Уянгыг банкны дээрэм бичих болгонд луйварчид сүрэглэн харааж зүхэх бөгөөд олон нийт огт тоодоггүйг би сайн мэднэ.
Ингээд монголчууд “сайн дураараа” дээрэмдүүлж, “огт тоохгүй” явсаар 30-аад жил болсон бөлгөө. Одоо эрхбиш энэ тэнэг зангаа орхих цаг болсон гэж бодож байна. Учир нь банк дампуурсны хохирлыг ард түмэн Та бид төлдөг юм. Юу ч гэсэн үүнийг эхлээд уншчих…
(Д.Ганхуяг судлаач)
Банк тонох ажил бол манай намуудын бүр анхны сурсан, эртний мэргэжил юм. Тэд ямар ч сайхан юм санаачилсан цаана нь нам дамнасан цөөн шуналтны хувийн өчүүхэн эрх ашиг байдаг.
Анх “Ард” банкыг тонож байхад шинэчлэл хийж л гэж бодож байсан. Байгууллагуудын харилцахын үлдэгдэл асар их мөнгө алга болсон. Асар олон компаниуд зээл авсан байсан, банк нь дампуурчихаар түүнийг нэхэмжлэх субьект байхгүй болчихдог юм байгаа биз дээ? Ингээд зээлүүдээ зувчуулчихсан. Одоо тэр хэргийг санаж байгаа хүн байхгүй, олон хохирогч нөгөө ертөнц рүү явчихсан.
Хэргийг цагдаагаар мөрдүүлж өөрсдөө хэрэгт орохгүйн тулд та нарын боловсрол дутна, мэргэжлийн байгууллага хэрэгтэй гээд “Банкны өр барагдуулах алба” гэгчийг байгуулаад түүнд хамаг новшийн луйвраа шилжүүлээд таг дардаг нь мөн л үнэт туршлага. Тэгээд тэр албаныхаа даргаар жинхэнэ мэргэжлийн бус хүнийг улстөрчид өөрсдөө томилдог. Тэр нь юу ч хийхгүй байж байгаад хэргийг замхруулдаг. Ингээд бүгд мартана... мартсаар л байна.
“Хадгаламж банк”-ны 14 тэрбумын хэрэг гэгч үүссэн. Банкнаас яг өнөөгийнх шиг “хэт таатай” нөхцлөөр их хэмжээний зээл авч намын улстөрийн байгууллагаа санхүүжүүлсэн. МАСЗХ гэдэг байсан юм. Ихээхэн хэмжээний мөнгөөр казинод тоглож алдсан. Түүнийгээ нөхөхийн тулд “Хадгаламж зээлийн хоршоо”-нд дахин зээл авч байршуулаад өндөр хүүгээр хүүлдэг байсан.
Тэгээд дотроо дайсагналцаж ХЗХ-дыг дампууруулж, хоёр залуу түүний золионд явж, нэг нь хутгалуулж нас бараад, нөгөө нь цаазын ял авсан. Одоо тэднийг дурсдаг ч үгүй. Уг нь нэг банкны 14 тэрбумын хэрэг авч улстөрийн зөрчлөөс болоод ХЗХ-нд байршуулсан иргэдийн хадгаламжийн 30 тэрбумыг шатаасан. Үүний хагасыг М.Энхболдын ЗГ төсвөөс төлсөн гэдэг авч үнэндээ улстөрчид л өөрсдийн байршуулсан мөнгөө төсвөөс аваад зугтчихсан. Яг 14 тэрбумыг... Араар нь гэмгүй олон хадгаламж эзэмшигчид, зөвшөөрөгдсөн ХЗХ-ны бизнес хийж байсан олон арван бизнесүүд бизнесээ, хадгаламжаа, барьцаа хөрөнгөө, үл хөдлөх хөрөнгөө алдаж, шоронд сууж амьдралаа алдсан. Гадаадад ажилладаг хүүхдийнхээ мөнгийг өсгөх гэж ХЗХ-нд хадгалуулаад алдчихсан настан цус харваж өнгөрсөн, үй олон хөгшчүүл жаахан хуримтлалаа шатаасан, наймаачид мөнгөө өсгөх гээд шатсан... Тэгээд бас л мартсан.
Яг энэ асуудлыг би АН-ын нарийн бичгийн дарга байхдаа гаргаж тавьснаар МАСЗХ гэдэг байгууллага устаж, оронд нь өнөөгийн МАН-ын Засгийн эрхэнд байгаа залуучуудын суурь байгууллага НАМЗХ байгуулагдсан. МАН-д түрүүлж шинэтгэл эхэлсэн. Одоо Засгийг эрхшээж байна. Харин МАСЗХ-г устгаад АН-ын залуучуудыг зүтгүүлэх гэсэн манийг С.Баярцогт нар яаж ийгээд намын ажлаас хөөчихсөн. Уг нь тэгэхэд АН ялах байсан ч ялагдсан. Иргэд жагсаж, тэмцэж, өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатааж үзээд бараагүй. Харин тэр луйвардсан мөнгөөрөө улстөрчид “ард түмнийг худалдаж аваад” ялсан. Нөгөө 14 тэрбумын хэрэг 13 саяын пургоны хэрэг болчихсон юм.
Дараа нь “АНОД” банкны хэрэг үүссэн. Мөнгөжсөн МАН-ын улстөрчид хамаг мөнгөө “АНОД”-д байршуулж, түүнээсээ их зээл аваад банкыг нь дампууруулсан. Банкаа хамгаалж тэмцсэн эздийг нь хуйгаар нь шоронд хийж, дарамталж, амыг нь барьсан. Харин улстөрчид өөрсдөө хохирогч болоод хадгаламжаа төсвөөс аваад нугалж баяжсан.
Үүний дараа улстөрийн бүлэглэлүүд зээл аваад төлөхгүй, аль нэг жижиг банкинд тэр зээлүүдээ төвлөрүүлж байгаад дампууруулдаг болсон. Эзэнд нь бас л 14 тэрбум төгрөг өгөөд банкыг нь зольсон. Хувьцаа эзэмшигчид нь хэдэн жил дамнан заргалдаад сүүлдээ цөхрөөд хаячихсан. Энэ бол “Монгол шуудан” банкны түүх. Бүх өр зээлийн баримтууд бүгдээрээ “Банкны өр барагдуулах алба” гэгч рүү яваад дууссан. Хэрэв санхүүгийн мэдлэгтэй хүн бол энэ албанд байгаа барагдаагүй өр, зээлийн материалуудыг бүгдийг нь ил гаргаад тавьбал далай болно.
Зарим банкыг додомдож байв. “Эрдэнэт”-ийн зэсийг дамжуулан зарах эрхийг “Жеральд металлс” гэдэг компанид дангаар нь өгөөд зэсийн баяжмалыг Монголоос хямд үнэлж гаргаад, дэлхийн зах зээлд үнэтэй зараад зөрүүгийн ашгийг хувааж түүгээрээ ХХБ-ыг худалдаад авчихсан тохиолдол ч бий. Н.Энхбаярын үе л дээ. Ерөөсөө 1990-ээд оны дунд үеэс хойш 10-аад жил банкны луйвар, хэрэг явдлууд Монголын улстөрийн санхүүгийн аргаар цөм баяждаг, цөм гэмт хэрэг байсан юм.
Гэнэт “Ашигт малтмалын тухай” хууль анхаарлын төвд орж, их өрөөс 22 сая ам.доллар хусаж, “Бороо гоулд”, “Таван толгойн консорциум”, “Би Эйч Пи”, “Айвенхоу майнз”-аас мөнгө цутган орох болов. Их өрийг дарах гэж авсан хүүгүй зээлийг буцааж төлөхдөө хүүтэй болгоод тэр хүүг нь хувааж авсан явдал ч бий. Оюутолгойн урьдчилгаа 250 мянган долларыг зээл болгон хувиргаад хүүг нь Швейцарийн банкаар дамжуулж авдаг байсан нь гэрэл цохисон ч явдал бий. Эдний мөнгөний махинациудыг мэдэхгүй биш, сайн мэднэ. Их нарийн юм бичихээр “ард түмэн” ойлгох ч үгүй тул ингэсгээд орхиё. Улаан шугамыг нь л бичсэн нь дээр. Урт юм унших биш, нарийн бичвэл ном болно.
Тэгээд улстөрчид банкуудыг түр “мартав”. Ийнхүү баялгийн халуурал эхэлж, том мөнгө, оффшор дансны асуудал, гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн маргаан мэтгэлцээн, том тендерүүд улстөрчдийн хараанд орсон юм. Банкууд ядуу байлаа, гэхдээ л “Хадгаламж” банкны 14 тэрбумын өрийг дарахын тулд “Эрдэнэт”-ийг “Стандарт” банкинд барьцаалж зээл авч өгөх зэргээр луйврын ажиллагаа үргэлжилж л байсан. Гол нь хэн ч тоогоогүй.
Хэдий том мөнгөнүүд эргэж байсан ч улс ядуу байсан. Эрхбиш ардчилсан тогтолцоо юм болохоор бүлэглэлүүд нэгнээ дарахын тулд хуулийг чангатгасаар хяналт сайжирч байсан, ингэхийн учир нь нэг бүлэглэл улс оронд бүрэн ноёрхохын тулд нөгөө бүлэглэлээ уламжлалт аргаар мөнгөжих боломж олгохгүйг хичээж байсанд оршино.
Ингэж байтал Сү.Батболд “Хөгжлийн банк” байгуулав. Гэвч тэр энэ банкаа ашиглаж чадалгүй сонгуульд ялагдаад АН-д алдчихав. Төв банкны хяналт сайжирсан тул арилжааны банкуудаас мөнгө луйвардаж болохгүй байв, болохгүй ч юу байх вэ, аргаа олох хэрэгтэй байв. “Төв банкны хяналтаас гадуур яаж хусах вэ?” гэдэг л гол асуудал байхгүй юу.
“Оюу толгой” ашиглалтанд орсноор мөнгөөр бороо орох юм бодтол унаж тустлаа хууртсан байв. “Эрдэнэт” шиг шахаа хийх аргагүй болжээ. Үнэндээ “Рио Тинто” Монголын улстөрчдийг гөлөг ч гэж тоогоогүй юм. Өнөөдүүл нь мачийж мачийж шахдаг юм нь кофе, машин, хүнснээс хэтэрсэнгүй. Ноолж, ноолж татварын асуудал гаргаж ирсэн, иргэний улстөрийн хүчнүүд ч үүний төлөө зуусан шүдэндээ цав ортол зууралдан тэмцэлдсэн. Иргэний улстөрийн хөдөлгөөнүүд улсын эрх ашгаа тэнцвэржүүлэхийн төлөө зүтгэж байхад улстөрчид тэдний араар байнга наймаа хийхийг оролдож байв. Тиймээс 2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлаар иргэний хөдөлгөөнүүдийг нухчин дарж, олон хүнийг цуслан алж, олон мянган хүнийг хорьж “Рио Тинто”-той андлалцсан хэрэг. Ингээд хүч тэнцвэргүй тулаан “МАНАН-Рио Тинто”-гийн ялалтаар дуусав.
Гэхдээ бууж өгөөгүй, улстөрчдийн шунал бол ямар ч андлалаас бүр цусаар гагнагдсан андлалаас ч хүчтэй бөлгөө. “Рио Тинто”-гийн луйврын гэрээг илчилж, гацаасанд улстөрийнхөн “идэх хоолгүй” өлсөж үхэхдээ тулсан юм. Арай ухаантай нь ийм юм болно шүү гэж сануулсаар байсан ч шунаг хүний чих дүлий хойно. Тэгээд хөөрхийс тендер мэндэрхэнээр л голоо зогоож, ЖДҮ санг ноолж, хэрүүл уруул бололцож байв.
Энэ зуур банк тонох шинэ арга нээгдэв.
“ХЗХ ба Төв банк”, “Хөгжлийн банк ба Төв банк”-ны харилцааг харвал энэ бол маш энгийн схем л дээ. Ерөөсөө л “Төв банкны хяналтаас гадуур мөнгө яаж идэх вэ?” гэдэгт л төстэй тал нь оршино. Арилжааны банкууд Төв банкны хяналтанд байх дуртай байлаа, учир нь улстөрчид тэднийг дээрэмдчих бололцоо олгохгүйн тулд ингэхээс аргагүй. Гэвч жижгүүдийг жишээ нь “Монгол шуудан”, “Зоос” банкыг шүүрчихсэн. Төв банк хяналтаа чангатгахын хэрээр жижиг банкууд шалгуурыг нь хангахын тулд бас л улстөрчдийн ивээлд орохоор зүтгэв. Тэр ивээлийг хүртсэн банкууд өнөөдөр бүгдээрээ тонуулсан. Төвбанкны хатуу шалгуурт нийцэхийн тулд ЗГ-ын сангуудын мөнгийг байршуулахаар сайд нартай тохирох ёстой байлаа. Ингээд “Капитал банк” нохойн хоол болов. Болдоггүй байхгүй юу, жижиг банк жижиг улстөрчдтэй л тохирно. С.Эрдэнэ НДС-ын баахан мөнгө байршуулж, хүүгийн зөрүү тохирсон ч өөрөө улстөрөөс шахагдав. Гэхдээ үүнийгээ хадгалж үлдэхийн тулд эгэл хүнд баймгүй муйхар зүтгэл гаргасаар байна. АН, С.Эрдэнэ, Капитал гурав хаашдаа өнгөрсөн...
Төв банкны хяналтаас гадуур мөнгө хусах боломж нь “гадаад өр” байсан юм. Гэв гэнэт л манай гадаад өр хөөсөрч өсөөд эхэлсэн биз? Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн үеэс...? Тэгээд тэр мөнгө хаачсан нь ёстой “Чөтгөр бүү мэд” болсон. Схем энгийн. Гадаадын бондын мөнгийг “Хөгжлийн банк”-нд байршуулдаг. Тэр үед асар их гадаад өр тавьсан хэр нь Төв банк нь валютгүй болоод Хятадтай юаний своп хэлэлцээр хийж байхад хэн ч “Яагаад?, Бондын мөнгө хаачсан юм?” гэж асуугаагүй л юм даа. Мань мэт ганц нэг асуусан, хөрөнгө оруулалт ниад, муусайн иргэний хөдөлгөөнийхөн Та нар л хөрөнгө оруулагчдыг маань үргээгээ биз дээ гэж матрын нулимс унагаж байв даа.
Гадаад өрийн бичгийг валютаар доллар, юань, иенээр авсан тулд төгрөгийг хянах үүрэгтэй Төв банкинд хамаагүй. Тэр бондын мөнгийг зээлд нийлүүлэхдээ, өөрөөр хэлбэл зээл өгөхдөө тухайн өдрийн ханшаар төгрөгт шилжүүлж компаниуд руу оруулж байв. Төв банк асар их төгрөгийн эмисс хийсэн тул түүнийгээ шингээхийн тулд нүдээ аниад өнгөрөөж байв. Ер нь ханшаа барихын тулд бушуухан, ямар ч аргаар хамаагүй тэр мөнгөнүүдээ дотоодын зах зээлд нийлүүлээсэй гэж шавдуулж байсан байх. Ингээд чанаргүй зээлийн хэмжээ нь банкны шалгуур үзүүлэлтээс халиад одоо 55 хувь хүрчихсэн. Ийм банк амьдрах ямар ч бололцоогүй.
Гэвч тэр үхдлийг амьд амьд байлгах хэрэгтэй байлаа, гэвч тэр нь босоо ороолон болох юм гэж яаж мэдэх вэ дээ? “Хөгжлийн банк” бол саалийн үнээ. Ингээд асар их чанаргүй зээл гаргаснаа нөхөхийн тулд зээлдэгчдээсээ зээлийг нь эргүүлэн төлүүлэхийн оронд гадаадаас бонд босгож хааж байв. Уг нь схемийг АН-ынхан хийсэн, МАН-ынхан уг нь энийг аль 2016 онд гаргаж тавиад АН-ыг үнстэй зуурчаад балин болгоод өргөчихөж болох л байсан. Гэвч 2017 оны сонгуульд хөзөр болгохоор улайрч, 600 сая ам.долларын “Хуралдай” бонд босгож байж авч үлдсэн юм. Ингээд МАН-ынханд асар их зээл өгчээ.
Гэвч 2017 онд ялагдаад Ж.Эрдэнэбат хусагдаж, ажлаа У.Хүрэлсүхэд өгөв. Гэхдээ өмнө нь сонгуулийн асар их зардлаа хаахаар 800 сая долларын “Гэрэгэ” бонд гаргажээ. У.Хүрэлсүхийн хамгийн эхний асуудал яг “Хөгжлийн банк” болов. Түүнийг аргацаахаар “Хөгжлийн банк”-ыг өөрийг нь хагас тэрбумын бонд гаргахыг зөвшөөрчээ.
Гэвч байдал улам муудав. Учир нь өмнөх бондын өрийг дарахын тулд дараагийн бондыг илүү хатуу нөхцлөөр өндөр хүүтэй, богино хугацаатай босгож байсан юм. Босгосон мөнгийг өмнөх өрөө дарахад л зарцуулж байснаас үлдэгдэл бага байсан тул “Хөгжлийн банк” сэхэхгүй байв.
Ингээд “Хөгжлийн банк” нь манай гадаад өрийг зүгээр л юүлчихдэг ёроолгүй сав болон хувирсан юм. Үүнийг ороолон гээд байгаа юм. Манай ЗГ-ын 2017 оноос хойш гаргасан бүх бондын мөнгө энэ ёроолгүй нүхээр урссан. Одоо манай өр ДНБ-тэйгээ тэнцэж байна. Энэ ёроолыг яаж бөглөх аргаа олохгүй байлаа. Гол нь асар их мөнгийг хэт таатай нөхцлөөр авсан улстөрчдийн компаниуд зээлээ төлөхийн оронд ЗГ-аа дарамталдаг болсон байв. Н.Алтанхуягийн ЗГ-ын гаргасан “Чингис” бондоос хойш босгосон бүх өрийг “Хөгжлийн банк”-ийг тоносон адгийн шаарууд төлөх ёстой! Чихээ огтолж өгөөд ч болов.
Ингээд гадаад өр дийлдэхээ байв. Ганц шалтгаан нь “Хөгжлийн банк”. Тэр их өрөөс ард түмэн, улс оронд түй ч наалдаагүй юм. Ч.Хүрэлбаатар коммунист эдийн засагч учраас үүний учрыг олоогүй юм. Харин улстөрийн аргаар шийдэхийг оролдохдоо гадаад өрийг ямагт нэмж, өрийн төлбөр барагдуулснаараа гайхуулах гээд ама алгадуулж, сүүлдээдуу нь гарахаа байжээ. Төсвөө харахаар болох юм шиг авч “Хөгжлийн банк” гэгч бүх мөнгийг нь сорж байв.
Ингээд аргаа бараад У.Хүрэлсүх “Хөгжлийн банк”-ыг шалгахаар шийджээ. Хэд хэд шалгасан л даа, УИХ-ын ажлын хэсэг. Гэвч тэд шалгалтын эрхээрээ ашиг олдог тул ганц хоёр хуулийн заалт өөрчлөх төдийгөөр аргацааж, бусдыгаа хаацайлж байв. Харин ЗГ-ын “Ажлын хэсгийг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж бөгөөд шалгалтын дүгнэлт материалаа АТГ-д 2019.05.24-нд шилжүүлсэн юм. Өнөөдөр бараг бүгдээрээ хамгийн сүүлчийн энэ баримтыг л ярьж байна” гэж судлаач Д.Ганхуяг бичсэн нь үнэн.
Айсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр улайрчээ. Тэр ер нь банкнаас их айдаг болчихсон юм. Оронд нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болов. Тэгээд Сангийн сайдаар “банк мэддэг хүн” тавьсан нь одоо энэ Б.Жавхлан юм даа. МАН-ынхан Л.Оюун-Эрдэнэд бүх эрхийг өгөлгүй их чаргууцалдав. Нэг шалтгаан нь “Хөгжлийн банк”-ны асуудлыг АТГ-д өгсөн! Хэрэв намын даргын эрхийг авбал дийлдэхгүй... Ихээхэн будлиан, чармайлтын эцэст Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авлаа. 2021 оны 11 сарын 19-нд “Миний хувьд хариуцлага тооцоод явна шүү! Өнгөрсөн хугацаанд 87 хүний хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явна. Бидний хувьд тогтворгүй 30 жил байлаа... Асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж занасан байлаа.
Ийнхүү явсаар “Цагаан сар”-ын үеэр “Хөгжлийн банк”-ны асуудал задрав, задрав гэж задласан болов уу? Үүнээс цааш яаж ч нуугаад идээ бээр нь цугласан энэ хавдрыг нууж явах бололцоо байхгүй болсон юм. “Хөгжлийн банк”-ны асуудал задармагц МАН-аас мэдэгдэл гаргаж тус банктай холбоотой этгээдүүдэд нам харгалзахгүй хариуцлага тооцохын төлөө байна гэж мэдэгдлээ.
Би тэртээ 2006 оны сар шинийн дараахан “Хадгаламж” банкны 14,3 тэрбум төгрөгийн луйврын асуудлыг АН-ын шилэн танхимд хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлж байсан тэр үе санагдаж байна. Тэр үйл явц МАСЗХ мөхснөөр улстөрийн амжилт олсон юм. Харин түүнийг анхиагүй АН ашиглаж чадаагүй, одоо гөлөг болоод хэвтэж байгаа. Түүх давтагдаж байгаа юм биш биз? Эхнийх нь инээдэм болоод өнгөрсөн бол энэ удаад луйварчдын эмгэнэл болох цаг нь ирсэн юм биш биз?
Одоо улстөрийн үнэлгээ. Хөгжлийн банкны 1,7 их наяд төгрөг бол тэр үеийнхээс 120 дахин их мөнгө! Ойролцоогоор 600 сая ам.долларын асуудал. Гэхдээ энэ бол 2019 оны ЗГХЭГ-ын шалгалтаар илэрсэн зөрчил. Ахиад цааш нь ухвал хэд болохыг ёстой таашгүй юм. Үүнд МАНАН (хууччуул) төдийгүй сүүлийн үед улстөрд гэнэт гарч ирсэн зарим МАН-ын залуучууд ч хамрагдагдаж байна. Боловсон, соёлтой, зассан сахалтай, торгон зангиатай шинэ цагийн банкирууд, санхүүчид гэгдэх тэд ч цүнх барьж байхдаа энэ хэрэгт гараа лавхан шургуулж амжсан байна. Улаан луйварчид...
Хэрэв энэ хэргийг сайтар мөрдөн шалгавал “Хөгжлийн яам” байгуулчихаад, Хөгжлийн банкны мөнгөөр Архангайд бараг боодолтой мөнгө өрж зам тавьж байгаа гэж сагаж явсан Фортуна Батбаяр, барьсан замыг барина гэж хэдэн арван тэрбумаар нь сувдагладаг Гарамгайбаатараас эхлээд сая дурдсан луйварчдыг хүртэл бүхэл бүтэн үе, нам дамнасан адгийн шааруудыг цэвэрлэх боломж олдоно. Үүнд нам хамаагүй, хэрэв гэмтэй бол АН-ынх байна уу, МАН-ынх байна уу зүгээр л чөтгөр шулам руу нь тонилговол таарна. Хэрэв нарийн шалгаж чадвал үүгээр АН-ыг бараг л устгачих байх, тэгвэл хуучин бохир борог өвсөн доороос шинэ цэвэр залуучууд цоройн гарч намаа бүрэн шинэчлэх нь дамжиггүй!
Өмнөх үеийн улстөрчид, 30 жил хулгай, луйвраар иргэдийн цус, нулимс, итгэл сэтгэл дундуур туучсан бүхэл бүтэн үеийг улстөрөөс цэвэрлэх, шинэ үе тэр шинэ сэргэлтийн бодлогоороо байна уу, юугаар байна уу хамаагүй засаглах, ирээдүйг гэгээтэй харах нэг боломж гэж үзэж байна. Ямар ч муу юманд сайн тал байдгийг бодвол энэ л сайн тал байх. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, за нам талаасаа Д.Амарбаясгалан нар хамжаад үүнийг цэвэрлээд өгвөл түүхэнд үйлдсэн буян чинь тэр л байх болно. Зөвхөн үүнийхээ төлөө ямар ч нүгэл үйлдсэн өршөөхөд би лав бэлэн байна.
3 дугаар сарын дунд үеэс хуучуул ЗГ-ын байх эсэх асуудлыг сөхөж ярихаар бэлтгэж байгаа шум дэгдэж байсан боловч энэ удаад Л.Оюун-Эрдэнэ өрсчих шиг боллоо. Хууль зүйн сайд нь БНСУ-д яваа юм байна, бодвол “Хөгжлийн банк”-ны анхны солонгос мэргэжилтэн, зөвлөхүүдтэй уулзаж яваа байлгүй... Энэ асуудлыг шийдэх бүхий л алхамыг дэмжих л ёстой гэж бодож байна. Буян үйлдэгч жилдээ миний хийх буян энэ байх, харин сайжруулахыг эрх барьж байгаа нь мэднэ биз...
Жич: Хэрэв Та бүхэн нарийн тоо баримт, он цагийн дараалал уншихыг хүсвэл судлаач Д.Ганхуягийн “Хөгжлийн банкны адал явдал” өгүүллийг уншиж үзэхийг зөвлөж байна. Судлаач ах хроник, тоо баримт дээр ажиллаж, би ерөнхий систем, санхүүгийн арга ажиллагааг нь төнхөж үзэж байгаа юм. Сайн, муу ч хамаагүй үнэт цаасны анхны курсын мэргэжилтнүүдийн нэг ухаантай юм болохоор...
(Үргэлжлэл бий)
А.Баатархуяг
Зочин · 2022/02/11
Одоо ард түмэн минь параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний буюу ард түмний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүйг бид харлаа төрийн түшээд эрхэм гүшүүд минь