Монгол "моод" болох уу?
2022/02/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар мэдэгдэл хийлээ. Тэр “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын “Улбар шар" түвшинг “Шар” түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэхүү шийдвэрийг вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт гуравдугаар тунд 52 хувь, дөрөвдүгээр тунд одоогийн байдлаар 90 орчим мянган хүн хамрагдсан үзүүлэлт болон халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо ийнхүү зарлаж байна. Ингэснээр иргэн Та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарлалтууд өнөөдөр цуцлагдаж байна” гэв.
Түүнчлэн Ерөнхий сайд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчид, жуулчдыг хүлээн авахад бэлэн болж байгааг зарлав. Тэдэнд саадгүй үйлчилж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг төрийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Харин экспортын хэвийн байдлыг хангахын тулд хоёр хөрштэй хуурай замаар хиллэдэг боомтууд халдвар хамгааллын дэглэм, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр үлдэж байгаа аж. Ер нь энэ хоёр жилд хүн төрөлхтөн маш их хохирол амслаа. Гэхдээ ковидтой зэрэгцэж амьдарч бараг сурав.
Өвчин ямар хэцүүг, хүн ямар өчүүхэн гэдгийг мэдэцгээлээ. Амьдралын хэв маяг ч ихээхэн өөрчлөгдлөө. Бас манай Монголын амьдрал Хятадын ганцхан боомтоос хамааралтайг ханатлаа ойлголоо. Орос ганц крант мушгихад монголчууд явж байсан зам дээрээ нам гацахыг ч хангалттай мэдэрлээ.
Монгол Улсын хувьд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа хатуу хөл хорио тогтоожээ. Хатуу хөл хорионд нийтдээ 79 хоносон байна. Энэ нь бараг юу ч үйлдвэрлэдэггүй, амьжиргааны түвшин нь “газар доогуур” орчихсон монголчуудын хувьд маш их хохирол авчирсан.
Тийм ч учраас нөгөө жаахан экспорт маань тасарсан. Олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан. Мөн сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэх боломжгүй болсон. Үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьсан. Ингэсээр 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан. Улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан. Ерөнхий сайдын хэлсэнчлэн энэ ковид бол манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэрхшээл, шинэ сорилтыг учруулсан.
Харин энэ бүх хүндрэл дундуур Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтыг хүчээр шахам хийсэн. Жилийн өмнөх энэ өдөр, 2021 оны хоёрдугаар сарын 16-нд анх ковидын эсрэг вакциныг татаж авах ажлыг эхлүүлж байв. Тэгээд Ковакс хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Астразенека вакциныг оруулж ирсэн. Хоёрдугаар сарын 23-нд вакцин тарьж эхэлсэн.Араас нь Хятад, Орос, Америкийн вакцинуудыг авчирч тарьсан. Тэрнээсээ болж их ч гөвүүлсэн дээ. Вакциныг эсэргүүцдэг “дэлхийн сүлжээ” ч энд ажиллаж, цахим сүлжээгээр вакцины эсрэг тархи угаалт хүчтэй явсан. Одоо ч үргэлжилж байна. Гэхдээ энэ дундуур вакцинжуулалт явсаар өчигдрийн байдлаар нэгдүгээр тунд хүн амын 69.8 хувь, хоёрдугаар тунд, 66.8 хувь, гуравдугаар тунд 31 хувь, дөрөвдүгээр тунд 2.8 хувь хамрагдаж амжжээ. Одоо ч гурав, дөрөвдүгээр тундаа хамрагдахыг гуйсаар байгаа юм.
Чухамдаа энэ вакцинжуулалт сайн явсан нь л ийн хилээ нээж, эдийн засгийн сайн мэдээний сураг сонсгож буй юм. Манайх шиг ийм шийдвэр ДЭМБ-аас 2023 он гэхэд дэлхийн хүн амын 60 хувийг вакцинжуулах зорилт тавиад байгаа юм байна. Ингэхийн тулд 10 тэрбум тун вакцин шаардлагатай гэжээ.
Тиймээс биднийг ингэж байхад Япон, Солонгос зэрэг улсууд ковидын омикрон хувилбарт нэрвэгдэж байна. Ковидын эсрэг арга хэмжээгээ улам бүр чангалж байна. Гэтэл манайд омикроны дэгдэлт өндөр биш байгаа юм. “Хоёрдугаар сард Монгол Улсад омикроны халдварын тохиолдол өдөртөө 20 мянга гаруй бүртгэгдэнэ” гэж судалгаа гаргаж өгсөн ДЭМБ гайхаж хоцорсон тухай мэдээлэл байна. Тиймээс дахин судалгаа явуулж “Монгол Улсад сүргийн дархлаа үүссэн байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.Түүнээс гадна өнгөрсөн жил шахмын хугацаанд Монгол Улс хатуу хөл хорионоос татгалзаж, бүх төрлийн бизнес, үйлчилгээг нээх, улс төрийн сонгуулиудыг хэвийн явуулах зэргээр эрсдэлтэй арга хэмжээ авч байсан нь өнөөдөр онож байгаа юм. Ийм арга хэмжээг зарим улс орнууд одоо авч эхэлж буй аж. Нэг үгээр хэлбэл, вакцинжуулалтыг өндөр хувьтай зохион байгуулж, зарим талаар тэнэгдүү шийдвэр гаргаж явсаар өнөөдөр шар түвшинд шилжиж буйгаа зарласан Монгол Улс бусад олон улс орны анхаарлыг татаж эхэлсэн байна. Энэ талаараа Монгол “моод” болж мэдэхээр байна.
Б.Тулгат