“Ардчилсан намаас мэдээлэл хийнэ” гэхэд “Хэнийх нь тал вэ” гэж заавал асууна. С.Эрдэнийн эсвэл О.Цогтгэрэлийнх гэж өмнө нь заавал тайлбар бичнэ. Нэг хэсэг М.Тулгатын нам гэж ярьж, бичсэн. Одоо Х.Баттулгын намынхан гэлцэх шинэ сэдэв нэмэгдсэн. Тэгэхгүйгээр хэн нь юу яриад байгааг ойлгохгүй.

Юун сөрөг хүчин, цөөнх, АН ийм болтлоо жижгэрч бас хувьчлагджээ. Ардчиллын буян, түүгээр нэрлэсэн улс төрийн хүчнээр танигдсан лидер гэх хүмүүс нь хувааж аваад өмчилчихөж. Монголын улс төрийг ширэнгэн ой гэвэл өнөөдөр АН-ынхан түүн дотор төөрсөн сармагчин лугаа үсчиж байна.

 

 

Энэ янзаар байвал 2024 оны сонгуульд дахин ялагдах бололтой. Тэгэхгүй гэх аваас зүг чигээ олох “луужин” нь чухам хэнд байна вэ. Ийм луужин байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Эдгээр асуултад хэн тов тодорхой хариулах бол. Гэтэл бас хэн ч гарч ирээд ярьсан “Үнэн” гэж хүлээж авах итгэл, үнэмшил нийгэмд маань алга. АН- ын дарга хэн бэ гэсэн ганц асуултад л гэхэд дөрвөн хүнийг нэрлэж, тамга нь хаана байна гэхэд энд тэндгүй.

 

Ингэхэд АН хүчтэй болтол хэдэн сонгуулийн хугацаа хэрэгтэй юм бол. 2016 онд гурван сонгууль дараалан өвдөг шороодчихоод байхад нь ардчилсан хүчинд хамаардаг залуус хүчээ нэгтгэж чадвал байдал өөрчлөгдөнө. Чадахгүй бол дор хаяж хоёр сонгуулийн хугацаа хэрэгтэйг судлаач, ажиглагчид хэлж байв. Өнөөдрийг хүртэл залуус гарч ирж бужигнуулсан юм алга. Өвгөн партизануудынх нь ярианаас өлгөж авах зүй хомс. Улс төрд нас, хүйс хамаагүй. Харин хэн хэнээ ойлгох, нэгдэж нягтрах нь том хүч болдог гэлцдэг. Энэ чанар АН-д дутав.

 

 

Одоо С.Эрдэнэ, Х.Баттулга нарын улс төрийн дэвжээн дээрх “барилдаан” юу болж төгсөх бол гэсэн хүлээлт гишүүдэд нь байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тал намын даргын сунгаа зохион байгуулж, манай нэр дэвшигч 90 хувиар ялсан хэмээн Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан. С.Эрдэнэ болохоор “Хууль ёсны намын дарга нь би. Жинхэнэ тамга нь надад байна” гэдэг.

 

 

Түүнийхээр бол энэ удаагийн сунгаа нь хүчингүй, нэг ёсондоо жүжиг. Санал өгсөн гишүүд гэх хүмүүс О.Цогтгэрэлийн компанийн ажилчдаар ирц бүрдүүлсэн байж мэднэ хэмээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон Х.Баттулга, түүний өмгөөлөгчид “Намын  гишүүд нь сунгаа явуулж даргаа сонгосон байхад бүртгэлийн  асуудал  хариуцдаг.  Улсын дээд  шүүх зөвхөн  бүртгэх л үүрэгтэй” гэж  мэдэгдсэн.  Тайлбар, тодруулга   авъя гэсэн  хэвлэлийнхэнд “Бид  Улсын  дээд  шүүхийн  хариуг  хүлээнэ. Түүнээс  өмнө ам нээхгүй” хэмээн үүдэн дээрээсээ  буцааж  буй.

 

Улсын Дээд Шүүх эрх баригчдад үйлчилж, АН-ыг хүчгүй байлгах үүднээс зориуд гацааж, олонхиор сонгосон шинэ даргыг батламжлахгүй байна гэсэн утгатай үгийг УИХ дахь АН-ын 13 гишүүн хэлдэг. Түүнийг цаг хугацаа харуулах биз. Харин хууль шүүхийн байгууллага баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг.

Түүнээс С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг жин дээр зогсоож барьсан цүнхнийх нь хүнд хөнгөнийг хэмжихгүй л болов уу. Ард түмэн хэн болохыг нэгэнт таньсан байхад намын толгойд байх гэж үхэлдэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Хамгийн гол нь АН-ыг С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь удирдахдаа бус ардчилагчид үнэт зүйлээ хэрхэн хамгаалдагт, ардчиллыг аврахад, үндэсний аюулгүй байдлын төлөө нэгдэж чаддаг эсэх нь АН-ын зүг, чигийг заах болов уу.

 

 

Ч.Олдох

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин