Монгол Улсын хилийн төмөр замын хоёр дахь гарцыг нээж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр зам ашиглалтад орлоо. 

Энэ төмөр зам Хятадын Мандал боомттой холбогдсоноор манай улсын импорт, экспортын эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн уг бүтээн байгуулалтыг дагаж 1,300 орчим ажлын байр орон нутагт бий болж байгаа аж.

Монгол инженерүүдийн ур ухаанаар найман сарын дотор ашиглалтад орсон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь 20-25 сая тонн ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадалтай. Хэрэв авто замаар явбал 5-8 сая тонн ачаа тээвэрлэнэ. Тиймээс ч экспорт руу чиглэсэн төмөр зам эдийн засгийн сэргэлтийг бий болгох давуу талтай гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв. 

Дорноговь аймгийн Зүүнбаян багаас Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгаар 226.9 километр өртөөчлөх төмөр замын талаарх товч мэдээллийг танилцуулбал, 

  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байгаа эхний шатанд долоон сая тонн хүчин чадлаар тээвэр эхэлнэ. Ирэх онд хүчин чадал 15 сая тоннд хүрэх бол 2024 онд жилд 20-25 сая тонн ачаа тээвэрлэх юм байна. 
  •  Төмөр замын ачаа тээвэрт 4,000 вагон ажиллана. Үүнээс 3,000 вагон нь задгай болон чингэлгийн хосолмол зориулалттай аж. Энэхүү загварын захиалагч нь "Монголиан транс лайн", "Монголиан транс ложистик" нэгдэл. 
  •  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг дээрх хоёр компани хийж гүйцэтгэжээ.

"ӨГЛӨӨ НАР МАНДАХААС ОРОЙ ЖАРГАХ ХҮРТЭЛ НАЙМАН САРЫН ХУГАЦААНД ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ, ӨНӨӨДӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА НҮДЭЭР ҮЗЭЖ БАЙНА"

Өмнө нь урд хөрштэй хиллэсэн, төмөр замаар нэвт гарах боломжтой ганцхан газар байсан. Тэр нь Замын-Үүд. Тэгвэл одоо хоёр дахь гарцыг нээж байна гэдгийг "Монголиан транс ложистик" ХХК-ийн Замын албаны дарга Б.Батсайхан ярилаа. 

Өргөн, нарийн цариг хослуулсан энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулсан юм. 



Тэрбээр "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад найман сарын хугацаанд 3,500 гаруй хүн ажиллаж, 1,600 орчим техник хэрэгсэл ашигласан. Төмөр зам баригдаж буй байршлаас шалтгаалж тулгарсан хүндрэл нь говь нутгийн элс, шуурга байлаа. Гэхдээ гадаа шалба норох хэмжээний их бороо цутгахгүй л бол бид ажилласаар л байсан. Өглөө нар мандахаас орой жаргах хүртэл найман сарын хугацаанд тасралтгүй ажиллаж, өнөөдөр бүтээн байгуулалтаа нүдээр үзэж байна. 

Бид замын эхлэлээс эцсийн цэг хүртэл нүүдлээр ажиллаж, хүн хүчээ хуваарилж байсан. Зам угсралтын ажлыг хоёр зэрэг эхлүүлсэн нь цаг хугацаа хэмнэсэн алхам байв. Өөрөөр хэлбэл, замын эхлэл 0 цэгээс нэг хэсэг нь ажиллаж, замын төгсөл боомтоос нөгөө хэсэг нь ажлаа зэрэг эхлүүлсэн. Түүнчлэн машин механизмуудыг нааш авчирч, Ханги өртөөнд байршуулснаар мөн цаг хэмнэсэн. Улмаар замын угсралтын ажлыг дундаа уулзаж дуусгалаа" хэмээн хэлэв.

Төмөр замын өргөн, нарийн царигийн ач холбогдол...

Энэ талаар "Вагоны дугуй хоёр зам дээгүүр явдаг. Энэхүү хоёр замын хоорондын зай нь цариг.

  • Өргөн цариг нь 1,520 мм
  • Нарийн цариг нь 1,435 мм байдаг.

Өөрөөр хэлбэл, замын цариг нь хоорондоо 8.5 сантиметрийн зөрөөтэй гэсэн үг. Хятад улс нарийн царигтай. Харин Орос улс өргөн цариг ашигладаг. Төмөр замаа ингэж тавьдаг учраас хөдлөх бүрэлдэхүүн нь түүндээ таарсан дугуйтай гэсэн үг. 

Манай төмөр замын нарийн цариг нь 14 километр газар тавигдсан. Ханги өртөөнөөс эхлээд урагш нарийн царигтай гэсэн үг. Хятад улсын тухайд нарийн царигийн хөдлөх бүрэлдэхүүнтэй учраас шилжүүлэн ачилт хийхгүйгээр манайх руу шууд оруулах боломжтой болно" гэдгийг Замын албаны дарга Б.Батсайхан хэлсэн юм.

Монгол, Хятадын төмөр замыг холбох ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ярилаа.

Энэ тухай "Ханги, Мандалын төмөр замын холболтын цэгийг Хятад улсын засгийн газартай тохирох асуудал үлдсэн. Үүнд Засгийн газар, төрийн тэргүүн онцгой ач холбогдол өгч анхаарч байгаа. Энэ ажлыг ойрын хугацаанд шийдсэнээр Хятад-Монголын төмөр зам хоорондоо холбогдож, ачаа барааг саадгүй тээвэрлэх боломж бүрдэх юм" гэв.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зарим тоон мэдээлэл...

  • 170 гаруй аж ахуй нэгж
  • 14 сая м3 газар шорооны ажил
  • 2 өртөө зургаан зөрлөг 
  • 616,000 м3 бутармал чулуу
  • 230 км 10кв-ын эрчим хүч
  • 235 цэгт төмөр бетон хоолой
  • 4 цэгт төмөр бетон гүүр 
  • 470,400 ширхэг төмөр бетон дэр 
  • 22,400 ширхэг зам төмөр
  • ДТХ ба холбоо 
  • 500 км хос шилэн кабель 
  • 34 байршилд гүний худаг

МСҮТ-Д ВАГОН ҮЗЭГЧ, ЗАСВАРЧНЫ МЭРГЭЖЛЭЭР 100 ГАРУЙ ОЮУТНЫГ БЭЛТГЭЖ, АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОСОН БАЙНА

МСҮТ-ийн хоёр сарын сургалтаар онолын хичээл үзэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан Вагон үзэгч, засварчин Э.Эрдэнэчулуун "Би долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцлоо. Миний хувьд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох нь дадлага, туршлага олж авах суурь болсон. Зам төмөр болон угсралт дээр их ажиллалаа.

Ийм том бүтээн байгуулалтын нэг хэсэг болсондоо оюутнууд бид баярлаж байна. Энд надтай нийлээд 20 гаруй эмэгтэй оюутан ажилласан. Хүйтэнд хөрж, халуун хална гэдэг нь хувь хүнээс маш их тэвчээр шаардана. Энэ бүх хүч хөдөлмөрөө өнөөдөр харахад таатай байна" гэлээ.

"ЭНЭХҮҮ ТӨМӨР ЗАМААР ХОНОГТ 8-9 ГАЛТ ТЭРЭГ ХЯТАДТАЙ СОЛИЛЦОНО"

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон учраас арванхоёрдугаар сарын 10-нд эхний галт тэргийг Ханги өртөөнд авчрахаар төлөвлөж байна. Одоогоор хилээр галт тэрэгтэй гарч болохгүй учраас авто машинаар шилжүүлэн ачилт хийнэ гэдгийг "Монголиан транс лайн" ХХК-ийн захирал М.Баяжаргал ярив.

Хөдөлгөөний зохион байгуулалт болон концессын гэрээний талаар түүнээс тодрууллаа. 



Тэрбээр "Төслийн анхны Техник, Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) нь 400 орчим сая доллар байсан. Энэ өртөг цар тахлын хүндрэл болон түлшний үнэ зэргээс шалтгаалж тодорхой хэмжээгээр өссөн. 

Энэхүү төмөр зам нь хүнд даацын гуравдугаар зэрэглэлийн зам буюу ачааны зам. Жилд 20-25 сая тонн шилжүүлгийн ачаа ачна хэмээн тооцож байгаа. Хоногт 8-9 галт тэрэг хятадтай солилцох тооцоотой ажиллаж байгаа. Манай байгуулсан концесс 20 жилийн хугацаатай. Энэ хугацаанд үнэ төлбөргүй улсад буцааж өгөх ёстой. Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг тооцоо судалгаанд суурилж хэлэх боломжтой" хэмээн ярив.

"ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГТ ХУЛАНГИЙН СҮРЭГ ИХ БАЙДАГ УЧРААС ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ НҮХЭН ГАРЦ, ЗАМ ДЭЭГҮҮР ГАРАХ БОЛОМЖИЙГ Ч ТООЦООЛСОН"

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын зураг төслийн зохиогчоор Э.Жавхлан, Б.Золбаяр нар ажилласан байна.

Тэд хэлэхдээ "Зураг төслийн даалгавар нь А цэгээс Б цэгийг холбох даалгавар. Энэхүү төмөр замын зураг төсөл нь А, Б хоёр цэгээс С цэгийг холбох болж байгаа юм. Хамгийн бага зардлаар аюулгүй байдлыг хангах зураг төсөл хийх даалгавар орж ирсэн. Ерөнхийдөө хов хоосон тал дээр очиж хараад л хаагуур явах уу гэдгийг өөрсдөө шийднэ гэсэн үг.

Хангийн цаана байгаа хятадын талд тэр чигтээ аж үйлдвэр нь байдаг. Манайхаас төмрийн хүдэр, нүүрс, түүхий эд авах утгаар Ханги боомттой холбож байна гэдэг нь аль аль талдаа амар болно. 

ТЭЗҮ буюу техник эдийн засгийн хүрээнд таван боломжит хувилбар гаргасан. Үүнээс хамгийн оновчтой нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр зам байсан. Төмөр замын зураг хийгдэж, бүтээн байгуулалт эхлэхээс өмнө бүх судалгаа хийсэн. Түүнчлэн байгаль орчны нарийвчилсан судалгааг хийж өгнө.

Энэ нутагт хулангийн сүрэг их байдаг учраас нүхэн гарц болон зам дээгүүр гарах боломжийг нь хангаж өгнө. Түүнчлэн дархан цаазтай газруудаар дайрахгүйгээр тойруулж явна. Тэр байтугай айлын эзэмшил газрыг хүртэл дайрч болохгүй. Тэгэхээр олон талаас нь тооцоолж зураг төслийн ажлыг гүйцэтгэдэг" гэсэн юм.

Монголын говьд төмөр замын бүтээн байгуулалтыг хийж, дараагийн Замын-Үүдийг ийнхүү нээлээ.