А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон ч тоног төхөөрөмжгүйгээс 250 орчим хүүхэд явж чадахгүй байна
2 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 341 дүгээр цэцэрлэгийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч өнөөдөр өглөө.
Уг цэцэрлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон ч тоног төхөөрөмжийн дутмаг байдлаас шалтгаалж хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй байгаа аж.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сандал ширээ, зөөлөн хатуу эдлэл, ор, гудас зэргийг бэлтгэх хугацаа Боловсролын яаманд байсан. Гэтэл хоёр долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад нөхцөл байдал ийм байна.
Жишээлбэл өнөөдөр бид тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг дээр ирээд байна. Тус цэцэрлэг 2024 оны арванхоёрдугаар 12-нд ашиглалтад орсон. Гэтэл уг цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж, ширээ, сандал, хүүхдүүд унтаж амрах зөөлөн эдлэл байхгүй.
Хамран сургах тойрог хамаарахгүй тусгай хэрэгцээт 50 гаруй, энгийн 200 гаруй хүүхэд цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй, хүлээж байна.
Тус цэцэрлэгийн гадна, дотно тохижилт, тоглоомын талбайг байгуулах ажил дууссан. Харин анги танхимд нь тоглоом, сандал, ширээгүй хоосон. Нийслэлийн хэмжээнд яг ийм байдалтай цэцэрлэг 20, сургууль 13 байна.
Хичээлийн тоног төхөөрөмж, ширээ сандалгүйгээс нийт 10,500 хүүхэд сургуульдаа явж чадахгүй байгаа. Үүнээс болж сургуулиуд гурван ээлжээр 50, 60-уулаа хичээллэхээр болж байна.
Харин цэцэрлэгийн насны 3,700 хүүхэд тоног төхөөрөмжгүйгээс явж чадахгүй байна. Энэ нөхцөл байдлын тухай Боловсролын яаманд удаа дараа хүсэлтээ тавьсан.
Эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс нийслэл хүүхдүүдээ авахгүй, ажлаа хийж чадахгүй байна гэж хариуцлага ярьж байгаа. Боловсролын яаманд бүх эрх мэдэл нь бий. Өөрсдийн зөвлөлөөр дамжуулан бүх сургууль, цэцэрлэгийн захирлууд, Боловсролын Ерөнхий Газар, Нийслэлийн Боловсролын Газрын даргыг тус яамнаас томилдог. Боловсролын яамнаас сургуулийн ширээ, сандал, цэцэрлэгийн хүүхдүүдийн ор, тоглоомыг хангаж өгөх чиг үүрэгтэй. Бусад ажлыг нийслэл хариуцдаг.
Сургууль, цэцэрлэгийн барилгын шинээр барих гүйцэтгэгч компанитай гэрээ хийх, хяналт тавих, нэмэлт төсвийг өгөх, ашиглалтад оруулах, их засварын ажлыг хариуцдаг. Энэ жил сургууль, цэцэрлэгийн их засварт зориулж нийслэлийн төсөвт 60 тэрбум төгрөгийг баталсан. 177 сургууль, цэцэрлэгт 30 тэрбум төгрөгийн их засварыг хийж байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн их засварт дөрвөн тэрбум төгрөг зарцуулдаг байсан юм билээ.
Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ус, дулаан, хийн шугам сүлжээний бүх засварыг хийж байгаа юм. Үүнд НЗД-ын нөөц хөрөнгөөс 6.8 тэрбум төгрөгийг гаргаж сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг солихоор болоод байна. Шугам, сүлжээг солихгүй болохоор сургууль, цэцэрлэгийн барилга нь хөлдөнө. Боловсролын яаманд хүсэлт тавихаар "Мөнгө байхгүй" гэдэг" хэмээв.
Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч: Боловсролын яам энэ оны төсөвт сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг авах төсвийг тусгуулж авсан болов уу?
-Боловсролын яам жил бүр сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн төсвийг тусгуулж авдаг, өөрийнх нь чиг үүрэг.
Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг авч өгч болно. Өмнө нь авч өгдөг байсан. Гэхдээ нийслэл, дүүрэгт аудитын шалгалтаар Боловсролын яамны чиг үүргийн ажлыг гүйцэтгэж байна гэж акт тавьдаг. Аудитаас актыг уг шийдвэрийг гаргасан хүнд тавьдаг.
Боловсролын яам сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлийг авч өгнө гэж улсын төсөвт хэдэн тэрбумаар нь төсөв тавиулж, тендер зарлаж худалдан авалт хийдэг.
Яамныхантай очиж уулзахад "Хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн асуудлыг өөрсдөө шийд" гэсэн хариу өгсөн. Ингэхээр сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байгаа компанийг шахаж ажиллуулаад хугацаанаас нь өмнө оруулсан нь нийслэлийн буруу болж байна.
Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг авах тендер зарласан, маргаан гарсан гэх хариуг өгөөд байгаа.
Дараа жил 12 цэцэрлэг ашиглалтад орно.
Зочин · 4 минутын өмнө
ANUSDI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSDI80955877