2022 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал
2022/12/21
-"ТВ9" телевиз, "Зууны мэдээ" сонин 2022 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг экспертүүдтэй хамтран нэрлэж байна-
Хөдөлмөрийн баатар Б.Жигжид бичиж байна.
“Мянганы зам”-ын их бүтээн байгуулалт 22 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусав
2000 оны УИХ-ын сонгуульд МАХН /хуучин нэрээр/ ялж, төр засгийн удирдлагын бүтэц бүрэлдэн тогтож, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдан цаг үеийн хийгээд хэтийн хөгжлийн бодлого, хэрэгжилтийн ажлууд хийгдэж эхлэв.
МАХН-ын үнэмлэхүй олонхийн суудал авсан УИХ, Засгийн газрын удирдлагууд улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох стратегийн томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байлаа. Үүний нэг баталгаа, бодит илрэл нь Монгол Улсын автозамын сүлжээг сайжруулах “Мянганы зам” хэмээх нүсэр санаанд багтамгүй төсөл байсан юм.
Тухайн үеийн УИХ-ын дарга агсан Л.Энэбиш нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Нам маань үнэмлэхүй ялалт байгуулчихлаа. Одоо улс орны хэмжээнд хөгжлийн том төсөл хэрэгжүүлмээр байна. Монгол Улсын автозамын сүлжээг хөгжүүлье” гэж шууд хэлсэн. Би ч дэмжсэн. Мөн тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Энхбаяр маань ч энэ төслийг ажил хэрэг болгохоор зүтгэсэн дээ.
Анх бид гурав ярилцахад миний зүгээс “Зууны зам” гэж нэрлэх санал гаргаж байсан удаатай. Гэвч Л.Энэбиш гуай “Энэ төсөл асар өндөр ач холбогдолтой, бүрэн хэрэгжүүлснээр мянган жил дурсагдана. Зам дагаж хөгжил гэж мэднэ биз” гэж билээ. Харин Ерөнхий сайд Н.Энхбаяр “Төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгээс эхлээд хүндрэл бэрхшээл гарна. Гэхдээ улс орны ирээдүйн төлөө зориг гаргах хэрэгтэй” гэсэн билээ. Ингэж “Мянганы замын их бүтээн байгуулалт” гараанаас хөдөлж байсан юм.
Тухайн үед автозамын сүлжээг хөгжүүлнэ гэдэг амар байгаагүй. Улаанбаатараас Өвөрхангай хүртэл эвдэрхий замтай, Сэлэнгэ, Эрдэнэт рүү хатуу хучилттай магистралын ганц замтай ийм л улс байсан шүү дээ. “Мянганы зам” төслийг хэрэгжүүлж эхлэхэд үнэндээ бидэнд хөрөнгө мөнгө ч байгаагүй. Их том зорилго, тэмүүлэлтэй хүмүүс л эхлүүлсэн. Тухайн үед автозам барихаар Улсын төсөвт 50 сая төгрөг л тавьдаг байсан гээд бод доо.
Ингээд 2000 оны төгсгөл гэхэд Засгийн газраас “Мянганы замыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндэсний хөтөлбөр”-ийг батлаад Үндэсний комисс байгуулсан. Би тэр комиссын даргаар нь ажиллаж, бүх сайд нар, бүх аймгийн Засаг дарга нарыг энэ комисст оруулсан. Улмаар 2001 оны нэгдүгээр сарын сүүлчээр УИХ-аас “Монголын автозамын сүлжээг хөгжүүлэх босоо болоод хэвтээ замын Мянганы зам төсөл”-ийг баталсан. Энэ төслийг үндэсний хэмжээнд орон даяар хэрэгжүүлсүгэй гэсэн УИХ-ын тогтоолтой. Парламентаараа тогтоолоо батлуулж аваад л манай Засгийн газар пижигнэж эхэлсэн дээ.
Өвлийн ид хүйтнийг ажралгүй “Мянганы зам”-ын шавыг тавьж ажилдаа орсон. Манай Засгийн газрын тэргүүн Н.Энхбаяр, холбогдох сайд нар явж баруун талаар Улаанбайшинт, зүүн талаар Сүмбэрийн Рашаантын застав гээд бараг 2900 км газар, таван босоо тэнхлэгтэй замын ажлыг төлөвлөж эхлүүлсэн. Хайгуул хийнэ, зураг төсөл боловсруулна, ТЭЗҮ-г гаргана. Энэ бүхэнд маш их мөнгө хэрэгтэй болсон. Салбарын сайдын хувьд бүх ажил над дээр унасан даа. Ямартай ч тухайн жилээ баруун талаас нь ажлаа эхлүүлсэн.
Геодезийн хайгуулаа бид онгоцоор хийсэн. Тухайн үед 200 км замын ТЭЗҮ-г боловсруулахад л нэг сая ам.доллар болж байлаа. Ингээд Азийн хөгжлийн банк, Энэтхэгийн томоохон бизнесийн компаниуд гээд хөрөнгө босгохоор хандаагүй газар ховор. Ер нь бидэнд зээл, тусламжаар хэрэгжүүлэхээс өөр арга байгаагүй. Гэхдээ л Мянганы замын төслийн ажлыг тухайн үеийн Парламент, Засгийн газар маш хурдтай хэрэгжүүлсэн. Анхны тогтоол дээрээ “Мянганы зам” төслийг есөн жилд багтаан хэрэгжүүлнэ гэж тооцож байсан юм. “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалтын төслийг аливаа хэл ам тойроогүй. Парламентаар хэлэлцсэний дараагаас ч “Мянганы зам бол мянгуужингийн үлгэр. Энэ намынхан худлаа донгосож байна” гээд л яриад бичээд эхэлнэ. Парламент дээр бас нэг маргаан дагуулсан зүйл нь хэвтээ тэнхлэг. Өвөрхангай, Говь-Алтайгаас сонгогдсон гишүүд “Мянганы зам”-ыг аймгаараа дайруулна гээд л зүтгэчихсэн. Нөгөө хэсэг нь Хархорин, Архангайгаар явуулна гээд л “Чи, би”-дээ тулаад л маргалдаад суучихсан. Манай Ерөнхий сайд Н.Энхбаяр өөрөө Архангайнх, Л.Энэбиш дарга маань Булганых тэгээд дундын хувилбар дээр маршрутаа тохирсон. Ер нь тэгээд “Мянганы зам”-ын ажил дээр хөрөнгө мөнгөнөөс эхлээд түмэн бэрхшээл байсан юм шүү. Улс төрийн ч ужиг шалтгаан нөлөөлсөн. 2004 оны сонгуулийн үр дүнд Эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан. Тухайн он жилүүдэд ажил яваагүй, гацсан. Хугацаа алдсан зүйл ч бий. Уг нь хөгжлийн томоохон төслүүдийг үе үеийн Засгийн газар зогсоох, гацаах үндэсгүй юм. Учир нь гэвэл автозамгүйгээр, эрчим хүчний системгүйгээр, холбоо мэдээлэлгүйгээр улс орон хөгжихгүй. Гэтэл улстөржилт гэдэг зүйл гарч ирээд л үр дагаврыг нь тооцоолохгүйгээр тэр төслүүдийг зогсоодог, улс орны хөгжих дэвших боломж цаг хугацаанаас хумсалдаг. Ийм байж болохгүй. Маш хурдан хөгжсөн, дэлхийн орнуудын түүхийг харахад төрийн залгамж чанар их чухал юм байна. Гэхдээ л бидэнд зорилго тавиад, зориглоод зүтгэвэл болохгүй зүйл үгүй гэдгийг энэ том, хөгжлийн бүтээн байгуулалт харууллаа гэж одоо баярлаж сууна.
2022 он бол Монголын автозамын сүлжээ, цаашлаад Монгол Улсын хөгжил дэвшилд маш онцлог жил боллоо. Энэ жил Завхан аймгийн төв Улиастай хотыг хатуу хучилттай автозамтай холбосноор “Мянганы зам” төсөл маань 21 жилийн дараа бүрэн хэрэгжиж дууслаа. Анх юу ч үгүй эхэлж байсан бидний хувьд том амжилт, бүтээн байгуулалт юм. Зам гэдэг бол ерөөсөө улс орны хөгжил, хувь заяа юм. “Мянганы зам”-ыг дагаж ямар их хөгжил дэвшил ирснийг хүн бүхэн харж, Монголын ард түмэн үр шимийг нь хүртэж байна. Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн нь ийм түүхтэй.
Ер нь аливаа улс орон эрчим хүч, холбоо мэдээлэл, автозамын салбараа л хөгжүүлэхгүй бол аюулгүй байдал нь хангагдахгүй, хөгжил дэвшлийн талаар ч яриад хэрэггүй, ядуугаараа үлддэг жамтай юм шүү дээ. Бид ядаж л хоёр хөршөөсөө суралцах хэрэгтэй. Урд хөрш маань хөгжлөөрөө бүүр тасраад явчихлаа шүү дээ.
Мөн анх загасчны хотхон гэж нэрлэгдэж байсан Сингапур улсыг одоо харчих. Ли Куан Ю гэдэг Ерөнхий сайд 36 жил Засгийн газрыг нь тэргүүлсэн. Маш их шүүмжлүүлж, амаргүй цаг үеийг туулсан ч гэлээ одоо Сингапур улс Англи улсаас давсан хөгжилтэй улс болжээ. Энэ бүхнийг бид харж сургамж авах хэрэгтэй. 22 жилийн дараа Мянганы замын их бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Монгол Улсын Засгийн газрын 21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт бүрэн биелж, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор "Мянганы зам" төслийн их бүтээн байгуулалт ийнхүү хэрэгжиж дууслаа. Энэхүү замын бүтээн байгуулалтыг урагш явуулж, хэдхэн км замыг ч ашиглалтад оруулахаар зүтгэж байсан үеийн үеийн Засгийн газрын удирдлагууддаа талархаж илэрхийлье. Та бүхний алтан шар зам өөдөө байх болтугай.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр бичиж байна.
Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улс буюу Төрийн тэргүүний айлчлалууд
Монгол Улсын гадаад харилцаа 2022 онд нэлээд идэвхитэй өргөн хүрээнд хэрэгжиж, хоёр талын болон олон талт уулзалт, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш манай улсад айлчилсан. Та бүхний мэдэж байгаачлан Ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мүн хамгийн сүүлд 2009 он манайд айлчилсан билээ. Тэгвэл энэ удаагийн А.Гутеррешийн айлчлал 13 жилийн дараах албан ёсны айлчлал болсон юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь зөрчилдөөн, зэвсэгт мөргөлдөөн болж буй, байгалийн гамшиг тохиолдсон, олон хүний амь нас эрсэдсэн зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах шаардлагатай бүс нутаг, улс оронд очиж ажилладаг. Иймд Украинд өрнөж буй үйл явдал, цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг олон асуудал тулгамдаж буй энэ цаг мөчид НҮБ-ын дарга Монгол Улсыг сонгон айлчилсан нь өөрөө чухал ач холбогдолтой юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш “Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” хэмээн айлчлалынхаа тухай онцлон дурдсан.
Мөн тэрбээр энэ удаагийн айлчлал нь цөмийн зэвсэггүй, цөмийн зэвсгээс ангид статустай, Солонгосын хойгт цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх санаачилгыг дэвшүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж буй Монгол Улсын хүч чармайлтыг НҮБ өндрөөр үнэлдгийн илэрхийлэл болохыг цохон тэмдэглэсэн билээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой заасанчлан манай улс нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого баримталж ирснийг үнэлсэн хэрэг болов уу.
Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг үнэнчээр даган мөрдөж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүч чармайлтад хувь нэмрээ оруулсаар ирсэн.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцдэг 20 орчим асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулж, 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирлээ. Энэ айлчлал манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жилийн ойтой давхацсан нь бас онцлогтой байлаа.
Мөн 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд амжилттай оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд оролцон үг хэлж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан цар тахлын хүнд цаг үед дэлхий дахины цэрэг арми, зэвсэглэлийн зардал нэмэгдэж 2.1 их наяд ам.долларт хүрснийг тэмдэглэж, энэхүү төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад олгож, сая сая хүнийг ядуурал, өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижруулж, эрдэм боловсрол, ажлын байр бий болгохын төлөө зарцуулахыг гишүүн орнуудад уриалсан нь өргөн дэмжлэг хүлээсэн юм.
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалтыг үр дүнтэй зохион байгуулав. Талууд “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд хүлээн зөвшөөрсөн уулзалт болов. Түүний дараа 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д анхны төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн. Айлчлалын үр дүнд хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцол улам гүнзгийрч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд мөн хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг тохиролцсон нь цар тахлын дараах манай улсын эдийн засгийг сэргээн тогтворжуулахад чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон, бодит хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Эдийн засагт бодитой үр өгөөж хүртээх хамтын ажиллагааны томоохон асуудлуудыг шийдвэрлэж, цар тахлын дараах үеийн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинээр тодорхойлж, нэг шат ахиулсан айлчлал болсон гэж үзэж байна. Мөн төрийн айлчлал нь цар тахлын дараа, хоёр орны эрх баригч намуудын 100 жилийн ой тохиосон, мөн урт болон богино хугацааны хөгжлийн бодлогоо шинээр тодорхойлж буй чухал цаг үед хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлог юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцож, “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэлийг байгуулах тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Мөн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулж, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжүүлсэн энэхүү төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой боллоо.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин