Олны танил, олон дагагчтай хүмүүс сугалаа хэлбэрээр эд зүйлсээ зарж, хонжвор зохион байгуулах болсон.

Энэ талаар тодрууллаа. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Сугалааны зөвшөөрлийг Сангийн яамнаас олгож, татварын алба татвар ногдуулах ёстой байдаг” гэв. Татварын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Өнөрөөс сугалааны талаар тодруулахад “Сугалаа явуулах зөвшөөрлөө аваад албан ёсоор явуулж буй тохиолдолд манайхаас хуулийн хүрээнд татвар ногдуулж авдаг. Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрөл аваагүй сугалаа явуулсан тохиолдолд Татварын тухай хуулиар биш өөр хуулийн дагуу шийтгэл ногдуулдаг. Зөвшөөрөл авсан тохиолдолд Татварын хуулийн дагуу орлогын хувиас тооцон татвар авна. Хэрэв тусгай зөвшөөрлийн үүргийн дагуу татвараа төлөөгүй тохиолдолд Татварын хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Манай байгууллагаас сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудаас 2018 онд 5 сая төгрөгийн татвар авч байсан бол 2022 онд энэ тоо 865 сая болж өссөн байна” гэлээ.

тусгай зөвшөөрлийн талаар Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржоос тодруулав.

-Сангийн яаманд сугалаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, хувь хүний хэдэн бүртгэл бий вэ?

Сугалаа явуулахад заавал тусгай зөвшөөрөл авах хуулийн заалт бий. Тусгай зөвшөөрлийн хуулиараа энэ нь аж ахуйн нэгж рүү чиглэсэн байдаг. Аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн гурван жилийн татварын ямар нэгэн өргүй байх, аудитаар баталгаажсан тайлангаа ирүүлэх гэх мэтээр зохицуулдаг. Сангийн яам өөрт оногдсон зөвшөөрлийн дагуу одоогоор аж ахуйн нэгжид сугалаа явуулах тусгай зөвшөөрөл олгож байна. Одоогийн байдлаар сугалаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 12 байгууллага бий.

 

-Хувь хүнд тэгэхээр сугалаа явуулах тусгай зөвшөөрөл олгодоггүй гэсэн үг үү. Үүнд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй юу?

-Одоогийн байдлаар Монголд хувь хүмүүс сугалааг маш идэвхтэй явуулж байна. Хувь иргэн хүний хувьд авч үзвэл үүнийг ямар нэгэн байдлаар хуулиар хориглосон зүйл байхгүй. Нөгөө талдаа хуулиар иргэний эрхийг хязгаарлаагүй учраас ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх, татвар ногдуулах боломжгүй байгаа.

Харин хууль зүйн талаасаа хувь хүн сугалаа явуулахад ямар зохицуулалттай байдаг талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.


Олны танил, олон дагагчтай иргэд өөрийн цахим хаягаараа сугалаа явуулж буйг ямар хуулиар зохицуулах вэ?

-Зөвшөөрлийн тухай хууль шинээр батлагдсан шүү дээ. өмнө нь Аж ахуй эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж байсан. Аль аль нь ялгаагүй сугалааг тусгай зөвшөөрөлтэй явуулна гэж байгаа. Тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасан. Хуулийн этгээд бол заавал тусгай зөвшөөрөл авч сугалаа явуулна, хуулийн этгээд биш бол зөвшөөрөл авахгүй байж болно гэж ангилсан зүйл байхгүй. Хонжворт сугалааг тусгай зөвшөөрлөөр явуулна л гэсэн заалт бий. Тэр заалт хуулийн этгээд мөн ч, биш ч үйлчлэх ёстой. Сангийн яам өөрсдөө олгохдоо хуулийн этгээдэд олгодог байж болно. Энэ нь өөрөө хонжворт сугалаа явуулахдаа хуулийн этгээдтэй гэрээ байгуулна гэсэн шаардлага болохоос хуулийн этгээд биш хувь хүн хамаагүй гэсэн үг биш. Энэ утгаараа тусгай зөвшөөрөлгүй бол хонжворт сугалаа явуулахыг хориглоно гэсэн үг.

-Тэгэхээр тусгай зөвшөөрөлгүй өөрийн цахим хаягаараа хувь хүн сугалаа явуулснаар ямар нэгэн татвар төлдөггүй болж таараад байгаа юм. Үүнд хуулийн хүрээнд ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Сангийн яаманд хонжворт сугалаа явуулах эрхтэй 30-аад компани бий. Сангийн яамны сайт руу ороод үзэхээр хонжворт сугалаа эрхлэх зөвшөөрөлтэй компаниудын нэрс байгаа. Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд татвар төлнө, хувь иргэд зөвшөөрөлгүй учраас татвар төлөхгүй байна гэдэг нь логикийн хувьд алдаатай шийдвэр. Тэгвэл тусгай зөвшөөрөлтэй газрууд татвар төлнө, тусгай зөвшөөрөлгүй нь үйл ажиллагаа явуулаад байгаа мөртлөө татвар төлөхгүй гэсэн тайлбар л байна л даа. Нөгөө талаасаа тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэж бас бий. Уг хуулиар хувь хүн орлого олсон л бол түүнээсээ татвар төлнө. Төлбөр, таавар бооцоот тоглоомын хонжвороос 40 хувийн татвар авдаг. Тэгэхээр хонжворт сугалаанаас ялгаагүй 40 хувийн татвар авах байх. Жишээ нь, тухайн сугалаанаас машин хожсон хүн машиныхаа үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх ёстой. Тэр татварыг сугалаа явуулсан газар нь өөрсдөө суулгаж авах үүрэгтэй. Хүнд нь хонжворыг нь өгчихөөд татвараа төлөөрэй гээд хаях эрх байхгүй. Өөрөө суутгаж аваад татварын байгууллагад тушаах ёстой. Тухайн иргэн цахим хаягаараа сугалаа явуулаад 100 саяар машинаа зарсан бол 40 сая төгрөгийг суутгаж аваад татварт тайлагнах ёстой. Өөрөө үйл ажиллагаа явуулсан бол бас татварт тайлан тавих ёстой. Гэтэл хуулийн этгээдэд л тусгай зөвшөөрөл олгоод сугалаа явуулдаг. Хувь хүн тусгай зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа явуулаад татвар төлөхгүй байна гэдэг нь хууль зөрчиж л байгаа асуудал шүү дээ. Тэгвэл Зөвшөөрлийн тухай хууль гэж байгаад яах юм бэ. Би ч гэсэн тэгвэл нэг газарт очиж алт ухаад татвар төлөхгүй явъя. Надад шаардлага тавихаар нь “Наадах чинь хуулийн этгээдэд тавьдаг шаардлага” гэчихээд ухаад байж болно гэсэн үг юм уу. Ийм л логикгүй юм яваад байна