АЭХ-ны дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цас зудын нөхцөл байдал амаргүй байна. Үүний хажуугаар цахим орчинд малчидтай холбоотой сайн муу янз бүрийн мэдээлэл явах юм. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Төр засгийн бодлого, шийдвэр хэр “бай”-гаа онож, хандив тусламжийн цуваа яг малчны хотонд очиж чадаж байгаа болов уу?

-Манай улс мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдгийг Үндсэн хуульдаа заачихсан. Энэ заалтад зарим хүн маш их шүүмжлэлтэй ханддаг. Мал бол хувийн бизнес, хувийн өмч гэдэг өнцгөөр ярьж тайлбарладаг. Зудын нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед яг л тэр утга санааг зарим хүн ярьж эхэллээ. Би үүнтэй санал нийлдэггүй. Уламжлалт мал аж ахуй бол монголчууд бидний нэг соёл. Үүнийг дагаад монгол хүний сэтгэлгээ,онцлог, ондоошил явж байдаг. Тэгэхээр бид малчин түмэндээ туслахаас өөр аргагүй. Бид анхнаасаа л хүнд хэцүү үед нь малчиддаа туслах аяныг орон даяар өрнүүлдэг байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг амаргүй ш дээ. Нэг өглөө босоод ирэхэд нь л хамаг мал сүрэг хөлдөөд, малчид гэрээсээ ч гарах боломжгүй болчих тохиолдол байна. Ер нь монгол түмэн минь “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” гэдэг шиг бие биеэ халамжилж, хайрлах дуртай ард түмэн. Энэ сэтгэлгээ бидний нэг онцлог юм. Тиймээс манай нам “Амь нэгтэй монголчууд” нэртэй малчдадаа туслах аян өрнүүлээд явж байна. Би энэ аяныг дэмжин оролцож байгаа.

-Нээрээ л бид бие биедээ туслах дуртай ард түмэн. Улаанбаатарыг үерт автахад малчид маань бас тусалж байсан санагдаж байна?

-Тийм ээ. Өнгөрсөн онд нийслэлд болсон үерийн үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аян өрнөж л байсан. Малчид маань сайхан сэтгэлээр хандивт нэгдэж байсан шүү дээ. Ер нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс бий болж байгаа асуудлуудад бид бие биедээ энэрэнгүй хандах ёстой. Тусалж, дэмжих ёстой. Гэхдээ хотын үерийн асуудал бол энэ өвөл, хаврын айхтар зудтай дүйцүүлэхэд арай өөр л дөө. Магадгүй, хотод үер болохгүй байж болох л байсан. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед энэ талаар одоогийн төр засгийн түвшинд ч ярьж байна. УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна лээ.Шулуухан хэлэхэд, газрын замбараагүй олголт, наймаа, төр засгийн алдаатай бодлого энэ үерт нөлөөлсөн шүү дээ.

-Та малчдыг бизнес эрхлэгч биш өв соёл тээгч гэдэг өнцгөөс нь хардаг юм байна. Гэтэл тэднийг бас хүмүүс залхуу, ажилгүйгээр нь дуудах юм?

-Малчин түмнээ хөдөлмөрлөхгүй байна гэж би харахгүй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг бодох хэрэгтэй. Гэнэт нэг өглөө цас шуураад л зөвхөн яндан нь цухуйчихсан ямар олон айл байна вэ. Малчин хүний амь нас, аюулгүй байдлын асуудал яригдаж байхад энд бид цахим орчинд гар утас, компьютерийн араас хичнээн том том юм яриад яах юм бэ. Би өмнө нь олон улсын байгууллагад ажиллаж байсан. Малчны зовлон жаргалыг мэднэ. Тэд маань маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байдаг. Өглөө зүв зүгээр нар гараад үдээс хойш нь цасан шуурга дэгдээд зуд болохыг үзэж л байлаа. Мянгат малчин хүртэл нэг ч малгүй болж байсан. Ямар өрөвдмөөр байдаг гэж бодно. Мөн цас, зуд болсны дараахь зовлон малчдад их хүнд тусдаг. Өөрийн мал сүргээ зуданд алдаад юу ч үгүй болчихсон, хот нь харлачихсан хүний сэтгэл зүй ямар байх вэ. Эрүүл мэндийн ноцтой асуудлууд ч тулгардаг. Тиймээс зудын нөхцөл байдлыг монгол хүний эрүүл сэтгэхүйгээр харж, тунгаах ёстой.

-Төр засгаас бодлого хэрэгжүүлж, хандив тусламжийн аян ч нэлээд өрнөж байна. Ер нь хэр үр дүнтэй байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Оновчтой, ойлгомжтой шийдлүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор төрөөс 21.5 тэрбумын тусламж дэмжлэг үзүүлэхээр ярьж байна. Энэ хөрөнгийг яг хэрэгтэй зүйлдээ зарцуулж, малчдад бодит дэмжлэг үзүүлмээр байна. Сонгууль угтсан улс төрийн шоу хэрэггүй. Ер нь манай төр засгийнхан байгалийн давагдашгүй хүчин зүйл, түүнээс шалтгаалах үр дагаврыг тооцоолох, урьдчилан сэргийлэх ажлууд их дутмаг хэрэгжүүлж байгаа нь олон зүйл дээр харагддаг. Таны өмнө асуудаг үерийн асуудал дээр гэхэд хот төлөвлөлтөөс эхлээд айл өрхүүд төлөвлөлтгүй газар буучихсан л байна. Түүнээс шалтгаалж өнгөрсөн зун ямар их хохирол амсав. Дахиад ирэх зун Улаанбаатарт үер буух магадлал маш өндөр байна гээд мэргэжлийн хүмүүс хэлээд байна. Тэр цагт бид дахин асар их хэмжээний хохирол амсахгүй гэсэн баталгаа, бэлтгэл байгаа юм уу. Төр засагт лав төлөвлөлт, төлөвлөгөө, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой зүг чиг алга. Ер нь бид, монголчууд хаа хаанаа сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон. Улстөрчид ч, иргэд ч аливаа асуудалд өнөөгийн нийгмийн сүлжээнд тогтож буй хандлагаас ангижрах шаардлагатай.

-Сэтгэлгээ өөрчлөх… Энэ талаар жаахан тодруулаач?

-Ардчиллын үндсэн зарчим бий. Нэг хүний эрх нөгөө хүнийхээр хязгаарлагддаг. Үүнийг улс төр дээр ч, бидний өдөр тутмын амьдрал дээр ч зөрчсөөр л байна. Тэр дундаа төрийн эрх мэдэл хүртсэн улс төрийн намууд, улстөрчдөөс ийм зөрчил гэдэг юм уу, хүчирхийлэл гэж болохуйц үйл ажиллагаа явагддаг нь ихээхэн анзаарагддаг.

-Жишээ нь?

-Улс төрийн намууд өөр өөрийн үзэл баримтлалтай. Манай АН гэхэд баруун чигийн үзэл баримтлалтай. Тэр агуулгаараа АН төр засгийн эрх мэдэлд хүрэхэд үндэсний том үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд өндийж ирдэг. Харин өнөөдөр томоохон бизнесмэнүүд нийгэмд адлагдаад л явдаг болсон байна. Бараг л бүгдийг нь гэмт хэрэгтэн мэтээр цоллодог. Өмчтэй хүнийг буланд шахдаг. Яг л 100-гаад жилийн өмнөх үе дахин ирчихсэн юм шиг тийм үйл явдлуудтай бид тулж л байна. Өнөөдөр өмч гэж юу гэдэг ойлголт хүртэл өөр болчихоод байна шүү дээ. Өмчийг бодит байдлаар нь үнэлэхээ больж байна. Маш сайн идеа маш өндөр үнэлэгддэг. Энэ нь бизнесийн агуулгаараа хувьцаа болдог ч юм уу, дэлхий эдийн засгийнхаа тал дээр шал өөр болж хувирч байна. Гэтэл бид 100 жилээр ухраад байна уу даа гэж хардаг. Ер нь Монголд үндэсний бахархал болсон үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд байх ёстой. Ийм болж байж л хөгжинө. Энэ MCS, МАК, өөр юу байдаг юм, том компаниудаа төр бодлогоор дэмжээд дэлхийд гарга л даа. Өндөр хөгжсөн бүх улсын гарц нь энэ шүү дээ.

Ийм байхад манай улс эсрэг зүг рүү нь яваад байдаг. Миний хувьд Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан залуучууд, бизнесмэнүүдийг зөвтгөдөг. Яахав, хууль хяналтын асуудлыг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ сая цар тахлын үеэр Эрдэнэт үйлдвэр Монголд ирсэн тулдаа л цахилгаан, дулааны төлбөрийг иргэдээс гаргалгүй, тэндээс хариуцчихлаа шүү дээ. Цааш нь яривал энэ дайны хүнд хэцүү цаг үед хоригт орохоос эхлээд эрсдэл байсныг үгүйсгэхгүй.Ардчиллын засаглалын үед шийдэж хэрэгжүүлсэн өмч хувьчлалын дүнд тэсэж үлдсэн томоохон үндэсний үйлдвэрүүд өнөөдөр монголчуудынхаа үндсэн хэрэгцээг хангаж ажиллаад явж л байна. “Алтан тариа”, “Талх чихэр” гээд дурдвал зөндөө л байна. Гэвч тэднийг шүүмжилдэг. Гагцхүү өнгөрсөн хугацаанд АН болон ардчиллыг дэмжигч намууд төр засгийн эрхэнд төдийлөн гарч ирж байгаагүй болохоор хөгжлийн бүхий л бодлого алдагдсан гэж хардаг юм.

Хэрвээ төрийн залгамж чанараар ардчиллын засаглалын үед хөдөлгөсөн үндсэн хөтөлбөрүүд үргэлжилсэн бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэл маш сайн хөгжчихсөн байх байсан. Харамсалтай нь энэ бодлого тасарсан. Ганцхан жишээ хэлье л дээ. Өнөөдөр яагаад манай том компаниуд уралдаж байгаа юм шиг CU, GS25-ыг оруулж ирээд байна вэ. Уг нь тэдэнд өөрсдийнх нь зүгээс ажиллах, бүтээх бүх бололцоо нь байдаг. Гэтэл төрөөс тэр нөхцөлийг хангаж өгдөггүй. Өөрөөр хэлбэл, тэднийг дэлхийд гаргах бодлого алга. Тэгсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тухай яриад байдаг. Энэ нь маш ойлгомжгүй. Энэ мэтээр төр буюу улстөрчид эхлээд сэтгэлгээгээ, хандлагаа, итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм.

-Улстөрчдийг иргэдэд таалагдахын тулд л ажилладаг, үйл ажиллагаагаа тэгж нийцүүлдэг гэдэг. Тэгэхээр таны хэлээд байгаагаас зөрөөд байгаа юм биш үү?

-Үгүй л дээ. Монгол Улсын, монгол хүний хэрэгцээ юу байна вэ гэдгийг энд ярих шаардлагатай болж байна. Бидний Үндсэн хуулиараа тунхагласан, олгогдсон хүний эрхээ эдлэхэд шууд утгаараа төр л саад болж ирсэн. Үүнийг би хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлуудад дуугарч, тэдний дуу хоолойг хүргэж ирснийхээ хувьд маш сайн ойлгосон. Ерөөсөө үндсэн гол асуудлуудыг шийдэгдэхгүйгээр нийгмийн жижиг асуудлууд шийдлээ олоход амаргүй юм байна гэдгийг мэдэрсэн.

Өөрөөр хэлбэл, иргэдийн хүний эрхийн салбар асуудал руу орохын өмнө Монгол Улс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас ангижрах ёстой. Энэ хоёр яагаад хүний эрхтэй холбогдоод байна вэ гэж асууж магадгүй. Тэгвэл байсхийгээд л цахилгаан тасардаг, байн байн шатахууны хомсдолд ордог байдал монгол хүний эрхийг тэр чигт нь зөрчиж байна шүү дээ. Гэтэл бид 1990-ээд оноос хойш найман удаа УИХ-аа сонгосон. Одоо ес дэх удаагаа сонгох гэж байна. Тэр болгонд улс төрийн намууд, улстөрчдийн өгдөг байсан амлалт эрчим хүч, шатахуун хоёр дээр байнга л яригдаж ирсэн. Бүх амлалтыг нь жагсаавал юун Америк, Япон вэ, өдийд дахиад нэг дэлхий байгуулчихаар болсон шүү. Ядаж л том том цахилгаан станцууд бариад, нефтийн үйлдвэр байгуулна аа л гэдэг. Байхгүй. Бахь байдгаараа. Шатахуун тасрах, эсвэл үнэ нь нэмэгдэхэд л өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өссөөр байгаад өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нийслэлд амьдарч байгаа юм шиг амьжиргааны өртөг төлдөг болсон. Бас 30 гаруй жилийн өмнө цахилгаан тасарч, лаа бариад суудаг байсан нь өнөөдөр хэвээрээ л байна. Тэгэхээр улстөрчид чадахгүй олон зүйлийг амлаж байхаар энэ хоёр асуудлаа л шийдчих л дээ. Монгол хүнд, Монгол Улсад хэрэгтэй шийдэл одоогоор ердөө л энэ байх шиг байна. Тэгэхэд араас нь бүх зүйл хөврөөд л болж бүтээд явчихна. Өөрөөр хэлбэл, өөр олон зүйл битгий амлаасай. Ингэж хэлмээр байгаа юм. Тэгэхгүйгээр үлгэр шиг баахан зүйл амлаад иргэдийг хуурдаг. Тэгээд санал авдаг. Төрд, албан тушаалд очоод мартдаг. Мартах байтугай, эсрэгээр нь ажилладаг. Буцаад иргэдийн эрх ашгийг дээрэмдэж эхэлдэг.

-Та дээр хэлэхдээ, төр ч, иргэд ч сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн. Төрийг хэлчихлээ. Иргэд ямар гэж?

-Бид бүгдээрээ л харж байна, өнөөдөр цахим сүлжээнд нийтээрээ нэгдчихсэн сенсаци дагаж хуйларч байгааг. Хэн нэгний хувийн амьдралд хайран цагаа үрж байхаар бидэнд юу хэрэгтэй байгааг төрөөс, улс төрийн намуудаас шаардах хэрэгтэй. Эрчим хүч, шатахуун гэдэг шиг амьдралын хөшүүрэг болж буй өөр юу байна вэ, тэр бүхнийг хийж хэрэгжүүлэхийг эрх барьж байгаа, тэр албан тушаал, нөхцөл боломж нь байгаа хүмүүсээс нэхэх хэрэгтэй. Шалдар булдар зүйлд битгий хууртаасай. Хэн нь хулгай хийж байна вэ, хэн нь боломж олгох гээд зүтгэж байна вэ гэдгийг ялгаж салгаасай.

-Сүүлийн үед улс төрийн бүх нам хүчнүүд, улстөрчид шударга бус явдал, авлига албан тушаалын хэргүүдийн талаар ярьдаг боллоо?

-Мэдээж яригдах ёстой. Яриад суугаад байж болохгүй. Таслан зогсоох ёстой. Ерөөсөө энэ шударга бус явдалтай хийж байгаа тэмцэл хэн нэгний өмч биш. Нийтийн эрх ашгийг зөрчиж, боломжийг нь хулгайлна гэдэг бол бүгдийнх нь дайсан гэсэн үг. Энэ дээр улс төрийн намууд баруун, зүүний үзэл баримтлалтай гэлтгүй нэг чигт хараасай. Тэгж ч байгаа байх. Саяхан Баялгийн сангийн асуудал дээр УИХ-д суудалтай намын дарга нар нэг байгаагаа илэрхийлсэн. Энэ зөв шүү дээ. Ер нь энэ монголчуудынхаа боломжийг хулгайлах явдалтай хэзээ ч эвлэрч болохгүй. Бүр хатуу байх ёстой. Нэлээд хэд хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний хулгайн мөнгөний хажууд Хөгжлийн банкны хохирол задгай мөнгө юм байна лээ” гэж яриад сууж байна лээ. Энэ маш ноцтой үг шүү дээ. Энд хэлэхэд, эрх баригчид авлигын хэргүүдийг илрүүллээ гээд өнгөрсөн хугацаанд баахан ярьсан. Бас хоёр ч сонсголыг УИХ дээр хийлээ. Харамсалтай нь бодит байдал дээр хариуцлага тооцох явдал нь дутуу дулимаг байна. Иргэд, олон нийт ч үүнд сэтгэл дундуур байна. Яг энэ асуудал дээр АН, тэр дундаа АН-ын дарга Л.Гантөмөр “Бид бүхэн 1992 онд монгол оюун ухаан, монгол эрдэм мэдлэг, монгол сэтгэл зүрхээр шинэ Үндсэн хуулиа баталж “Мэдэгтүн,Сахигтун” хэмээн зарлигдаж, ард түмэн сахин биелүүлэх үнэ цэнийг хүлээн зөвшөөрч бүтээсэн. Бүрэн эрхт Монгол Улсынхаа Үндсэн хуулиар эрх чөлөөгөө мануулсан, дархалсан ард түмэн болсон. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг бүхлээр нь хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нандигнан хамгаалахын төлөө зориулсан. Харин одоо бид Үндсэн хуулиа “амь” оруулж, хууль засагладаг болгомоор байна. Хуулийг амилуулах хамгийн хүчирхэг субьект нь төр билээ. Өөр нэгэн хүчирхэг хүч бол ард түмэн.

Хайрлах хамгаалах их хүч байдаг шүү гэдгийг зүй зохисгүй сэтгэлтэнгүүдэд, улс бүхэнд сануулъя, харуулъя. Ийнхүү хүн бүр хичээж чадвал “эцэг” хуулийн зүйл заалт бүр төгс төгөлдөр хэрэгжих болно” гэсэн. Бас “Монголыг хувааж,тонон дээрэмдэхийг хүссэн хүмүүсийн эсрэг АН цайз байх ёстой.Тийм учраас хагарал, хуваагдал, амбицаа хойш тавьж эрх чөлөөгөө илүү хамгаалахын тулд манай гишүүд хамтдаа ажиллалаа. Хагархай цонх шиг байсан намаа бүрэн бүтэн болгосон. Ардчилал дахин ялж ард түмний нуруу тэнийнэ” гэж хэлсэн. Яагаад намын даргын эдгээр үгийг эш татаад байна вэ гэхээр АН-ын бодлого учраас тэр. Элдэв хачиргүй, үлгэргүй, товч тодорхой бодлого. Мэдээж, сонгууль учраас нам хуульд заасанчлан бодлогыг гаргаж таарна. Харин хэдэн сарын дараа АН-ын бодлогыг гүйцэтгэх засаглалаар дамжуулж гардаж хэрэгжүүлэх эрх мэдэл намын даргад очно. Бид, манай намынхан тэгж харж байна.