Сүүлийн үед манайхан зам, ялангуяа төмөр зам ярих өвчин тусав. Ярихаар үл барам хэрэлддэг гаж өвчтэй болов. Ингэхэд замыг яах гэж барьдаг гэдгийг хэн ч мэдэхээ байсанд манай эмгэнэл оршино. Үүнийг амархан асуудал гэж монгол хүн л ойлгодог байх. Тийм биш гэдгийг нотлоход энэ өгүүллийн зорилго оршино…

 

Түүхчид бодлого ярих хэрэггүй

Сүүлийн үед монголын түүхчид түүхээ бичиж чадахаа байсан юм. Баталгаа нь Монголын түүхээ бичиж чадахгүй бөөн бантан, хэрүүл болгож хаясан. Ингээд хийх юмаа олж ядсан монголын зарим түүхч улс төр, геополитикоор оролдохоор шийджээ. Хамгийн их шуугиан тарьж болохоор нь төмөр замыг барьж авав.
Богд хааны үед төмөр замын лут бодлого байсан гэнэ. Ямар юмных нь бодлого байсан юм ?! Тэд чинь анх удаа галт тэргэнд сууж үзсэн хүмүүс. Их л сайндаа ямар лут юм бэ гэж л бодоо биз. Оросуудыг ярихаар тэрийгээ барьвал барь гэж хэлээ биз. Ингээд л болоо ш дээ.
Дараа нь Ардын засаг төмөр замын лут бодлоготой байсан гэнэ. Ардын засгийн анхны элчин сайд Даваа гүн вагоны жорлон хайгаад олохгүй, дагуулаараа купеныхээ хаалгыг даруулж байгаад вагоныхоо цонхоор "морь харсан” гэж бичсэн нь архивт буй. Би шоолж байгаа юм биш л дээ. Бид бүгдээрээ л тийм байсан.
Оросууд Аж үйлдвэрийн комбинатыг барьж өгөөд бэлэн түлхүүр манайд өгсөн. Манайх ажилчин анги л гаргасан. Тэгэхдээ бүгдийг нь биш, манайхан орос, хятад ажилчдыг дагалдаж сурсан юм. Үүнийг "аж үйлдвэрийн бодлого” гэж түүхчид л сүүлд нь бичсэн. Үнэндээ ямар ч бодлого байгаагүй. Мөн төмөр замыг бас л адил. Оросууд бэлэн барьж өгөөд ашиглалтад оруулсан. Бүх боловсон хүчнийг нь, бүх юмыг нь бэлтгэж өгсөн.
Монголын талаас ердөө л "Ган зам” гэдэг ганц дуу зохиосон юм. Хаа очиж тэр дуу анхандаа их үнэн үгтэй байсан юм:
"Москва Бээжин хоёртой
Монголын нийслэлийг холбоод…
Энэ бол ах дүүгийн тусламж
Ирээдүйн коммунизмд хүрэх зам” гэж дуулдаг байсан юм. Хожим "уудам орны минь дундуур, уул ус говийг гатлаад” болгосон юм. Уг нь эхнийх нь үг "геополитикийн” талаасаа зөв л хэлсэн байхгүй юу. Монголын гео эдийн засаг судлаач Р.Батсайхан мэдэхгүй байж Сун Ят сеныг ишилж солиорч байхынхаа оронд монгол дуугаа судалж байсан бол хамаагүй илүү юм олох байсан юм. Сун Ятсен 1911 оны 10 дугаар сард Хятадын Ерөнхийлөгч болоод хэдхэн сар болоод огцорсон, улмаар 1913 онд Хятадаас дүрвэсэн учраас түүнд төмөр замаар оролдох зав гараагүй юм.
Тэр үед дэлхийн II дайн дуусч, Орос, Хятад хоёр ах дүү болж байсан цаг. Мэдээж Орос нь илүү хүчирхэг байсан. Стратегийн ач холбогдолтой учраас энэ төмөр замыг барьсан юм. Тэрнээс биш, манай саналыг асуугаагүй.
Худлаа гэвэл төмөр замыг хаагуур, яаж барих тухай Монголын талаас тавьсан нэг ч санал байхгүй. Өөрөөр хэлбэл Монголд төмөр замын ямар ч бодлого байгаагүй. Гэтэл өнөөдөр манай түүхчид лаг мундаг бодлого байсан гэж ярих нь шог асуудал юм. Энэ бол зүгээр л манай түүхчдийн тэнэглэл юм. Харин энэ төмөр зам манай улсын хувьд хөгжил цэцэглэл, дэвшил, соёл, боловсрол, сайн сайхны зам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ зам манай улсыг хөгжил дэвшилд хүргэхэд амин чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Учир бид урагшаа Хятад, зүүн өмнөд Ази, баруун хойш Дорнод Европ, цаашилбал Европ хүрэх боломжтой болсонд хамаг учир байлаа. Ингээд л монголчуудын аз дандаа шовойдог юм.
Иймээс түүхчид тэр үед ч бодлого тодорхойлж байгаагүй, одоо ч бодлого ярих хэрэггүй. Ёстой дэмий ажил. Түүхчид Та нар түүхээ л бич. Харин монголын түүх гэж ёстой заваан юм байгаа шүү. Өөрийнхөө ажлыг сайн хийчихээд бусдын ажил руу хушуу дүрж бай, түүхчид ээ…
Үйлдвэрийн тухай
Хамгийн эхлээд үйлдвэр байх ёстой. Үүнийг тэнэг хүн ч ойлгоно. Оросууд үйлдвэрийн хөгжиж буй Европын хэсгээ түүхий эдээр хангах гэж, бас Номхон далай руу худалдаа хийх гэж төмөр зам барьсан юм. Оросын "төмрийн заводууд” Европ талдаа, түүхий эд нь Сибирь, Алс Дорнод талдаа байдаг учраас тэр хоёрыгоо холбох гэж төмөр зам барьж байгаа юм.
Хятадад эхлээд аж үйлдвэр нь далайн эргээ дагаж хөгжсөн юм. Тэнд үйлдвэрээ дагаад төмөр зам нь их хөгжсөн юм. Дараа нь бусад хотууд нь хөгжөөд үйлдвэр, хот, төмөр зам гэсэн тэлэлт явагдаж байгаа юм. Монголыг эзлэх гэж хөгжөөд байгаа юм биш.
Хятадын төмөр замыг сүлжээг харахад хойт болон баруун хойт талдаа бараг хоосон байдаг. Харин урд болон далайн эрэг дагуудаа бол аалзны тор л гэсэн үг. Энэ нь аж үйлдвэрээ дагасан хэрэг юм.
Ингэхлээр төмөр зам бол үйлдвэртэйгээ салшгүй амин холбоотой. Манайд ч гэсэн төмөр замын дагуу буюу ойролцоо Дархан, Эрдэнэт зэрэг хотууд хөгжиж болоод байдаг нь ийм учиртай.
Одоо төмөр зам ярихаасаа өмнө үйлдвэр ярих ёстой. Эсвэл үйлдвэр (үйлдвэржилт) болон төмөр зам хоёрыг зэрэг ярих ёстой. Ганц төмөр зам ч биш, эрчим хүч (цахилгаан станц), үйлдвэр, төмөр зам гурвыг зэрэг цогцоор нь ярих ёстой. Гэтэл энэ гурвыг салгаж, дан ганц төмөр зам ярьж хэрэлдэж байгаад манай эмгэнэл оршино.
Одоо дурын дураак төмөр зам зурж хэрүүл хийдэг өвчтэй болж. Энэ бол утгагүй. Засгийн Газар ч тэр, түүний сөрөг хүчин ч тэр, ер нь бол бүгдээрээ солио өвчин тусч.
Монголын зүүн талд Дорнодод нефть бий. Харин Дарханы районд төмрийн хүдэр бий. Дэлхийн аль ч оронд ашигт малтмал байгаа газарт нь боловсруулах үйлдвэрээ барьдаг. Харин манайд бол нефтээ Дарханд боловсруулж, төмрийн хүдрээ Сайншандад хайлуулна гэнэ. Ийм тэнэг юмыг галзуу солиотой хүн ч бодож олж чадахгүй. Монголын төр үүнийгээ "аж үйлдвэржүүлэх төрийн бодлого” гэж нэрлэдэг. Монголд аж үйлдвэржүүлэх бодлого байхгүй. Бүр ор тас байхгүй. Яагаад гэвэл Монголд ганц ч эдийн засагч байхгүй. Нэгэнт үйлдвэрийн бодлого байхгүй учраас төмөр зам зурж хэрэлдэх ганц л ажил үлддэг юм. Яагаад төмөр зам зурдаг гэхээр монголын баялгийг зөөж зарах гэж тэгдэг юм. Үйлдвэр барих сонирхол монголын олигархуудад байхгүй. Монголын олигархууд бүтээн байгуулах оюун сэтгэлгээний чадвар байхгүй.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэсэн ганц зургаас өөр үйлдвэрийн төлөвлөгөө Монголд байхгүй. Үүний судалгаа тооцоо нь их эргэлзээтэй. Хэн хийсэн юм ?! Хэзээ хийсэн юм ?! Ухаандаа Дэлхийн банк юмуу, гадаадын аль нэг компани хийхээр хамгийн зөв болчихдог юм уу ?! гэх мэт олон асуулт үүснэ.
Хэрэв аж үйлдвэрийн цогцолбор барих гэж байгаа бол ус гэсэн ганцхан шалгуурыг Сайншанд даахгүй унана. Тэнд төлөвлөсөн бүх үйлдвэрүүд бүгдээрээ усыг ёстой уудаг эд. Яахаараа ингэж төлөвлөдгийг ёстой бүү мэд. Ер нь ингэхэд эдгээр үйлдвэрүүд манайд хэр ашигтайг хэн ч тооцоогүй гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ талаар ярих юм их бий. Үүнийг манай эдийн засагч, геополитикчид, түүхчдийн хэн ч бодоогүй гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Бодоогүй учраас төмөр зам зураад хэрэлдээд байдаг юм. Ингэхэд үйлдвэр байхгүй төмөр замаар чинь яахийм ?!
Технологийн тухай
Манайхан технологи ярих их дуртай боловч тэр талаар мэдлэгтэй хүн байхгүй. Мэддэг мэддэг технологио ярьж, бусдыг чи технологи мэдэхгүй гэж загнахдаа орчин үеийн гэсэн үг хавчуулдаг юм. Ухаандаа мэдээллийн технологийн залуу хүмүүс ингэх бүр донтой. Мэдээллийн технологи хөгжиж давамгай болж байгаа нь үнэн боловч энэ нь компьютер сонирхдог монгол залууд бусдыг доромжлох давуу эрх олгосон гэсэн үг биш юм. Мөн физик, байгалийн салбарынханд давуу байдал олгосон хэрэг бүр ч биш юм. Гэтэл монголын байгал, техникийн ухааныхан үүнийг өөрсөддөө олгосон давуу эрх гэж ойлгох бөлгөө.
Яг үнэндээ бол суурь их сургууль байхгүй, лаборатори байхгүй, үйлдвэрлэл байхгүй, төсөл байхгүй монголын байгаль, техникийн ухааныхан бол худлаа цэцэрхэхийн дээд үлгэр жишээ мөн. Нетээр хэсэж яваад гадаад технологи олж үзээд тэрийгээ гайхуулахаас өөр юм мэдэхгүй тэнэг шаарууд. Надтай байнга маргалддаг "түүх” гэдэг нэг баагий байсан юм. Дандаа америк болон барууны технологиор надад гайхуулна, орос технологийг бол ердөө л нулимна. Тэндээсээ лаг лаг геополитикийн дүгнэлт хийнэ. Өөр хийж чадах юм юу ч байхгүй. Ийм баагийнууд монголоор дүүрэн. Би гайхаад байдаг юм. Тийм их сүрхий юм бол тэр технологио хөгшин судлаачид нетээр гайхуулах утгагүй л дээ. "Түүх”-ээс өөр олигтой амьтан байсан бол тэрийгээ практикт нэвтрүүлээд "Монголд миний нэвтрүүлсэн технологи энэ байна” гээд нүүр бардам зогсож байхгүй юу…
Манайх технологийн хувьд хоцрогдсон улс юм. Түүнээс гадна технологийн суурь байхгүй нь манай гачлан мөн. Уг нь зөвлөлтөөр дамжсан суурь бүрэлдэж байсныг устгаж оронд нь юу ч бүтээгээгүйд хамаг лай ланчиг оршино.
Технологийн суурь гэдэгт би суурь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсон хүчин, мэдээлэл, их дээд сургуулийн бааз зэрэг орсон системийг хэлж байна. Дөнгөж бүрэлдэж байх үед нь үүнийг устгасан юм. Тэгээд энэ дэлхийн хамаг юмыг хольсон. Ер нь бол технологи холих шиг адгийн юм байхгүй. Богино хугацаанд мэдэгдэхгүй боловч яваандаа хамгийн хор хөнөөлтэй юм бол энэ.
Одоо металлург, машин зохион бүтээх технологи, цахилгаан эрчим хүч, электроник, нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, телекоммуникацийн технологи, инновацийн технологи зэрэг чиглэлээр бодох, хийж эхлэх юм их бий. Гэтэл хийх байтугай луйвраас эхэлж байгаа нь гачлантай.
Ухаандаа нано технологи ярьсан эрдэмтэн нэрт луйварчингууд манайд хэт олон байна. Хэдийн гурилын гампанз авах гэсэн чинь худалдагч авгай нь нано технологиор хийсэн солонгос гампанз гэж солиороод, би уурлаад, эхнэр авах гэж зүтгээд бөөн юм болох жишээний. Манайхан нэг солиорохоороо ёстой балай ш дээ. Ер нь бол манай сэхээтнүүдийн технологийн мэдлэгийн түвшин энэ худалдагч авгайгаас илүү гараад байх юмгүй…
Технологид түвшин гэж нэг ойлголт байдаг юм. Нэг дэх нь ерөнхий түвшин. Үүгээр бол бид үлэмж хоцрогдсон. Ингэхээр гүйцэх ёстой. Капитализмыг алгассан шиг алгасах ёстой. Ингэж болдог юм.
Үүний тулд технологийн боловсруулалтын түвшинг алгасах ёстой. Үүнийг ган хайлуулахаар жишээлэн авч үзье. Манайхан төмөр, ган хайлуулна гэж хөөрдөг. Энэ нь их сайхан санаа боловч тийм ч амар биш. Эхлээд төмрийн хүдэр хайлуулна. Эндээс ширэм гарна. Энэ нь нэгдүгээр түвшин болно. Үүгээр траншейны таг, ширмэн тогоо, хадаас гэх мэтийг хийж болно. Эндээс эдийн засгийн ашиг олох ямар ч боломжгүй. Дараа нь түүнийгээ хайлуулж халбага сэрээ, эрэг боолт, өвсний хадуур, хялбар деталь хийж болно. Энэ нь хоёрдугаар түвшингийн хагас болно. Эндээс мөн л эдийн засгийн ашиг олох боломжгүй. Хэрэв машин хийе гэвэл 5 дугаар түвшинд очсон байх ёстой. Өөрөөр хэлбэл бид наад зах нь өнгөт металлург болон химийн үйлдвэрүүд барьсан байх ёстой. Ингэвэл сая бүдүүн тоймын машин хийж болно. Энд би хялбарчлах үүднээс боловсон хүчний асуудлыг огт хөндөөгүй.
Энэ хэцүү байгаа бол арай даруухан зорилго тавьж болно. Тухайлбал, барилга болон бусад салбарын төмөр хийц, арматур, хадаас, эрэг боолт зэргээ хийгээд байж болох уу. Болно гэсэн хариулт бэлэн байгааг би мэдэж байна. Гэхдээ л их хэцүү. Яагаад хэцүү гэхээр өртөг гэж нэг аймаар юм байдаг юм. Яаж ч бодсон монголд хийсэн төмөр эдлэл орос, хятадаас хямд байна гэж номонд хазгай. Яагаад гэвэл байгаль газар зүйн байрлал, хүйтэн нөхцлөөс болоод манай өртөг зардал ихээхэн өндөр гардаг. Мөн бөөнөөр үйлдвэрлэдэг том үйлдвэрийн өртөг ямагт хямд байдаг. Жилийн 7-8 сар халаадаг монгол үйлдвэр ямар ч халаалтгүй хятадын үйлдвэртэй өрсөлдөнө гэж ёстой байхгүй. Тэгээд ч монгол нь залхуу, хятад нь ажилсаг гэдгийг хүн бүр мэднэ. Яахав, бүрэн автомат үйлдвэр бариад, бэлэн түлшээрээ зодвол болох л байх…
Эндээс бид бусад оронд байхгүй буюу давуу талтай үйлдвэр барих ёстой гэсэн эхний гаргалгаа гарч ирнэ. Бид үйлдвэр барилаа ч гэсэн технологийн эхний шатнаас биш, эцсийн шатнаас эхлэх ёстой гэсэн удаах дүгнэлт хийж болно. Ухаандаа машиныг ган хайлахаас биш, угсрахаас эхлэх ёстой. Энэ ч нэг их шинэ юм биш. Наад зах нь Япон, Солонгос хоёр байж л байна. Тэд угсрахаас эхэлсэн болохоос ган хайлахаас эхлээгүй. Тийм биз дээ.
Түүнчлэн хамгийн боломжтой орчин үеийн технологи руу бүх хүчээрээ дайрах хэрэгтэй. Дээд технологи буюу микроэлектроник, тооцоолох техник, робототехник, цөмийн эрчим хүч, нисэх онгоц зохион бүтээх, сансрын техник, микробиологийн аж үйлдвэр зэргийг хэт хол гэж үзэж болохгүй. Үгүй ядаж л микроэлектроник, тооцоолох техник, микробиологийн аж үйлдвэрээр одооноос бодож, оролдож эхлэх нь зөв. Энэ бол ямар ч эргэлзээгүй. Ингэж бодож байж үйлдвэрийн бодлого гарч ирдэг юм. Даанч энэ нь алга. Зам л яриад байна. Үйлдвэргүй зам ярих утгагүй.
Үйлдвэрийн тухай
Үйлдвэр хоёр янз. Нэгдэх нь хөнгөн, удаах нь хүнд. Хөнгөн нь хуучны гар урлал мэтийг машинаар хийдэг үйлдвэр юм. Хувцас хунар, хоол хүнс мэт. Харин хүнд нь төмөртэй холбоотой. Хөнгөнийг нь хаа ч хамаагүй барьж болдог бол хүндийг нь ордтой газар барина. Орд нь хоёр янз. Нэгдэх нь хүдэртэй, нөгөө нь түлштэй холбоотой. Хүдэр нь эхлээд голдуу төмөр байж байгаад дараа нь зэс, никель, хром гэх мэт олширсон хэрэг. Түлш нь дан ганц мод, нүүрс байснаа нефть, хий, уран гэх мэт олширч. Гэхдээ хүдрийн орд, түлшний орд хамтдаа байна гэж өдрийн од аж. Ингээд зам, төмөр зам барьдаг болж. Эндээс хүдрийн орд, түлшний орд, үйлдвэрлэгч хот, хэрэглэгч хот гэсэн гурвалжин дөрвөлжин үүсч байгаа нь тодорхой байна. Зам бол энэ хэдийг холбох гэж үүсдэг. Зүгээр тавьдаг зам гэж байхгүй.
Манайд хүдрийн орд байна, түлшний орд байна, гэхдээ хол хол байна. Харин үйлдвэр нь алга. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч хот, хэрэглэгч хот алга. Үнэндээ бол манай ийм хэрэглээг тооцсон тооцоо судалгаа байхгүй л дээ. Гэтэл үйлдвэрээ ярихгүй байж зам ярьж хэрэлдэж байгаа нь үлэмжийн тэнэглэл мөн.
Ганц нөхцөл
Үйлдвэр ярихгүй зам ярих ганц л нөхцөл бий. Энэ бол дамжин өнгөрөх тээврийн (транзит) асуудал юм. Эсвэл "ачаа дайх” асуудал гэсэн ч болно. Ингэвэл арай ойлгомжтой болно. Энэ талаас нь аваад үзье.
Манайх л ганцаараа баялагтай юм шиг ойлгож болохгүй л дээ. Оросын Сибирь, Алс Дорнодын баялаг бол үнэн гайхамшигтай. Оросууд тэрийгээ зарж идэх гэж тэмүүлж байна. Гарах гарц нь хоёрхон бий. Нэг нь Номхон далайгаар Зүүн Өмнөд Ази буюу Хятад, Япон, Солонгос гэх мэтэд гаргах. Үүнийгээ трассибирийн төмөр замаар гаргаж байна. Ингэлээ ч гэсэн тэр нь ачааллаа даахгүй байна. Ингээд оросууд БАМ-2-ыг барьж байна. Тэглээ ч гэсэн тэр их баялгийг зөөж дийлэхгүй юм.
Хятад ч гэсэн асар их баялагтай. Ялангуяа Өвөр Монгол бол тэр чигээрээ нүүрс. Нүүрсний сав газар газар доогуураа холбоотой юм шиг байгаам. Тэд ачаа бараагаа манай зүүн болон баруун талаар зөөж байна. Энэ талаар би "Зүүн гар” гэсэн өгүүлэл бичсэн учраас дэлгэрүүлж ярихгүй.
Хамгийн дөт зам нь Монгол юм. Монгол бол Орос Хятадын хооронд хөндлөн хааж тогтсон байршилтай. Хоёр талаасаа бүрэн хаалттай нь ихээхэн дутагдал мэт боловч сайтар харвал үлэмжийн давуу тал юм. Монголд Орос Хятадыг холбосон бараг цорын ганц дөт зам байдаг ба үүний стратеги ач холбогдлыг бид сүүлийн жилүүдэд анхаарлынхаа гадна орхисон.
Шалтгаан нь ардчилал, гуравдагч хөрш энэ тэр гэж хөөрч давхиснаас болсон. Айлаар бол тун муухай юм хийсэн. Одоо бол ухаарах хэрэгтэй. Орос, Хятадын харилцаа сайжирч байгаа үед босоо чиглэлийн замын ач холбогдол асар ихээхэн өсч байна. Хамгийн эхэнд Сүхбаатар-Замын-Үүдийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд л манайд мөнгө зүгээр л цутгаад ороод ирнэ. Харин хоёр салаа болгох уу, зөрлөгийн уртыг нэмэх үү гэдгийг би мэдэхгүй. Ямар гэсэн хүчин чадлыг эрс нэмэх гарцаагүй шаардлагатай. Ингэвэл Оросын мод, нефть, нүүрс, ашигт малтмал болон бусад ачаа цувна. Эргээд хятадын ачаа цувна. Дунд нь манайх юмаа дайна, мөнгө олно. Энийг сэтгэж болох л байсан. Би олон удаа үүнийг хэлж байсан. Жишээ нь: Миний "Хэрэв томоор сэтгэе гэвэл” өгүүлэл.
Хэрэв Орос, Хятад хоёрын мангар том зах зээлийг холбож чадвал манайд л ихээхэн ашигтай нь ямар ч эргэлзээгүй. Юун танк манк гэж солиороод байгаам ?! Ер нь манайхны тархи толгойд Карл фон Клаузевицын дайны тухай онол ямар нэг хэмжээгээр байдгийг би сайн мэднэ. Гэхдээ энэ онол чинь аль хэдийн хоцрогдоод одоо Барри Бузаны секьюритизацийн онолоор явдаг болсон, хонгорууд аа. Та нар лав л 50 жилээр хоцорч байна. Дандаа баларсан завхарсан юм ярьж өөрийгөө орчин үеийн гэж нотлох бол үнэндээ утгагүй ш дээ. Бүгдээрээ шахам юм уншдаггүй монголд л болдог байх. Гэхдээ манайхан их өөрчлөгдөж байна ш дээ. Ер нь бол босоо чиглэлийн төмөр замыг манай баруун болон зүүн талаар тавих талаар бодох цаг болсон.
Мөн нэг хэсэгтээ бид нүүрс, зэс зэрэг ашигт малтмал гаргах нь гарцаагүй учраас зам нь энэ нөхцлийг ямар нэг хэмжээгээр харгалзах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь үүрдийн биш, зуурдын гэдгийг цаг ямагт санаж, үйлдвэрээ л бодож байх ёстой л доо. Гэтэл үйлдвэрийг хэн ч ярихгүй байна.
Яагаад хоёр хөршийн үйлдвэрүүдтэй хорших, төрөлжих, хослох асуудал ярьж болохгүй гэж ?! Яагаад гурвалсан, дөрвөлсөн байдлаар олон улсын интеграцид орж болохгүй гэж ?! Олон улсын хөдөлмөрийн хуваарьд орж байж хөгжинө гэдгийг бүгд л мэддэг баймаар…
Хэрэв үйлдвэргүйгээр төмөр зам барьмаар байгаа бол чиглэл нь босоо байх ёстой. Харин үйлдвэрлэл байх юм бол замтайгаа, түлш эрчим хүчтэйгээ, мөн ордтойгоо уялдаатай байх нь мэдээжийн хэрэг. Үүнийг бол С.Баярцогт биш, толгой нь ажилладаг байгууллага хийдэг юм. Энэ талаар би "Толгой нэхэхийн учир” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн.
Үйлдвэр, эрчим хүч, орд, зам зэргийг нийлүүлж байж боддог, тооцдог болохоос замыг дангаар нь зурдаг тэнэг юм гэж байхгүй. Цаашид зам зурсан нөхдүүдээс үйлдвэр чинь хаа байгаам гэж асууж бай. Үйлдвэрийн "зураг” үзүүлбэл тооцоо нь хаа байгаа юм, хэн хийсэн юм гэж асууж бай. Урьдчилаад хэлэхэд Монголд үйлдвэрийн буюу Монгол орныг үйлдвэржүүлэх тооцоотой улс төрч, эдийн засагч нэг ширхэг ч байхгүй…
Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянга үүнийг маш анхаарч мэргэжилтний бүлэг ажиллуулж эхлээд байгааг би олзуурхан тэмдэглэж байна. Өөрөөр сэтгэх ажил эхэлж байна.
Ц.Элбэгдорж "хөндлөн” зурж байхад хараад баясаад байж л байсан, одоо Х.Баттулгыгаа загнаад "босоо” зураг яриад байж л байна. Тэр зураг цуглуулдаг гэж үнэн юм байна.
Гэхдээ уран зураг төмөр замын зураг цуглуулах хоёр их ялгаатай л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.

 

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хүссэн иргэд, бичиг баримт бүрдүүлэлтийн зардалд дунджаар 960 мянган төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, хэрвээ банкнаас 63 сая төгрөг зээлж, 90 сая төгрөгийн байр авсан иргэн нотариатороор батлуулахад 50 мянган төгрөг, байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэхэд 69 мянга, зээлийн үйлчилгээний шимтгэлд 315 мянга, эд хөрөнгийн даатгалд 270 мянга, гэнэтийн ослын даатгалд 126 мянга, бусад зардалд 130 мянган төгрөг зарцуулдаг болох нь тогтоогджээ. Он гарснаас хойш 20 мянга 734 иргэнд 1,1 их наяд төгрөгтэй тэнцэх ипотекийн зээл олгосон байна. - See more at: http://economy.time.mn/content/46905.shtml#sthash.rZgi3l1z.dpuf