Гэр бүл, хүүхдийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадартай ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдэд холбогдох Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хэлэлцүүлгийн үеэр хөндсөн гол асуудал нь юу байсан бэ?

-Энэхүү хэлэлцүүлэг дээр ярьсан гол зүйл бол гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдийг яаж, хэрхэн зөв хүн болгож, хүмүүжүүлэх вэ. Хоёрдугаарт, ял, Эрүүгийн хариуцлагын нэг зорилго нь залхаан цээрлүүлэх байдаг. Хамгийн зохистой байдлаар залхаан цээрлүүлсэн ял шийтгэлийн онолыг хангуулах асуудлыг ярих ёстой. Маш товчоор хэлэхэд, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг нийгэмшүүлэх зорилго хангагдаагүй учраас мэргэшсэн гэмт хэрэгтэн болох эрсдэл байсаар байна. Манай улсын хуульд зааснаар 14 нас хүрсэн хүүхдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Гэхдээ тодорхой төрлийн хэргүүд дээр буюу хүний амийг бүрэлгэх, хүчиндэх, хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах, хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашигласан бол 14 наснаас Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Бусад төрлийн гэмт хэргүүд дээр 16 наснаас гэж заасан. Тэгэхээр өсвөр насны хүн гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн 14-18 насныхныг хэлж байгаа юм. Яагаад энэ насны хүүхдийн хэргийг онцгойлон авч үзэх шаардлагатай вэ гэхээр хүүхдийн дээд ашиг сонирхол гэх агуулга бий. Энэ нь хүүхдийн эрхийн тухай гэрээ, конвенцод тусгагдаж батлагдсан. Аливаа улсын хувьд өсвөр, залуу үе гэдэг бол тухайн улсын ирээдүй байдаг. Тиймээс энэ агуулгаараа аваад үзвэл гэмт хэрэг үйлдсэн гээд тухайн хүүхдийг тэр чигт нь түлхэж, орхиж болохгүй.

-Гэтэл манай нийгэм үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн, эсвэл ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг заавал хорих ялаар шийтгэдэг байх ёстой гэсэн сэтгэл зүйтэй байна шүү дээ. Хорих ял нь гэмт хэрэг үйлсэн хүүхдийг засан хүмүүжүүлэх хамгийн сайн арга байж чадах уу?

-Над дээр нэг хэрэг шийдэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн шүүгдэгч нь хамгийн сүүлд хорих ангиас гараад найман сарын дараа дахин гэмт хэрэг үйлдээд, эргээд орж ирсэн байсан. Анх 14 насандаа хулгай хийгээд, хорих ял аваад шоронд орсон ч түүнээс хойш нийт 30 гаруй жил хорих ангиудаар орж, гараад л явсан байгаа юм. Шүүх хурлын үеэр шүүгдэгч “Шүүгч ээ, та надад хамгийн дээд буюу урт хугацаатай ял өгөөч ээ” гэж хэлсэн. Яагаад хамгийн дээд ялыг авах гээд байгааг нь асуухад шүүгдэгч “Би хүүхэд байхаасаа хорих ангиудаар орж, гарч явсаар амьдралынхаа 30 гаруй жилийг шоронд өнгөрүүлсэн. Анх 14 насандаа хүүхдийн колонид орж байсан. Одоо надад аав, ээж, хамаатан садан, найз нөхөд, гэр бүл гээд юу ч байхгүй. Нийгэм дотор энгийн хүн шиг амьдарч чадахгүй байна. Тийм учраас би өөрийн дассан, сурсан газраа л баймаар байна. Одоо би нас 60 гарсан учраас хаалттай хорих анги руу явмааргүй байгаа” гэж хариулсан. Яг үүнтэй адилхан агуулга бүхий олон хэргийн кейс бий. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол байна. Гэлээ гээд тухайн хүүхдийг түлхэж, нийгмээс тусгаарлаж болохгүй. Харин тохирсон ял шийтгэлийг нь өгч, эргээд нийгэмших орон зайг үлдээх ёстой. Хүүхдийн ирээдүйг тэр чигээр нь харлуулж, мэргэшсэн гэмт хэрэгтэн болгохгүйн тулд зөв хүн болгож төлөвшүүлэх арга хэмжээг авах нь хамгийн зохистой. 18 насанд хүрээгүй өсвөр насны хүн дээр хорих ял гэх нэр томьёог хэрэглэдэггүй. Харин Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэх нэр томьёо хэрэглэдэг.

-Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нь насанд хүрэгсдийн нээлттэй, хаалттай хорих ангиас юугаараа өөр вэ?

-Дэглэмийн хувьд өөр. Жишээ нь, тухайн хүүхдийг сурч боловсрох боломжоор нь хангадаг ч юм уу. Энэ бол нэг л жишээ нь шүү. Энэ хорих ангид ял эдэлж байхдаа 18 нас хүрсэн бол 21 нас хүртэл нь үргэлжлүүлэн ялыг эдлүүлэх байдлаар ч шийдвэрлэж болдог. Яагаад гэвэл өсвөр гэх ойлголтыг зөвхөн 18 насаар хязгаарладаггүй, 21 нас хүртэл асуудлыг авч үздэг. Ингэж авч үзэж болно гэх зөвшөөрөл нь бий. Харин ингэж зохицуулах уу, үгүй юу гэдэг дээр тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаална. 18 нас гэдэг чинь календарийн өдрөөр бол нэг өдрийн наад, цаадах асуудал шүү дээ. Тухайн хүүхэд 18 нас хүрсэн ч сэтгэхүй, биологийн хөгжил, өссөн орчны онцлог зэргээс хамаараад өөрийн үйлдлээ насанд хүрсэн хүн шиг бүрэн ухамсарлаж, ойлгох чадамж нь хангалттай хөгжөөгүй байж болно. Тиймээс тухайн хүүхдийн онцлог, хувийн байдлыг харгалзаж үзээд насанд хүрээгүй хүнд оногдуулах ял, шийтгэл Эрүүгийн хариуцлагын асуудал үүсч байгаа юм. Мөн тухайн хүүхдэд буруу үлгэр дуурайл, нөлөөлөл үзүүлж буй хүрээллээс нь холдуулж, салгах, сургууль завсардсан бол дахин сургах, ингэхдээ тодорхой хэмжээгээр төрийн албадлага хэрэглэх, шаардлагатай бол ял шийтгэл оногдуулна. Гэхдээ хорихоос өөр төрлийн ял шийтгэл, Эрүүгийн арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг олон улсын байгууллагуудаас зөвлөж байна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байгаа.

-Хорих ялыг ямар тохиолдолд хэрэглэдэг юм бэ. Саяхан үе тэнгийн хүүхдүүд нэгнээ зодож, дарамталж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, ихээхэн шүүмжлэлд өртсөн. Эдгээр хүүхдийн гаргасан үйлдэлд хорих ял оноох боломжтой юу?

-Нэгдүгээрт, хорих ялыг хамгийн эцсийн хувилбар болгож хэрэглэдэг. Хэргийг шалгадаг цагдаа, хяналт тавьдаг прокурор, шийддэг шүүхийн байгууллагууд нь байна. Бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж байна шүү дээ. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж сошиалаар яллаж, ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилж болохгүй гэх зарчим бий. Манайхан аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандаад явчихдаг. Мэдээж, гэмт хэрэг үйлдсэн бол зохих ял шийтгэлээ авна. Үйлдээгүй бол ялангуяа өсвөр насны хүүхдийн нэр төр гэж бий шүү дээ. Монголчуудын хувьд хүний дүрсийн эрхийг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Гэмт хэрэгт холбогдсон, эсвэл хохирогчийн зургийг олон нийтийн сүлжээнд цацаж, нийгмээрээ сошиал шүүхээр оруулдаг. Ямар ч хүн өөрийн хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэлээ хуулийн дагуу авах ёстой болохоос биш өөр бусад байдлаар яллагдах ёсгүй. Нөгөө өнцгөөсөө хүүгээ, охиноо, дүүгээ, ач, зээгээ ямар нэгэн зохисгүй байдлаар бусдын халдлагад өртөж, дарамтлуулж буй бичлэгийг зүгээр хараад суухад хэцүү шүү дээ. Гэхдээ аливаа хэрэг хуульд заасны дагуу л зохицуулагдаж явах ёстой. Үгүй бол энэ нийгэмд хуульт ёс биш, дур зоргын байдал ноёлно шүү дээ.

А.ДАВААДУЛАМ

ӨДРИЙН СОНИН