Сонгогчдоо! шалгалтандаа орцгоо!
2024/05/22
Монголын сонгогчдыг “тэнэг” гэхэд ч багадна. Шилж сонгосон хүмүүс нь юу юу хийчихсэн билээ? Хийгээгүй муу зүйл бараг л байхгүй! Энэ удаа аль тойрог нь яаж тэнэгтэх бол оо? Сонгууль бол нэг хэлбэрийн шалгалт юм.
Өмнөх 8 сонгуульд мөн ч олон тойрог “муу” дүн авсан. Нутгархаад, жалга доворхоод, саналаа худалдаад, бэлэг сэлт аваад, том амлалтанд хууртаад, хоосон мэдэмхийрэгчдэд хөтлөгдөөд, баг өмссөн, дүр эсгэсэн жүжиглэлд нь автаад сонгогчдын олонхи нь эх орон, эгэл түмэндээ элэггүй, шуналтангуудад саналаа өгч “муу” дүн авцгаажээ. Энэ онд манай сонгогчид ээлжит шалгалтаа дахиад л өгөх гэж байна. Сонгогчдын улстөрийн боловсрол, нийгмийн мэдрэмж чухам ямар түвшинд байгаа нь 2024 оны дундуур тодорхой болно.
“Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг” гэх өвгөдийн маань үнэн үг буй. 1990 оноос 2024 он хүртэл 34 жилийн туршид сонгогчид мөн ч ихийг үзлээ, мэдлээ, сонслоо, арьс махан дээрээ ч мэдэрлээ. “Даллуур барьсан хошгируулагчдад” тарвага адил хууртлаа.
Диваажинг амласан популистуудад хүүхэд адил мэхлүүллээ. Ах намын авилгачдаар араараа ч их тавиуллаа. Амны салиа нь арилаагүй дүрсгүй банди нараар ч их чадууллаа. Хүний, өөрийн акулууд ч хүссэн бүхнээ хийцгээлээ… Гэхдээ энэ бүх худал, хуурмагт, хулгайч луйварчдад, авилгачдад боломж олгосон эзэд бол ард олон бид, сонгогчид шүү дээ! “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”-н үлгэрээр л хотынхон ч, хөдөөгийнхөн ч тэссээр л байна. Сонин, хачин үг, үйлдэл ч ажиглагдах боллоо. Жишээ нь миний нэг танил хэнтэй ч ярих, холбогдох сонирхолгүй болчихжээ. Учрыг нь лавлавал: “Хэнтэй ч ярьсан гэсэн хэн нэгэн луйварчин, эсвэл хулгайчтай ярих болох юм. Иймээс л утсаа байнга унтрааж байна” гэж гунигтайхан хэлээд санаа алдлаа. Өөр нэг танил маань “аптек болгоныг л хуурамч эм зарж байна” гэж сэжиглээд бараг солиотой хүн мэт аашилдаг боллоо. Иймэрдүү сэтгэлзүй хот, хөдөөгүй газар авсаар өвөрмөц өвчин, гажиг болох бий гэж эмээх болов. Ингэ ингэсээр монголчууд бүгдээрээ л нэг нэгийгээ үзэн яддаг болчихвол яанаа гэж ч бодогдох юм. Итгэх, найдах нам ч үгүй, хүн ч үгүй болох тийшээгээ нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдсөөр байна. Энэ бол аюул шүү!
“30 жилийн туршид ухаажаагүй, хэрсүүжээгүй, байнгад хууртагдаж ирсэн манай сонгогчдыг “тэнэг сонгогчид” гэхгүй бол ямар сонгогчдыг тэнэг гэж нэрлэх юм бэ?” хэмээн надад агсан тавьсан хүн ч гарлаа.
“Үндсэн хуулиа өөрчлөх биш ард түмнээ л өөрчлөх хэрэгтэй байна. 2024 оны сонгуулиар манай сонгогчдын тэнэг нь дахиад батлагдана. Харж л байгаарай!” гэх хүмүүс ч олон байна. “Зөв хүмүүсээр парламентаа бүрдүүлэх чадвар Монголын сонгогчдод хэзээ ч буй болохгүй. 8 удаагийн сонгууль энэнийг нотолчихлоо шүү дээ. 8 удаа шалгуулаад “Муу” дүн авсан хүмүүс 9 дэх шалгалтандаа ч бүдрэх нь тодорхой” хэмээдэг цөхрөл ч буй болчихжээ. Монгол дахь улстөрийн намын тоо 40-рүү дөтөлж явна. Яагаад энэ билээ? Монголыг хөгжүүлэхэд туслах, таарах 40 шахам онол, үзэл баримтлал буй болчихлоо гэж үү? Аль эсвэл яг л адилхан онол, үзэл баримтлал бүхий олон нам зэрэг зэрэг төрөөд байгаа юм уу? Улстөрийн нам бол барилгын бригад биш, аж ахуйн нэгж биш шүү дээ! Нам байгуулж байгаа хүмүүс “Нам гэж юу юм бэ?” гэдгийг орчин үеийн утга, зориулалтаар нь мэдэж л байдаг байгаа даа? Өөрийн гэсэн намтай байх, болох сонирхлын цаана юу нуугдаж байна вэ? 40-өөд намын 40-өөд дарга, 40-өөд удирдах бүлэг, 40-өөд төв байр, 40-өөд туг, тамга... Улаанбаатарт, 4 уулын дунд, нэг сая хагас хүн амтай хотод энэ олон нам багтах нь багтана л даа. Харин аймаг, сум бүхэнд яах бол? Анхан шатны 40 хороо, үүр, контор гээд л буй болох уу? Энэчлэн бодох, төсөөлөх аваас толгой эргэж, дотор муухайрах ажээ. Гэтэл тэрбум шахам хүн амтай улс орнуудад 2, 4, 6 том намын нэр л дуулддаг даа!
40 шахам намтай байхаар 40 шахам том, чухал үйлдвэртэй, үлгэрлэвээс Эрдэнэт шиг, Түмэн тахиат шиг... Үгүй ядахдаа шинэ, сайхан 40 сургууль буй болж хүүхдүүд маань баярлаасай... Энэ 40 шахам нам төр барилцаж ирсэн хоёр шигээ (МАН, АН) тун ч эвгүй эрхмүүдийн үүр, уурхай болчихвол яана даа! гэж ч бодогдох боллоо.
“Гайхаад байх юмгүй шүү дээ. Намтай байж байж л УИХ-ын гишүүн болж дархлагдана, сайд болж мөнгө, тамга барина, за тэгээд хот, дүүргийн дарга, сум, хорооны дарга, сургууль цэцэрлэгийн дарга болно. Намгүйгээр чи улсын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадах уу? Ийм болгоод хуульчилчихсан юм чинь! Намуудын тоо 40 битгий хэл бүр 80 болоход ч гайхах зүйлгүй!” Олон хүн ингэж ярих болов. “Олхиогүйдээ л чи цаас сараачсаар насаа дэмий барлаа” хэмээн зэмлэх танилууд ч олширлоо. Мөрөөрөө байх, суух боломжгүй шахам болохнээ! Цас, зуд, зурханыг ойлгож болох хэдий ч намуудаас үүдэлтэй Зудыг ойлгодог хүн хэд байгаа бол оо? Нам гэдэг чинь дарга болох зам, дарга гэдэг чинь мөнгөний авдрын түлхүүр, мөнгө гэдэг чинь “Манай үеийн баатруудын шүтээн” – ингэж ч зарим хүн цэцэрхэх юм.
“Монголын залууст мөнгө олох хоёр л арга буй: Гадаадад гарч хүн хүчир ажил хийх, эсвэл нам дагаж авлига ба луйварт суралцах. Өөр арга, зам байна уу?” ингэж ам таглах нь ч түгээмэл болчихжээ. Чухам иймийн учир л намын тоо өсөөд байгаа бололтой.
“Эрх баригчдын хүчирхэг саварт атгагдаагүй нэг ч хууль, хүчний байгууллага, том банк байхгүй. Эрх баригчид гэмт үйлдлээ шүүх, цагдаагаар аргалуулаад л, сонгуулийн үеэр мөнгө, өглөгөө банкуудын тусламжаар нууцхан тараагаад л, олны өмнө, аман дээрээ бол аугаа их ардчилагч, шинэчлэгч, гоц гойд шударга хүн болж жүжиглээд л... Монголыг маань шашин ч аварч байгаагүй, одоо шинжлэх ухаан ч аварч чадахааргүй боллоо” гэж аргагүйдэн санаа алдах хүмүүс ч цөөнгүй байх юм. Бүх зүйл улстөрөөс л хамаарна гэцгээж байна. “Эрх баригч хоёр намаас бусад нь эвсээд сонгуульд ялж засгийн газраа байгуулаасай. Тэгвэл УИХ-д МАН ба АН-ын хоёр бүлэг ажиллана. Дээр нь МАН, АН хоёр сүүдрийн засгийн газар байгуулвал нийтдээ улстөрийн таван том хүч хяналт тавих болно. Чухам ийм нөхцөлд л хууль, хүчний байгууллагууд (цагдаа, шүүх, прокурор), мөн сэтгүүлчид эрх баригчдын дарамтнаас чөлөөлөгдөж шударга шулуунаар ажиллах байх” – ийм төсөөлөлтэй сонгогчид ч хот, хөдөөд олон байна. 40 шахам тооны намууд маань гурван том хүч болоод сонгуульд оролцож, хэн нь хэн бэ гэдгээ үзүүлж, нотолж ч бас болох юм шүү... Бусдаасаа түрүүлж, эрт байгуулагдсан хоёр намд зонхилж “од шүүрэгчид, арга зальтнууд” нэгдэж нийлээд хар хэргүүдээ хийж, хөлжсөн байж болох юм. Харин тэдний хэн болохыг ойлгож мэдээд, тэдэнтэй нэгдэхгүйгээр шинэ нам байгуулж байгаа хүмүүс зөв, шударга иргэд байж ч болох билээ. Ингэхлээр тэдэнд итгээд нэг үзэхэд болохгүй гэх газаргүй. Эхний хоёр нам тэртээ тэргүй тараа таниулчихлаа шүү дээ! Тэдэнд найм дахин итгээд үзчихлээ.
Ес дэх удаагаа итгэх нь тэнэглэл байж мэднэ... “Шинэ, шинэхэн намуудын эвслийн засгийн газар, МАН, АН-ын сүүдрийн засгийн газрууд, УИХ дахь олонхи, МАН-ын, мөн АН-ын бүлгүүд гэсэн улстөрийн 6 хүч бие биенээ хянаад, зөвшилцөөд, буруу бүхэнд хаалт болоод, зөв бүхэнд хүч нэмээд 2024-2028 оны хооронд Монгол маань нэлээд цэвэршиж мэдэх юм шүү.
Энэнээс өөр үр дүнтэй хувилбар байхгүй ч байж болно” гэж ярих, ухуулах “юм үзэж, нүд тайлсан”, мөн “гурав буудуулаад амьд гарсан” хашир чоно шиг хүмүүс ч надтай тааралдсаар байна. Манай парламент дахь сөрөг хүчин сүүдрийн засгийн газар байгуулдаггүй, намын бүлэг нь олонхитойгоо кармаа нэгтэй болчихдог, эсвээс “стандартын бус засгийн газар” байгуулж үндсэн хуулиа зөрчдөг гажгийг парламентад суудалгүй намууд ч чимээгүй л өнгөрөөсөөр ирсэн нь үнэн билээ. Тэр мөртлөө л бүгдээрээ парламентат ёсыг бэхжүүлнээ! гэцгээдэг, ам ба ажил нь алд дэлэм зөрдөг. Энэ бүхнээс болоод намын хэрэг байна уу? хэмээн эргэлздэг сонгогчид олширсоор байна. “Монголд нам шиг нам ч байхгүй, бас лам шиг лам ч байхгүй” гэцгээх ч болжээ. 2024 оны сонгуулийн талаарх таавар, таамаглал хий үзэгдэл болон хот, хөдөөд хөлхөж, ам ам дамжин сайнаар ч, бас муугаар ч энэчлэн яригдсаар л байна. Хор ч найруулах чадвартай, хот хөдөөд ч хөлтэй, хар хайрцагт ч нөлөөлж чадах, харилцах дансуудаар ч мөнгө тараадаг хүчирхэг нам байгаа мэтээр ч цуурах юм. Өнөөдөр гэхэд л үнэн ба худал хоёр хутгалдаад үнэхээр л хүнд байна, хэрхэх, яах нь зохистойг хэлэх, мэдэх хүн ч алга! УИХ-д аль нам олонхи болохыг, засгийн газрыг аль нам байгуулахыг, мөн улсын ерөнхийлөгч хэн байхыг Монгол улсад ард түмэн нь, сонгогчид нь шийддэг. Ингэхлээр төр, засаг нь ард түмнээсээ сонгогдож буй болдог. Гэтэл найман удаа сонгууль хийгээд ч төр, засгаас угшил, эхтэй муу муухайгаасаа Монгол улс салж чадсангүй. Энэ талын хэрэгт Монголын сонгогчдын ухаан жолдоод байгаа ажээ. Тэд намчирхаж нэг алддаг, популистуудад хууртаж нэг алддаг, саналаа худалдаж нэг алддаг, сонгуульд оролцохгүй тэнэгтэж нэг алддаг, хэнд ч хамаагүй санал өгч бас нэг алддаг. Ингэ ингэсээр нөгөө л авлигачид, луйварчид, шахаачид, хулгайчдаа дахиад л сонгосоор, бүх баялагаа дээрэмдүүлсээр иржээ.
Ямар сонгогчид байна, мөн тийм л төр, засаг байдаг гэх үг үнэн ажээ! Энэ өнцгөөс үзэх, үнэлэх аваас 2024 оны сонгууль ямар нэгэн дэвшил авч ирэх найдваргүй, намуудын болхидуу Шоу л нэг хэсэгдээ үргэлжлээд дуусан бизээ...
Монголын сонгогчдын дахин давтагдан хууртагдах шинж, чадавх юуны улмаас дэлхийн дунджаас хамаагүй их, өндөр байдгийн учир, шалтгааныг шинжилж тогтоох төсөл боловсруулж, хэрэгжүүлэх нь тулгамдсан зорилт болоод байна. Ингэж л, мөн л мугуйдлан бодох боллоо. Коммент бичдэг ухаантнуудаас тусламж, зөвлөгөө хүсье. Ухааруулж, гэгээрүүлж өгнө үү, гуйж байна. Ганц намайг бус бүх сонгогчдыг ухааруулж гэгээрүүлэх ажлыг сонгууль дуустал залхууралгүй өдөр бүр хийцгээнэ үү. Сонгуулийн эерэг үр дүн Та нарт ч хэрэгтэй, чухал биз дээ? “Яг л эзэд нь хичээвэл л заяа нь хичээх” болчихоод байна шүү дээ! “Эзэд нь (сонгогчид) эс хичээх аваас байдал хоёр дахин дордоно” гэж нэгэн зөнч айлдсан хэмээх үг ч гадуур тархаад байна. Төрийн эрх барьж буй хугацаандаа шударгаар ажилладаг, ямагт л зөв зүйлийг сэддэг, хэрэгжүүлдэг, ард түмнээ эд материалын хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч өөд нь татдаг, урагшлуулж, хөгжүүлж чаддаг бол тэр намынхан хот, хөдөөний ухамсар дорой иргэдийг хуурч, мэхэлж байгаад, бүр унатал, дустал нь хуурч байгаад ч болов саналыг аваг л дээ. Ийм нөхцөл, байдлыг бүр зөвтгөж, сайшааж ч болох юм. Зөв хүнээ сонгож ер чадахгүй байгаа хүмүүсийг хуурахаас өөр яах юм бэ? Тэдний өөрсдийн нь ашиг, сонирхлын төлөө л тэгж байгаа хэрэг шүү дээ. Зорилгоо бодоод, аргагүйн эрхээр буруу арга хэрэглэж болох л доо. Гэтэл манайхан сонгогчдын саналыг ч хуурч авдаг, бас бүх боломжийг нь ч мөн хулгайлчихдаг, яг үнэнийг нь хэлбэл улстөрийн аргаар луйвар хийдэг, залилан мэхэлдэг улстөрчидтэй болчихжээ. Ийм байдал, нөхцөл дахиад 33 жил үргэлжилбэл Яанаа? Ёстой л хот, хөдөө ядуучуудаар дүүрэх байх, хогийн цэгүүдээр л хүн амын олонхи нь амь зуух байх... Улстөрийн луйварчид, эдийн засгийн алуурчид, хар тамхины мафи, авлига мэтээс болоод маш хүнд байдалд орчихсон, хүн ам нь хаашаа л бол хаашаа сад тавин цагаачилж байгаа улс орон өнөөдөр ч олон байна шүү дээ. Тэдний эгнээнд л орчихгүй юмсан...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Зочин · 2024/05/22
SAWI80955877