Ээлжит УИХ-ын сонгууль болоход ч нохой дуу тун ойртлоо. Улс төрийн сэнтийд залрах гэсэн нөхдүүдийн дотор улайран зүтгэж буй хэсэг ч байна. Томсгосон тойргоор сонгууль явагдах энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөнөө улс төрчид хөдөө орон нутагт хурга, ишиг үнсэж үнгэлээд эхлүүлсэн. Харин хотод скүүтер хүртэл унаж эгэл түмэнтэйгээ шүү хэмээн хайр зарлаад байсан "СОНГУУЛИЙН СИНДРОМ" цувааг сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш бас л хэсэг улс төрчид үргэлжлүүлж явна аа. 

-Эхнэрээрээ оноо авахыг хүсэгчид-

П.Галиндэв сайхан эхнэртэй гэдгээ харуулах гэсэн үү моделиуд шиг гар гараасаа барилцан их л намжиртай нялуун зургаа авахуулснаа сурталчилгаандаа ашиглажээ. Сошиал сүлжээнд тэдний зургийг харсан хэсэг нь "Нээх ялгаа байхгүй юм бол ядаж хөөрхөн эхнэртэйгээр нь Галиндэвийг сонгочих уу" гэх хошигнол ч гаргаад байна. Царайны сайхнаар цай сүлэх биш бодолтой л саналаа өгөөрэй, нөхөд минь. 

Тэрбээр, Хүнийг итгэл даасан хань, зөв өсгөсөн хүүхэд, тордож босгосон амьдрал гурав л чимдэг. Сайн хань бол амьдралын бэлэг юм гэсэн уран яруу үгийн хамт эхнэртэйгээ хамтдаа авахуулсан зургаараа сошиал хуудастаа нийтэлжээ. 

 

За дараагийн эхнэрээрээ гоёх гээд матарлуулсан нөхөр бол П.Сайнзориг. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч болсныхоо дараахан сэтгүүлчийн асуусан асуултад хариулж чадахгүй, муухай аашилж байсан нь олон хүний шүүмжийг дагуулсан. Учир нь, нийслэлийн 2024 оны төсөвт “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах зөвлөх үйлчилгээнд 5.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Сэтгүүлч түүнээс “Улаанбаатарт арай их мөнгө төсөвлөчихсөн юм биш үү” хэмээн асуухад “Энэ үнэгүй хийдэг ажил юм уу. Галзуураад байгаарай” хэмээн загнасан. За муухай ааштайгаараа олонд танигдсан тэр гэр бүлээ танилцуулах сонгуулийн сурталчилгааны ярилцлагад орохдоо эхнэрээрээ магтуулах гэсэн биш матарлуулж орхилоо.

Хосууд хоорондоо танилцсан тухайгаа ярихдаа “Дипломынхоо ажлыг хийлгэж, сургууль төгстөлөө үерхэж байгаад сална” гэж бодсон хэмээн ярьж, инээлдсэн нь олон хүний дургүйг хүргээд буй гэнэ.

-Сурталчилгаагаа биш хуримаа хийж яваа хосууд шиг ижилссэн хоёр-

УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхлэн л ижилсэж үргэлж л хамтдаа явах болсон хоёр бол  С.Ганбаатар, А.Адьяасүрэн. Тэр хоёр гишүүний тангарагаа өргөсөн өдрөөс л эхлэн нэр холбогдож эхэлсэн. Өнөө жилийн сонгуулиар шар дээлээр хосолж, тойргийнхоо иргэдтэй уулзаж байна.

Тэдний шар дээлээр хосолсон нь олны анхаарлыг дахин татлаа. Зарим нь тэднийг “Сурталчилгаагаа биш хуримаа хийчихсэн хоёр юм бишүү. Хадамлаж яваа хосууд шиг л байна" гэх зэргээр хөөрхөн шоглоод авав. А.Адьяасүрэн гишүүн 2020 оны сонгуулиар “Баянхонгор л миний нутаг” хэмээн уулга алдан нэр дэвшиж байсан бол энэ жилийн томсгосон тойргийн сонгуулийн сурталчилгаа хийхээр Өвөрхангайн иргэдтэй уулзахдаа “Миний хоёр эмээ хоёулаа Өвөрхангайн хүмүүс” хэмээн нутаг ус, садан төрлийн татаж өөрийгөө хоёр нутагтай гэх нь л холгүй явна.

Олноо босоо Ганбаа гэгддэг  С.Ганбаатар гишүүн ангийн охинтойгоо шар дээлээр ижилсээд гишүүний суудалд дахин залрах гээд тун чиг завгүй жуумалзан явна.

 

-Сурталчилгааны эхний өдрөөсөө л онигоо бологсод-

МАН-ынхан энэ жил “Ард түмний ялалт” уриатайгаар УИХ-ын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлээд буй. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс тэдний пи-ар "онигоо" болсон. Нэгдүгээр тойргийн нэр дэвшигчид толгойгоо нийлүүлж тойрог үүсгээд зургаа авахуулсан нь олны уур, дургүйцлийг зэрэг хөдөлгөөд авлаа. Учир нь, иргэд “Өнгөрсөн жилүүдэд МАН-ынхан ард түмнээ “улныхан, өлөн” гэж доромжилсон.

Ингээд улны хэдээ дээрээс нь харж байна хэмээгээд ирэх дөрвөн жилд улны амьдралаар амьдрахгүйн тулд тэднийг дэмжих хэрэггүй". Мөн тэднийг сурталчилгааныхаа зураг авахуулах санааг хүртэл бусдаас хуулж, хулгайлсан байна хэмээн сошиалд давалгаа үүсгэж шэйрлээд байна.

Харин харамсалтай нь нэгдүгээр тойрогт нэр дэвшиж байсан Г.Сайханбаярын ухуулагч өнгөрсөн амралтын өдөр хүний аминд хүрсэн ноцтой асуудал үүсээд буй. Тухайн хэргээс болж Г.Сайханбаярыг сонгуулиас эгүүлэн татах хүсэлтэй байгаагаа МАН-ынхан илэрхийлсэн.

 

“ХҮН”-аас нэр дэвшигч П.Наранбаяр цэцэрлэгийн хүүхдүүдээр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд өндөр оноо авна гэж тооцоолсон бололтой.

Гэвч энэ нь эсрэгээрээ иргэдийн шүүмжлэлд өртөж, иймэрхүү нөхдүүдийг л төрд гаргаж болохгүй хэмээцгээж байна.

Түүний энэ бүтэлгүй сурталчилгааны санаанд зарим хүмүүс пи-ар багийнхан нь муу ажиллаж байна. Уг хүн нь улс эх оронтой хэрэгтэй хүн л гэлцэв.

Мөн ногоон автобус дээр улстөрчдийн "идэж, уусан" ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжийн банкны хулгай, Боловсролын зээлийн сангийн хулгай буюу иргэдийн алдагдсан боломжийг бичиж, өөрсдийгөө тэр бүх хулгай, боломжийг цэгцэлнэ, эцэслэнэ гэж бусдын алдаан дээр дөрөөлж дээшээ гарах гэсэн атгаг муу санаа хүртэл өөрөө хэлээд авсан. Хүний алдаа нь дээр дөрөөлж дэвшигч хүнээс хүний мөс хайх ч хэрэггүй биз ээ.

Холбоотой мэдээлэл:

Сонгуулийн шоу: Ичээнээсээ гарсан улс төрчдийн хаврын синдром

Сонгуулийн шоу: Ичээнээсээ гарсан улс төрчдийн хаврын синдром-2