Улсын их хурлын сонгуулийн дуу ойртож байна аа. Сонгууль угтаж улс төрчид хаана л бол хаана гүйж гарч ирдэг гэхэд хилсдэхгүй. Тэд ичээнээсээ гарч ард түмэнтэйгээ ойртож эхэллээ. Томсгосон тойргоор сонгууль явагдах энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн он гарснаас хойш эрчимжээд хурлаа ч хийхээ болив.  Сүүлийн гурван долоо хоногийн даваа гаригт МАН бүлгийн хурлаа хийгээгүй бол, Ардчилсан нам хоёр долоо хоног бүлгийн хурлаа хийсэнгүй.

Тэдний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажилтан ажлаа таслаад явна гэсэн үг.

Тэд хурал манатай тойргоо услаад түмэн завгүй яваа юм байна. Олны таашаалд нийцэх гэж үйлээ үздэг хорвоод улс төрчид хөдөө орон нутагт хурга, ишиг үнсэж үнгэлээд чухам явна аа. Харин хотод скүүтер хүртэл унаж эгэл түмэнтэйгээ шүү хэмээн хайр зарлаад байна. Тухайлбал, 

Хөдөөд очсон эр хүн морь, мотоцикл унаж малчдыг уяраахаа мэдэхтэйгээ билээ. Сонгууль дөхөхөөр л хөдөө рүү хайр зарлаад чухам дотно нэг нь болоод туучихдаг гэхэд хилсдэхгүй. Олон жилийн өмнөх сонгуулиар Архангай аймагт нэр дэвшиж явсан нөхөр малчдад их л сайхан амлалт өгсөөр гарсан хойноо бараг л танихгүй болоод, өгсөн амлалт ажил төрөл юм, юм нь замхран одсон гэлцдэг.

Хөдөөнийхөн итгэмтгий хойно нэр дэвшихээр гүйгээд ирэхээр нь хэлсэн үг бүрт нь итгэчихдэг зантай улсыг С.Бямбацогт сайд уяраах цувааг үргэлжлүүлж  мотоцикл унаж яваа харагдана лээ. Түүний багадаа хэрхэн мотоцикл хулгайлж унадаг байсан тухайгаа ярьсан нь “Энэ багаасаа л хулгайч байж” хэмээх олны шүүмжлэлд өртөөд буй.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг шүгэл гаргаж ирээд үлээхэд л цаг алдалгүй тусалчихна. Үүгээр ч зогсохгүй шүгэл үлээхээр хүчирхийлэл буурна хэмээсэн Х.Булгантуяа гишүүн хотынхонд таалагдах гэж хэрэндээ зүдэрч явна. Шүгэлээр унагасан нэр төрөө "скүүтерээр" босгож ирэх төлөвлөгөө нь ч бүтэл муутай болов. Түүний улаан өнгийн пальто өмссөн скүүтер уначихсан нь олонд сайхан гэхээсээ илүүтэй ядчихсан л харагдаж ихээхэн шүүмжлэлд өртсөн. Тэр энэ үйлдэлдээ "Би байнга дугуй унадаг, тэмцээн уралдаанд оролцдог тамирчин хүн. Тийм болохоор скүүтер унах дуртай. Яарсан үед амар байдаг юм" хэмээв. Угтаа бол гишүүн болоод л өөрийнхөө тамирчин гэдгээ ард түмэндээ харуулж өдөр бүр скүүтерээ унаж тааралдаж байсан бол хэн ч шүүмж хэлэхгүй байх байсан биз. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж. 

Сонгуультай жил мал төллөөд эхлэнгүүт малчдаа эргэдэг сайн улс төрчдийн хөлд дарагддаг моод дэлгэрээд олон жил болж буй. Өнөө жил ч үргэлжилж зүгээр нэг явахгүй хурга, ишгийг нь тэвэрч үнсэж жүжээд чухам аа чухам. Тэд сонгуулиар ээжийгээ сугадаж, үнсүүлээд энхрий ялдам төрхтэй иргэдийн дунд гараад ирдэг. Харин дээшээ суудалд залраад хөгшид, настнаа умартдаг гэхэд болно доо. Намууд тэтгэврийн хэдэн хөгшдөөр хэдэнтээ л сонгуульд шоу хийж буй.

Дээрх бүгдийн араас хоол хийдэг сайн эзэгтэй, сайн нөхрийн дүрд нэлээд хэдэн гишүүд хувираад авсан. Тэдний залгамжийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэртээ хоол хийж, номын сангаа танилцуулснаар үргэлжлүүлээд байна. Яалт ч үгүй улиг болсон үйлдлүүдээ хийж албан бусаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлчихлээ дээ тэд. Ээ дээ сонгогчид та бүхэн хэрсүү байж, сонголтоо зөв л хийхийг захия. 

 

 

Холбоотой мэдээлэл:

Сонгуулийн шоу: Ичээнээсээ гарсан улс төрчдийн хаврын синдром