Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
57 минутын өмнө

Барьж дуусаагүй орон сууц, талбай захиалж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилготой хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон нэр бүхий гишүүд өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд:
- Сууц, талбай бүрт давхардалгүй дугаар, QR код олгох
- Ирээдүйд бий болох өмчлөх эрхийг улсын бүртгэлээр хамгаалах
- Нэг сууцыг давхар худалдах эрсдэлийг бууруулах
- Барилгын компанийн барьцаа, өр төлбөрөөс шалтгаалан иргэд хохирох нөхцөлийг хязгаарлах
- Урьдчилан төлбөр төлсөн иргэдийн эрхийг баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ.
Төслөөр барилгын ажил эхлэх үеэс сууц, талбай бүрийг нэгдсэн бүртгэлд хамруулж, давхардалгүй дугааржилт болон урьдчилсан тэмдэглэлийн тогтолцоог бий болгоно.
Ингэснээр иргэдийн захиалсан орон сууцны өмчлөх эрхийг эрт үе шатнаас бүртгэлээр хамгаалах эрх зүйн үндэс бүрдэх юм.
Мөн захиалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн сууц, талбайд барьцааны эрх үүсгэх эрсдэлийг бууруулж, урьдчилан төлсөн төлбөр болон өмчлөх эрхийн баталгааг илүү найдвартай хангахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ил тод байдал нэмэгдэж, иргэдийн өмчлөх эрхийн хамгаалалт бэхжихээс гадна орон сууцны захиалга, борлуулалттай холбоотой залилан, маргааны эрсдэл буурах ач холбогдолтой юм.






