Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд 98 кабинд тус бүр 750 кг элс байршуулж, ачаатай туршилтыг эхлүүлжээ.

Энэ талаар Төслийн шугам сүлжээний инженер М.Гэрсэнз “Кабин бүрд нийт 30 шуудай элс хийж турших бөгөөд нэг шуудай элс нь 25 кг жинтэй. Элсийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан жин дээр хэмжиж, энэхүү туршилтаар системийн бүх тохируулгыг хянаж ажиллана. Үүний үндсэн дээр энгийн нөхцөлд системийг хэрхэн ажиллуулах ёстойг тодорхойлох зорилготой.

Ачаатай туршилт долоо хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд системийн ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шалгалт хийх “Bureau Veritas” байгууллага ажиллах юм. Тус байгууллага системийн удирдлага, бүрэн бүтэн байдал, инженерийн системийн аюулгүй байдлыг шалгаж, төслийн зураг төсөл, норм, стандартын хэрэгжилт болон ашигласан материал, гүйцэтгэлийн чанарыг үнэлнэ. Мөн ашиглалтын явцад үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлно" гэв.

Үүнээс гадна Яармаг-Арцат буудалд 40 гаруй нэр төрлийн 100 гаруй, Хархорин буудалд 40 гаруй нэр төрлийн 80 гаруй мэдрэгч суурилуулжээ. Эдгээр мэдрэгчийн ажиллагааг шалгаж, хөндлөнгийн баталгаажуулалт хийх аж.

Мэдрэгч болон системийн ажиллагааг шалгах ажил 10 гаруй хоног үргэлжлэх бөгөөд үүний дараа улсын комисс ажиллах юм байна.

Төслийн Яармаг, Арцат болон Хархорин буудлын барилга угсралтын ажил одоогоор 85-89 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ.