Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ.

Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна.

Энэхүү шинэ уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, пянз бүтсэн түүх, хөгжмийн найруулга, хамтын ажиллагааны онцлогийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монгол Улсын Филармонид 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдана. Онцлон тэмдэглэхэд, хэвлэлийн бага хурлын үеэр дуучин Наагийн шинэ пянзны худалдаа албан ёсоор эхлэх бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эхний 30 сонсогчид түүний гарын үсэгтэй пянзыг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах онцгой боломж олгох юм.

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

• Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 6

• Цаг: 12:00

• Байршил: Монгол Улсын Филармони

• Арга хэмжээ: Дуучин Наагийн шинэ пянзны танилцуулга, хэвлэлийн бага хурал Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэм төлөөлөгчид та бүхнийг дуучин Наагийн шинэ пянзны танилцуулга, хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.