Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
11 минутын өмнө
Увс, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод гурван эмэгтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон.
Одоогоор Увс аймгийн Тариалан суманд сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон бол Дорнод, Улаанбаатар хотод алга болсон хоёр эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Эрлийн ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа. Учир нь эрэн хайх ажиллагаанд цагдаагийн байгууллага хойрго хандаж, эрлийг 2-3 хоногийн дараа эхлүүлдэг гэх шүүмжлэл гараад байгаа юм.

Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Бодит байдал дээр тухайн иргэн гэртээ ирэлгүй 1-2 хоноход гэрийнхэн нь ирэх байлгүйдээ гэж хүлээдэг. Утас нь холбогдохгүй болох, хоёроос дээш хоноход л цагдаад ханддаг. Цагдаагийн байгууллагад хандсан даруйд нь эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлдэг. Мөн зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй онцгой байдал, орон нутгийн засаг захиргаа, сайн дурын иргэд гээд бүх сувгаар авсан мэдээлэлдээ үндэслэн координатаа тогтоож ажилладаг. Заримдаа координатыг тэлэх эсвэл хумьж ажиллана.
Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал эрлийг зогсоодог. Гэхдээ тухайн иргэн яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг" гэлээ.






