Баабар: Хамтарсан засгийн паян
2024/07/01
1911- 1919
1911 оны арванхоёр дугаар сарын 28-нд Гадаад Монгол тусгаар тогтнолоо сэргээн зараллаа. Монголын түүхэнд анх удаа орчин үеийн хэлбэрээр Засгийн газар байгуулагдав. Теократ улсын хувьд төр шашинаа хослон баригч хаантай болсон ч, салбар хариуцсан яамдтай боллоо. Тэргүүлэх яам нь Дотоод хэргийн яам гэдгийг хаан эхнээс нь тодорхой хэлсэн учир сайд Да лам Цэрэнчимэд үндсэндээ Ерөнхий сайдын үүрэг хүлээжээ.
Баргын Хайсан гүн дэд сайд болсноор энэ хоёр хүн Засгийн газрын хэргийг дагнан шийддэг, Богд хаан эдний үгийг л сонсдог тул алтан ургийн ноёдууд эдэнд эхнээс нь дургүйцэж эхлэв. Ингэж Засгийн газар байгуулагдсан даруйдаа ноёдын ба лам нарын гэсэн хоёр тусдаа бүлгэмтэй болжээ. Нэг үгээр хэлбэл хамтарсан Засгийн газар.
Бусад яам буюу Гадаад явдлыг эрхлэн шийтгэх яамыг Ханддорж, Цэргийн яамыг Эрдэнэдалай ван Гомбосүрэн, Сангийн яамыг түшээт ван Чагдаржав, Шүүх яамыг Эрдэнэван Намсрай нар толгойлсон нь бүгд ноёд. Гэвч төрийн хэрэг шийдэхэд ноёдууд эрх мэдлээ алдсанд их ууртай байсан тул Богд хаанаас тэднийг тайвшруулахаар алтан ургийн Намнансүрэнг Ерөнхий сайдаар тавьлаа. Зөрүүлээд дутахгүй эрх мэдэлтэй шашин хариуцсан Шанзавын яам байгуулж тэргүүнээр нь да лам Бадамдоржийг томилжээ. Үүний дараагаас шарынхан гэгдэх шашныхан, харынхан гэгдэх ноёдын бүлгийн хооронд ил дайсагнаан эхлэв.
Гэвч бодвол энэ зөрчилдөөнийг гаднаас ашигласан бололтой нас залуу сайд нар бараг зэрэг зэрэг үхсэн. Да лам Цэрэнчимэд1914 онд (42 настайдаа), Ханддорж 1915 онд (46 нас), Гомбосүрэн 1914 онд (31 нас), Чагдаржав 1915 онд (46 нас), Намсрай 1920 онд (46 нас) бараг бүгд тодорхойгүй шалтгаанаар нас барсан.
Ерөнхий сайд Намнансүрэн 1919 онд 41 насандаа гэнэт хордож өөд болсны дараа Богд хаанаас да лам Бадамдоржийг оронд нь тавьжээ. Харын сайд нар бараг бүгд зэрэг үхсний дараа шарынхан маш хүчирхэг болон бараг дангаараа төр барих болов. Үүний хариу болгож Богд хаан болон, Ерөнхий сайд Бадамдорж нар байдгаараа эсэргүүцсэн боловч Гадаад сайд Цэрэндоржоор толгойлуулсан харынхан зүтгэсээр автономоо огцруулж, Гадаад Монголыг Хятадын бүгд найрамдах улсын муж болгохоор шийдэн Бээжингээс тусламж гуйн Монголд цэргээоруулахыг хүсэн урьжээ. Манж Чингийн үед 200 жилийн турш пүнлүү хэмээх сул тэтгэмж авч дассан ноёдууд нь, Монгол улс тусгаар улс болсноор энэ сул шагналаасаа хагацсан ба Чин И, Цэрэндорж нарын хэлэлцээний амлалтаар Хятад дахин хуучны пүнлүүг эргүүлж нөхөн олгоно гэсэнд автсан нь тэднийг ийм шийдвэр гаргахад хүрсэн ажгуу. Хүсэлтйин дагуу ирсэн генерал Сю Шижан автномыг нь устгаж өгөн, армийг нь тарааж, Урианхайн 7 хошууны Алтай давсан уудам нутгийг Гадаад Монголын нутгаас хасан, албан ёсоор Хятадын бүрэн харъяанд оруулж, Засгийн газрыг нь үгүй хийжээ. Улсыг нь устгасан бичигт гарын үсэг зур хэмээн сүүлчийн Ерөнхий сайл Бадамдоржийг шахахад тэрээр “үүнд үсгээ зурснаас үхсэн минь дээр” гэв. Тэрээр хэлсэндээ хүрч 1920 онд 69 насандаа жанч халлаа.
1921-1927
Урилгаар ирсэн гамингууд Монгол улсыг захирч эхэлсэн тул буруу юм хийснээ ойлгосон харынхан толгойлж Богд хаанаас тусламж эрэв. Ингэж хааны ивээл дор гаминг хөөн зайлах хүсэлтэй язгууртнуудын бүлэг байгуулагдав. Зиндаархах нь нийгмийн гол үзэгдэл учир төрийн албаныхан бас тусдаа бүлэг байгуулсныг Түшмэдийн дугуйлан гэнэ. Алинд нь ч үл хамаарах ард гаралтнууд өөрийн бүлэг тусдаа байгуулсныг Ардын дугуйлан гэх. Бүгд Богд хааны зөвшөөрөлтэй, ивээлд нь бий болцгоосон. Гэтэл Оросын большевик тагнуулууд үүнийг далимдуулан Монголд ирцгээх болсон ба тэд шинэ Зөвлөлт засаг гаминг хөөхөд туслана гэж ятгасаар Ардын ба Түшмэдийн бүлгийг нийлүүлжээ.
“Нам нийлж, сэм хуйвалдана,” гэж тангаргалцгааснаас ийнхүү “нам” гэсэн үг бий болсон. Гэвч тэд эхнээсээ л хоорондоо таардаггүй, биенээ үгүйсгэдэг байв. Тэднээс Түшмэдийн нам оройлж 1921 оны гуравдугаар сарын 1-нд хилийн чанададбольшевик орос, буриадуудын зохион байгуулалт, удирдлага дор уулзалт хурал хийснээр Монгол ардын намыг тунхаглав.
Тэнд Түр загийн газар гэгч Орогнолын засаг ч байгуулав. 1921 оны долдугаар сарын 6-нд Улаан армийг дагаж Хүрээнд орж ирсэн МАН гэгдэх цөөн хүн анхны гэгдэх Ардын Засгийн газрыг байгууллаа. Энэ бол бас л хамтарсан Засгийн газар байсан юм. Таван яам ба Ерөнхий сайдтай нийлэн 6 гишүүнтэй уул засгийн суудлыг Ноёдын, Ардын, Түшмэдийн намууд хоёр хоёроор нь тэнцүү хуваан авчээ. Ардын намаас Бодоо Ерөнхий сайд ба Гадаад явдлын яамыг, Түшмэдийн намаас Данзан Сангийн яамыг, Сүхбаатар Цэргийн яамыг, Ноёдын намаас Шүүх яамыг Магсар хурц, Дотоод яамыг да лам Пунцагдорж нар авчээ. Гэвч “ард, ардын” гэсэн нэрийг “баячуудын эсрэг тэмцдэг ядуу малчид, өөрөөр хэлбэл нүүдэлчин пролетариуд” гэж ойлгосон орос большевикуудад ийм нэртэй хаяг чухал байсан тул намыг нь ч, засгийг нь ч гэсэн “ардын” гэж овоглож байх шаардлагатай байсан. Харин жинхэнэ Ардын нам тэдэнтэй төдийлөн санал нийлэхгүй, өөрөөр хэлбэл таалагдахгүй байсан тул Түшмэдийн намыг догион Ардын намын эсрэг босгов. Эл намын тэргүүн Бодоо (35 настай), Оронолын Засгийн тэргүүн Чагдаржав (42 настай) нарыг хэдхэн сарын дараа огцруулж, улмаар 1922 онд буудан хороох нь тэр.
Хамгийн түрүүн Ардын нам ингэж устсан ч нэр нь үлдсэн. Хамтарсан Засгийн гол багана болсон Түшмэдийн намыг устгах ээлж ирлээ. Үүний тулд шинээр байгуулагдсан Бошгыг халах залуучуудын эвлэлийг тухиран дайрууллаа.
Цэргийн сайд Сүхбаатар бүх албан тушаалаасаа хусагдаж гудамжинд гарсан ч тун удалгүй маш сэжигтэй байдлаар 30 насандаа өөд болжээ. Түшмэдийн намын толгойлогч Данзанг (40 настай) Баваасаны хамтаар 1924 онд буудан аллаа. Бошго халах залуучууд харин ноёдын намтай нийлж цааш засаг барих болсон юм. Ноёдын буюу энэ үеэс язгуур гаралтнууд болох Дамдинбазар, Цэрэндорж, Амар нар 1927 он хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан ба Бошго халах Дамбадорж, Жадамба зэрэг хүмүүс нам талаа удирдсаар ирсэн. 1927 онд Коминтернээс “худонцы” гэж оросоор нэрэлсэн шинэ нам байгуулсан. Ингээд тэднээр төрийн эргэлт зохион байгуулснаар нам засгийн удирдлагад байсан хүмүүсийг хуйгаар огцруулаад, тэдэнд засаг өгснөөр хамтарсан Засгийн газрын түүх дуусав.
1990-1992
Монголд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болсны дүнд МАХН парламентийн дээд танхим болох Ардын их хуралын нийт суудлын 80 гаруй хувийг, байнгын ажиллагаатай доод танхим болох Улсын бага хурлын 60 хувийг эзэллээ. МАХН дангаараа засаг байлуулах хуулийн бүхий л хаалга нь нээлттэй байсан авч Ерөнхий сайдаар томилогдсон Бямбасүрэн тэр үеийн голлох гурван улс төрийн нам Монголын ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын Үндэсний дэвшлийн намыг кабинетдээ урин нам бүрээс нэг хүнийг шадар сайд болгоно гэв. Үүнд Социал демограт нам татгалзаж, Ардчилсан намаас Дорлигжав соёл боловсрол хариуцсан шадар сайдаар, Да Ганболд эдийн засаг хариуцсан шадар сайдаар томилогдов. Хамтарсан Засгийн газар гэж нэрлэхэд тун хэцүү энэ бүрэлдэхүүнд эвэртэй туулай болсон Ганболд шилжилтийн хүнд хуцүү үеийн Засгийн газрын бүх бүтэлгүйтлийг ганцаараа үүрэв. Түүнийг золиос болгох гэж л хуурч авсан байх. МАХН-ын бүхий л уур хилэн өөрийнхөө Засгийн газрын эсрэг биш, хөөрхий Ганболдыг гүтгэх, шавартай хутгах дайчилгаанд чиглэсэн. Гүтгэлэг амжилттай болж 1992 оны сонгуулиар МАХН парламентийн 76 суудлын 70-ыг нь авчээ.
2004-2008
Энэ сонгуулиар голлох хоёр нам тэнцчихлээ. Алин ч 50 хувийн болзол хангаагүй учир эвсэхээс өөр аргагүй болов. Сонгуульд Ардчилсан нам Эрдэнэбатын гэгдэх Эрэл гэх шинэ намтай эвссэн юм. Тохиролцны үндсэн дээр Ардчилсан намаас Элбэгдорж Ерөнхий сайд болж, Хувьсгалт намаас Улаан шадар сайдаар сайдаар томилогдов. Гэхдээ эрх мэдлийн хувьд Ерөнхий сайд, Шадар сайд хоёр тэнцүү эрхтэйгээр томилогдсон тул Ерөнхий сайд дангаараа шийдвэр гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл давхар хоёр ЕС-тай гэсэн үг.
Ерөнхий сайдыг Ардчилсан нам авсан учир Хувьсгалт намд УИХ-ын даргын суудал ноогдож Энхбаяр сонгогдов. Ийм зөрчилтэй намууд хоёр жилийн турш юу ч бүтээж чадсанүй суудал бөгөлцгөөсөн болж өнгөрлөө.
2005 оны сүүлчээр МАХН Засгийн гараас гарснаар засаг онхолдов. Эрэлийн Эрдэнэбат МАХН-тай тохирон сайд болохоор шийдээд Ардчилсан намыг мурин эвслээсээ гарлаа. Ингээд Арчилсан намын ба Эрэл намын нийт 34 гишүүд бүлэггүй болж бүгд сул гишүүн болж хувирав. Хуулиар парламентийн бүлэг тарснаар гишүүд нь бие даагчид болон хувирах ёстой. Тэд бүлэггүй байснаас энэ нь дээр гэж МАХН-ын бүлэгт дагаар орсон ба ингэснээр “62-ын бүдүүн бүлэг” гэсэн нэршил үүссэн юм. Гэсэн ч тэднийг МАХН засагтаа урьсанүй.Тэд дангаараа засаг бүрдүүлж чадахгүй учир ганц нэгээрээ орж ирсэн дэл сул гишүүнтэй тохиролцоноос гадна суларсан Эрэл намын хоёр гишүүнийг сайдын сэнтийд залснаар арай гэж шинэ Засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаар Мэеэ Энхболд томилогдлоо. Ийнхүү өдий болтол байгаагүй хамгийн “бүтэлгүй” Засгийн газар мэндлэв. Нэг сайд нь Засгийн газрынхаа эсрэг олон нийтийн сүрт жагсаал удирлан зохион байгуулна. Нөгөө сайд нь ЕС-ы зодох гэж ширээ тойруулан хөөсөн гэдэг. Бүх яамдууд бүрэн бие даан харилцан биенээ боох уралдаанд оржээ. Арга барагдсан Ерөнхий сайд яамдуудыг хамтардаггүй юм гэхэд биентэйгээ дайсагнахын зогсоохоор яамд хоорондын хамтын ажиллагааны гэрээ гэгчийг бодож олон, сайд нараар нь гарын үсэг зуруулж, ёслолын ард нь өөрөө зогсон баяр хүргэж алга ташин зогсоно. Тэсэх аргагүй болсон тул дахин шинэ засгийн газар эмхлэн Ерөнхий сайдаар Баяр томилогдов.
2008-2012
Сонгуулиар МАН 60:40-өөр ялалт байгууллаа. Сонгууль маш их булхайтай болсныг мэдэх сонгогчид төв төлбайд цуглан эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ явдлыг далимдуулагсад олноор нэмж цуглан дээрэм тонуул болж, улмаар МАН-ын байшинг түймэрдэв. Явцад нь 5 хүний амь үрэгдлээ. Онц байдал зараллаа. Энэ нь 1932 оны ард нийтийн бослогын дараа болсон хоёр дахь тохиолдол. Эмгэнэлт явдлын дараа (ялангуяа Бээжингийн одимпоос 4 медаль авсны дараа) улс төрийн хүчнүүд улс орныхоо тусын тулд эвлэрэх хэрэгтэйг олонхи нь ойлгосон байх. Ерөнхий сайд Баяр хэдийгээр нам нь ялсан ч, сөрөг хүчин болсон Ардчилсан намыг хамтарсан Засгийн газарт орохыг урьжээ. Хэдэн жил хэрэлдсэн Оюутолгойн гэрээг хийж чадсанаар ГХО Монгол руу цувах боллоо. ДНБ огцом өсөж эхлэв. Үүний дараа ерөнхий сайд өвдөж албан үүргээсээ татгалзан Батболдод Тавантолгойг ашиглалтад оруулах үүрэг гэрээслэн орондоо тавьлаа. Харин шинэ ЕС Тавантолгойд орж ирэх саналтай олон орныг “хаалгаараа оруулалгүй” бат хаасан төдийгүй Канадын урааны компанийг хөөж гаргах ажлыг биечлэн гүйцэтгэв.
2012-2016
Дахиад аль ч нам Засгийн газар дангаараа байгуулах эрх олж авч чадсангүй. Ерөнхий сайдаар томилогдсон Алтанхуяг Гадаадын хөрөнгө оруулагчид, тэр дундаа нэгэнт хөрөнгө оруулаад эхэлсэн гадны компанийг үлдэн хөөх ажиллагаагаар ажлаа эхлүүлэв. Энэ үед Монголын ДНБ-ы өсөлт 17% хүрч дэлхийн рекорд тогтоож байлаа. Монголыг Азийн тавдахь бар болж байна гэж бахдан шаагиж байсан цаг. Хөрөнгөө нэгэнт оруулсан компагийг шахан гаргасны дараа бусад хөрөнгө оруулах гэсэн компаниуд орхин гарав. Эдийн засаг огцом өссөнөөсөө хурдан унаж эхэллээ. Алтанхуягийг огцруулж оронд нь Сайханбилигийг томилов. Засгийн газар дангаараа байгуулах бололцоогүй учир МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулжээ. МАН-ын шахалтаар Канадын Сэнтэра компанийг хөөж явуулсан. Гэсэн ч дахиад барьцаанд оров, юу гэвэл сонгууль дөхүүлж байгаад хамтарсан Засгийн газрын хамтрагч МАН гэнэт засгаас гарч хорлов. Оронд нь авчирч суулгасан Энхбаярын МАХН яг сонгуулийн үеэр Засгийн газрынхаа эсрэг баатарлагаар тэмцсээр сонгуульд АН-ыг булшиллаа.
Баабар
www.SONIN.mn
Зочин · 2024/07/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/01
TANILTSI BOOWN XXI80955877
Зочин · 2024/07/01
DYRN ODOOGCH80955877ERTEI
Зочин · 2024/07/01
ANUSDI80955877