Улс төр хэзээнээсээ ил, далд үйл явдлуудтай өрнөж байдаг. Нэгээр халхавчилж нөгөөг амжуулна. Ялангуяа Монголын улстөрчид үүнд гаршсан. Яг одоо Засгийн газарт хамтарсан намууд ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө Их хурлаар хэлэлцүүлж байна.

Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт ч албан бусаар хөндөгдөөд эхэлжээ. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эндээс “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн сүүлийн дөрвөн үгийг анзаарах хэрэгтэй. Учир нь энэ өөрчлөгдөж болзошгүй нь. Сүүлийн үед далдуур өрнөсөн улс төрийн зарим үйл явдлаас ийм зүйл ажиглагдлаа. Өмнөх долоо хоногт экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэдгийг эргэж харах хэрэгтэй” гэх утгатай зүйлийг ярьсан. П.Очирбат гуай, Д.Бямбасүрэн гуай, Д.Дэмбэрэл гуай тэргүүтэй төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүс үргэлжлүүлээд олон нийтэд ярих байх. Энэ долоо хоногт УИХ- ын гишүүд Их тэнгэрт очиж Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр уулзалт дээр ийм зүйл яригдсан эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн сард Говь- Алтайд төрийн түшээд нэгийгээ зодсон явдал ч үүнтэй холбоотой байх магадлалтайг улстөрчид яриад байна.

Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүн энэ асуудлаар нэр бүхий хүмүүстэй уулзалдах гэх мэт бас бус үйл явдлууд протоколны бусаар өрнөж байгаа л дуулдана. Харин нэгэнт сэдэл санаачилга нь гараад хэрэгжих шат руугаа орсон “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгохгүй” гэдэг эрх зүйн өөрчлөлтийг хэн, хэзээ, хаана, хэрхэн хийх вэ. Чадамж нь УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрт байгаа. УИХ бол бараг үгүй болов уу. Сая шинээр бүрдсэн УИХ-д үүний эсрэг гишүүд олон орсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэцэд гомдол маргаан гаргаад заргаа авсан улс төрийн нам ч энэ УИХ-д суудатай болсон. Мөн сая Говь-Алтайд болсон зодоон ч “УИХ энэ асуудалд хаалттай” гэснээс үүдэлтэй байж болзошгүй юм байна лээ. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийх ажил Үндсэн хуулийн Цэц дээр бууна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц ч яг энэ асуудлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд дүгнэлт гаргаж байсан. Тэр үед одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болчихсон байгаа О.Мөнхсайхан, Шадар сайд Т.Доржханд нарын хүмүүс маргаан гаргаж байсан. Яг үнэндээ тэдний маргаан 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байсан Х.Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн агуулгад тулгуурлаж байв.

Т.Доржханд /одоо Шадар сайд/ “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аас батлахдаа Үндсэн хуулиар тогтоосон “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн буюу “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнд тавигдах туйлын тодорхой шаардлагыг хоёрдмол утгаар ойлгож тайлбарлаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоод байна”, О.Мөнхсайхан/ одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/ “Хэрэг, маргааныг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн болон бусад хуулийн заалтыг тайлбарлахад хэл зүйн арга, логик арга, зорилтот арга, түүхчлэх арга, системчлэх арга хэрэглэхийг Монголын эрдэмтэд, хуульчид нийтлэгээр санал болгодог. Эдгээр арга нь онолын хувьд төдийгүй Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг. Эдгээр таван аргын алийг нь ч хэрэглэн уншвал 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглодог гэсэн дүгнэлт гарна” гэсэн. Уг маргаанд УИХ-аас “Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орж, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгох болсон нь тухайн асуудлаар эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Энэ нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх эрхийг хөндөөгүй бөгөөд үүнийг Үндсэн хуулийн үзэл баримтал, зарчимд нийцүүлж шийдвэрлэх асуудал гэж ойлгож байна” гэсэн тайлбарыг хийснээ Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж байжээ. Ингээд Үндсэн хуулийн Цэц “УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль …бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна. Энэ дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн Цэцийн одоогийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган нар багтсан байна. Улмаар УИХ уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авсан. Ингээд тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байв.

Харин өнөөдрийн эдгээр нөхцөл байдал, үйл явдлуудыг ажиглавал Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлт эсрэгээрээ шийдэгдэж магадгүй л бололтой. Ингэвэл “Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээнэ” гэсэн үг л дээ. Гэхдээ яаж?

 

Ажиглагч А.Батболд