Давагдашгүй хүчин зүйл гэж их ярих боллоо. Энэ бол гүнийн утгаараа арчаагүйгээ зөвшөөрч, бууж өгч буй санаа. Гэхдээ техник, технологи, харилцаа холбоо, мэдлэг, мэдээлэл, мөн материал хангамж, зохион байгуулах боломжийн орчин үеийн нөхцөлд Монголын мал аж ахуйн хувьд давагдашгүй хүчин зүйлүүд үнэхээр байгаа гэж үү?

Даваад гарч болох, хохиролгүйгээр гэтлэн туулж болох бэрхшээлүүдийг бид өөрсдөө боломжгүйгээсээ, бэлтгэлгүйгээсээ, идэвх зүтгэлгүйгээсээ давагдашгүй мэт болгож дарлуулаад байгаа юм биш биз? Салбарын удирдлага нь ч мэдлэг, чадваргүй, малчид нь өөрсдөө ч хичээл, зүтгэлгүй байх аваас “Баян нэг шуурганаар, баатар нэг сумаар” хэмээн сануулсан өвгөдийн маань цэцэн үг хэцүүхэн шуурга нэг бүрээр л биелж байх болно шүү дээ. Гэхдээ хэдэн өдрийн хэцүүхэн шуурга нэг бүрийг малын хохиролгүй даваад гарчихдаг айл өрх тийм олон биш ч гэсэн байнгад л байдаг юм. 1944 оны (мичин жилийн) зудыг би аав, ээжийнхээ биеэрээ туулсан дурсамжаар нь мэднэ.

 

1952 оноос хойшхи цас зудыг бол би өөрийн бие, нүдээр үзэж өнгөрөөсөн…1980 оны хавар (4-р сард) Хэнтий аймагт их цас орж, цасан шуурга болж, малын хашаа, хороо малтайгаа цуг цасан доор орж цасан толгод мэт болж олон мал хорогдсон юм.

 

УБ хотоос иргэний хамгааллын шугамаар олон залуус дайчлагдан “байгалийн түр зуурын бэрхшээлтэй тэмцэж, нийгмийн социалист өмчийг хамгаалах” ажилд оролцсон юм. Энэ ажилд миний бие оролцож, идэвх зүтгэлтэй ажилласан гэгдэж, “Хэнтий аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа. Өндөрхаан хот. 1980 оны 4-р сарын 28” гэсэн гарын үсэгтэй Талархлын бичгээр шагнагдаж байлаа. Тэр оны цас зуд, цасан шуурга бол энэ оныхтой тун төсөөтэй, гэхдээ цасны хэмжээ арай бага байсан юм. Орсон цас эргэж, хургаж шуурсаар малын хашаа хороо, айлын гэрийг тал талаас нь цасан хунгараар хуччихсан байв. Тооноороо гарч гэрийн хаалга дарсан цасыг арилгасан тохиолдол ч олон байлаа…

Сүйрлийн шинж, хэмжээ, үр дагавар бүхий мэт үзэгдэл хотод ч, мөн хөдөөд ч гарсаар л байна.

 

Нийслэл Улаанбаатарт ч давагдашгүй хүчин зүйлүүд байгаа мэт яригдах болов. Халуун зунаар үерт автаж урслаа. Хавар, намарт халиа дошинд живлээ.

 

Автозамын ачаалал давагдашгүй болж ноль зогсолт боллоо. Нийслэл маань бетонон шугуй болж явган хүнд зорчих зам алга. Дархан цаазтай гэгдэгч Богд уул дархлагдсан авилгачдын орд, шилтгээнээр дүүрлээ. Хот орчмын газруудыг цөөн баячууд хашаалж аваад цоожилчихлоо. Үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмэх нь давагдашгүй хүчин зүйл болж монопольжлоо… Энд дурдсан бүхэн энгийн иргэдийн хувьд давагдашгүй хүчин зүйл боллоо гэцгээж байна. Монгол маань давагдашгүй хүчин зүйлүүдийн орон болов. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, нийгмийн давагдашгүй хүчин зүйл, сэтгэлзүйн давагдашгүй хүчин зүйлээс болж зарим хүмүүс галзуурч, солиорч буй бололтой. Хувь хүний сэтгэл санаанд тийнхүү хүчтэй тусч, нөлөөлж болно. Бэрхшээл даадаг, давдаг хүн гэж байна. Бэрхшээлд сөгддөг, сөхөрдөг хүн гэж бас байнаа… Одоо гол асуудалдаа оръё. Давагдашгүй гэгдэх хүчин зүйлүүд үнэхээр байгаа гэж үү? Аль эсвэл бид бэрхшээлийг давах мэдлэг, бэлтгэл, мэдээлэл, материал-техникийн баазгүй байна уу? Аж ахуй эрхлэгчид, дарга нар чадваргүй, бэлтгэл, нөөц гэх зүйл үгүй бол шальгүй бэрхшээл бүр л давагдашгүй хүчин зүйл болж хувирна шүү дээ! Байгальд цас зуд, ган, цөлжилт давагдашгүй хүчин зүйл боллоо. Нийгэмд авлига, хулгай, луйвар, гэмт хэрэг үйлдээд зугтаж зайлах, шахаа чавчаа давагдашгүй хүчин зүйл боллоо. Сонгуулийн үеэрх элдэв булхай, зальхай ч давагдашгүй хүчин зүйл болж мэдэхээр байна.

 

Тэмцэх аргагүй, тэмцээд ч үр дүн гардаггүй, тэмцэх үүрэгтэй байгууллага, хүмүүс нь ч хөдөлдөггүй тийм сөрөг үзэгдлүүдийн тоо, хэмжээ хүрээгээ тэлсээр, энэ байдлыг ойлгосон иргэд цөхрөл ба гунигт автаад сэтгэлзүйн давагдашгүй стресс, дарамтанд ороод байх юм бол тэр нийгэм удахгүй бүх талаар дамдуурна шүү дээ!

 

Яг тэгсэн жишээ, баримт олон буй... Зөвхөн ашиг хардаг, нэр алдар горилхийлдэг хүн нийгмээ, улс орноо өөд нь татаж чаддаггүй. Учир нь тэдэнд тэгэх чин ариун сэтгэл байдаггүй. Энэний тод жишээ гэвэл өнөөдрийн Монгол орон. Сүүлийн 30 жилд дарга бүхэн баяжлаа, жирийн иргэд бултаараа шахам ядуурлаа. 30 жил хөдөлмөрлөөд дунд чинээний амьжиргаатай болж чадсангүй.

 

Яг үнэндээ бол Монголыг маань давагдашгүй хүчин зүйлүүд нөмрөөгүй. Энэ өвлийн цас, зуд гэхэд л хохиролгүй шахам давсан айл өрх цөөнгүй байна. тэд хойноос, урдаас, баруунаас, зүүнээс эргэж, хургаж шуурсан цасанд хашаа, хороогоо даруулчихсангүй.

 

Урьдчилаад бэлдчихсэн өвсөөрөө тусламж ирэх хүртэл тэсчихжээ. Нөөцөлсөн өтөг бууцаараа дулаан хэвтрийг хангаад л байж. Цаг агаарын мэдээ байнгад сонсдог, ашигладгийн ачаар мал сүргээ ойрхон билчээж, цагийг нь олоод хотлуулчихжээ. Түлээ түлш, аргал, хөрзөнгөөр ч дутсангүй. Бүх айл ийм байсансан бол давагдашгүй хүчин зүйл гэж яригдах, үнэлэгдэх учиргүй байв. Ийм айл өрхийн туршлагыг нэвтрүүлж мал аж ахуйн материал-техникийн баазыг зохих хэмжээ, түвшинд нь байлгаж болох л байсан шүү дээ. Тал нутгийн цасан шуурганы гол чигүүд, эргэж хургадаг шинж, байдалд нь тохируулаад давхар хашаа, цасны хаалт, дээвэртэй, үүдэвчтэй хашаа хороо, жижиг малын пүнз, салхи үл нэвтрэх хана мэтийг чулуу, мод, шавраар, одоо элбэг болсон синтетик материалаар хийж болох л байсан. Монголд маань бүтэн жилийн туршид цас байнга ордоггүй, цасаар ямагт шуурдаггүй шүү дээ. Одоо цаг агаарын байдал өөрчлөгдөж аюултай үзэгдлүүдийн тоо, хүч ихэссэн нь үнэн. Гэхдээ том галт уулын хүчтэй дэлбэрэлт, гадаад их далайн аюултай шуурга, бүхнийг зад дайрдаг цунами, өндөр уулсын хөрсний гулгалт, уулыг тал, талыг там болгодог газар хөдлөлт Монголд маань болоогүй!

 

Олон зуун мянган жилийн дотор Монголын газар нутаг дээр болж байсан, болж өнгөрсөн, аюул авч ирж болзошгүй үзэгдлүүдийн ул мөр бэлхнээ байж л байгаа. Уншиж, таньж чаддаг хүнд наад зах нь усны зам, үерийн зам тодорхой шүү дээ.

 

Усны зам, үерийн зам дээр гэр, хашаа барьчихаад үерт автлаа, давагдашгүй хүчин зүйлд өртлөө гэж ярьж болохгүй л дээ. Бидний амьдарч байгаа дөрвөн уулын дунд усны, үерийн олон зам буй. Тэр замуудыг таних, тооцох боломж ч буй. Ядахдаа л энэнийг тооцох ухаан хотын удирдлагад байсангүй, мөн иргэдэд ч бас алга байна. Барилгын шав тавихад оролцож ном уншиж, ёслол үйлдэж буй лам нарт ч мөн байдаггүй нь нотлогдчихлоо шүү дээ! Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөн дор байн байн ордог улс орон гэж байнаа. Жишээ нь Японы арлууд, Индонезийн арлууд. Гадаад их далайн хар салхи, галт уулын хүчтэй дэлбэрэлт, их хүчтэй газар хөдлөлт, түүний улмаас үүсдэг цунами (далайн цалгилалт), сарын турш үргэлжлэн ордог аадар бороо, түүний улмаас үүсдэг хөрсний гулгалт бол яалт ч үгүй давагдашгүй хүчин зүйл болдог. Гэхдээ япончууд хөдлөөд буцаж хэвэндээ орохоор тооцоолж доороо дугуйтай байшин хүртэл барьж байна. Аргыг нь олоод байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг ч зөөллөж болдог ажээ. Урьдчилсан бэлтгэл юу ч үгүй, учрыг нь олох ухаан ч үгүй, “нүцгэн, шалдан” шахуу, “гон бие, гозон толгой” болж суусаар байх юм бол давж болох хүчин зүйлүүд ч давагдашгүй мэт болно шүү дээ. Саравчтай, дулаан хашаа хороо, жижиг малын пүнз, нөөц өтөг бууц, наад зах нь нэг сардаа хүрэлцэхүйц өвс тэжээл, шуурганаар хийсэж ирэх цасны хаалт, саадууд, шаардлагатай үед хэрэглэх (саравчтай) хашааны үүд, нүүрэвч, өвөлжин түлж хүрэх мод, аргал, нүүрс, хөрзөн мэттэй айл бол бог малаа хэр баргийн цас, зуданд алдчихгүй. Бод малын хувьд ч өчнөөн арга бий.

 

Хуучцуул бол андах ч үгүй, хулхи малчид бол мэдэх ч үгүй. Бэрхшээлийг хохиролгүй даван туулахад харин хөрөнгө мөнгө, эд материал, техник хэрэгтэй.

 

Энэ талыг нь хариуцах, зээл тусламж үзүүлэх, хүн хүчийг дайчлах, хампаант ажил зохиох үүргийг төр засаг, аймгийн удирдлага, сум, багийн дарга нар гүйцэтгэж байх ёстой шүү дээ. Тэд яагаад хөдлөхгүй байна вэ? Тал газрын их цас яаж ч шуураад, чиглэлээ хэд ч өөрчлөөд малын хашаа хороог цасан толгод болгочихгүй байхаар тооцоолж зургийг нь зохиож болно. Хүрэлцээтэй хэмжээний өвс, тэжээл базааж, өвөлжөөнүүдэд нөөцлөн хадгалж болно. Нэвтрэх чадвар сайтай ачааны том машин сум, баг бүрд олгож, шатахууныг нь мөн нөөцөлж болно. Энд давагдашгүй юу байна аа? Ингээд зүйлчлэн үзэх аваас давагдашгүй хүчин зүйл, яг хэрэг дээрээ бол, бараг л алга байна шүү дээ! Хамгийн их туршлагатай (нэг зуу гаруй жилийн) нам малчиддаа, мал аж ахуйдаа яагаад санаа тавихгүй байна вэ? 103 жилийн настай, нэлээд олон цас зуд үзсэн, хашир суувал суухаар болсон нам шүү дээ! Сэтгэл л дутдаг юм байх даа? Монгол судлалаар ажилладаг, монгол хэл мэддэг, Монголын талаар их мэдлэг, мэдээлэлтэй гадаад танилууд маань “Танай шүүхүүд авлига аваад, дээрээс дарамтанд өртөөд, хэрэг буруу шүүж тангарагаа зөрчөөд, албан тушаалаа хортойгоор ашигладаг сүлжээнд орооцолдоод давагдашгүй хүчин зүйл болчихсон юм уу?” гэж асуух боллоо. Мөн “Танай парламентын гишүүд, сайд нар элдэв сан байгуулж, гадаадаас том том зээл аваад бүгдийг нь үгсэн хуваагаад авчихсан, эргүүлж төлдөг ч үгүй гэгдэх юм үнэн үү? Том том хэрэг үйлдсэн хүмүүс оргоод явчихдаг, танай төр тэднийг авч ирж хүч хүрдэггүй.

 

Ингээд л бас нэг давагдашгүй хүчин зүйл үүсчээ дээ?” хэмээн бас асуух болов. Хэвлэл, мэдээллээс тэд ингэж ойлгожээ. Ийм нийгэмд амьдарч байгаад минь тэд бараг л харамсаж, намайг ихэд өрөвддөг болчихжээ.

 

Мөрөөрөө явдаг, жирийн л аж төрдөг, нэр алдар, эд мөнгөнд шунадаггүй, тодорч товойхыг хүсдэггүй болохоор яг миний хувьд зовлон бага л даа гэж би тэдэнд үнэнээ л хэлдэг юм... Бидний байдал ийм л байна даа! Дээр дурдсан бүхнийг өөрчилж зөв замд нь, хэвийн төлөв байдалд оруулж чадах улстөрийн нам хэзээ төрөн гарах бол оо?

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав