Монголын нисэх загварын МАСА нийгэмлэгийн тэргүүн, спортын мастер Ч.Ганзоригтой ярилцлаа.


-Нисэх загварын улсын аварга шалгаруулах тэмцээнийг МАСА нийгэмлэг зохион байгуулжээ. Нисэх загварын спортын хөгжлийг илэрхийлэх гол зүйлс нь оролцогч тамирчид байх. Тэмцээн амжилттай юу?

-Нисэх загварын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын тамирчид хоёр өдрийн турш нийт долоон төрлөөр өрсөлдөж өндөрлөлөө. Энэ жилийн онцлог гэвэл ерөнхий боловсролын сургуулийн маш олон оролцогчид байлаа.

Өөр нэгэн сайхан мэдээ нь жолоодлогот уран нислэгийн тамирчид АНУ-д болсон F2 дэлхийн аваргын тэмцээнд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Дэлхийн аваргын хамгийн залуу тамирчин манай 12 настай Баясгалан хүү байсан. Өнөөдрийн (өчигдөр) тэмцээнд Монгол Улсын аваргаар шалгарч, спортын мастер болж байна. Мөн Төв аймгийн МУИС-ийн инженерийн ангийн нэгдүгээр курсийн Номин хоёр жилийн өмнө Польшид болсон дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил хоёр дахь мөнгөн медалиа авлаа. “Зуун билэг” клубийн тамирчин хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын тэмцээнд манайх сайхан амжилт гаргасан.

Чөлөөт нислэгийн төрлөөр Монгол Улс Азидаа манлайлж байгаа. Энэ төрлөөр дэлхийн аваргатай, Ази Номхон далайн орнуудын хэд хэдэн аваргатай. Нэлээд хүчтэй хөгжиж байгаа төрөл. Энэ төрлөөр долдугаар сарын 18-28-ны хооронд дэлхийн гурван цуврал цомын тэмцээнийг амжилттай зохиосон. АНУ, ХБНГУ зэрэг 11 улсын тамирчид оролцсон.

-Та өөрөө энэ спортод энэ олон жил хүчин зүтгэсэн хүн. Нисэх спорт тухайн улсынхаа батлан хамгаалах салбар, нисэх хүчинтэй шууд холбоотой. Тэр утгаараа улс орон нь ч дэмжиж хөгжүүлдэг болов уу. Манай улсын хувьд энэ тал дээр ямар вэ?

-Нисэх, авто, усан, пуужин загвар ч ялгаагүй техникийн спортын төрөлд ордог. Монгол Улс 1960-аад оноос хойш энэ чиглэлд ихээхэн анхаарал тавьж, гол Улаанбаатар хот аймаг, сумдын хэмжээнд клуб, станц, ордон байгуулж байсан. Мэдээж гол зорилго Монгол Улсад 70-80 мянган инженер бэлтгэхэд бага сургуулиас хүүхдүүдэд техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг суулгах зорилготой байлаа. 1990-2010 он бол уналтын үе байсан. 2010-аад оноос хуучин тамирчид, ялангуяа багш нар энэ спортыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог болсон. ЕБС-ийн сурагчид, техник технологийн багш нарыг шинэ шатанд гаргахад энэ спортын оруулж байгаа хувь нэмэр асар их.

Ер нь бага дунд ангийн хүүхдүүдийн хувьд ирээдүйн авьяасыг нь гаргаж ирэх, спортод дуртай болгоход нисэх загвар маш чухал үүрэгтэй. Нисэх загвар, авто загвар, пуужин загвар, сүүлийн үед рофот, дроныг түлхүү ашиглаж байна. Энэ чиглэлд хүүхэд байхаасаа хичээллэхэд инженер болох магадлал маш өндөр. Монгол Улсад 30-40 мянган инженерүүд ойрын 5-10 жилд хэрэгтэй гэдэг Засгийн газрын прогноз судалгаа байна лээ. Инженерүүд л улс орны томоохон мега төслүүдийг хөдөлгөнө. Энэ хүмүүсийг бэлтгэхэд 10, 20, 30 жилийн бодлогын хүрээнд гарч ирдэг. Нэг л алдаа хийвэл нэг үеийн инженер байхгүй болдог. Манай улс 2027 оны чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авчихсан байгаа. Үүнд 40 гаруй орны 1000 орчим тамирчид ирнэ. Тэд бүгд инженерүүд байдаг. Энд Засгийн газар, ялангуяа уул уурхайн компаниудыг манлайлж оролцоосой гэж уриалж байгаа. Инженерийн спортыг хөгжүүлэхэд бүх нийтийн үйлс шахуу өргөн үйл ажиллагаа өрнүүлэх ёстой юм.

-Монгол Улсын нисэх хүчний хөгжлийн хувьд ямар түвшинд байгаа вэ?

-Энэ талыг сонирхож хардаг мэргэжилтний зүгээс хэлэхэд Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй учраас иргэний болон цэргийн, хувийн нисэх хүчин зайлшгүй хөгжих ёстой. Үүн дээр жижиг онгоцноос эхлээд сансрын хөлөг хүртэл багтах ёстой. Манайд ШУТИС-д нисэхийн механик инженерийн анги гэж бий. Мөн гадаад дотоодын их дээд сургуульд иргэний болон цэргийн инженерүүд мэргэжилтнээ бэлтгэдэг. Энэ бол Монгол Улсын Засгийн газар зайлшгүй анхаарах зүйлийн нэг. БНХАУ-ын нисэх загварын тамирчидтай уулзаж ярилцаж байхад урд хөрш ерөнхий боловсролын сургууль, тамирчдадаа асар ихээр хөрөнгө оруулж байна. Уг нь Хятадын тамирчид маш муу байсан. Сүүлийн таван жилийн дотор маш хүчтэй болж байна.

Сүүлийн жилүүдэд нисэх хүчнээс гадна сансрын технологи, батлан хамгаалахтай холбоотой, иргэний нисэх хүчинтэй холбоотой маш олон дэвшлүүд, технологиуд гарч ирсээр байна. Ялангуяа сансрыг эзэмшихтэй холбоотой том гүрнүүд уралдаж байна шүү дээ. Үүнд энэ спортоос буюу бага нисэх хүчинээс эхлэх улбаатай. Үүнийг анхаарч чадвал ирээдүйд Монгол Улсад чухал ач холбогдолтой.

Яахав, улсынхаа хүн ам, хөгжлийн түвшин, эдийн засгийн түвшиндээ харьцуулбал манай нисэх хүчин муугүй хөгжиж байгаа. Мэдээж үүнд мэргэжилтнүүд хэрэгтэй. Өргөн уудам нутгийн хүн ам цөөтэй улсад нисэх хүчнээ хамгаалах, арчлах тордох нь зүйтэй. Ялангуяа шинэ гарч ирж байгаа төрлүүд болох жишээ нь, дрон байна. Сансрын жижиг хөлгийн төрлүүд ч байна. Гамшгаас хамгаалах чиглэл дээр нисэх хүчний хэрэглэхгүй зүйл гэж байхгүй болж байна. Үүн дээр ч манайх анхаарах, бодлогодоо тусгахад зайлшгүй хэрэгтэй.

-Сүүлийн үеийн дайн хүн хүчний гэхээс илүү технологиороо дайтаж байна. Орос, Украины дайн гэхэд дроноор л дайтаж байна шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэн энэ чиглэлд анхаарах ёстой болов уу?

-Нисэх загварын тамирчны хувьд харахад дроныг хийхэд тийм хүнд зүйл биш. Тэр дотор байгаа удирдлагын систем, баяжуулалт, зэвсэглэлийн асуудал өөр зүйл байх. Дроныг цэрэг дайны зориулалтаар хэрэглэж байгааг бид нийтээрээ харж байна. Дроныг иргэний ялангуяа батлан хамгаалах, цэрэг цагдаа бүхий л технологид хэрэглэдэг боллоо. Энэ талын хэрэглээг Монгол Улс хөгжүүлэхэд нисэх хүчин, тэр дотор нисэх загвар, дээр нь хүн хүчээ бэлтгэмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, дайн байлдаангүй энхийн цагт мэргэжилтнүүдээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Гол инженерүүд гэхэд механик инженер, цахилгаан электроникийн инженерүүд байна.

Энэ жилийн улсын аваргын тэмцээнээс харахад, ерөнхий боловсролын сургуулийн техник технологийн багш нарыг илүү сайн бэлтгэх шаардлагатай нь харагдлаа. Нөгөө талаар жолоодлогот уран нислэгийн төрлөөр дэлхийн аваргад 12 настай монгол хүү амжилттай оролцож чадаж байна. Түүнтэй адилхан хүүхэд Монголд зөндөө байгаа. Тэр боломжийг л бусад олон зуун хүүхдэд нээх хэрэгтэй. Үүнд дээр маш цэгцтэй бодлого, санхүүжилт хоёр л шаардлагатай. Бусдыг бол бэлдэж болно.

Б.ЭНХЗАЯА