УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.


 

-Нийгмийн даатгалын санд эрсдэл үүссэн гэдгийг та УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хөндсөн. Шалтгаан нь юу вэ?

-Өнөөдрийн байдлаар жил бүхэн 4.3 их наяд төгрөгийн улсын төсвөөс татаас авч тэтгэвэр олгож байна. Энгийнээр хэлбэл, өмнө нь нэг хүний төлж байгаа шимтгэл, гурван хүний тэтгэврийг олгоход хүрэлцдэг байсан. Одоо гурван хүний төлж буй шимтгэл нэг хүний тэтгэврийг олгоход хүрэлцэхгүй байх хэмжээний эрсдэл нүүрлэсэн.

Тооцвол нийгмийн даатгалын санд 4.7 их наядын бодитой эрсдэл үүссэн байна. Шалтгаан нь нөхөн даатгалын хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолт, тэтгэвэр тогтоохдоо дараалсан долоон жилээр тооцдог байсныг таван жил болгосон зэрэг популист шийдвэрүүдийн хор уршиг.

Тэтгэвэрт гарахынхаа өмнөх таван жил нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг нээчихсэн. Гэтэл эсрэгээрээ улсад насаараа ажиллаж, тогтвортой шимтгэл төлсөн ахмадууд хохирох бодитой эрсдэл үүссэн. Ийм улс төрийн үр дагавартай бодлогын шийдвэрээс болж тэтгэврийн 4.7 их наяд төгрөгийн бодитой эрсдэл үүсчихээд байна.

Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөн, аргацаасан шийдвэр биш тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх, шударга байлгах, эрт тэтгэвэр тогтоолтыг бууруулах зэрэг тогтолцооны шинэчлэл хийнэ.

-Нийгмийн даатгалын багц хуулиар инфляцитай уялдуулан нэмэх, тэтгэвэр өвлөгдөх зэрэг шинэчлэл хийсэн. Үүний хэрэгжилт өнөөдөр хэр байгаа вэ?

-Тэтгэврийг жил бүр үнийн өсөлттэй уялдуулан нэмэх эрх зүйн зохицуулалттай болсон. Ирэх 2025 оноос цалин, тэтгэврийг зургаан хувиар нэмнэ.

Энэ жилээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдуулж, томоохон шинэчлэлүүд хийгдэж байгаа

Нэгдүгээрт, нийгмийн даатгал төлөгч иргэн болон байгууллагын төлж буй шимтгэлээс хувийг хувийг нэрийн дансанд байршуулж эхэлсэн. Өндөр насны тэтгэвэр авагч иргэдийн эхнэр, нөхөр аль нэг нь нас барсан тохиолдолд 20 хувийн нэмэгдэл авдаг тогтолцоо руу шилжиж байна. Жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг 120 хоногоор тооцдог байсныг 140 хоногоор тооцдог болсон.

Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг ч үр ашгийг нь хүртдэггүй гэсэн шүүмжлэл түгээмэл бий. Цаашдаа нийгмийн даатгалын шимтгэлийг дагасан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгалыг ажил олгогчид нь өгөөжтэй байх зохицуулалт хийсэн. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол гаргаагүй болон ажилтнаа халаагүй ажил олгогчийн шимтгэлээс 15 хувиар хөнгөлөх зохицуулалт хийсэн.

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд цаашид хэрэгжүүлэх онцлох ямар ажлууд төлөвлөсөн бэ?

-Салбартаа долоон том шинэчлэл хийх зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, тэтгэврийг жил бүр үнийн өсөлттэй уялдуулан нэмнэ.

Хоёрдугаарт, Хуримтлалын сангаас эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглана. Гуравдугаарт, И-монголиа платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын бүртгэл үүсгэж, харуулна. Дөрөвдүгээрт, хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ цахимжуулна. Тавдугаарт, даатгуулагч бүрийг “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал”-тай болгож, тэтгэвэр өвлүүлэх хуулийн зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлнэ. Зургадугаарт, хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр ажиллахад шимтгэлийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, Долдугаарт, гадаадад амьдарч байгаа 208 мянган монгол иргэнээ нийгмийн баталгааг хангах чиглэл рүү хэлэлцээрүүд байгуулах зорилтыг 2024-2028 онд дэвшүүлсэн.

-Ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн зээл хүлээгдэж байна. Хуримтлалын сангийн хэрэгжилтийн тухай ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдээ орон сууцжуулах. Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр буюу зорилтот бүлэг рүүгээ түлхүү хэрэгжүүлнэ.

Өнөөдөр Монгол Улсад жил бүр 20 мянган өрх шинээр бий болдог. 20 мянган өрхөөс зургаан мянга нь ипотекийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагддаг. 6-8 мянга нь арилжааны банкны өндөр хүүтэй зээлэнд хамрагддаг. Үлдсэн нь ипотекийн зээлийн оочерыг 2-3 жил хүлээдэг. Жил бүхэн 1.1 их наяд төгрөгийг орон сууцны ипотекийн зээлэнд зарцуулдаг. Анх удаа байр авч, шинээр гэр бүл болж буй иргэд, орчны бохирдол үүсгэхгүй, нүхэн жорлонгүй амины орон сууц, төрийн албан хаагч, орлого багатай иргэд зэрэг зорилтот бүлэг рүү түлхүү хэрэгжүүлнэ.

Сайдаар томилогдсоноос хойш Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын холбоотой ажлын хэсгийн уулзалтыг хэд хэдэн удаа хийсэн. Цаашид ч зээлийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлд зарцуулах, орон сууцны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л нөөц бололцоогоороо ажиллана гэж төлөвлөж байна.

-Сүүлийн үед хүний нөөцийн асуудал хөндөгдөх боллоо. Үүнд танай яамны хэрэгжүүлэх бодлогын шинэчлэл юу байх вэ?

-Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 5-8 хувьтай,100 гаруй мянган хүн ажилгүй байна гэдэг ч нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээл дээр 30-40 мянган ажлын байрны сул орон тоо байна гэдэг. Энэ эрэлт, нийлүүлэлтийн зах зээлийг яаж засах вэ гэдэг нь бидний хувьд том сорилт болоод байна. Цалингаа нэмэхийг шаарддаг. Гэсэн ч бүтээмж гэдэг зүйлийг хэн ч ярьдаггүй. Монгол Улсад уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологийн салбар хамгийн өндөр цалинтай. Цаашдаа ур чадвар, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар БҮТЭЭМЖИЙГ сайжруулах зорилт дэвшүүлж байна.

Монгол хүний бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог шинэчилнэ. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна.

-Монгол Улсад халамж хавтгайрлаа гэсэн шүүмжлэл жил бүр л яригддаг шүү дээ. Халамжаас хөдөлмөрт шилжих бодитой гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-2025 оны Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн, хамгааллын яамны төсөв 4.5 их наяд. Үүнээс 2.6 их наяд нь хүүхдийн мөнгө, халамжтай холбоотой зардлууд. Гэтэл өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг зэрэг нийгмийн хамгааллын бодлогуудаа халамжийн хуулиар зохицуулж ирсэн.

Цаашид аль нь халамж, нийгмийн хамгааллын бодлого гэдгийг цэгцлэх, тогтолцооны шинэчлэлүүд хийнэ. Дэлхийн банкнаас манайд өгсөн зөвлөмжөөр халамжийн бодлого чинь зорилтот бүлэг рүүгээ хүрэхгүй байна гэдэг. 100 хувийн 30 нь зорилтот бүлэг рүүгээ, 70 хувь нь орлоготой, боломжтой өрхөд өгч байна гэдгийг хэлдэг. Халамжийг цаашдаа нийгмийн халамжийг амьжиргааны

түвшин доогуур өрх, иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх эцэг, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхэд, орон гэргүй хүн, аюулт үзэгдэл, байгалийн гамшигт нэрвэгдсэн өрх иргэн зэргээр зорилтот бүлэг рүүгээ чиглүүлнэ.

Өмнө нь нийгмийн хамгааллын асуудлыг хүн тус бүрээр нь салангад явуулсан болохоор оновчгүй болсон. Халамжийн давхардлуудыг арилгана. 103 мянган хүн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж буюу групп авдаг. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг бүтэн сум ч байна.

Манай улс халамжийн 99 хувийг бэлэн мөнгөөр өгчихдөг. Гэтэл гадны улс орнууд хүнээ хөгжүүлсэн нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлдэг. Ажлын байранд хэрэгтэй ур чадвар, карьер төлөвлөлт, зөвлөх зэрэг үйлчилгээг хийдэг. Хөдөлмөр эрхлэлтийн төрөлжсөн биржүүдтэйгээ хамтран энэ ур чадварт сургана. Монгол Улсын 330 сум, 204 хорооны 108 сум, 39 хороо нь хүнсний талон авахаа больсон нь маш том дэвшил. Цаашдаа жил, улирал бүхэн хүнсний талон авдаггүй болсон аймаг, сумыг зарладаг болж байгаа.

-Гэхдээ зайлшгүй төрөөс анхаарах шаардлагатай нийгмийн бүлэг бий шүү дээ?

-Хөгжлийн бэрхшээлтэй 111.2 мянган иргэн байгаагийн 12.7 мянга нь хүүхэд. Үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3.900 хүүхэд бий. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн өрхийн орлогыг дэмжих зорилгоор 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулсан нь их үр дүнтэй байсан. Нөхөн сэргээх, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төрөлжсөн асрамжийн газар барих 23.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт өргөн барьсан. Эхийн алдар одонтой 264 мянган ээжүүдийн мөнгөн тэтгэмжийг нэгдүгээр одонд 400 мянган төгрөг, хоёрдугаар одонд 200 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн.

-Гэр бүлд төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон. Гэр бүлд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Жилд 17 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг ч 4800 орчим нь салдаг. Дөрвөн гэр бүл тутмын нэг нь гэсэн үг. Энэ бол маш харамсалтай тоо. Салалтын шалтгаан нь өрхийн санхүүгийн асуудал, орон сууцны, гэр бүлийн боловсрол дутмаг зэрэг тулгамдаж буй асуудал бий. Цаашдаа бүх бодлогоо гэр бүлд суурилан хэрэгжүүлнэ. Хүүхдийн тэтгэмж өгдөггүй эцэг, эхэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, өмчийн харилцааг зохицуулсан бодлогыг шинэчлэл хийнэ.

Гэр бүлийн боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал зэрэг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой төвийг 2025 онд Орхон, Хөвсгөл, Ховд, Завхан аймагт эхлүүлж, урт хугацаандаа 21 аймагт хэрэгжүүлэх зорилт тавьсан.

-Салбарын цахимжилт хэр хэмжээнд байгаа вэ?

-Манайд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлэг, ажиллах хүч зэрэг салбарынхаа мэдээлэл, статистикийг нэгтгэж, бодитой болгох хэрэгцээ шаардлага бий.

Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Их өгөгдөлд суурилсан салбарын мэдээллийн нэгдсэн сантай болж, статистикуудаа нэгтгэнэ. Ингэснээр зорилтот бүлгээ зөв, оновчтой тогтоож, халамжийн үр ашгийг нэмэгдүүлэх, бодлогоо оновчтой хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Р.ХИШИГЖАРГАЛ