55 нас хүрсэн ч тэтгэвэрт орж чадахгүй байгаа бол халамжийн мөнгө гэж 288000 төгрөг сар бүр авдаг гэх мэдэээлэл ТАШАА
2024/10/07
2023 оны 03 дугаар сарын 5-нд Б. Жасмин нэртэй хэрэглэгч “Хэрвээ та 55 нас л хүрсэн бол, тэтгэвэрт орж чадахгүй байгаа бол халамжийн мөнгө гэж 288000 төгрөг сар бүр авдаг шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг iVoice.mn iNews.mn зэрэг пэйжид эх сурвалжаар дурдаад хуулж оруулсныг 5-7 мянга гаруй удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.
Уг постод “Тэтгэврийн насны ээж аав, ах эгч нартаа амжиж дуулгаарай 55 нас хүрсэн л бол ажилласан жил хүрээгүй ч, сар бүр улсаас халамжийн 288 000 төгрөг авдаг. Тэтгэвэрт орох нас нь болсон хэрнээ жил нь хүрдэггүй ганц хоёр жилээр хойшлоод яваад бдаг хүмүүс байдаг даа. Тийм хүмүүс халамжийн мөнгө авч болдог гэдгийг зарим нь мэддэггүй. Харамсалтай нь нийгмийн даатгалын байцаагч нар нь ч хэлдэггүй. Хэрвээ та 55 нас л хүрсэн бол, тэтгэвэрт орж чадахгүй байгаа бол халамжийн мөнгө гэж 288000 төгрөг сар бүр авдаг шүү. Хорооныхоо халамжийн ажилтан дээр очоод халамжинд хамрагдья гээд иргэний үнэмлэхээ бариад очоорой.
Яагаад би үүнийг хэлж байна гэхээр ихэнхи тэтгэврийн насны ах эгч нар мэддэггүй юм байна лээ. Би сар шинийн өмнө эрүүл мэндийн даатгалаа төлөх гээд дүүрэг орсон юм. Тэгсэн нэг эгчийг 20жил улсад ажилласан байхаас нэг жил 3 сар дутуу байна . Та 2025 онд ир гээд буцааж байхтай таарсан юм. Тэр эгчийг гараад ирэхэд нь би уулзаад та тэтгэвэрт ортлоо халамжийн мөнгө гэж авч болдог, хорооныхоо халамжийн ажилтан дээр очоод уулз, дор нь шийдээд өгнө гэж хэлэхэд: Тийм юм бас байдаг юмуу, яагаад тэгээд энэ нийгмийн байцаагч бидэнд хэлдэггүй юм бол, тэгвэл тэр мөнгөө хөөцөлдөж авья гээд явсан. Надаас салахдаа чи эгчдээ утсаа өгчих асуух юм байвал ярья гээд салсан юм. Тэгсэн өнөөдөр надруу ярьж байна. Чамд ёстой их баярласан, эгч нь нөгөө халамжиндаа хамрагдсан шүү гээд ярьж байна лээ. Сар бүр 288000 гэдэг тэтгэврийн насны хүмүүсд маань бас л хөөрхөн мөнгө шүү дээ. Мэдэхэд илүүдэхгүй байх гэж бодоод бичлээ. Б. Жасмин” гэжээ.
FACTCHECK: Бид өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Хураангуй: Нийгмийн халамжийн тухай хуульд заасанчлан “бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх нь үүсээгүй” хүмүүс л халамжаас тэтгэвэр авдаг.
- Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдэг нь 10-20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авахыг хэлнэ.
- Бүрэн тэтгэвэр гэдэг нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн хүний тэтгэврээ тогтоолгохыг хэлжээ. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж хуульд заасан.
Энэ хоёр эрх үүсээгүй буюу 10-аас доош жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл огт төлөөгүй эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн иргэн халамжийн тэтгэвэр болох 288 мянган төгрөгийг сар бүр авах боломжтой.
Ингэж халамжийн тэтгэвэрт гарсан хүмүүс хэсэг хугацааны дараа бүгд бүрэн тэтгэвэртээ хамрагдах боломжгүй. Харин маш цөөн хувь нь бүрэн /сард ₮500,000/ буюу хувь тэнцүүлсэн /сард ₮400,000/ тэтгэврийг дахин тогтоолгож авах тохиолдол бий. Үүнийг дараах тайлангаас уншаарай.
Нийгмийн халамжийн сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүсээгүй хүмүүст л 288,000 төгрөгийн тэтгэвэр олгодог
Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар нийгмийн халамжийн тэтгэвэр нь нийгмийн халамжийн үйл ажиллагааны нэг төрөл юм.
Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй “эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн”-д нийгмийн халамжийн тэтгэврийг сар бүр олгоно.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар халамжийн тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгөх ба уг ажилтан тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.
Дээрх заалтаас үзэхэд нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэн нийгмийн халамжийн тэтгэврийн сангаас сар бүр тэтгэвэр авах боломжтой гэж үзэхээр байна.
Бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарах насыг хүлээх үедээ халамжийн тэтгэвэр авах боломжгүй
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 70007790 дугаарын утсаар дараах тодруулгыг авлаа.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулж, зарим зүйл заалтыг хүчингүй болгосон зэрэг зохицуулалтыг хэрхэн хийх журмыг хуульчилж өгсөн байдаг. Энэ хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн дагуу жил бүр тэтгэвэрт гарах насыг гурав, гурван сараар нэмж байгаа.
Энэ жилийн хувьд эрэгтэй 61 нас, 6 сартай бол, эмэгтэй 56 нас 6 сартай бол тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж байгаа.
Жишээлбэл, 55 нас хүрсэн, 20-оос дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй тэтгэврээ тогтоолгохоор ирэхэд нэг жил хагасын дараа бүрэн тэтгэвэрт гарах боломжтой тул хүлээлгэж байгаа. Энэ хугацаанд халамжийн тэтгэвэрт хамрагдаж 288 мянган төгрөг сар бүр авах боломжгүй.
Учир нь халамжийн тэтгэврийг улсад огт ажиллаагүй, эсвэл 10 жилээс бага хугацаанд шимтгэл төлсөн тохиолдолд олгоно гээд хуулиндаа заасан байгаа.
Харин шимтгэл төлсөн жил нь бүрэн тэтгэвэрт ороход цөөн жил дутуу бол сайн дурын даатгал, эсвэл үргэлжлүүлэн ажиллаж тэтгэврийн даатгалаа төлсөөр 20-иос дээш жил болгоод бүрэн тэтгэврээ тогтоолгох боломжтой” гэсэн юм.
Ямар тохиолдолд халамжийн тэтгэврээс /₮288,000/ нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэрт /₮400,000 – ₮500,000/ шилжих вэ?
Нийгмийн халамжийн сангаас “группийн мөнгө” авдаг буюу хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үед Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгохоор шилжиж болно.
Мөн шимтгэл төлсөн жил нь 10 хүрээгүй тул халамжийн тэтгэвэр тогтоолгож, сар бүр 288,000 төгрөг авдаг байсан иргэн ажил эрхэлж, нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын шимтгэлээ, эсвэл сайн дурын тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлсөөр 10-аас дээш жил хүргэсэн нөхцөлд хувь тэнцүүлсэн тэтгэвэр буюу одоо мөрдөгдөж байгаа 400,000 төгрөгийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас авах эрх нь үүснэ.
Үүнийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасны дагуу Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам” буюу 362 дугаар тогтоолоор зохицуулдаг.
Уг журмын 8.5-д зааснаар “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн эсэх мэдээллийг сар бүрийн 8-ны дотор төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”
Мөн журмын 6.1.2-д зааснаар “нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн” тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөвлөл /Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан/ -ийн шийдвэрийг харгалзан иргэний тэтгэврийг энэхүү журмын 4.1 -д заасан хугацаа дууссан өдрөөс зогсоох шийдвэр гаргана” гэх зохицуулалтаар шийдвэрлэдэг байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын ажилтан тухайн иргэний тэтгэвэр авах эрх үүссэн талаарх мэдээллийг халамж руу явуулж, сум, хороонд ажиллах 7 хүний бүрэлдэхүүнтэй Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрээр халамжийн тэтгэврийг зогсоож, шилжүүлдэг байна.
Нэмэлт мэдээлэл: Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн тухай
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өндөр насны тэтгэвэр нь тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэврийн нэг төрөл юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хуулийн дагуу олгох тэтгэвэрийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно. Тодруулбал,
Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
Дээрхээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх дараах тохиолдолд үүснэ. Үүнд:
● Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
● Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
- нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр;
- нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.
- нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.
● Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 65 насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.
● Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
● Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
- нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;
- нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэжээ.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Эх сурвалж: https://mfcc.mn/