Төрийн өмчийн сургуулийн сурагчийн 88 хувь нь олон ээлжтэй сургуульд суралцдаг
2024/10/08
Боловсролын салбарын 2024-2028 оны дунд хугацааны зардлын хүрээ уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Дэлхийн банкны эдийн засагч, зөвлөхүүдийн баг ирэх дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоолол, загварчлалыг боловсруулсан байна.
Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа "Боловсролын салбарт анх удаагаа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа дунд хугацааны зардлын хүрээг боловсруулж түүндээ тохирсон загварчлалын дагуу хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ тодорхойлж байна. Өмнө нь бид тухайн жилд тавигдсан төсвийнхөө хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байсан бол энэ удаа урьдчилан дөрвөн жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөлт дээр үндэслээд зардлын хүрээгээ тодорхойлж байгаа юм.
Ингэснээр бид яг аль арга хэмжээ дээр төсвийн дутагдал гарах, төсвийн дутагдал гарч байгаа тохиолдолд бусад эх үүсвэрээс яаж үүнийг хэрэгжүүлж болох вэ гэдгийг илүү урьдчилж төлөвлөх боломжийг олгож байна" гэв.
PISA-н үнэлгээгээр дараах хоёр том асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор багш сурагчийн харьцаа, хүн ам төвлөрсөн дүүргүүд дээр байгаа ээлжийн коэффициент, анги дүүргэлтийг бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.
1. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид сурч байгаа хүүхдийн ур чадвар хөдөө сурч байгаа хүүхдүүдээс 2.5 жилээр илүү сурсан юм шиг сайн байсан.
2. Нийгэм, эдийн засгийн байр суурь хамгийн сайн байдаг бүлэг, хамгийн муу байдаг бүлгүүдийн хооронд 4.5 жилийн ялгаа гарсан байна.
Одоогоор энэ нь зөвхөн сурлагын хоцрогдол мэт харагдаж байгаа боловч ирээдүйд орлогын ялгаатай байдлыг бий болгож нийгмийн тэгш бус байдлыг бий болгох эрсдэлтэй байгаа юм. Энэ ялгаануудыг одоо л засахгүй бол жил ирэх тусам улам томорно. Ялгаа томрох тусам эдийн засгийн бүтээмж, орлого, хөдөлмөрийн зах зээл дээрх иргэдийн идэвхтэй байдал гэх мэт олон асуудалд сөрөг үр дагавартай. Иймд одоогоос Сангийн Яам, Эдийн засаг, хөгжлийн Яамтайгаа ярилцаад төсвөөс гадна ямар эх үүсвэрүүдийг бий болгох талаараа хэлэлцэж байна гэдгийг тэрбээр онцлов.
Хүүхдийн тооны өсөлт, бүлэг дүүргэлтийг бууруулах гэсэн хоёр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 252,000 орчим суудал хэрэгтэй болж байгаа бөгөөд үүнд 150 орчим их наяд төгрөг шаардлагатай гэж тооцоолоод байгаа юм байна.
Төрийн өмчийн сургуулийн сурагчийн 88 хувь нь олон ээлжтэй сургуульд суралцдаг аж.