“АПУ” компани хуулийг гууль болгосоор…
2013/04/25
“Даравч далдайна, булавч бултайна” гэгчээр архины эсрэг хууль чангарах тусам архидан согтуурах нь ихсэх мэт. Үүнийг өнгөрөгч хоёр жилд архины хэрэглээ, архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо хоёр дахин ихэссэн гэх албаны статистикаас ажиж болно.
Уг нь Монгол Улсад өдгөө ч гэсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Гэвч бусдын жаргалыг гударч, булчинг булчирхай болгодог үйлдвэрлэгчид эл хуулийг “эрүүдэн шүүж” байна. Улмаар хуулийн цоорхойг ашиглаж, бүтээгдэхүүнээ рекламдаж, архины бөглөө мултлах аргаа арвижуулсаар ирэв. Гэтэл өдгөөг хүртэл Архины хяналтын тухай хууль нь гууль хэвээр байна.
Өнгөрөгч онуудад эрх баригчдын дунд Архины хяналтын тухай хуулийг өргөн барих тухай асуудал яригдаж байсан ч эл төрлийн бизнесийг саалийн үнээ болгосон гишүүд саад болж байсан гэлцдэг. Үүнийг үгүйсгэх ч арга байхгүй. “Шингэний” салбар дээр тусган ярихад л Г.Батхүү гишүүний албан ёсны намтар дээр ““АПУ” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, эдгээр компаниудыг бизнесийн ертөнцийн тэргүүн эгнээнд авчирсан хүн бол “Г.Батхүү” хэмээн бахархах, омогших зэрэгцэн байж бичсэн байдаг. Тиймээс түүнийг эрүүл амьдралын тушаа болсон уу гэх хар иргэдийн дунд эрэлттэй байна.
Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө иргэд “АПУ” компанийг “Далд реклам” цацсан хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн удаатай. Харин далд реклам гэгч зүйл нь ихэвчлэн мансууруулах төрлийн бизнест хийгддэг, томоохон цар хүрээтэй маркетинг юм. Тодруулбал, “Алсын хараатай амьдарцгаая. Боргио CUP, Соёмбо, Чингис хаан, Хэв маягаа эвдэцгээе” зэрэг нь архи үйлдвэрлэгчдийн башир арга билээ. Харин хамгийн эмгэнэлтэй нь тэд спортыг спиртлэг болгож, шингэний спортыг хөхиүлэн дэмжиж байна. Бүр тодруулбал, дээр дурдсан “Боргио КАП” хөлбөмбөгийн тэмцээн тэр чигтээ пивоны реклам болж хувирсан. Үнэн чанартаа, АПУ компанийнханд спортын ч ирээдүйд биш, компанийнхаа ирээдүйд илүүтэй хувь нэмэр оруулж байна. Өнөөдрийн байдлаар олон нийтийн сувгаар пивоны рекламыг сурталчлахыг зөвшөөрсөн. Ажваас АПУ компанийн Боргио бүтээгдэхүүний сурталчилгаагаа түлхүү явуулж, хөрөнгө чинээ хаяж буйгаа “тодотгож” байна билээ. Харин хаясан мөнгөнөөсөө илүүг олдог нь зар сурталчилгааны нарийн ширийн биз. Тиймээс тэд өсвөр үеийг спортлог болгох нэрийдлээр олон салбарыг спиртлэг болгож байна гэдгийг дахин хэлье. Гэтэл Архины тухай хуульд, согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах гэж заасан байна. Түүнчлэн согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэхийг нь хориглосон байх юм. Харин дээрх хуулийг хамгийн сүүлд шинэчлэн найруулсан хугацаанаас хойш мөрдөж эхэлсэн гэж муйхраар сэтгэвэл 2009 оноог өдгөөг хүртэл хэрэгжиж буй. Угтаа бол 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэтэл тэд төрөл бүрийн спортыг ивээн тэтгэж архи, пивоны нэрээр нэрлэсээр өдийг хүрэв. Тиймээс тэд соён гэгээрүүлэх үүрэгтэй соёл урлагийг “согтоож”, биднийг архины шахаанд оруулж байна.
Алтантүрүүд амьдааг нь атгуулж айлаар хэсүүчлүүлж байсан тэд улсын соёмбыг хүртэл архин дээр нааж гутаан доромжилж байсан. Тиймээс тэдэнд төрийн төмөр нударга, түмний их хилэн хэрэгтэй. Хэдийгээр бид хэрэглэгч, сайн дураар худалдан авдаг ч, ардчиллын үеийн “архичид” өнөө хир татраагүй байгааг санаж, хойч үедээ архигүй ирээдүйг өвлүүлэх хэрэгтэй. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архинд уриалан дуудахад илүүтэй түлхэц үзүүлж, өсвөр үеийн хүүхдүүдийг архины нэрээр ивээн тэтгэж байгаа АПУ компанид хариуцлага ногдуулъя. Үнэндээ реклам цацсаныхаа төлөө 500 хүрэхгүй мянган төгрөг төлдөг тэд тохуурхан инээдэг байх. Түүнчлэн өнгөрсөн жилийн сүүлээр ч энэ мэт асуудалтай тулгарч байсан ч өнөө хир хуулийг гууль болгосон АПУ засрахгүй нь. Тиймээс тусгай лицензтэй нь “тулж”, “тусгай” АПУ-г нусгай болгох хэрэгтэй. Тэд чамгүй их реклам цацаж, соёл урлаг, спортын салбарыг согтоож байсныхаа хариуцлагыг хэзээ хүлээх ёстой юм бэ. Архи үйлдвэрлэгч компанид байж болшгүй буюу Үндэсний манлай үйлдвэрлэгч гэх цолтой эл компанийн халдашгүй эрхийг халтардуулах цаг ойртсоор л байна.
Б.ШИРНЭН
Зочин · 2014/05/08
лл