НӨАТ-ЫГ 5 ХУВЬ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын дөрвөн гишүүн НӨАТ-ын 10 хувийн татварыг таван хувь болгож бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж буйгаа мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийн өнгөрсөн хугацаанд эрх баригчид дэмжээгүй. Олон шалтгааны улмаас энэ хууль батлагдахгүй өнөөдрийг хүрсэн. Энэ парламентад илүү олон намын төлөөллүүд орж, гишүүдийн тоо ч нэмэгдсэн байгаа. Хуулийн төслийг дахин шинээр өргөн барьж байгаа учраас бусад гишүүд маань дэмжих байх гэж найдаж байна.
Гадаа жагсаж байгаа иргэдийн хүсээд байгаа гол зүйл нь татварын дарамтаас гарах явдал. НДШ татвар болж, бизнес эрхлэх боломжийг хумьж, өрхийн амьжиргаа сүйрч байгааг мэдэгдэж, шаардлагуудаа тавьж байгаа. НӨАТ дээр хоёр төрлийн асуудал яригддаг. Нэгдүгээрт, албан татварын хувь хэмжээг бууруулах. Нөгөө нь буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал. Өнөөдөр бидний хувьд НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна.
УИХ-ын гишүүн Пүрэвдорж: Дөрвөн гишүүн нийлж НӨАТ-ын албан татварын хувь хэмжээг 5 хувьд хүргэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар шинэ Их хурлын дэгийн тухай хуулиар тухайн парламентын үед хэлэлцэгдэхгүй бол буцаах дэгийн дагуу буцаагдсан. Харин шинэ парламент гарч ирж гишүүдтэйгээ хамтраад НӨАТ-ын татварыг 5 хувь болгох хуулийн төслийг дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган аж ахуйн нэгж бий. Түүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. 250 мянган хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бий. Түүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Энэ хүмүүс яагаад ийм бага хувиар НӨАТ төлөгчөөр бүртгүүлж байна вэ гэвэл НӨАТ хэтэрхий өндөр байгаа учраас аливаа нэгэн тайлангүйгээр бүх бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. 2024 он гэхэд 6.5 их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар нийт татварын 24 хувийг бүрдүүлж байна. НӨАТ-ыг өнгөрсөн жил 5 хувь болгосон бол магадгүй 3.8 их наядаар НӨАТ багасна гэж шууд автоматаар бодож болохгүй. Яагаад гэвэл энэхүү татварыг багасгаснаар буцаад татварын бааз суурь нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 50 мянга нь биш 150 мянга нь НӨАТ төлөгчид бүртгүүлнэ. Дээрээс нь 180 мянган аж ахуйн нэгжийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр нэмж бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ төлөгч багасахгүй. Мөн бусад бараа бүтээгдэхүүний орлогыг ил болгосноор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын татвар бусад орлогууд нэмэгдэх боломжтой. Дээрээс нь эдийн засаг татвараас шалтгаалан нэмэгдэх боломжийг бий болгоно. 2024 онд НӨАТ-ыг 5 хувь болгосон бол НӨАТ 3.8 их наядаар тасрах биш бусад орлогоор нэмэгдэж, бусад бааз суурийг нэмэгдүүлж, 1 их наядаар л орлого тасрах боломж бүрдэх байсан. Үүний үр дүнд монголын ард түмэн бараа бүтээгдэхүүнээ хямд хэрэглэх, эдийн засаг эрчимжих боломжийг гаргаж өгөх ёстой байсан. Энэ хавар Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийгмийн даатгалын шимтгэл болон татварын ачааллыг багасгах талаар шинэчлэлийн ажлыг хийнэ гэж зорьж байгаа.
Энэ хүрээндээ НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж ерөнхий сайдын шинэчлэлийн ажилтай зэрэгцүүлэн ард иргэддээ хямд бараа бүтээгдэхүүн хэрэглүүлэх, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, ард иргэдийн хүсэл зоригийг илүү тод болгох зорилгоор НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: НӨАТ-ыг бууруулах нь эдийн засгийг ил тод болгох, албан эдийн засгийн дэмжих ач холбогдолтой юм. Хамгийн гол нь татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа дарамтыг бууруулах, бизнес эрхлэг орчныг сайжруулах ач холбогдолтой учраас энэ хуулийн төслийг дэмжиж, хамтран санаачилж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Манай нам аж ахуй эрхлэгчдэд очиж байгаа татварын дарамтыг бууруулах мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлдөг. Нөгөө талаар жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд нэлээн том дарамт болдог.
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгосноор аж ахуй эрхлэгчдээ дэмжинэ, иргэдэд очиж байгаа татварын дарамтыг бууруулж, бүтээгдэхүүний үнийг бууруулах ач холбогдолтой юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд эрх баригчид дэмжээгүй. Олон шалтгааны улмаас энэ хууль батлагдаагүй өнөөдрийг хүрсэн.
Одоо болж байгаа жагсаалаар иргэд татварын дарамтаа боль, бизнес эрхлэх боломжгүй байна, өрхийн амьжиргаа сүйрлээ гэж шаардаж байгаа.
Бид хуулиа батлуулахын төлөө ажиллана. Бусад гишүүд маань ч дэмжих байх.
Зочин · 1 цагийн өмнө
S3XSDI80955877
Д.Түвшинтөгс · 2 цагийн өмнө
Дэмжиж байна бас НӨАТ ийн босго 50 сая төгрөгийг нэмчихвэл жижиг бизнес эрхлэгч нарын тайлагнах орлого нэмэгдэх байх даа. Ер нь жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөг хүрээд НӨАТ төлөгч болно гэдэг бол одоо үнхээр бага шүү дээрээс нь нийт ААН үүд НӨАТ-ийн өр их гарч тэрэн дээр нь баахан компани НӨАТ-ийн падаан зараад e-tax.mta.mn дээр нь баахан хуурамч борлуулалт хийсэн компани бүртгэгдсэн байгаа НӨАТ-ийн илүүдэл борлуулалтыг 3,5 хувиар зардаг нь ил болсон. Улсаас 5 хувь болгох юм бол ААН-үүд НӨАТ-ийн өрийг төлөх нь шулуун болох байх.