Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгаад байгаа талаар Эрдэнэс Монгол ХХК гүйцэтгэх захирал бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Наранцогт онцлов. 

1. Монголын талаас олон улсын FAST (Flexible /уян хатан/, Appropriate /зөв/, Structured, Transparent /ил тод/) стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загварыг боловсруулж, уг загвараа ашиглан хийсэн өөрийн тооцооллоо. Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.
2. Монгол улсын шууд хүртэх үр өгөөжийг илүү тодорхой, хязгаарлагдмал хүрээнд, хөрөнгө оруулагч талд ногдох үр өгөөжийг мөн тодорхой хүрээгээр тусгайлан тодорхойлж, хэрэв Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлөх нөхцөл гэрээнд тодорхой тусгагдсан.
3/ Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.
4/ Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй байх нөхцөл тусгагдсан.
5/ Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. Түүнчлэн, АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляц тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгасан.
6/ Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх нөхцөл тусгагдсан. Түүнчлэн төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох хамгийн сүүлийн үеийн технологиор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх зэрэг заалтуудыг оруулаад байна.
7/ Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах заалтыг гэрээнд оруулж, олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байх нөхцөлийг тусгасан.
8/ Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдох нөхцөлүүд тусгагдаад байна.
9/ Гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх зарчим хангагдлаа.
10/ Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх, талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх нөхцөлүүд тусгагдсан.

Төсөл хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд ₮520 тэрбум төвлөрнө 

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр: 

  • Улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум,
  • Төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг,
  • Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум,
  • Төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж,
  • 1,600 орчим ажлын байр шинээр бий болж,
  • шинэ технологи нутагшиж,
  • дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм.

Улмаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болох зэрэг ач холбогдолтой.  Түүнчлэн Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно.

Эцэст нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох эрхэм үйлсэд Монгол Улс бодитой хувь нэмэр оруулах түүхэн эхлэл тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна гэв.