Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр төлбөр, татвар нэмэгдүүлэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр "Экспортын бүтээгдэхүүний боомтоор гарах орц, гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авна.

Ард иргэдийн зүгээс үнэ болон төлбөр, татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зоволтгүй.

Цаашдаа төлбөр, татвар нэмдэг байдлыг Засгийн газрын зүгээс хориглох шийдвэрүүдийг гаргасан гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэв. 

Өнөөдрийн Засгийн хуралдаанаар: 

  • Нийслэлийн шуурхай штабын зургаадугаар хуралдаан
  • Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаан
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал болон дотоод борлуулах уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төсөл
  • Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох тухай
  • Төсвийн нөхцөл байдал
  • “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах зарим арга хэмжээ зэрэг нийт 19 асуудал хэлэлцжээ. 

Уул уурхайн сайд Ц.Туваан:
Багагүй хугацаанд, олны анхааралд орсон асуудал болох Гашуунсухайт Ганцмод боомтын хил холболтын хоёр улсын ЗГ-ын хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэрийг өнөөдрийн хурлаар гаргалаа. Уг шийдвэр араасаа шууд болон дам утгаараа эерэг үр дүн авчирна. Нүүрсний үнэ унаж байгаа, улсын төсөв дээрх нүүрсний орлого тасалдах эрсдэл үүссэн энэ үед уг шийдвэр гарсан нь чухал. 

Компани хооронд гэрээ хийгдсэнээр нэмж 5 сая тонн борлуулах боломж бүрдэнэ. Хил холболтын төмөр замын асуудал ганцхан тус боомт дээр биш Ханги Мандал, Шивээ хүрээ, бүр цаашлаад гурван улсын хооронд баригдах баруун зүүн коридор гээд эерэг олон асуудлыг араасаа дагуулна. Мөн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараагийн том төслийг эхлүүлэх боломж бүрдсэн. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн эхний сэдэв хэлэлцээрийг батлах юм.

Бид дараа дараагийн томоохон төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх гарааны төсөл болж байна. Монгол Улс 2022 оноос биржээр нүүрсээ арилжаалдаг болсон. Энэ нь дунджаар 3-4 сарын дараа тухайн хүлээж авах байгууллагадаа хүрдэг. Яг өнөөдрийн байдлаар он гарснаас хойш 12,4 сая тонн нүүрс экспортлогджээ. Нүүрсний үнэ буурсан, давагдашгүй, тооцоолоогүй хүчин зүйлтэй холбоотой буюу дэлхийн худалдааны асуудал болох АНУ-ын ерөнхийлөгч Трампын тарифын шийдвэртэй холбоотой хүндрэл үүссэн. Гэхдээ өнөөдрийн хурлаар хэлэлцээд төсөв тодотгох хэмжээнд биш хэмээн үзсэн.

Сангийн сайд Б.Жавхлан

2025 оны эхний 2 сарын байдлаар Монгол Улсын орлого, зарлага хэвийн байна. 2025 оны эхний хоёр сард төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу буюу 95 хувьтай явж байна. Дөнгөж эхний хоёр сар гараад байгаа үед төсвийн тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Харин экспортыг нэмэгдүүлэх, Төвбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарал хандуулж ажиллана.

Энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр экспортын гол түүхий эдийн биет хэмжээ хэвийн байна. Өчигдрийн мэдээгээр 11 сая тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд 2025 оны улсын төсөвт 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.

Төвбанк 300 кг алт экспортлохоор төлөвлөсөн бол одоогоор 1.8 тонн алт экспортлоод байна.

Мөн бүх шатны Засаг дарга нар үнэ тариф нэмсэн шийдвэр гаргахгүй байх шийдвэр гаргасан.